ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ http://mn-nhrc.org/hrd/ en ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ DataLife Engine ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ МОНГОЛ УЛСАД http://mn-nhrc.org/hrd/index.php?newsid=39 http://mn-nhrc.org/hrd/index.php?newsid=39 Хүний эрхийн боловсролыг дэмжих үндэсний тогтолцоог чухалчлах нь:

Өдгөө болон ирээдүйд зөвхөн та л өөрийн эрхийг хэрэгжүүлнэ.
Хүний эрх бол таны эрх. Тэдгээрийг эзэмш, хамгаал, дэлгэрүүл,
Түүнийг ойлго, мөн шаард. Тэдгээрийг тэтгэ, баяжуул.
Кофи Аннан. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын оршилд "Гишүүн улсууд хүний эрх, эрх чөлөөг нийтээр хүндэтгэн сахиулахад хүний эрхийн мөн чанарыг нэг мөр ойлгох явдал нэн ач холбогдолтой бөгөөд хүн бүр, нийгмийн байгууллага бүхэн хүний эрхийн үзэл санааг дэвшилтэт аргаар түгээн дэлгэрүүлэх замаар хүндэтгэн мөрдөж хэрэгжүүлэх ёстой” хэмээн заасан нь хүний эрхийг хангах, хамгаалахад боловсролын үйл ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэж буй хэрэг юм.

1993 онд Австрийн Вена хотноо хуралдсан Хүний Эрхийн Дэлхийн Чуулга уулзалтаар бүхий л улс оронд хүний эрх, эрх чөлөөг эдлэх, хэрэгжүүлэхэд алдаа дутагдал оршсоор байгааг хүлээн зөвшөөрч, хүмүүс эрх чөлөөгөө бодит утгаараа эдлэхэд хүний эрхийн боловсрол зайлшгүй чухал ач холбогдолтой болохыг тодорхойлжээ. Ийнхүү Венийн чуулганаар бүх талуудын харилцан ойлголцол, дэлхийн энх тайван байдлыг дээшлүүлэхийн тулд хүний эрх болон ардчиллын боловсрол, сургалтыг цогц байдлаар авч үзэхээр харилцан тохиролцсон байна.

Энэ хүрээнд Хүний эрхийн боловсролын НҮБ-ын 10 жил (1995-2004), Бүх нийтийн боловсролын Дакарын тунхаглал (2000), Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөр (2004) зэрэг олон улсын бодлогын баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж байна. Ийнхүү олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хүний эрхийг хангаж, хамгаалахад боловсрол чухал үүрэгтэй болохыг хүлээн зөвшөөрсөн билээ. НҮБ-ын дээрх баримт бичгүүдэд "Хүний эрхийн боловсрол гэдэгт хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн харьцах, өв тэгш хөгжүүлж, түүний эрхэм зэргийг дээдлэх, чөлөөт нийгэмд үр ашигтайгаар оролцох зэрэг мэдлэг чадвар, хандлагуудыг төлөвшүүлэх, хүний эрхийн түгээмэл соёл бүрдүүлэхэд чиглэж буй сургалт, мэдээлэл, түгээн дэлгэрүүлэх бүхий л үйл ажиллагааг ойлгоно” хэмээн заасан нь түүнийг их өргөн хүрээнд авч үзэж байгаагийн илэрхийлэл мөн.

Хүний эрх нь өөрөө түгээмэл, салшгүй, харилцан хамааралтай байдаг тул хүний эрхийн боловсрол нь тогтолцоот шинжтэй байх нь зайлшгүй. Хүний эрхийн боловсрол нь түүнд суралцаж буй хүн бүрийн үзэл санаа, амьдралын хэв маягт өөрчлөлт авчирч, эерэг үр дүнд хүргэдэг. Хүний эрхийн үзэл санаа, зарчмуудыг ойлгон мэдэж, өөрсдийн анги танхим, гэр орон, цаашлаад нийгэм хамт олны харилцаанд хэрэгжүүлэх нь түүнд суралцахуйн гол ач холбогдол болно. Иймд нийгмийн анги бүлэг, гарал байдал, хот хөдөөг харгалзахгүйгээр хүн бүрт хүрэх ёстой. Судлаач Упендра Баксийн тэмдэглэсэнчлэн "Хүний эрхийн боловсрол нь хүн бүр өөрийн амьдралаа нийгэм хийгээд төрийн эрх мэдэлд бус гагцхүү өөрийн мэдэлд байлгаж, эрх чөлөө, эв нэгдлээ эдэлж хэрэгжүүлэхэд нь туслах болно".

Ийнхүү энэ талаар дэлхий нийт болоод үндэсний хэмжээнд олон тооны бодлого, хөтөлбөр төслүүд ажиллаж ирлээ. Харин эдгээрийн үр дүнд хүний эрхийн мэдлэг, боловсрол хэрхэн сайжирч, ямар үр дүнд хүрсэн тухай хэн, хэрхэн үнэлэх вэ? хэмээх асуулт гарч байна.

]]>
tuvshuu Mon, 09 Dec 2013 06:08:55 +0800
ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА БУЮУ СУРГУУЛИЙН ТҮВШИНД http://mn-nhrc.org/hrd/index.php?newsid=38 http://mn-nhrc.org/hrd/index.php?newsid=38 Хүний эрхийн боловсролын НҮБ-ын 10 жил (1995-2004), Дэлхийн хөтөлбөрийн Үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэгт сургуулийн тогтолцоонд хүний эрхийн боловсролыг нэвтрүүлэх, улмаар эрхэд суурилсан чанартай боловсрол олгох талаар зохих арга хэмжээ авах талаар гишүүн орнуудад даалгасан байдаг.

Хүний эрхийн боловсролын НҮБ-ын 10 жилийн хүрээнд манай улсын албан боловсролын тогтолцоонд хийгдсэн анхны дорвитой үйл ажиллагаа бол БСШУЯ болон Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгээс (МННХ) хамтран хэрэгжүүлсэн "Хууль бидний амьдралд” үндэсний хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад анх удаа ерөнхий боловсролын сургуулиудад эрх зүй, хүний эрхийн боловсрол олгох цогц хөтөлбөр, сурах бичиг зэргийг арга зүйн хамт боловсруулсан байна. Үүний үр дүнд "Хүний эрх” хэмээх бие даасан хичээл дунд сургуулийн хөтөлбөрт анх удаа 1994 оноос орж эхэлжээ. Энэ нь сургуулийн тогтолцоонд хүний эрхийн боловсролыг хөхүүлэн дэмжих чиглэлээр гарсан анхны томоохон алхам байсан бөгөөд улмаар дараагийн шатны боловсролын тогтолцооны шинэчлэлд тусган хэрэгжүүлэх зарчим болон тогтож байна.

2004 онд БСШУЯ нь "Бага, дунд боловсролын стандарт”, мөн түүний бүрэлдэхүүн хэсэг болох "Түүх, нийгмийн ухааны боловсролын стандарт”-ыг шинэчлэн баталжээ. Уг Түүх, нийгмийн ухааны боловсролын стандарт нь суралцагчдад хүний эрхийн мэдлэг, эрхээ эдэлж, зөрчигдсөн эрхээ хамгаалах чадвар суулгаж, хүний эрхийг хүндэтгэдэг "цогц чадамж”-ийг төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлсэн юм. Уг стандарт нь агуулгын хувьд "Дүрэм, журам, хууль”, "Эрх, үүрэг”, "Төрийн байгуулал”, "Салбар эрх зүй” гэсэн агуулгын айтай байна. Агуулгын ай гэдэг нь бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд үндсэн ойлголт нь хэвээр хадгалагдаж, агуулгын хувьд гүнзгийрэн баяжиж байх мэдлэгийн цөм /хүрээ/ юм. Энэ агуулгын хүрээнд өнөөгийн иргэн хүнд төлөвшсөн байвал зохих хүний эрхийн мэдлэг бүтээх /К1/, хүний эрхийн мэдлэгээ ашиглан хийж сурах /К2/, амьдарч сурах /К3/, нийгэмшин иргэншиж сурах /К4/ зэрэг цогц чадамжуудыг эзэмшүүлэх зорилтуудыг дэвшүүлж, үүнийыг хангах зорилгоор сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичгүүдийг боловсруулах онол-арга зүйн үндэслэл болж буйд уг стандартын ач холбогдол оршино. Ийнхүү ерөнхий боловсролын түвшинд хүний эрхийг тухайн боловсролын агуулга, стандартанд тусгаж өгсөн нь хүний эрхийн боловсролыг албан боловсролын тогтолцоонд нэвтрүүлсэн нилээд дэвшилтэт алхам болсон юм. Тухайлбал, өмнө нь зөвхөн нэг ангийн хүрээнд судалдаг байсан хүний эрхийн хичээлийг стандартын "агуулгын ай”-аар дамжуулан бага, дунд боловсролын бүх түвшинд судалж, сурагчдад хүний эрхийн мэдлэг, хандлага, чадварыг төлөвшүүлэхээр оруулсан байна. Энэ нь хүний эрхийн тухай ойлголт, мэдлэгийг суралцагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохируулан заах тухай НҮБ-ын ХЭДКГ-аас гаргасан зөвлөмжид нийцсэн чухал алхам болсон гэж үзэж байна.

