Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн илгээлт

Мэндчилгээ

Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйл хэрэгт иргэд олон нийт, төр болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд, хүний эрхийн хамгаалагчид, эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөр, ухаан билэг, чин сэтгэл, мятаршгүй тэмцэл гол үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэж, Та бүхэндээ Хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг дэвшүүлье.
Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталсан 12 дугаар сарын 10-ны өдрийг “Хүний эрхийн олон улсын өдөр” болгон тунхаглан зарласнаар жил бүрийн энэ өдөрт зориулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд Комиссарын Газраас гаргадаг уриалгын хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. “Хүний эрх-365” уриан дор тэмдэглэх энэхүү өдрийг бүтэн жилийн туршид өдөр бүр хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих уриалгыг дэлхий нийтэд хандаж гарсан нь “Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт” гэсэн алсын хараатай үйл ажиллагаа явуулдаг манай байгууллагын зорилготой яв цав тохирч байгаад туйлын баяртай байна.
Түүнчлэн энэ жил Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон, харьцаж шийтгэхийн эсрэг конвенц батлагдсаны 30 жилийн ой, Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 25 жилийн ой давхар тохиож байгаа нь ихээхэн онцлогтой юм.
Хүн бүрт эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх нь Монгол хүний хөгжлийг хангах үндэс, ардчилалын гол агуулга болдог учраас энэхүү ариун үйлсэд олон улсын байгууллага, манай орны төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, хүн бүхэн хамтран зүтгэж, амжилт олно гэдэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс бүрэн итгэлтэй байна.
Монгол хүний сайн сайхны төлөөх буянтай үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ ЭРХИЙН ДЭЭД КОМИССАРААС ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ГАРГАСАН МЭДЭГДЭЛ

“Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна” хэмээсэн нь хүний эрхийн гэрээн дэх хамгийн сонсголонтой, сайхан үгс гэж болно. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь гачигдах зүйлгүй, айх айдасгүй амьдралын тулгуур болох хүн бүрийн эдийн засаг, нийгэм, улс төр, соёлын болон иргэний эрхүүдийг баталгаажуулдаг.