Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны 2200А(XXI) тоот тогтоолоор баталж, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон*.
УДИРТГАЛ
Энэхүү Пактад оролцогч улс,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэмд тунхагласан зарчмын дагуу хүн төрөлхтөний ам бүлийн гишүүн бүхэнд угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шудрага ёс, бүх нийтийн энх тайвны үндэс мөн болохыг анхааралдаа авч,
эдгээр эрх нь хүнд угаас заяасан нэр төрөөс үүдэн гарч байгааг хүлээн зөвшөөрч,
Хүний эрхийн түгээмэл Тунхаглалд зааснаар хүн бүр эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ улс төр, иргэнийхээ эрхийн адил эдлэх нөхцлөөр гагцхүү хангагдаж байж л улс төр, иргэний эрх чөлөөгөө эдэлж, айх аюулгүй, гачигдах зовлонгүй байх чөлөөт бие хүний эрхэм зорилго биелэгдэхийг хүлээн зөвшөөрч,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэм ёсоор улс гүрэн хүний эрх, эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэн сахих явдлыг хөхиүлэн дэмжих үүрэгтэйг анхааралдаа авч,
хувь хүн бүр бусад хүн болон хамт олныхоо өмнө үүрэг хүлээхийн сацуу энэхүү Пактад хүлээн зөвшөөрсөн эрхийг хөхиүлэн дэмжих, сахиулах талаар чармайх ёстойг анхааралдаа авч,
дор дурдсан зүйлийг тохиролцов:
I ХЭСЭГ
1 дүгээр зүйл
1. Бүх ард түмэн өөрөө засан тохинох эрхтэй. Энэхүү эрхийнхээ дагуу тэд улс төрийн статусаа чөлөөтөй тогтоож, эдийн засаг, нийгэм, соёлоо чөлөөтөй хөгжүүлнэ.
2. Бүх ард түмэн харилцан ашигтай байх зарчим дээр тулгуурласан олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаагаар болон олон улсын эрх зүйгээр хүлээсэн аливаа үүргээ хохироохгүйгээр байгалийн баялаг, нөөцөө өөрийн зорилгод чөлөөтэй захиран зарцуулна. Аль ч ард түмнийг ямар ч тохиолдолд оршин тогтнох хэрэглүүрээс нь хагацааж үл болно.
3. Энэхүү Пактад оролцогч бүх улс, түүний дотор, өөрөө эс удирдах болон асрамжийн нутаг дэвсгэрийг захирах хариуцлага бүхий улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрмийн заалтын дагуу өөрөө засан тохинох эрхийг хэрэгжүүлэх явдлыг хөхиүлэн дэмжиж, энэ эрхийг хүндэтгэх ёстой.
II ХЭСЭГ
2 дугаар зүйл
1. Энэхүү Пактад оролцогч улс бүр нутаг дэвсгэртээ болон харьяалалдаа байгаа бүх хүний энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн буюу бусад байдлаар ялгаварлахгүйгээр хүндэтгэн хангах үүрэгтэй.
2. Хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээ аваагүй байгаа бол энэхүү Пактад оролцогч улс бүр үндсэн хуулийнхаа журам болон энэ Пактын заалтад нийцүүлэн түүнд хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байж болох хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээг авах үүрэгтэй.
3. Энэхүү Пактад оролцогч улс бүр дараахь үүрэг хүлээнэ:
(а) энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн аливаа хүнийг, ийм зөрчлийг албаны үүргээ гүйцэтгэж байсан этгээд үйлдсэн байсан ч үр нөлөөтэй эрх зүйн хамгаалалтаар хангах;
(b) эрх зүйн хамгаалалт хүссэн аливаа этгээдийн тийм эрхийг эрх бүхий шүүх, захиргаа, хууль тогтоох байгууллага, эсхүл тухайн улсын эрх зүйн тогтолцоонд заасан эрх бүхий бусад байгууллагаас тогтоож байх явдлыг хангах, түүнчлэн шүүхээр хамгаалуулах боломжийг нь хөгжүүлэх;
(c) эрх зүйн хамгаалалт олгож байгаа бол түүнийг эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлэх явдлыг хангах.
3 дугаар зүйл
Энэхүү Пактад оролцогч улс түүнд заасан иргэний болон улс төрийн бүх эрхийг эрэгтэй, эмэгтэйчүүдэд тэгш эдлүүлэх үүрэгтэй.
4 дүгээр зүйл
1. Улс үндэстний амьдралд аюул занал тулгарч, энэ тухай албан ёсоор зарлаж нийтийг хамарсан онц байдал тогтоосон үед энэхүү Пактад оролцогч улс уг Пактаар хүлээсэн үүргээсээ тухайн нөхцөл байдлын хурцадмал шинжид дүйх хэмжээгээр ухарсан арга хэмжээ авч болох бөгөөд тэр нь олон улсын эрх зүйгээр хүлээсэн бусад үүрэгт нь харшлах ёсгүйгээс гадна зөвхөн арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг буюу нийгмийн гарлаар алагчилах явдалд хүргэхгүй байх ёстой.
2. Энэ заалт нь 6, 7, 8, /1, 2 дахь хэсэг/, 11, 15, 16, 18 дугаар зүйлээс ямар нэгэн байдлаар ухрах үндэслэл болохгүй.