Улмаар манай улсын ерөнхий боловсрол нь 2005 оноос эхлэн 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжих үйл явц эхэлсэн билээ. Уг зорилтын хүрээнд хийгдсэн сургалтын төлөвлөгөө, хичээлийн агуулгын үлгэрчилсэн хүрээнд зааснаар "Нийгэм судлал” хичээл нь 6-9-р ангиудад 1-2 улиралд тус бүр 37 цагийн багтаамжтайгаар орж байна. Эдгээр хичээлээр хүний эрхийн тухай асуудлыг эрх зүй, ёс зүйн болон нийгмийн харилцааны бусад хандлагаар баяжуулан зааж байна. Мөн 1-10-р ангийн сурагчид нийгмийн болон хувь хүний хэрэгцээ сонирхол, эрх болон үүрэг хариуцлагын тухай хамтран суралцах боломж олгоход чиглэсэн "Иргэний боловсрол” хичээлийг долоо хоног тутамд нэг цагаар үзэн судалж байна. ЕБС-ийн Нийгмийн ухааны боловсролд "Хүүхдийн эрхийн конвенцийн үзэл санаа”-г интеграчлах хүрээнд "Эрх, үүрэг” болон "Салбар эрх зүй” хэмээх ай дахь бага, дунд, ахлах ангид судлах "Хүүхдийн эрх”-тэй холбогдох үндсэн ойлголтууд, тэдгээрийн уялдаа холбоо, задаргааг боловсруулан хэрэгжүүлэх нь БСШУЯ-ны нэн даруй хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний нэг юм. Энэхүү агуулгын зураглал нь анги тус бүрт судлах "Хүүхдийн эрх”-ийн үндсэн ойлголтууд, зорилгуудыг тодорхойлох үндэс суурь болох юм. Энэ нь мөн хүний эрхийн боловсролыг нийгмийн ухааны хичээлүүдтэй нэгтгэн интеграцчилж, иргэний боловсролын хүрээнд олгож буй бусад улс орны сайн туршлага, жишигтэй нийцэж байгааг хэлэх нь зүйтэй.

]]>
tuvshuu Mon, 09 Dec 2013 05:27:50 +0800
ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД http://mn-nhrc.org/hrd/index.php?newsid=37 http://mn-nhrc.org/hrd/index.php?newsid=37 Бидэнд ямар асуудал тулгамдаж байна вэ?

Гэвч дэлхий нийтийг хамарсан дээрх санаачлагууд хийгээд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах механизмын хэрэгжилтийн үйл явц төдийлөн хангалтгүй хэвээр байна. Хүний эрх, эрх чөлөөг хангах ажил хангалтгүй байгаагийн хамгийн гол учир шалтгаан нь нийгэм эдийн засгийн чадавх, хууль эрх зүйн орчин бүрэлдээгүй зэрэг болно.

Мянганы Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтийн явц байдлын тухай илтгэлд "Монгол улс хүний эрхийн холбогдолтой олон улсын гэрээ, конвенциудийг соёрхон баталсан хэдий ч эдгээр эрхийг бүрэн хэмжээгээр нь хэрэгжүүлэх засгийн газрын чадавхийг хөрөнгө мөнгөний хомс байдал, чадавхи муутай хуулийн болон шүүхийн тогтолцооны сул талууд хязгаарлаж байна. Зохистой, сайн засаглалыг хэрэгжүүлэхэд саад тотгор учруулж байгаа бусад хүчин зүйлд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал, иргэний нийгмийн хоорондын мэдээллийн солилцоо хязгаарлагдмал, төрийн албаны чиг үүргийн давхардал болон тодорхой бус байдал, засаглалын доод түвшинд олон нийтийн төлөөлөл болон тайлагнал дутмаг байгаа зэрэг орж байна. ” хэмээн дүгнэжээ.

Үүний гол учир шалтгаан нь дээр дурдсан олон тооны хөтөлбөр, төслүүд нь нэгдмэл уялдаа холбоо, залгамж шинж чанаргүй, богино хугацааны, нөгөө талаас албан боловсролын тогтолцоонд нэвтрэн оруулах боломжгүй, тогтолцооны зүгээс үзүүлэх бодит дэмжлэг байхгүй зэргээс шалтгаалан цогц байдлаар хэрэгжиж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн боловсролын албан ба албан бус сургалтын үйл ажиллагаа системчлэгдээгүй, үр дүн муутай байна гэсэн үг юм. Хууль эрх зүйн онол, практикийн асуудлуудад хүний эрхийн үзэл баримтлал маш гүнзгий туссан энэ үед хүний эрхийг судлах, тодорхой сургалтын арга хэлбэрүүдээр дамжуулан суралцагчдад цогц мэдлэг чадвар олгох байдал хангалтгүй байна. Ялангуяа дээд боловсрол болон тухайн мэргэжилтэй холбоотойгоор хүний эрхийн тухай асуудлыг дэлгэрүүлэн үздэг сургууль байхгүй байна. Түүнээс гадна хүний эрхийн тухай асуудал бол зөвхөн хуульч мэргэжилтэн мэдвэл зохих зүйл хэмээн хэт өрөөсгөл үздэг байдал манай улсын их дээд сургуулийн багш, оюутнуудаас эхлэн төрийн албан хаагчдын дунд түгээмэл байна.

Манай улсын иргэдийн хувьд хүний эрхийн хэрэгжилт, хамгаалах арга замын талаар тодорхой мэдлэг чадваргүй, мөн энэ талаарх мэдээллийн хүртээмж хангалтгүй байна. Улс орнуудын туршлагаас үзэхэд, иж бүрэн, цогц, нягт нямбай боловсруулагдсан сурган хүмүүжүүлэх ухаан, заах арга барилыг тусгасан багшийн гарын авлага, материал дутмаг байгааг харуулж байна.

Одоогоор манай улсад ХҮЭК, Ханс-Зайделийн сан, ЮНИСЕФ зэрэг байгууллагуудын мэдээлэл, нэвтрүүлэг, МННХ зэрэг зарим төрийн бус байгууллагуудын цөөн тооны сургалтын хөтөлбөр, мэдээллийг эс тооцвол иргэдийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр дорвитой санал санаачлага алга байна.

Эдгээр шалтгааны улмаас хүний эрхийн боловсролыг ерөнхий боловсролын бүрэлдэхүүн хэсэг болгон оруулах зайлшгүй шаардлагатай болохыг харуулж байна. Гэхдээ энэ нь оролцогчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн, онол голлосон бус, хувь хүмүүс, бүлгийн үйл ажиллагаанд хэрэгжихүйц байх нь зүйтэй.

Хүний эрхийн боловсролын үндэсний тогтолцоог бүрдүүлэх нь

Судалгааны үр дүнгээс харахад Монгол улсад хүний эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэхийн тулд албан болон албан бус боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсролын үр дүнтэй, цогц хөтөлбөр боловсруулах шаардлагатай байна. Хүний эрхийн боловсрол нь иргэдийн дунд мэдээлэл түгээх, сургаж чадваржуулах, оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлдэг тул шилжилтийн үеийн нийгмийн зүй ёсыг тогтоох хүчирхэг арга хэрэгсэл болж өгнө.

Хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаа нь өнөөгийн хүний эрхийн боловсролын төлөв байдал, нийгмийн хэрэгцээ шаардлага, багш мэргэжилтнүүдийн чадвар бололцоон дээр тулгуурлан албан ба албан бус боловсролын тогтолцоонд зэрэгцүүлэн хэрэгжүүлэх хандлагыг баримталбал зохино.

Үүний тулд дээр дурдсан НҮБ-ын Хүүхдийн Сангийн зөвлөх Роберт Бейкер нь Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Боловсролын Их Сургууль бусад холбогдох байгууллагуудад хандан, сургуулиудад хүний эрх, хүүхдийн эрхийн боловсрол олгоход удирдлага болгон баримтлах стандарт боловсруулах, хөтөлбөрийн шинэчлэл хийх, сургалтын нөөц хэрэглэгдэхүүн боловсруулах, зорилтот бүлгүүдийн мэргэжлийг дээшлүүлэх, хяналт үнэлгээ хийх зэрэг асуудлуудаар нилээд тооны зөвлөмжийг өгсөн байдаг. Эдгээр зөвлөмжүүд нь бүхэлдээ хүний эрхийн боловсролын чиглэлээр багш бэлтгэх, сургуулийн тогтолцоонд нэвтрүүлэхэд холбогдох тул илтгэлийн эх бичвэрээс хураангуйлан хүний эрхийн боловсролын талаарх олон улсын хандлага, туршлагын талаарх санал зөвлөмжийг хуваалцаж байна .

Зөвлөмж 1

Хүний эрхийн төлөө ба тухай боловсролын асуудлаар ахиц дэвшил гаргах, зохион байгуулах сонирхол бүхий холбогдох байгууллагуудын төлөөлөл бүхий Нөлөөллийн багийг бүрдүүлэх

 

Зөвлөмж 2

Хүний эрхийн төлөө ба тухай боловсрол, мөн эрхэд суурилсан боловсролын тухай товч тодорхой зорилго, үзэл баримтлалыг тодорхойлж, батлуулан, олон нийтэд мэдээлэх: энэхүү үзэл баримтлал нь тухайн санаачлагын үндсэн элементүүдийг агуулсан байх

 

Зөвлөмж 3

Хүний эрхийн талаар Засгийн газрын хүлээж буй үүрэг хариуцлага, үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын албан сургалтын тогтолцоонд Иргэншил, Иргэний Боловсрол хичээлийн хүрээнд хүний эрх болон үүргийн тухай асуудлыг наад зах нь 1 улирлын туршид, бүх түвшинд заах

 

Зөвлөмж 4

Боловсролын Хөгжлийн Хөтөлбөр–3 төслийн хүрээнд Иргэншил, Иргэний Боловсрол хичээлийн хөтөлбөрийг хянан, хүний эрхийн боловсролын бүрэлдэхүүн хэсгүүд, /мэдлэг, чадвар, хандлага/, өргөтгөх боломж /анги, заах цаг/ зэргийг тодорхойлох

 

Зөвлөмж 5

Боловсролын Хөгжлийн Хөтөлбөр–3 төслийн хүрээнд Хүний эрхийн төлөө ба тухай боловсролыг сургалтын аль түвшинд, ямар салбарт судлах талаар хөтөлбөр боловсруулах буюу аудит хийх: Энэхүү аудит нь Хүний эрхийн төлөө ба тухай боловсролын үндсэн мэдлэг, чадвар, хандлага болон оролцооны хүчин зүйлсийг тодорхойлно.

 

Зөвлөмж 6

Албан бус боловсрол, насанд хүрэгчдийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд хүний эрхэд холбогдох амьдрах ухааны сургалтын чанар, цар хүрээнд аудит хийх:

 

Зөвлөмж 7

Хүний эрхийн төлөө ба тухай боловсролын тухай албан ёсны баримт бичиг нь Монгол улсын холбогдох байгууллагуудын оролцоотойгоор боловсруулагдаж, албан ёсоор хэвлүүлж, түгээн дэлгэрүүлэх.

 

Зөвлөмж 8

Хүүхэд, залуучуудад зориулан Хүний эрхийн төлөө боловсролын тухай сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг боловсруулах, өөрийн нөхцөлд тохируулан өөрчлөх болон танилцуулах үүргээ холбогдох байгууллагууд гүйцэтгэх,

 

Зөвлөмж 9

БСШУЯ нь Хүний эрхийн төлөө ба тухай боловсролын чиглэлээр сургалтын нөөц хэрэглэгдэхүүн боловсруулж байгаа байгууллагуудад заавар зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх шаардлагатай.

 

Зөвлөмж 10

Монгол улсад тулгамдаж буй хүний эрх, хүүхдийн эрхийн тулгамдсан асуудлуудыг зөвшилцсөний үндсэн дээр тодорхойлох:

 

Зөвлөмж 11

Хүний эрхийн төлөө ба тухай боловсролын талаар олон улсын түвшинд боловсруулагдсан сургалтын хэрэглэгдэхүүнийг БСШУЯ болон ХЭҮК-д байрлуулан, энэ чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулагчдад мэдээлэл авах, загвар болгох боломжийг олгох

 

Зөвлөмж 12

Хүний эрхийн төлөө ба тухай боловсролын талаар хийгдэж буй болон хийхээр төлөвлөж байгаа сургалтуудыг тодорхойлж, зохицуулалт хийн дэмжлэг үзүүлэх

 

Зөвлөмж 13

Хүний эрхийн төлөө ба тухай боловсролыг албан боловсролын хөтөлбөр болон интеграцчилсан хичээлийн хөтөлбөрт оруулахад чиглэсэн мэргэжил дээшлүүлэх шинэ сургалтын бий болгох

 

Зөвлөмж 14

МУБИС-ийн боловсруулсан "Хүүхдийн эрхийн боловсрол” хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн сайжруулснаар бусад их дээд сургууль, коллеж, багш бэлтгэдэг сургуулиудад загвар болгон ашиглах

 

Зөвлөмж 15

Хүний эрхийн төлөө ба тухай боловсролын талаар багш оюутнуудад зориулсан, нас, насанд тохирсон мэдээлэл, зөвлөгөөг агуулсан вэб хуудас боловсруулан ажиллуулах, Уг веб хуудас нь Монголын оюутан багш нар хялбар холбогдож, мэдээлэл авах боломжтой байх ёстой.

 

Зөвлөмж 16

Энэ вэб хуудас нь Монголын өнцөг булан бүрт боловсролын салбарт ажиллаж байгаа мэргэжил нэгтнүүд өөр хоорондоо хүний эрх, хүүхдийн эрхийн боловсролын асуудлаар үзэл бодол, мэдээлэл, туршлагаа хуваалцахад дэмжлэг үзүүлэхүйц байх

 

Хүний эрхийн боловсролын чиглэлээр хэрэгжүүлэх алхмууд:

Хүний эрхийн боловсролын үндэсний тогтолцоог бий болгохын тулд дараах үйл ажиллагаануудыг нэн даруй хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнд:

  • Юуны өмнө хүний эрхийн боловсролын хэрэгцээ шаардлагын талаар үндэсний хэмжээний судалгаа хийж, үр дүнг олон нийтэд тайлагнах шаардлагатай байна.
  • Төрөөс хүний эрхийн боловсролын талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ба хэрэгжилтэнд хяналт тавих ажлыг зохион байгуулах нь зүйтэй. Монгол улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр (2003)-ийн 1.1.2.6-д заасан дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх байдлаар уг арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой.
  • Бага, дунд болон дээд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд хүний эрхийн боловсролын асуудлыг нэмж тусгах, одоогийн хөтөлбөрүүдэд интеграцичлах замаар нэвтрүүлэх,
  • Хүний эрхийн олон улсын стандартын хэрэгжилтийг өөрийн орны нөхцөлд тодорхойлох, түүнд үнэлгээ шинжилгээ хийх арга зүй, удирдамжыг боловсруулах
  • Хүний эрхийн боловсролын нөөц, эх сурвалж хэрэглэгдэхүүнүүдийг боловсруулах, олон нийтийн болон боловсролын байгуулагуудад түгээх, Хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллага, хувь хүн судлаачдын чадавхийг дээшлүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих, сурталчлах
  • Олон нийтийн дундах хүний эрхийн мэдлэг ойлголт, чадварыг нэмэгдүүлэх сургалт мэдээллийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах, аймаг, дүүргүүдийн "Албан бус боловсролын төв”, "Иргэдэд үйлчлэх төв” зэргийг "Хүний эрхийн нөөцийн төв” байдлаар нэмж баяжуулах, шаардлагатай сургалтын материалууд, аудио болон видео нэмэлт материал боловсруулан, хангах үйл ажиллагааг зохион байгуулан хэрэгжүүлэх зэргээр ажиллах нь зүйтэй байна.
  • Хүн бүхэнд хүртээмжтэй, ямар нэгэн хязгаарлалтгүй мэдээлэл олж авахуйц мэдээлэл харилцааны дэд бүтцийг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна.

Хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх:

Хүний эрхийн боловсролыг дэмжих үйл ажиллагаанд олон улсын болон төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийт өргөн хүрээнд идэвхитэй оролцдог. Эдгээр зорилт, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үндсэн субъектуудыг үндэсний болоод олон улсын түвшинд, тухайлбал НҮБ-ын Монгол дахь салбар, төрөлжсөн байгууллага, хөтөлбөрүүд, хүний эрхийн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын төрийн бус байгууллагууд, үндэсний түвшинд засгийн газар, хүний эрхийн судалгааны болоод сургалтын байгууллагууд, төрийн бус байгууллагууд болон бусад мэргэжлийн байгууллагууд, хувь хүмүүсийн идэвхи санаачлаган дээр тулгуурлан явуулах нь зүйтэй. Энэхүү хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, зохицуулалт хийх чиг үүргийг хүний эрхийн үндэсний байгууллага болохын хувьд ХЭҮК өөртөө хүлээж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монгол улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Яам (БСШУЯ) байна. "БСШУЯ-ны чиг үүрэг нь улсын хэмжээнд боловсрол, шинжлэх ухаан, соёлын үйл ажиллагааг дэмжин, түгээн дэлгэрүүлэхэд оршино” хэмээн хуульд зааж өгчээ. Мөн аймаг бүрийн засаг захиргаа, удирдлагын нэгжид Боловсрол, соёлын газар байх бөгөөд тухайн орон нутгийн түвшинд боловсролын үйлчилгээг хариуцдаг. Эдгээр газрууд нь албан болон албан бус боловсролд холбогдох төрийн удирдлага болон менежментийг хэрэгжүүлэх үүрэгтэй байна. Иймд Хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжих, түүнийг боловсролын салбарт нэвтрүүлэх чиглэлээр Монгол улсын БСШУЯ болон түүний харъяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, газар, хэлтсүүдтэй хамтран ажиллах шаардлагатай байна.

Хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх:

Нөгөө талаас төрийн байгууллагууд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн оролцоо, үүсгэл санаачлагууд мөн дутагдалтай байна. Иймээс хүний эрхийн боловсролын түвшинг дээшлүүлэхийн тулд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн цар хүрээ, багтаамжийг харгалзан өргөнөөр ашиглах шаардлагатай байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь хүний эрхийн боловсролын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх стратегийг баримтлан ажиллавал зохино. Үүний тулд өөрийн болоод бусад улс орнууд дахь хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа, арга хэлбэрүүдэд үнэлгээ шинжилгээ хийх, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, сурталчилгаа хийх, хүний эрхийн талаарх мэргэжлийн сэтгүүлч, ажилтнуудыг бэлтгэн гаргах, чадваржуулах, хүний эрхийг хамгаалах талаар мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан маркетингийн үйлчилгээ үзүүлэх зэрэг оролцооны арга хэлбэрүүдийг хэрэгжүүлж эхлэх, санаачлах нь зүйтэй.