3. Ухрах эрхээ хэрэгжүүлж буй, энэхүү Пактад оролцогч аливаа улс ухарч байгаа заалт болон ухрах болсон шалтгааны талаар уг Пактад оролцогч бусад улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар уламжлан даруй мэдэгдэх ёстой. Түүнчлэн ухарсан үүргээ сэргээсэн хугацааг мөнхүү зуучлагчаар уламжлан мэдэгдсэн байх ёстой.
5 дугаар зүйл
1. Аливаа улс, бүлэг буюу хувь этгээд энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн аливаа эрх, эрх чөлөөг үгүй хийх буюу тэдгээрийг түүнд зааснаас илүү хэмжээгээр хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах буюу үйлдэл хийх эрхтэй мэтээр энэхүү Пактын заалтуудыг мушгин тайлбарлаж болохгүй.
2. Энэхүү Пактад оролцогч аливаа улсад хууль, конвенц, журам, заншлаар хүлээн зөвшөөрсөн буюу хэрэгжүүлж байгаа хүний аливаа үндсэн эрхийг тус Пактад хүлээн зөвшөөрөөгүй буюу доогуур хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн гэх шалтгаар хязгаарлах буюу бууруулж болохгүй.
III ХЭСЭГ
6 дугаар зүйл
1. Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.
2. Цаазаар авах ялыг цуцлаагүй улсад уг ялыг зөвхөн онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир энэхүү Пакт болон Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенцийн заалтад нийцсэн бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэх үед хүчинтэй байсан хуулийн дагуу этгээдэд оногдуулж болно. Энэхүү ялыг гагцхүү эрх бүхий шүүхийн эцсийн шийдвэрийн дагуу гүйцэтгэж болно.
3. Амь нас бусниулсан үйлдэл нь төрлөөр устгах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байвал энэ заалт нь энэхүү Пактад оролцогч аль ч улсад Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенцийн заалтаар хүлээсэн аливаа үүргээсээ ямар ч байдлаар ухрах эрх олгохгүй гэж ойлгоно.
4. Цаазаар авах ял шийтгүүлсэн хүн бүр уучлал эрэх буюу ял хөнгөрүүлэх хүсэлт гаргах эрхтэй. Бүх тохиолдолд өршөөл, уучлал үзүүлэх буюу цаазаар авах ялыг хөнгөрүүлж болно.
5. Арван найман нас хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэгт цаазаар авах ял оногдуулахгүй бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдэд оногдуулсан уг ялыг гүйцэтгэж болохгүй.
6. Энэ зүйлийн аль ч заалт нь энэхүү Пактад оролцогч аль нэгэн улс цаазаар авах ялаа цуцлахыг хойшлуулах буюу ерөөсөө цуцлах үндэслэл болохгүй.
7 дугаар зүйл
Хэнд ч эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно. Тухайлбал, өөрийнх нь чөлөөтэй өгсөн зөвшөөрөлгүйгээр хэнийг ч эмнэлгийн буюу шинжлэх ухааны туршилтад оруулж болохгүй.
8 дугаар зүйл
1. Хэнийг ч боол болгож болохгүй; аливаа төрийн боолчлол болон боолын худалдааг хориглоно.
2. Хэнийг ч бусдын эрхшээлд байлгаж болохгүй.
a) хэнийг ч албадан хөдөлмөрлүүлэх буюу заавал ажилд тулгаж болохгүй.
b) гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүнд хүчир хөдөлмөр хийлгэж хорих ял оногдуулж болдог улсын хувьд эрх бүхий шүүхээс оногдуулсан ялын дагуу хүнд хүчир хөдөлмөр хийлгэхэд 3 дахь хэсгийн (а) дэд хэсгийн заалт саад болохгүй.
c) энэ хэсгийн зорилгын үүднээс “албадан хөдөлмөрлүүлэх буюу заавал ажилд тулгах “ гэсэн нэр томъёонд дор дурдсан зүйлүүд хамаарахгүй:
l/ шүүхийн хууль ёсны шийдвэрээр хоригдож байгаа буюу тийм хорионоос тэнсэнгээр суллагдсан этгээдээс хийхийг шаарддаг, (b) дэд хэсэгт дурдаагүй аливаа ажил буюу алба,
ll/ цэргийн шинжтэй аливаа алба, түүнчлэн итгэл үнэмшлийн сэдлээр цэргийн албанаас татгалзахыг зөвшөөрсөн улсад тийм хүмүүсээс хуульд заасны дагуу гүйцэтгэх ёстой аливаа үндэсний алба,
lll/ онц байдлын үед буюу хүн амын амьдрал, аж байдалд заналхийлсэн гай гамшиг тохиолдсон үед заавал гүйцэтгэх аливаа алба,
lV/ иргэний ердийн үүрэгт хамаарах аливаа ажил буюу алба.
9 дүгээр зүйл
1. Хүн бүр эрх чөлөөтөй, халдашгүй дархан байх эрхтэй. Хэнийг ч дур мэдэн баривчлах буюу цагдан хорьж болохгүй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасч болохгүй.
2. Баривчлагдсан шалтгааныг хүн бүрт баривчлах үед нь мэдэгдэхийн зэрэгцээ буруутгаж байгаа аливаа үндэслэлийг даруй мэдэгдэнэ.