Боловсрол нь өөрөө хүний эрх төдийгүй бусад эрх, эрх чөлөөгөө эдлэх хамгийн чухал эх сурвалж юм. Боловсрол нь хүний эрх болохын хувьд нийгэм, эдийн засгийн хувьд хязгаарлагдмал чадавхи, оролцоотой хүүхэд, насанд хүрэгчид ядуурлаас өөрсдийгөө гаргах, нийгмийн амьдралд оролцох үндсэн хэрэгсэл нь болдог. Нийгэм дэх өөрчлөлтүүд нь нэгэн талаас боловсролын үр дүн, нөгөө талаас мөн боловсролын хөгжлийн чиг баримжаа болохуйц хүчин зүйлүүд юм. Учир нь нийгэм дэх аливаа хөгжил дэвшлийн уг үндэс суурь нь тухайн үеийн боловсролын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлттэй шууд уялдан холбогдох нь тодорхой.

Тиймээс хүний эрхийн боловсролыг дэмжих үндэсний тогтолцоог байгуулах нь хүний эрхэд суурилсан, оролцоот, ардчилсан нийгмийг байгуулах нэгэн чухал алхам болно.

]]>
tuvshuu Mon, 09 Dec 2013 05:16:47 +0800
“Хүний эрхийн төлөөх он жилүүд” гэрэл зургийн үзэсгэлэн http://mn-nhrc.org/hrd/index.php?newsid=36 http://mn-nhrc.org/hrd/index.php?newsid=36

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан гаргаж буй "Хүний эрхийн төлөөх он жилүүд” гэрэл зургийн үзэсгэлэнг хүрэлцэн ирж сонирхоно уу.

Үзэсгэлэн: 2013 оны 12 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн их танхимд гарна.

]]>
tuvshuu Mon, 09 Dec 2013 05:11:41 +0800
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУД http://mn-nhrc.org/hrd/index.php?newsid=35 http://mn-nhrc.org/hrd/index.php?newsid=35 Иргэний нийгмийн байгууллагууд нь хүний эрхийг хангах зорилгоор нийгэм дэх нөөцийг дайчлан чиглүүлэх тэргүүн эгнээнд явдаг. Тэдгээр байгууллагууд нь хамгийн ядуу, нийгмээс тусгаарлагдсан, эмзэг бүлгийн гишүүдтэй ажиллаж, тэдний хөгжлийг хангахад нь туслаж, мөн эрхийг нь хангах үүрэг хүлээгчдийг идэвхижүүлдэг. Өөрөөр хэлбэл тэдгээр байгууллагууд нь эрэлт-нийлүүлэлтийн үүргийг гүйцэтгэдэг. Эрэлтийн хувьд, засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрүүдэд мониторинг хийх замаар үүрэг хүлээгчдэд нөлөөлөл, лобби хийх, хариуцлагатай, ил тод байдлыг баталгаажуулах үйл ажиллагаа явуулдаг. Мөн засаг захиргаанд өөрчлөлт гарсан ч тэдгээр хөтөлбөрүүдийн тогтвортой, үргэлжлэн хэрэгжих баталгааг хангадаг. Нийлүүлэлтийн хувьд сургалт хийх, мэдлэг ойлголт өгөх замаар иргэд, олон нийтийг нийгмийн үйл хэрэгт оролцуулах, мөн төрийн үйлчилгээнд мониторинг хийх замаар нийгмийн өөрчлөлт хийх үйл явцад хувь нэмэр оруулах болно.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол дахь иргэний нийгмийн байгууллагууд нь хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болсон. Тэдгээр байгууллагуудын санал санаачлагуудын үр дүнд иргэний, ардчиллын, хүний эрхийн боловсролын зэрэг олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжсэн ба одоо хүртэл үргэлжилсээр байна. Үүнээс жишээ болгон Монголын Эмнести Интернэшнл байгууллагын хүний эрхийн боловсрол дахь үйл ажиллагааг тоймлон авч үзье.

Эмнести Интернэшнл байгууллагын үйл ажиллагааны томоохон хэсэг нь хүний эрхийн боловсролын асуудалд төвлөрдөг бөгөөд хүний эрхийн мэдлэг ойлголт түгээх, соён гэгээрүүлэх ажлыг нийгмийн олон салбар, бүлгүүдэд хандуулан зохион байгуулж байна. Хүний эрхийн боловсролын асуудал нь тус байгууллагын стратеги төлөвлөгөөнд туссан бөгөөд олон улсын хүний эрхийн жишиг хэм хэмжээг дагаж мөрдөх тогтолцоо бүрдүүлэх, хүний эрхйин боловсролын шинэ арга, хандлагуудыг нэвтрүүлэх, сургуулийн орчинд хүний эрхийн хэм хэмжээг бүрдүүлэх зэрэг зорилтуудыг тусгасан байдаг.

2004 оны 12 сарын 10-нд НҮБ-аас батлан гаргасан ХЭБ-ын Дэлхийн Хөтөлбөрийн эхний үе шатыг дэмжин Эмнести Интернэшнл Монгол байгууллага энэ зорилтыг өөрсдийн үйл ажиллагааны нэг гол чиглэл болгосон байна. Энэ зорилтын хүрээнд Монголын Эмнести Интернэшнл байгууллага нь "Бага дунд боловсролын байгууллагын багш нарт зориулсан Хүний Эрхийн Боловсрол” төслийг 2006 оноос 2007 онд хэрэгжүүлсэн байна. Энэхүү төслийн зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хүний эрхийн тухай болон эрхэд суурилсан боловсролын талаарх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх замаар хүүхдийн эрхэд суурилсан чанартай боловсролыг дэмжих, улмаар хүний эрхийг ЕБСийн хичээлүүдэд нэгтгэн заах талаар санаачлан ажиллаж байна. Төслийн хүрээнд Эмнести Интернэшнлийн Англи дахь салбарын боловсруулсан "Хүний Эрх - Сургалтын Хөтөлбөрт” цувралын "Математик” ба "Түүх” номыг англи хэлнээс орчуулан ХЭТТ-ын болон бусад хялбаршуулсан курагт хуудсуудыг сургалтын гарын авлага болгон хэвлүүлж түгээжээ. Төслийн хvрээнд "Хvний Эрхийн Боловсрол - Чанартай Боловсрол” сэдвээр орон нутгийн нийт 460 гаруй багш, сургуулийн удирдлага, Боловсрол Соёлын Газрын арга зvйчдийг хамруулсан сургалтыг зохион байгуулжээ.

Эдгээр туршлагын үндсэн дээр Эмнести Интернэшнл байгууллагын дэлхийн 14 оронд хэрэгжүүлж байгаа "Хүний эрхэд ээлтэй сургууль” төслийг Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль дээр туршин хэрэгжүүлж байна. Уг төслийн зорилго нь Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн үзэл санааны дагуу сургуулийн бүхий л үйл ажиллагааны түвшинд хүний эрхийн боловсролыг нэвтрүүлж, хүний эрхийн соёлыг бүтээн бий болгох зорилготой байна. Үүний тулд тухайн сургуулийн сургалтын хөтөлбөр, сургуулийн удирдлага менежмент, багш-сурагчид болон сурагч хоорондын харилцаа болон сургуулиас гадуурх үйл ажиллагаа, орчинд хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх зорилттойгоор ажиллаж байна.

МОНФЕМНЕТ- Монголын эмэгтэйчүүдийн ТББ-ын үндэсний сүлжээ, Залуусын "Хөгжицгөөе" клуб, Монголын Эмнести Интернэшнл хамтран "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяныг 2008 оноос санаачлан хэрэгжүүлж байна. Энэ аян нь залуусын оролцоонд түшиглэсэн, уян хатан арга хэлбэрээр хүний эрх, эрх чөлөө, ардчилал болон нийгмийн шударга ёсыг эрхэмлэх соёлыг залуусын дунд түгээн дэлгэрүүлэх зорилготой. Аяны хүрээнд сургагч нарын болон үе тэнгийн хүний эрхийн сургалт, эрх чөлөөний парад, хүний эрхийн фестиваль зэрэг олон нийтийг хамруулсан хөгжилтэй арга хэмжээ, сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан Эрхүүлэйгийн сургалт ба комикс, аянд оролцогч залуусын нөхөрлөл, сүлжээг хөгжүүлэх албан бус уулзалт, үдэшлэг зэргийг зохион байгуулдаг ажээ.

Мөн "Хүний эрх, ардчиллын судалгааны төв” ТББ-аас санаачлан Хүний эрхийн боловсролын сургагч багш нар, боловсролын мэргэжилтнүүдэд цуврал сургалтууд хийж, гарын авлага болон Хүний эрхийн загвар хичээлийн VCD-ийг боловсруулж, ХЭБ-ын дэлхийн хөтөлбөрийг Монгол хэлнээ орчуулж ЕБС-иудад түгээсэн байна.