3. Баривчлагдсан буюу эрүүгийн хэрэгт буруутгагдсан аль ч хүнийг шүүгч буюу хуулийн дагуу шүүн таслах эрх хэмжээ олгогдсон бусад албан тушаалтанд даруй шилжүүлэх бөгөөд хүн хэргээ боломжийн богино хугацаанд шүүхээр шийдвэрлүүлэх буюу суллагдах эрхтэй. Шүүхийн өмнөх шатанд байгаа хүнийг заавал цагдан хорьж байх нийтлэг журам байх албагүй бөгөөд шүүх хуралд оролцох, шүүн таслах ажиллагааны аль ч шатанд байлцах, шаардлагатай тохиолдолд, шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд байх баталгаа гаргаж өгсөн бол этгээдийг суллаж болно.
4. Баривчлагдаж эсхүл цагдан хоригдож эрх чөлөөгөө хасуулсан хүн бүр ийнхүү хорьж саатуулсан нь хууль ёсны эсэхийг шүүхээр даруй тогтоолгох, хууль бусаар хорьсон бол суллуулах шийдвэр гаргуулах эрхтэй.
5. Хууль бусаар баривчлагдаж эсхүл цагдан хоригдож хохирсон этгээд хохирлоо албадан нөхөн төлүүлэх эрхтэй.
10 дугаар зүйл
1. Эрх чөлөөгөө хасуулсан бүх хүнтэй хүнлэг харьцаж, угаас заяасан нэр төрийг нь хүндэтгэнэ.
2. (a) онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд буруутнаар татагдсан этгээдийг ял шийтгүүлсэн этгээдээс тусгаарлаж, шийтгэгдээгүй этгээдийн эрх зүйн байдалд тохирсон жич дэглэмд байлгана.
(b) буруутнаар татагдсан насанд хүрээгүй этгээдийг насанд хүрсэн этгээдээс тусгаарлаж хэргийг нь аль болох богино хугацаанд шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлнэ .
3. Хорих байгууллагын дэглэмийн нэн чухал зорилго нь хоригдлыг засан хүмүүжүүлж, нийгмийн хэвийн гишүүн болгох явдал байна. Гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүйчүүдийг насанд хүрэгсдээс тусгаарлаж, тэдний нас, эрх зүйн байдалд нийцсэн дэглэмд байлгана.
11 дүгээр зүйл
Гэрээгээр хүлээсэн аль нэг үүргээ биелүүлж чадаагүй ч гагцхүү үндэслэл болгон хэний ч эрх чөлөөг хасч болохгүй.
12 дугаар зүйл
1. Аль нэг улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор байгаа аливаа хүн тухайн нутаг дэвсгэрийн дотор чөлөөтөй шилжин явах, оршин суух газраа чөлөөтөй сонгох эрхтэй.
2. Хүн бүр аливаа улсыг, түүний дотор эх орноо орхин явах эрхтэй.
3. Хуульд заасан бөгөөд үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, эрүүл мэнд, ёс суртахуун буюу бусдын эрх, эрх чөлөө болон энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн бусад эрхийг хамгаалахад шаардлагатай хязгаарлалтаас бусдаар дээр дурдсан эрхийг хязгаарлаж болохгүй.
4. Хэний ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хасч болохгүй.
13 дугаар зүйл
Энэхүү Пактад оролцогч аль нэг улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэнийг гагцхүү хуулийн дагуу гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс албадан гаргаж болох бөгөөд үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зайлшгүй шалтгаанаас бусад тохиолдолд албадан гаргахыг эсэргүүцсэн үндэслэл шалтгаанаа танилцуулах, эрх бүхий байгууллага буюу түүнээс тусгайлан томилсон этгээд буюу этгээдүүдээр хэргээ дахин хянуулах түүнчлэн энэ зорилгоор ийнхүү эрх бүхий байгууллага, этгээд буюу этгээдүүдэд өөрийгөө төлөөлүүлж хандах эрхтэй.
14 дүгээр зүйл
1. Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй.
Ардчилсан нийгэм дэх ёс суртахуун, нийгмийн хэв журам буюу үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс эсхүл талуудын хувийн амьдралын эрх ашгийн үүднээс, эсхүл нээлтэй явуулах нь шүүн таслах ажлын эрх ашгийг зөрчинө гэж шүүхээс үзсэн онцгой нөхцөл байдалд, тэрхүү шүүхийн өөрийн саналаар зайлшгүй гэж тогтоосон хэмжээгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийг шүүх ажиллагаанд бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт оролцуулахгүй байж болно; гэхдээ насанд хүрээгүй хүүхдийн эрх ашгийг хамгаалах, гэр бүлийн (matrimonial) эхнэр нөхрийн маргаан буюу хүүхдэд асран хамгаалагч тогтоохтой холбоотойгоос бусад эрүүгийн болон иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр олон нийтэд нээлттэй байна.
2. Эрүүгийн хэрэгт буруутгуулж буй хэн боловч гэм буруу нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхтэй.
3. Хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараахь наад захын баталгаагаар хангагдах эрхтэй:
(а) оногдуулж байгаа ялын шинж чанар, үндэслэлийг ойлгох хэлээр нь даруй, нарийвчлан мэдэгдэх;
(b) өмгөөлүүлэх ажлаа бэлтгэх хүрэлцээтэй хугацаа, бололцоотой байх, сонгож авсан өмгөөлөгчтэйгээ харилцах;
(c) зүй бусын хойшлуулалтгүйгээр шүүгдсэн байх;
(d) хэргийг нь шүүхээр хянан хэлэлцэхэд байлцах, өөрийгөө биечлэн өмгөөлөх буюу өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх; өмгөөлөгчгүй байгаа бол өмгөөлүүлэх эрхийнх нь тухай өөрт нь мэдэгдсэн байх; шүүн таслах ажлын эрх ашиг шаардаж байвал ямар ч тохиолдолд, өөрт нь томилсон өмгөөлөгчтэй байх, ийм аливаа тохиолдолд өмгөөлөгчийн хөлсийг төлөх хүрэлцээтэй мөнгө хөрөнгө байхгүй бол үнэ төлбөргүй үйлчлүүлэх;
(e) өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчийг байцаалгах буюу байцаалгуулах, эсрэг гэрчтэй адил нөхцлөөр өөрийн өмнөөс гэрч оролцуулах болон шалгуулах;
(f) шүүн таслах ажиллагаа явуулж байгаа хэлийг ойлгохгүй буюу үг хэлээр ярьдаггүй тохиолдолд орчуулагчийн туслалцааг үнэ төлбөргүй авах;
(g) өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй;
4. Насанд хүрээгүй хүмүүсийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тэдний насыг болон засч хүмүүжихэд нь дэмжлэг үзүүлүүштэйг харгалзсан байх ёстой.
5. Ямар нэг гэмт хэрэгт шийтгүүлж ял заагдсан хүн бүр шийтгэгдсэнээ болон оноосон ялыг эргэж хянуулахаар хуулийн дагуу дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
6. Эрүүгийн хэрэг үйлдэж, шүүхийн эцсийн шийдвэрээр ял заагдсан бөгөөд шинэ буюу шинээр илэрсэн үйл баримт шүүн таслах ажиллагааны алдааг хөдөлбөргүй нотолсны учир оногдуулсан ялыг хожим хүчингүй болгосон буюу хэргийг цагаатгасан бол тэрхүү мэдэгдээгүй байсан үйл баримт тухайн үедээ илрээгүй нь бүхэлдээ буюу зарим талаар уг хүний буруугаас болсон гэдэг нь батлагдаагүй бол тийнхүү шийтгүүлсэн этгээд хуулийн дагуу хохирлоо нөхөн төлүүлнэ.
7. Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй.
15 дугаар зүйл
1. Хэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл буюу эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй түүнчлэн эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ.
2. Хэрэг үйлдэх үед олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээн зөвшөөрсөн эрх зүйн ерөнхий зарчмын дагуу эрүүгийн гэмт хэрэгт тооцож байсан үйлдэл буюу эс үйлдэл хийсэн этгээдийг шүүхэд шилжүүлэх болон шийтгэхэд энэ зүйлийн заалт саад болохгүй.
16 дугаар зүйл
Хүн бүр хаана ч эрх зүйн чадвартай байх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй.
17 дугаар зүйл
1. Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно.
2. Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй.
18 дугаар зүйл
1. Хүн бүр чөлөөтөй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Энэхүү эрхэнд өөрийн сонгосон шашин буюу шүтлэгтэй байх эсхүл тийм шашин буюу шүтлэгтэй болох эрх чөлөөний зэрэгцээ ганцаар буюу бусадтай хамтран олон нийтэд буюу хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашны болон зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэг номлох эрх чөлөө багтана.
2. Хэний ч өөрийн сонгосон шашин буюу шүтлэгтэй байх эсхүл тийм шашин буюу шүтлэгтэй болох эрх чөлөөг хязгаарлахаар албадан шахах ёсгүй.
3. Шашин буюу шүтлэгээ номлох эрх чөлөөг зөвхөн хуулиар тогтоосон болон нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах шаардлагын үүднээс хязгаарлаж болно.
4. Энэхүү Пактад оролцогч улс эцэг эхийн болон зохих тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчдын үр хүүхэддээ хувийн үзэл итгэлийнхээ дагуу шашны болон ёс суртахууны хүмүүжил олгох эрх чөлөөг хүндэтгэх үүрэг хүлээнэ.
19 дүгээр зүйл
1. Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй.
2. Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан эрхийг эдлэх нь онцгой үүрэг, хариуцлага оногдуулна. Тийм учраас түүнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой бөгөөд дараахь шаардлагаас үүдэн гарсан байх ёстой :
а/ бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх;
b/ үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах.
20 дугаар зүйл
1. Дайныг аливаа хэлбэрээр сурталчлахыг хуулиар хориглоно.
2. Алагчилан дайсагналцах болон хүчирхийллийг өдөөн турхирдаг үндсэрхэх үзлээр, арьс үндсээр болон шашин шүтлэгээр үзэн ядах байдлыг дэмжсэн аливаа ухуулга сурталчилгааг хуулиар хориглоно.
21 дүгээр зүйл
Тайван хуран цуглах эрхийг хүлээн зөвшөөрнө. Энэхүү эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нйигмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах, эсхүл бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуулийн дагуу тогтоосноос өөр хязгаарлалт хийж болохгүй.
22 дугаар зүйл
1. Хүн бүр бусадтай эвлэлдэн нэгдэх, түүний дотор өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс үйлдвэрчний эвлэл байгуулах буюу түүнд элсэх эрхтэй.
2. Энэ эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуульд зааснаас өөр хязгаарлалт хийж болохгүй. Зэвсэгт хүчний болон цагдаагийн бүрэлдэхүүнд багтах этгээдэд энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд хууль ёсны хязгаарлалт тогтооход энэ зүйл саад болохгүй.