]]>
tuvshuu Mon, 09 Dec 2013 05:09:34 +0800
БАГШ БЭЛТГЭХ ТОГТОЛЦООН ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ http://mn-nhrc.org/hrd/index.php?newsid=34 http://mn-nhrc.org/hrd/index.php?newsid=34 Сургуулиуд нь хүний эрхийг заан сургах болон хэрэгжүүлэхүйн үлгэр загвар байх болно. Сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн хувьд багш нар энэхүү зорилгыг хангахад голлох үүрэгтэй оролцох ёстой гэдэг нь Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн гол цөм ойлголт юм. Хүний эрхийн боловсролыг албан боловсрол, ялангуяа сургуулийн тогтолцоонд нэвтрүүэхэд зайлшгүй анхаарах, хамтран ажиллах шаардлагатай салбар бол багш бэлтгэх, давтан бэлтгэх тогтолцоо юм. Дэлхийн хөтөлбөрийн хүрээнд багш бэлтгэх болон хүний эрхийн боловсролын хоорондын уялдаа холбоог одоогоор хамгийн их чухалчилж байгаа байгаа бөгөөд энэ талаар Монгол Улсад зохих хэмжээний санаачлага гарган ажиллаж байгаа билээ.

Монгол улс дахь багш бэлтгэх хамгийн том институт бол Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) юм. МУБИС нь 40 гаруй мэргэжлээр 8000 орчим суралцагчид суралцдаг, 850 гаруй профессор багш, ажилчидтай улсын хэмжээнд мэргэжлийн багшлах боловсон хүчин, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтан бэлтгэдэг хамгийн том төв болоод байна.

Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн хүрээнд МУБИС нь өөрийн дэргэд "Хүний эрхийн боловсролын төв”-ийг 2006 оноос нээн ажиллуулж ирсэн. Энэхүү төв нь БСШУЯ болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтран хэрэгжүүлж байгаа "Хүүхдэд ээлтэй сургууль” төслийн хүрээнд анх байгуулагдсан бөгөөд багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад хүний эрхийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр боловсруулах, мөн багш нар бэлтгэх, давтан бэлтгэх сургалтанд нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Хүүхдэд ээлтэй сургуулийн үзэл санаа нь 1989 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас батлан гаргасан Хүүхдийн эрхийн тухай конвенцийн заалтуудыг үйл хэрэг болгох ажлын нэг хэсэг юм. Хүүхдийн хөгжих, хамгаалагдах, эсэн мэнд амьдрах, сурч боловсрох зэрэг үндсэн эрхүүдийг хангасан сургалтын бүх талын орчин, хүүхдийн нас, сэтгэхүй, хөгжилд тохирсон үйл ажиллагаа явуулах нь тэдэнд чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол олгоход Хүүхдэд ээлтэй сургуулийг хөгжүүлэх үзэл санаа чиглэж байна. Анх 1997 онд Тайланд улсаас санаачилсан "Хүүхдэд ээлтэй сургууль”-ийн үзэл санаа эдүгээ дэлхий дахинаа түгэн дэлгэрч хөгжиж буй ихэнх орныг хамраад байна. "Хүүхдэд ээлтэй сургууль” нь Хүүхдийн эрхийн конвенцийг хэрэгжүүлэх зохистой арга замуудын нэг болсон гэж үздэг.

Хүүхдэд ээлтэй сургуулийн үзэл санаа нь:

  • Бүх хүүхдийг адил тэгш суралцах боломжоор хангах
  • Сургалт нь хүүхдийн амьдрах, аж төрөх хэрэгцээ шаардлагыг хангасан мэдлэг, ур чадварыг олгохуйц үр өгөөжтэй байх
  • Хүүхдүүд эрүүл, аюулгүй, хамгаалагдсан орчинд суралцах
  • Хүйсийн хувьд адил тэгш оролцоог хангасан хүйсийн мэдрэмжтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх
  • Сургуулийн бодлого, үйл ажиллагаанд сурагч, гэр бүл, олон нийтийн идэвхтэй оролцоог бий болгох гэсэн өргөн хүрээг хамарсан үндсэн таван чиглэлээс бүрддэг.

Уг төвийн хамт олон "Хүүхдийн эрхийн боловсрол” 2 кредит, 48 цагийн агуулгатай шинэ хичээлийн хөтөлбөр боловсруулан боловсруулж, МУБИС-ийн багш бэлтгэх сургалтын төлөвлөгөөнд оруулсан болно. Уг хөтөлбөр нь хүний эрхийг заан сургах цогц чадамж олгоход чиглэгдсэн 8 модуль бүхий сургалтын иж бүрэн хөтөлбөр, гарын авлага, дасгал ажлын хэрэгслүүдтэйгээр боловсруулагдсан байна. Уг хөтөлбөрөөр 2006 оноос эхлэн МУБИС-ийн түүх, нийгмийн ухаан, эрх зүй, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр багш мэргэжлээр төгсөж буй оюутнууд сонгон суралцах боломжтой бөгөөд жил тутамд дунджаар 60-90 оюутан сонгон суралцдаг байна.

Энэ чиглэлээр тус их сургуулийн эрх зүй, нийгмийн ухаан, түүхийн багшийн ангид "Хүүхдийн эрхийн боловсрол” хичээлийн хөтөлбөрийг сонгон суралцах хичээлийн хүрээнд судлах болсон нь томоохон ахиц дэвшил болсон гэж үзэж байна.

Мөн тус төвөөс уг хичээлийг сонгон судлах боломжгүй бусад мэргэжлийн оюутнуудад зориулан "Хүүхдийн эрхийн боловсрол” сэдвээр 1 өдрийн баримжаа олгох сургалтыг жил бүрийн хавар зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. Үүний хүрээнд 2005 оноос хойш жил бүр бямба, ням гаригийн 12 удаагийн цуврал сургалтаар 360 төгсөх ангийн оюутнууд уг сургалтанд хамрагдаж, хүний эрхийн боловсролын үндсэн ойлголт, арга зүйтэй танилцдаг. Хэдийгээр уг сургалт нь хүний эрхийн бүх асуудлыг цогц, байдлаар судлах боломжгүй боловч багш мэргэжлээр төгсөөд ажлын байранд гарахын өмнөхөн хийгддэг тул оюутнууд өөрсдийн эзэмшсэн мэргэжил, сурган хүмүүжүүлэх арга барилтайга нийцүүлэн хүний эрхийн талаар мэдлэг, ойлголтоо нэгтгэн дүгнэх, шинэ эрэл хайгуул хийхэд хүргэдэг хэмээн оролцогч оюутнууд ач холбогдлыг үнэлсэн байна.

Цаашид хүний эрхийн боловсролын хичээлийн хөтөлбөрийг багш мэргэжилтэн бэлтгэдэг төрийн болон хувийн өмчийн их, дээд сургуулиудад заавал сонгон судалдаг болгох чиглэлээр хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сургалтын агуулга, арга зүйг өргөжүүлэх талаар тус төвийн хамт олон ажиллаж байна. Уг ажилд БСШУЯ, ХЭҮК, НҮБ-ын Хүүхдийн сан, МУБИС-ийн зэрэг байгууллагууд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Уг ажлын хүрээнд 2007 онд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас ССИнтернейшнл байгууллагын зөвлөх Роберт Бейкерийг урьж, Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Монгол Улсын Боловсролын Их Сургууль бусад холбогдох байгууллагуудад хүний болон хүүхдийн эрхийн боловсролын талаарх олон улсын хандлага, туршлагын талаар зөвлөх үйлчилгээ авсан билээ.

Зөвлөх ажлын хүрээнд а) МУБИС-ийн дөрвөн жилийн сургалттай багш боловсролын хүрээнд судлах "Хүүхдийн Эрхийн боловсрол” сургалтын хөтөлбөрийг хянан, цаашид боловсронгуй болгох талаар санал, зөвлөмж гаргах, б) МУБИС-ийн сургалтын хөтөлбөр боловсруулах баг, бусад холбогдох байгууллагуудад хүний эрх, хүүхдийн эрхийн талаар сургалтын хөтөлбөр, нөөц хэрэглэгдэхүүн боловсруулах тухай олон улсын туршлага, чиг хандлагын талаар сургалт явуулах, в) Монгол Улсын хэмжээнд эрхэд суурилсан боловсрол, Хүний эрх, хүүхдийн эрхийн төлөө ба тухай боловсролыг хэрхэн олгох талаар нийтлэг тайлан, санал зөвлөмжийг гаргасан байна. Зөвлөх ажлын туршид, дээр дурдсан хичээлийн хөтөлбөр нь багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудад хүүхдийн эрхийн талаар үндсэн ойлголтыг өгч байгааг онцлон сайшаасан байна . Зөвлөхийн зүгээс МУБИС-ийн боловсруулсан "Хүүхдийн эрхийн боловсрол” хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн сайжруулж, бусад их дээд сургууль, коллеж, багш бэлтгэдэг сургуулиудад загвар болгон ашиглахыг БСШУЯ болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн боловсролын хөтөлбөр зэрэгт санал болгосон байна.

]]>
tuvshuu Mon, 09 Dec 2013 05:06:32 +0800
ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААРХ ОЛОЛТ АМЖИЛТ http://mn-nhrc.org/hrd/index.php?newsid=32 http://mn-nhrc.org/hrd/index.php?newsid=32

Бодлогын талаар: Монгол Улс нь хүний эрхийн олон улсын хэм хэмжээ, стандартыг хүлээн зөвшөөрч, үндэсний хууль, эрх зүйн баримт бичгүүдэд тусгах, хуульчлах, мөн олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэн орох замаар баталгаажуулжээ. Тухайлбал, НҮБ-ын гишүүн орны хувьд хүний эрхийн олон улсын 40 гаруй гэрээ конвенцид нэгдэн орсон буюу соёрхон баталжээ. Манай улсын Засгийн газраас олон улсын гэрээний эрх зүйн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, НҮБ-ын Хүний эрхийн хороо болон бусад төрөлжсөн байгууллагуудад 10 гаруй удаа тайлангаа хэлэлцүүлж, зохих санал зөвлөмжийг хүлээн авч, хүний эрхийн салбарт ахиц дэвшил гаргахыг эрмлэзэж байна.

Монгол Улсын хувьд Хүний эрхийн боловсролын НҮБ-ын арван жилийн хүрээнд гаргасан томоохон ололт амжилт бол 2001 онд хүний эрхийн үндэсний байгууллагыг байгуулсан, мөн 2003 онд "Монгол улсад хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр” баталсан явдал гэж үздэг. Улсын Их Хурлаас Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг 2000 оны 12-р сарын 7-ны өдөр баталж, тус байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэл, хяналтын болон тайлагнах журам зэргийг хуульчилснаар хүний эрхийн үндэсний байгууллагуудын статусыг тодорхойлдог Парисын зарчмын дагуу ажиллах хүний эрхийн үндэсний мэргэшсэн байгууллагатай болох үндэс суурь тавигдсан байна. Хуульд заасны дагуу ХЭҮК-ын нэг гол чиг үүрэг бол хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжих явдал юм. Энэ талаар бид хойно дэлгэрүүлэн үзэх болно.

"Монгол улсад хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр” нь Монгол улсын төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангах баталгаа, механизмыг бүрдүүлэх, хүний эрхийг эрхэмлэн дээдлэхэд бүх талуудын оролцоо, санаачлага, хариуцлагыг өрнүүлэх, тэргүүлэх чиглэл, арга замыг тодорхойлсон баримт бичиг юм. Хөтөлбөрийн 1.1.2.6-д "Хүний эрхийн боловсролын төлөв байдал, хэрэгцээ шаардлага, хамрах хүрээг судалсны үндсэн дээр хүн ам, төрийн албан хаагчид, удирдах ажилтан, бүх шатны сургуулийн сурагч, оюутны хүний эрхийн албан ба албан бус хүний эрхийн сургалтын тогтолцоог бүрдүүлж, энэ асуудлаар үндэсний мэргэжилтэн, сургагчдыг бэлтгэх дэд хөтөлбөр гарган хэрэгжүүлнэ.” хэмээн заажээ. Мөн уг хөтөлбөрт ХЭҮК-ын хүлээх үүрэг хариуцлага (1.1.3.2), мөн төрийн бус байгууллагуудын үүрэг (1.1.5), тодорхой хүний эрхтэй холбоотой асуудлуудыг (2.1-2.4) тус тус агуулсан байна.

Улмаар 2007 оны 1 дүгээр сард Засгийн газрын 17 дугаар тогтоолоор "Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2007, 2008 оны төлөвлөгөө”–г баталж, "хүний эрхийн албан ба албан бус сургалтын тогтолцооны загвар боловсруулж, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн үндэсний мэргэжилтэн, сургагч бэлтгэх дэд хөтөлбөр боловсруулж, цаашид хэрэгжүүлж ажиллахыг БСШУЯ-д даалгасан байна. Хөтөлбөрт заасны дагуу хүний эрхийн боловсролын албан ба албан бус боловсролын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг ХЗДХЯ, ХЭҮК, ХЗҮТ зэрэг төрийн байгууллагууд болон Сонгогчдын боловсрол төв, МАОЭНХ, МҮЭХ, Эмнести Интернейшнл зэрэг иргэний нийгмийн байгууллагуудад тус тус даалгасан байдаг.

Мөн Засгийн газрын "Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”, "Хүний аюулгүй байдлыг хангах сайн засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ХЗДХЯ-наас 2004 оны 2 дугаар сард "Эрхзүйн албан бус сургалтын хөтөлбөр”-ийг баталж, "Эрхзүйн албан бус сургалтын төв”-ийг Хууль зүйн үндэсний төвийн дэргэд байгуулсан нь ялангуяа хууль, хяналтын байгууллагын ажилтан албан хаагчдад хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаанд нэгэн алхам болсон гэж үздэг байна.

Засгийн Газрын боловсруулсан Боловсролын Салбарыг Хөгжүүлэх Мастер Төлөвлөгөө (2006-2015)-нд хүний эрхийн боловсролын асуудлыг өргөн хүрээнд авч үзжээ. Үүнд: сургуульд хамрагдалтыг дэмжих, сургуулийн дотуур байр, сургуулийн орчинд анхаарах, малчдын хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зэрэг эмзэг бүлгийнхний боловсролд тэгш хамрагдах бололцоог хангах, мэдээлэл технологийн хөгжлийг дэмжих, эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлээр хөрөнгө оруулах зэрэг болно.

Хамгийн сүүлийн байдлаар Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний цогц хөгжлийн баримт бичигт үндэслэн боловсролын салбарт баримтлах шинэ үзэл баримтлал, бодлогыг тусгасан "Боловсрол” үндэсний хөтөлбөрийн төслийг Засгийн газраас хэлэлцүүлж байна. Энэхүү хөтөлбөрт үндэсний цөөнх эх хэлээрээ сурч боловсрох эрхийг хангах, төрийн хэлний боловсрол эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх, хүний эрхийн үзэл санааг албан боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх зэрэг олон санаачлагуудыг хөтөлбөрийн үйл ажиллагаанд тусгасан байна.

Ийнхүү эдгээр бодлого, хөтөлбөрүүдийн хүрээнд иргэдийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн боловсролыг боловсролын тогтолцоонд нэвтрүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж иржээ. Энэ үүднээс авч үзвэл, Монгол Улсын төрөөс хүний эрхийн боловсролыг дэмжих, ялангуяа албан боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлогын орчин, эрх зүйн хэм хэмжээ бүрэлдсэн байна.

Үүнийг даган төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагуудын санаачлагаар хүний эрхийн боловсролыг дэмжсэн олон тооны үйл ажиллагаа, хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Гэвч олон бодлого, хөтөлбөрүүд байгаа хэдий ч эдгээрийг хэрэгжүүлэх механизм тодорхой болоогүй, ялангуяа орон нутаг, засаг захиргааны нэгжийн хувьд эдгээрийг өөрийн болгож, хэрэгжүүлэх, үр дүнг тооцох, тайлагнах тогтолцоо сайтар бүрэлдэж чадахгүй байгааг хэлэх нь зүйтэй. Ялангуяа хүний эрхийн боловсролыг сургуулийн тогтолцоонд нэвтрүүлэх чиглэлээрх дээрх бодлого, хөтөлбөрүүдэд тодорхой заалт, үзэл санаанууд тусгагдсан боловч тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, хэрэгжилт болон үр дүнгийн тайлагналт төдийлэн сайн үр дүнд хүрж чадахгүй байна. Тухайлбал, Монгол Улсад хүний эрхийг хангах хөтөлбөрийн дагуу хүний эрхийн боловсролыг дэмжих, үндэсний тогтолцоо бүрдүүлэх талаар авсан удирдлага, зохион байгуулалт болон санхүүгийн нөөцийн дутмаг байдлаас шалтгаалан тэрхүү асуудлын хэрэгжилт нилээд удааширч орхигдсон байна.

]]>
tuvshuu Mon, 09 Dec 2013 04:48:51 +0800
ВЕНИЙН ТУНХАГЛАЛЫН ХЭРЭГЖИЛТ МОНГОЛ УЛСАД http://mn-nhrc.org/hrd/index.php?newsid=28 http://mn-nhrc.org/hrd/index.php?newsid=28 Венийн тунхаглал батлагдан гарснаас хойш өнгөрөгч 20 жилд Монгол Улсад хүний эрхийн чиглэлээр тогтолцооны шинжтэй олон өөрчлөлт гарч, чамлахааргүй амжилт гарсан байна. Үүнд:

Нэгдэн орсон гэрээ конвенциуд:

  • Үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчдийн эрхийг хамгаалах болон тэдэнд олгогдох бололцооны тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 135 дугаар конвенц ба түүний 143 дугаар зөвлөмж(1995 он),
  • Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлт(1997 он),
  • Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 43 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулах нэмэлт өөрчлөлт (1997 он),
  • Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих гурван талт зөвлөлдөөний тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 144 дүгээр конвенц ба түүний 152 дугаар зөвлөмж(1998 он),
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 155 дугаар конвенц ба түүний 164 дүгээр зөвлөмж(1998 он),
  • Тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 159 дүгээр конвенц ба түүний 168 дугаар зөвлөмж(1998 он),
  • Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 182 дугаар конвенц(2000 он),
  • Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц(2002 он),
  • Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн нэмэлт протокол(2002 он),
  • Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм(2002 он),
  • Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 138 дугаар конвенц ба түүний 146 дугаар зөвлөмж (2002 он),
  • Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчилахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт протокол(2003 он),
  • Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт протокол(2004 он),
  • Албадан хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 29 дүгээр конвенц(2005 он),
  • Албадан хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 105 дугаар конвенц(2005 он),
  • Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенц, түүний нэмэлт Хүн, ялангуяа эмэгтэйчүүд болон хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ба шийтгэх тухай протокол (2008 он),
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц (2009 он),
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн нэмэлт протокол(2009 он),
  • Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт Протокол(2010 он),
  • Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын нэмэлт II дугаар протокол(2012 он).