3. Энэ зүйлийн аль ч заалт Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрх чөлөөний тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 1948 оны конвенцид нэгдэн орсон улсын хувьд түүнд заасан баталгаанд харшлах хууль тогтоомж гаргах буюу хуулийг эдгээр баталгаанд хохирол учруулахаар хэрэглэх эрх үл олгоно.
23 дугаар зүйл
1. Гэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж бөгөөд нийгэм, төрөөр хамгаалуулах эрхтэй.
2. Гэрлэх насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэйчүүд гэрлэх, өрх тусгаарлах эрхтэй.
3. Гэрлэгчид өөрсдөө чөлөөтэй бөгөөд харилцан бүрэн зөвшөөрөлцөөгүй аливаа гэрлэлт байж үл болно.
4. Энэхүү Пактад оролцогч улс нь гэрлэх үед, гэрлэсэн хугацааны туршид болон гэрлэлтийг цуцлах үед гэрлэгчдийн эдлэх эрх, хүлээх хариуцлагыг тэгш хангах зохистой арга хэмжээ авна. Гэрлэлтийг цуцлах тохиолдолд аливаа хүүхдийг хамгаалах талаар шаардлагатай заалт гаргана.
24 дүгээр зүйл
1. Аливаа хүүхэд арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ болон төрсөн байдлаар алагчлагдахгүйгээр өөрийн гэр бүл, нийгэм, төрийн зүгээс насанд хүрээгүйнхээ хувьд шаардлага бүхий хамгаалалт эдлэх эрхтэй.
2. Хүүхэд төрсөн даруй бүртгэгдэж, нэртэй болох ёстой.
3. Хүүхэд бүр иргэний харьяалалтай болох эрхтэй.
25 дугаар зүйл
Иргэн бүр 2 дугаар зүйлд дурдсан аливаа алагчилалгүйгээр болон үндэслэлгүй хязгаарлалтгүйгээр дараахь эрх, боломжийг эдэлнэ:
(а) төрийн хэргийг явуулахад шууд болон чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох;
(b) сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтөй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох;
(c) тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгээр улсдаа төрийн алба хаших.
26 дугаар зүйл
Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс аливаа байдлаар алагчилах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчилахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой.
27 дугаар зүйл
Угсаатан, шашны болон хэлний цөөнх оршин суудаг улсад эдгээр цөөнхөд багтдаг хүмүүст тийм бүлгийн бусад гишүүнийхээ хамтаар соёлоо баримтлах, шашнаа шүтэх, шашныхаа зан үйлийг үйлдэх, түүнчлэн эх хэлээрээ ярих эрхийг хорьж болохгүй.
IV ХЭСЭГ
28 дугаар зүйл
1. Хүний эрхийн хороог (энэхүү Пактад цаашид “Хороо” гэж нэрлэнэ) байгуулна. Хороо арван найман гишүүнээс бүрдэх бөгөөд хойно заасан чиг үүргийг гүйцэтгэнэ.
2. Хорооны бүрэлдэхүүнд энэхүү Пактад оролцогч улсын иргэн бөгөөд ёс суртахууны эрхэм дээд чанарыг эзэмшсэн, хүний эрхийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг чадвар бүхий этгээд орох бөгөөд хууль эрхийн туршлагатай хэд хэдэн хүнийг оролцуулах нь ашигтай болохыг анхаарвал зохино.
3. Хорооны гишүүд өөрийн нэрээр сонгогдож, өөрийн нэрийн өмнөөс ажиллана.
29 дүгээр зүйл
1. Хорооны гишүүдийг 28 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан бөгөөд энэхүү Пактад оролцогч улсаас нэрийг нь дэвшүүлсэн хүмүүсийн жагсаалтаас нууцаар санал хурааж сонгоно.
2. Энэхүү Пактад оролцогч улс бүр хоёроос дээшгүй хүний нэрийг дэвшүүлж болох бөгөөд тэд нь тухайн улсын иргэн байх ёстой.
3. Хэн ч улиран нэр дэвших эрхтэй.
30 дугаар зүйл
1. Анхны сонгуулийг энэхүү Пакт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор явуулна.
2. 34 дүгээр зүйлийн дагуу суларсан орон тоог нөхөх сонгуулиас бусад сонгууль бүрийг явуулахаас наад зах нь дөрвөн сарын өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Пактад оролцогч улсад бичгээр хандаж гурван сарын дотор Хорооны гишүүнд нэр дэвшүүлэхийг санал болгоно.
3. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ийнхүү нэр дэвшигчдийн нэрсийг цагаан толгойн дэс дараагаар тэдний нэрийг дэвшүүлсэн улсыг заан жагсааж, тухайн сонгууль бүрийг явуулахаас нэг сарын өмнө энэхүү Пактад оролцогч улсад толилуулахаар илгээнэ.
4. Хорооны гишүүдийн сонгуулийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд зарлан хуралдуулсан энэхүү Пактад оролцогч улсын хуралдаан дээр явуулна. Энэхүү Пактад оролцогч улсын гуравны хоёр нь оролцсоноор уг хуралдааныг хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд Пактад нэгдэн орсон улсын санал хураахад байлцаж, оролцсон төлөөлөгчдийн хамгийн олонх бөгөөд дийлэнх олонхийн санал авсан хүнийг Хорооны гишүүнээр сонгогдсонд тооцно.
31 дүгээр зүйл
1. Хороонд нэг улсаас нэгээс илүү иргэн орж болохгүй.