Хууль зүйн шинэтгэлийн хүрээнд:

  • 1996 онд Хүүхэдийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталснаар хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцооны эрх зүйн үндсийг тавьж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, цаашилбал Хүүхдийн төлөө үндэсний газар болон түүний орон нутгийн салбаруудыг байгуулав.
  • 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдаж, 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсанаар Монгол Улс НҮБ-ын Парисын Зарчимд нийцсэн хүний эрхийн үндэсний байгууллагатай болов.
  • 2003 онд Улсын Их Хурал Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг батласнаар Монгол Улсад төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага бүхий л түвшинд Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцид баталгаажсан хүний эрхийг хэрэгжүүлэх үе шаттай, цогц арга хэмжээ явуулах бүх талын төлөөлөлтэй механизм бий болж, хэрэгжүүлж ирлээ.
  • Монгол Улсын Их Хурлын 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 47 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 4-ний 179 дүгээр тогтоолын дагуу Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба байгуулагдсанаар хууль сахиулагчдын хууль зөрчсөн, зүй бус үйл ажиллагаа, тэр дундаа эрүү шүүлттэй холбоотой хүний эрхийн зөчлийг таслан зогсоох, гарсан зөрчлийг арилгах үйл ажиллагаанд дэвшил гарав.
  • 2002 онд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулиуд, 2010 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийг батлан гаргаснаар захиргааны дагнасан шүүх байгуулагдан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас иргэдийн эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх шүүхийн механизм бий болов.
  • 2002 онд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Авилгын эсрэг хуулийг баталж, Авилгатай тэмцэх газрыг байгуулан 2007 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс үйл ажиллагааг нь эхлүүлснээр Монгол Улс дахь авилгаас шууд болон шууд бус үүдэлтэй хүний эрхийн зөрчил гарахаас сэргийлэх, гарсан зөрчлийг арилгах механизм ажиллаж эхэлсэн нь Монгол Улсын хүний эрхийн индекс эерэг үзүүлэлттэй гарахад чухал алхам болжээ.
  • 2011 онд Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийг батлан, Засгийн газрын түвшинд Жендэрийн үндэсний хороо байгуулж, Хүнйи эрхийн Үндэсний Комисст уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, илтгэл өргөн барих чиг үүрэг оногдуулснаар эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдал Монгол Улсын нутаг дэвсгэрт нийгмийн амьдралын бүхий л хүрээнд хангагдан хэрэгжих эрх зүйн болон бодит үйл ажиллагааны үндсийг тавьжээ.
  • Олон улсын хүний эрхийн олон гэрээ конвенцид нэгдэн орсноор олон улсын хүний эрхийн стандартуудыг Монгол Улсад хэрэгжүүлж байна. Үүнд:
  • Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд гарын үсэг зурав(2013 он)
  • Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хүүхэд өргөдөл гомдол гаргах эрхийн талаарх 3 дугаар нэмэлт протоколд гарын үсэг зурав(2013 он).
  • "Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай” бие даасан хуулийг батлав(2012 он).
  • Шүүхийн шинэтгэлийн хүрээнд 2013 шүүхийн багц хуулиудыг батлаж, шүүхийн бие даасан хараат бус байдлыг дээшлүүлэхэд нэгэн том алхам хийснээр иргэдийн хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх эрх зэрэг эрхүүд хэрэгжихэд чухал дэвшил болов.
  • Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Цагдаагийн албаны хуулийг батлаж, хууль сахиулах үйл ажиллагааны эрх зүйн орчинд шинэтгэл хийв.
  • Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Тахарын албаны хуулийг батласнаар гэрч, хохирогчдын аюулгүй байдлыг хангах шүүхийн шатанд хэргийг үнэн зөв шийдвэрлэх нэгэн чухал нөхцөл бүрдэв.
  • Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагчид эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийг батлаж эмзэг бүлэг, төлбөрийн чадваргүй хэсэгт хамаарах гэмт хэргийн сэжигтэн, яллагдагчдад гэмт хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хүний эрх нь хангагдах, өмгөөлөгч авах, хууль зүйн зөвлөгөө авах эрх баталгаажих эрх зүйн орчин сайжрав.
  • Олон улсын хүний эрхийн гэрээ конвенцийн зүйл заалтыг хууль шүүхийн практикт хэрэглэж эхэлснээр хүний эрхийг хэрэгжүүлэх баталгааг хангаж байна.
]]>
tuvshuu Thu, 05 Dec 2013 13:00:37 +0800
ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ http://mn-nhrc.org/hrd/index.php?newsid=24 http://mn-nhrc.org/hrd/index.php?newsid=24

Хүний эрхийн боловсрол, сургалт нь:

  • Хүний эрхийн түгээмэл соёлыг хөхиүлэн дэмжихэд чиглэдэг. Энэ нь суурь эрх бөгөөд хүн бүрийн сурч боловсрох эрхийн салшгүй хэсэг юм.
  • Тэгш эрх, ялангуяа охид хөвгүүд, эрчүүд эмэгтэйчүүдийн хооронд дахь тэгш эрх болон Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, холбогдох олон улсын гэрээнд заасан бусад зарчмуудад тулгуурлана.
  • Эмзэг бүлэг, уугуул хүмүүс болон үндэстний, угсаатны, шашны, хэлний цөөнхөд хамаарах хүмүүсийн тусгай хэрэгцээг бүрэн анхаарна.
  • Боловсрол, сургалт, сурах бүх түвшин, аливаа хэлбэрт анхаардаг одоо үргэлжилж байгаа үйл явц юм.
  • Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулж, гэр бүлийн хүчирхийлэл, ялангуяа охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг арилгахад чиглэдэг.

НҮБ-ын Хүний эрхийн боловсрол, сургалтын тунхаглалаас...  

 

Хүний эрхийн боловсрол гэж юу вэ?


"Хүний эрхийн боловсрол”-ыг олон янзаар тодорхойлсон байдаг ч эдгээр нь бүгдээрээ мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, оролцоог хангах, чадавхижуулах, ажил хэрэг болгох сэдлийг төрүүлэхэд чиглэдэг байна. Тухайлбал,

Хүний эрхийн Дээд Комиссарын Газар: Хүний эрхийн боловсрол бол хүн бүр бусдын эрхийг өөрийн эрхийн адил хүндэтгэх, сахин хамгаалахыг уриалсан үнэлэмж, итгэл үнэмшил, хандлагыг хөхиүлэн дэмжих явдал юм.

Эквитас ТББ: Хүний эрхийн боловсрол бол хувь хүнээс эхлэн нийгмийг хамарч буй хувирал өөрчлөлтийн үйл явц юм.

Эмнести Интернэшнл ТББ: Хүний эрхийн боловсрол нь хувь хүмүүс, бүлэг, нийгэмд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн зарчимтай уялдсан мэдлэг, ур чадвар, хандлагад нөлөөлөх, эрх мэдэлжүүлэх зорилго бүхий сайтар боловсруулсан оролцооны туршлага юм.

Хүний эрхийн боловсролын Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Фелисса Тиббитс: Хүний эрхийн боловсрол бол Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, бусад гэрээгээр баталгаажуулсан хүний эрхийг олон нийтэд хүргэх, хөхиүлэн дэмжих олон улсын хөдөлгөөнөөс гадна хүний зөрчигдсөн эрхийг сэргээх явц юм.

Харин НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 26-р зүйлийн 2 дахь хэсэгт: "... Боловсрол нь бие хүнийг өв тэгш хүмүүжүүлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг улам бүр хүндэтгэдэг болгоход чиглэх ёстой. Боловсрол нь аливаа улс түмэн, янз бүрийн арьстан хийгээд шашны бүлгүүд бие биенээ ойлгох, хүлцэн тэвчих, эвсэн найрамдах, мөн түүнчлэн НҮБ-аас энх тайвныг сахин хамгаалах талаар явуулж буй үйл ажиллагаанд дөхөм үзүүлэх ёстой...” гэж заасан нь "Хүний эрхийн боловсрол”-ын сонгодог тодорхойлолт юм.

Хүний эрхийн боловсролоор дамжуулан, хүний эрхийн талаар мэдлэг ойлголт авахаас гадна бодит үйл хэрэг болгож сурдаг байна. Хүний эрхийн боловсролын онцлог нь боловсролын тогтолцооны бүх түвшинд хүний эрхийг эдлүүлэх, хичээлийг заахын хажуугаар дадал туршлага олгох үйл ажиллагаа хосолно гэсэн үг.

 

Хүний эрхийн зуны сургалт-2013 он.

Хүний эрхийн боловсролын ач холбогдол

Хүн бүр эрх чөлөөтэй, тэгш эрхтэй атал яагаад бүрэн хэрэгждэггүй вэ? Яагаад хүн бүр эрх чөлөөтэй, тэгш эрхтэй байж чаддаггүй вэ?

Хүний эрх, эрх чөлөөг хоосон уриа, тунхаг бус харин хүн бүрийн бодитойгоор эдэлж чаддаг хэрэглээ болгохын тулд иргэд өөрсдөө хүний эрхийн боловсролтой байх явдал туйлын чухал юм. Хүний эрхийн боловсрол нь оролцогчдод үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бүлэг, хамт олныг төлөөлөх, шийдвэр гаргах, үндэслэл нотолгоо дэвшүүлэх, бусдыг сонсох, санал нийлэхгүй ч бусдын санал бодлыг хүндэтгэх, ялгаатай соёлыг хүлээн зөвшөөрөх, хамтран ажиллах, хүлээцтэй байх зэрэг иргэний ардчилсан нийгмийн үнэт чадваруудыг төлөвшүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг байна.