2. Хорооны сонгуулийг явуулахдаа гишүүдийн хувьд газар зүйн шударга хуваарилалт болон соёл иргэншлийн янз бүрийн хэлбэр, эрх зүйн үндсэн тогтолцоог төлөөлүүлэхийг бодолцоно.
32 дугаар зүйл
1. Хорооны гишүүдийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Тэдгээрийн нэрийг дахин дэвшүүлбэл улиран сонгогдох эрхтэй. Харин анхны сонгуулиар сонгогдсон гишүүдээс есийнх нь бүрэн эрхийн хугацаа хоёр жилийн дараа дуусах бөгөөд анхны сонгуулийг явуулж дуусмагц 30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт дурдсан хуралдааны дарга тэдгээр есөн гишүүний нэрсийг шодож тогтооно.
2. Бүрэн эрхийн хугацаа дуусмагц сонгуулийг энэхүү Пактын тус хэсгийн дээр дурдсан заалтуудын дагуу явуулна.
33 дугаар зүйл
1. Түр зуур эзгүй байхаас бусад шалтгаанаар Хорооны аль нэг гишүүн чиг үүргээ биелүүлэхээ больсон гэж Хорооны бусад гишүүн санал нэгтэй үзсэн бол Хорооны дарга энэ тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх бөгөөд тэрбээр уг гишүүний орон тоог сул гэж зарлана.
2. Хорооны аль нэг гишүүн нас барах буюу огцроход Хорооны дарга энэ тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад нэн даруй мэдэгдэх бөгөөд тэрбээр нас барсан буюу огцорсон өдрөөс эхлэн тэр гишүүний орон тоог сул гэж зарлана.
34 дүгээр зүйл
1. 33 дугаар зүйлийн дагуу орон тоо суларсан тухай зарласан бол түүнчлэн солигдох ёстой гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч орон тоо суларсан тухай зарласнаас хойш зургаан сарын дотор дуусахгүй бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Пактад оролцогч улс бүрт мэдэгдэх бөгөөд тэдгээр улс уг орон тоонд нөхөж дэвшүүлэх хүний нэрийг хоёр сарын дотор 29 дүгээр зүйлийн дагуу дэвшүүлж болно.
2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ийнхүү нэр дэвшүүлсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг цагаан толгойн дэс дараагаар гаргаж түүнийг энэхүү Пактад оролцогч улс бүрт толилуулна. Улмаар орон тоог нөхөх сонгуулийг энэхүү Пактын энэ хэсгийн холбогдох заалтын дагуу явуулна.
3. 33 дугаар зүйлийн дагуу суларсан орон тоонд нөхөн сонгогдсон Хорооны гишүүн нь Хорооноос гарсан тэрхүү гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаанд энэхүү зүйлийн заалтын дагуу уг албан тушаалд ажиллана.
35 дугаар зүйл
Хорооны гишүүн нь Хорооны үүрэг, хариуцлагын ач холбогдлыг харгалзан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоосон журам, нөхцлийн дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөрөнгөөс Ерөнхий Ассамблейн батласан шан хөлс авна.
36 дугаар зүйл
Хороогоор энэхүү Пактын дагуу оногдсон чиг үүргийг нь үр нөлөөтэй биелүүлэх явдлыг хангахын тулд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга шаардлагатай боловсон хүчин, материаллаг хэрэгсэл олгоно.
37 дугаар зүйл
1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Хорооны анхдугаар хуралдааныг Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд зарлан хуралдуулна.
2. Анхдугаар хуралдаанаас хойш Хороо ажлын дэгэндээ заасан хугацаанд хуралдана.
3. Хороо ер нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байр буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Женев дэх салбарын байранд хуралдана.
38 дугаар зүйл
Хорооны гишүүн бүр үүрэгт ажилдаа орохын өмнө Хорооны нээлттэй хуралдаан дээр үүргээ тал харахгүй, ухамсартай биелүүлэх тухай ёс төртэй мэдэгдэл хийнэ.
39 дүгээр зүйл
1. Хороо албан тушаалтнаа хоёр жилийн хугацаагаар сонгоно. Тэднийг улируулан сонгож болно.
2. Хороо дэгийнхээ журмыг өөрөө тогтоох боловч түүнд, тухайлбал, дор дурдсаныг заасан байвал зохино:
(а) Хорооны арван хоёр гишүүн оролцсоноор хуралдаан хүчинтэй болно.
(b) Хорооны шийдвэрийг хуралдаанд оролцогч гишүүдийн олонхийн саналаар батлана.
40 дүгээр зүйл
1. Энэхүү Пактад оролцогч улс түүгээр хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэх үүднээс арга хэмжээ, энэ талаар гарсан ахиц дэвшлийн тухай тайлан ирүүлж байх үүрэгтэй:
(а) холбогдох оролцогч улсын хувьд энэхүү Пакт хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор;
(b) үүнээс хойш Хорооноос шаардсан тухай бүрт.
2. Бүх тайланг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад явуулах бөгөөд тэрбээр тайланг хэлэлцүүлэхээр Хороонд илгээнэ. Энэхүү Пактыг хэрэгжүүлэхэд нөлөөлж байгаа хүчин зүйл, бэрхшээл байвал тэр тухай тайланд заана.
3. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Хороотой зөвлөлдсөний дараа холбогдох төрөлжсөн байгууллагад тэдгээрийн эрх мэдлийн хүрээнд хамаарах тайлангийн холбогдох хэсгийн хувийг илгээж болно.
4. Хороо энэхүү Пактад оролцогч улсаас гаргасан тайланг судлана. Хороо нь өөрийн тайлан болон зохистой гэж үзсэн ерөнхий шинж чанартай анхааруулгыг оролцогч улсуудад илгээнэ. Түүнчлэн Хороо энэхүү Пактад оролцогч улсаас ирүүлсэн тайлангийн хувийг дурдсан анхааруулгын хамт Эдийн засаг, нийгмийн зөвлөлд явуулж болно.
5. Энэхүү Пактад оролцогч улс энэ зүйлийн 4 дүгээр заалтын дагуу хийсэн аливаа анхааруулгын талаар санал бодлоо Хороонд оруулж болно.
41 дүгээр зүйл
1. Энэхүү Пактаар хүлээсэн үүргээ түүнд оролцогч аль нэг улс биелүүлэхгүй байгаа тухай Пактад оролцогч өөр улсын мэдээллийг хүлээн авч хэлэлцэх Хорооны эрх мэдлийг хүлээн зөвшөөрч байгаагаа энэхүү Пактад оролцогч аль ч улс энэ зүйлийн заалтын дагуу хэдийд ч мэдэгдэж болно. Хорооны энэ эрх мэдлийг өөрийнхөө хувьд хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийсэн оролцогч улсаас л энэ зүйлд заасан мэдээлэл ирсэн бол түүнийг хүлээн авч хэлэлцэж болно. Ийм мэдэгдэл хийгээгүй оролцогч улстай холбогдолтой ямар ч мэдээллийг Хороо хүлээн авахгүй. Энэ зүйлийн заалтын дагуу хүлээн авсан мэдээллийг дор дурдсан дэгээр авч хэлэлцэнэ:
(а) энэхүү Пактад оролцогч аль нэг улс Пактын заалтыг түүнд оролцогч өөр нэг улс хэрэгжүүлэхгүй байна гэж үзвэл, энэ тухайгаа тэр улсад бичгээр мэдэгдэж болно. Ийм мэдээлэл хүлээж авсан улс тайлбар буюу энэ асуудлыг тайлбарласан өөр аливаа мэдэгдлийг мэдээлэл ирүүлсэн улсад гурван сарын дотор бичгээр өгөх бөгөөд түүндээ уг асуудлаар авсан, авах гэж байгаа буюу авч болох арга хэмжээний тухай болон дотоодынхоо дэгийн тухай боломжийг, зүй зохисын хэрээр тусгана;
(b) анхны мэдээллийг тухайн улс хүлээн авснаас хойш зургаан сарын дотор холбогдох хоёр улс сэтгэл ханамжтай байхаар уг асуудлыг шийдэж чадахгүй бол, энэ хоёр улсын аль нь ч Хороо болон нөгөө улсдаа мэдэгдээд уг асуудлыг Хороонд шилжүүлэн өгөх эрхтэй;
(c) Хороо нь олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмын дагуу дотоодын бүх боломжтой арга хэрэгслийг тухайн тохиолдолд ашиглаж дууссан гэдгийг магадласны эцэст л асуудлыг авч хэлэлцэнэ. Харин эдгээр арга хэрэгслийг ашиглахыг хүндэтгэх шалтгаангүйгээр сунжруулж байгаа тохиолдолд энэ журмыг хэрэглэхгүй;
(d) Хороо энэхүү зүйлд заасан мэдээллийг хаалттай хуралдаанаар авч хэлэлцэнэ;
(e) Хороо нь энэ зүйлийн (c) дэд хэсэгт заасныг баримтлахын зэрэгцээ холбогдох улсуудаар уг асуудлыг энэхүү Пактад хүлээн зөвшөөрсөн хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэх үндсэн дээр эв зүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор тэдэнд найрсаг туслалцаа үзүүлнэ;
(f) Хороо нь хэлэлцүүлэхээр ирүүлсэн ямар ч асуудлаар энэ зүйлийн (b) дэд хэсэгт дурдсан холбогдох улсад хандаж, уг хэрэгт холбогдол бүхий ямар ч мэдээ сэлт өгөхийг хүсч болно;
(g) энэ зүйлийн (b) дэд хэсэгт дурдсан холбогдох улс Хороогоор асуудлыг авч хэлэлцэхэд төлөөлөгчөө оролцуулах, амаар болон бичгээр нэмэлт мэдэгдэл хийх эрхтэй;
(h) Хороо нь энэ зүйлийн (b) дэд хэсэгт заасны дагуу мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш арван хоёр сарын дотор тайлан оруулна:
i/ хэрэв асуудлыг энэ зүйлийн (е) дэд хэсгийн заалтын хүрээнд шийдвэрлэж чадвал Хороо тайландаа баримт нотолгоо болон гаргасан шийдвэрийн талаар товч бичнэ;
ii/ хэрэв асуудлыг энэ зүйлийн (е) дэд хэсгийн заалтын хүрээнд шийдвэрлэж эс чадвал, Хороо илтгэлдээ баримт нотолгооны талаар товч бичнэ; Пактад оролцогч холбогдох улсаас бичгээр хийсэн танилцуулга болон ам танилцуулгын бичлэгийг тайланд хавсаргана. Асуудал тус бүрээр гаргасан тайлангийн холбогдох улсад танилцуулахаар илгээнэ.