Хүний эрхийг ойлгон таниулахад чиглэсэн боловсрол нь хүмүүс хүний эрхийн ач холбогдлыг мэдрэх, хүний эрхийн үнэт зүйлсийг мэдэж авах, өөрийн амьдарч буй арга замтайгаа уялдуулахад туслахаас гадна хүмүүсийн өмнө сурсан ур чадвараар дамжуулан хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах хариуцлагын мэдрэмжийг өөрт нь төрүүлж, хэрхэн тохирох арга хэмжээг авахыг тэдэнд зааж өгдөг ажээ.

Хүний эрхийн боловсролын ач холбогдлыг дараах байдлаар тодорхойлж болно:

  1. Хүндэтгэн дээдлэх үнэт зүйлс, аливаад хандах хандлагад өөрчлөлт авчирдаг.
  2. Зан үйлд ч өөрчлөлт гардаг.
  3. Нийгэм дэх шударга ёсыг бэхжүүлдэг.
  4. Ямарваа нэгэн асуудалд, эсвэл үндэстнүүдийн хоорондын эв санааны нэгдлийг бий болгодог.
  5. Мэдлэг олгож, задлан шинжлэх ур чадварыг хөгжүүлдэг.
  6. Суралцагчдын оролцоог хангасан боловсролыг олгодог.

Хүний эрхийн боловсролыг хүн бүрт түгээж, хамтдаа айдас, хүчирхийлэлгүй нийгмийг цогцлооё!

]]>
tuvshuu Mon, 03 Dec 2012 17:41:20 +0800
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос явуулж буй хүний эрхийн сургалтууд http://mn-nhrc.org/hrd/index.php?newsid=22 http://mn-nhrc.org/hrd/index.php?newsid=22 Хүний эрхэд суурилсан хандлага

Хүний эрхийг хөхиүлэн дэмжих бүрэн эрхийнхээ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс иргэд, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн бүх байгууллага, олон нийтэд хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн соёл, боловсролыг түгээн дэлгэрүүлэх, төлөвшүүлэх зорилгоор сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Комиссын анхны сургалт 2001 оны 2 сарын 28-нд "Ялгаварлан гадуурхалтын бүхий л хэлбэрийг устгах тухай Конвенц”-ын асуудлаар хийгдэж байлаа.

Хүний эрхийн сургалт яагаад хэрэгтэй вэ?

Хүний эрх гэж ярьдаг боловч хүний эрхийн мэдрэмж, хүний эрхэд суурилсан хандлагын талаар илүү ойлголттой болох, хүний эрхийн боловсролыг хөгжүүлэх, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх саналууд бидний сургалтанд оролцогчдын зүгээс их ирдэг. Тэгэхээр хүн эрх, үүрэг, хариуцлагаа мэдэхийг хүсдэг, хэрэгжүүлэхийг хичээдэг тиймээс хүний эрхийн ойлголт, мэдээлэл хэрэгтэй байна. Хүмүүс сургалтанд хамрагдснаараа хандлага нь өөрчлөгдөж цааш нь түгээж амьд холбоо, гүүр болж өгдөг. Эрхээ мэдснээрээ бусдын эрхийг хүндэтгэдэг, хүний эрхийн зөрчил үйлдэхээс зайлсхийж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрхээ эдлэх боломжийг нь бүрдүүлэх, эрхээ шаардах чадварыг нь нэмэгдүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээхэд нь туслах үндсэн суурийг хүний эрхийн сургалтаар олгодог. Энэ л манай сургалтын гол хэрэгцээ, үр дүн, ач холбогдол юм.

Бид сургалтаа хэрхэн зохион байгуулдаг вэ?

Хүний эрхийн сургалтыг танхимын болон танхимын хэлбэрээр байгууллагууд, иргэдийн захиалга хүсэлтээр зохион байгуулж байна. Сургалт явуулахад тэдний оролцоог хангасан, идэвхтэй арга зүйгээр удирдан явуулах, аргачлалыг хэрэглэж ажилладаг. Сургалтын явцад хичээлүүдтэй холбоотой тараах материалыг тарааж, сургалтаа судалгаа, бодит баримт, жишээ, нэмэлт мэдээллээр баяжуулж, харилцан ярилцах, санал солилцох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэлэцүүлэг, дүрд тоглох, мэтгэлцээн өрнүүлж оролцогчид ч маш идэвхтэй оролцож байдаг. Оролцогчид тухайн сургалтаас их зүйлийг мэдэхийг эрмэлзсэн, сурсан мэдсэн зүйлээ өөрийн ажилд хэрэгжүүлэх боломж, ач холбогдолыг сайтар ойлгохыг хичээдэг нь сургалт үр дүнтэй болоход нөлөөлж байдаг.

Сургалтын өмнө болон дараа сургалтын үнэлгээний хуудсыг оролцогчдоороо үнэлүүлдэг. Үнэлгээний хуудсан дээр бичсэн санал, санаачилга, зөвлөмж, хүсэлтийг бид дараа дараагийн сургалтандаа нэвтрүүлж хэрэгжүүлдэг. Мөн мэдээллийг сургалтаар олгох бус, ажлын байранд ирж уулзах ярилцлага хийх, зөвлөгөө өгөх, асуудлыг шийдвэрлэх бодит нөөц бололцоо, арга зүйн талаар ярилцаж шийдвэрлэхийг эрмэлздэг. Сургалтын арга барил, сургалтын хэрэглэгдэхүүнийг улам боловсронгуй болгох, хичээлийн сэдвүүдийн мэдээллийг багцалсан гарын авлага болон жижиг номыг бэлдэн, хэвлэн тараах ажлуудыг хийдэг билээ.

Сургалтын хамрах хүрээг нэмэгдүүлж, сургалтыг давтамжтайгаар, олон хүнийг хамруулж, шинэ арга барилаар явуулах, телевизээр хүний эрхийн цуврал хичээл, лекцүүдийг явуулж хүний эрхийн талаар сурталчилгаа тогтмол хийж хэвшиж байна. Иргэд олон нийт, нийгмийн орчин нөхцөлийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгэмд тулгамдаж буй асуудлуудын хүрээнд сургалтын модул, хөтөлбөрөө боловсруулан сургалтуудаа зохион байгуулдаг.

Онцлог сургалтуудын тухайд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв аймгуудад орон нутгийн анхан шатны түвшинд буюу олон нийтийн өөрсдийн нь оролцоотойгоор хүний эрхэд суурилсан хандлага арга зүйг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлийг таних, мэдээлэх, баримтжуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нөлөөлөх мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор Хүний эрхийн дэмжих бүлгийг байгуулан, чадавхижуулах сургалтыг явуулж байна. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хүний эрхийн боловсролыг оюутан залуучуудад түгээн дэлгэрүүлэх, сургалтаар олж авсан мэдлэг, ур чадвараа өөрсдийн амьдрал, өдөр тутмын ажил хэргийнхээ нэг хэсэг болгох, хүний эрхийн мэдрэмжтэй мэргэжилтэн бэлтгэх зорилготойгоор оюутан залуучуудад зориулсан хүний эрхийн зуны сургалтыг зохион байгуулдаг.

Дараах сэдвүүдийн хүрээнд сургалтууд зохион байгуулдаг.

  • Хүний эрхийн үндсэн ойлголт
  • Хүний эрхэд суурилсан хандлага
  • Хүний эрхийн боловсрол
  • МУ-ын нэгдэн орсон болон соёрхон баталсан ОУ-ын гэрээ конвенцийн тухай
  • Хүүхдийн эрх
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх
  • Эмэгтэйчүүдийн эрх
  • Хүний эрхийн зөрчил
  • ХЭҮК-т гомдол шийдвэрлэх үйл ажиллагаа
  • Үндэсний болон олон улсын түвшинд гомдол гаргах нь
  • Жендэрийн тэгш байдлын тухай
  • Жендэрт суурилсан хүчирхийлэл
  • Ажлын байрны бэлгийн дарамт
  • Гэр бүлийн хүчирхийлэл
  • Хүн худалдаалах гэмт хэрэг
  • Хуулийн байгууллагын ажилтны харилцааны соёл ба хүний эрхийг хангахад анхаарах зарим асуудал
  • ЭБША дахь оролцогчдын эрхийн хангах нь
  • Эрүү шүүлт ба хүний эрх
  • Тусгай хэрэгсэл хэрэглэх нь
  • Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрэм
  • ШШГЕГ-ын ажилтны ёс зүй, эерэг сэтгэлгээ
  • Хорих байгууллага ба хүний эрх
  • Эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн хэм хэмжээ
  • Төрийн үйлчилгээ ба хүний эрх
  • Харуул хамгаалалт ба хүний эрх
  • Мэдэх эрх ба мэдээллийн ил тод байдал
  • Хүнд суртал хүний эрхэд нөлөөлөх нь
  • Хүний эрх ба төрийн үүрэг
  • Авлига ба хүний эрх
  • Уул уурхай ба хүний эрх
  • Бизнес ба хүний эрх
  • Ялгаварлан гадуурхалт хүний эрхийн зөрчил болох нь
  • Хөдөлмөрлөх эрх гэх мэт сургалтууд мөн байгууллага, хамт олон иргэдийн захиалсан сэдвийн дагуу сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулж сургалтыг зохион байгуулж ажилладаг.
]]>
tuvshuu Mon, 03 Dec 2012 17:31:18 +0800