2. Энэхүү Пактад оролцогч арван улс энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтын дагуу мэдэгдэл хиймэгц энэ зүйлийн заалтууд хүчин төгөлдөр болно. Эдгээр мэдэгдлийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар шилжүүлэх бөгөөд тэрбээр мэдэгдлийн хуулбарыг бусад оролцогч улсад явуулна. Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдээд мэдэгдлээ хэзээ ч эгүүлэн татаж болно. Тийм үйлдэл нь энэ зүйлийн заалт ёсоор нэгэнт шилжүүлэн өгсөн мэдээллийн холбогдолтой аливаа асуудлыг хэлэлцэхэд саад болохгүй; хэрэв холбогдох оролцогч улс дахин мэдэгдэл хийгээгүй бол, мэдэгдлээ эгүүлэн татсан тухай Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэнээс хойш тэрхүү оролцогч аливаа улсын мэдээллийг хүлээн авахгүй.
42 дугаар зүйл
1. (а) Хэрэв 41 дүгээр зүйлийн заалтын дагуу Хороонд шилжүүлэн өгсөн ямар нэг асуудал холбогдох улсуудын санаанд нийцэхээр шийдвэрлэгдээгүй бол, Хороо тэдний зөвшөөрлийг урьдчилан авсны үндсэн дээр тусгай Эвлэрүүлэх комиссыг (цаашид “Комисс” гэж нэрлэнэ) томилж болно. Энэхүү Пактын заалтыг сахих үндсэн дээр асуудлыг эв зүйгээр зохицуулан шийдвэрлэх зорилгоор Комисс холбогдох улсуудад найрсаг туслалцаа үзүүлнэ.
(b) Комисс нь холбогдох улсууд хүлээн авахуйц таван гишүүнээс бүрдэнэ. Комиссын нийт бүрэлдэхүүн буюу зарим гишүүний талаар холбогдох улсууд гурван сарын дотор харилцан тохирч эс чадвал, тэдгээр тохиролцон томилж чадаагүй гишүүдийг Хорооны гишүүдийн дотроос нууц санал хураалтаар, нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар сонгоно.
2. Комиссын гишүүд үүргээ өөрийн нэрээр гүйцэтгэнэ. Тэд энэхүү Пактад оролцоогүй улс эсхүл оролцогч холбогдох улс, эсхүл 41 дүгээр зүйлийн дагуу мэдэгдэл хийгээгүй оролцогч улсын иргэн байх ёсгүй.
3. Комисс даргаа сонгож, ажлынхаа дэгийг тогтооно.
4. Комиссын хуралдааныг ер нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байр буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Женев дэх салбарын байранд хийнэ. Гэхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга болон холбогдох улсуудтай зөвлөлдсөний үндсэн дээр Комиссоос товлосон өөр тохиромжтой газар хуралдааныг хийж болно.
5. 36 дугаар зүйлийн дагуу байгуулсан Нарийн бичгийн дарга нарын газар энэ зүйлийн ёсоор томилогдсон Комисст мөн үйлчилнэ.
6. Хорооны хүлээн авч, судалсан мэдээллийг Комиссын мэдэлд шилжүүлэх бөгөөд Комисс нь холбогдох улсуудад хандаж, хэрэгт хамаарах аливаа мэдээлэл гаргаж өгөх хүсэлт тавьж болно.
7. Комисс асуудлыг бүрэн авч хэлэлцсэний дараа, гэхдээ, ямар ч тохиолдолд, уг асуудлыг хүлээн авснаасаа хойш 12 сарын дотор холбогдох улсуудад уламжлах тайланг Хорооны даргад өгнө:
(а) хэрэв Комисс арван хоёр сарын дотор уг асуудлыг хэлэлцэж эс дуусвал, тухайн асуудлыг хэлэлцэж байгаа явцын тухай товч тайлан бичнэ;
(b) хэрэв тухайн асуудлыг энэхүү Пактад хүлээн зөвшөөрсөн хүний эрхийг сахих үндсэн дээр эв зүйгээр зохицуулан шийдвэрлэж чадвал, Комисс тайландаа баримт нотолгоо болон гаргасан шийдвэрийн талаар товч бичнэ;
(c) хэрэв энэ зүйлийн 7 дахь хэсгийн (b) дэд хэсэгт заасан шийдвэрт хүрч эс чадвал, холбогдох улсуудын хооронд гарсан маргаанд хамаарах баримтын шинжтэй бүх асуудлаар хийсэн дүгнэлт болон асуудлыг эв зүйгээр зохицуулан шийдвэрлэх боломжийн тухай үзэл бодлоо Комиссын тайланд оруулна. Тайланд мөн холбогдох улсуудаас бичгээр өгсөн танилцуулга болон ам танилцуулгын бичлэгийг оруулна;
(d) хэрэв Комиссын тайланг энэ зүйлийн (c) дэд хэсэгт заасны дагуу оруулсан бол, холбогдох улсууд тайланг хүлээж авснаас хойш гурван сарын дотор Комиссын тайлангийн агуулгыг зөвшөөрч байгаа эсэхээ Комиссын даргад мэдэгдэнэ.
8. Энэ зүйлийн заалт нь 41 дүгээр зүйлд тодорхойлсон Хорооны хариуцлагыг хязгаарлахгүй.
9. Холбогдох улсууд нь Комиссын гишүүдийн бүх зардлыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын тогтоосон төсвийн дагуу адил тэгш хэмжээгээр гаргана.
10. Шаардлагатай бол, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга холбогдох улсууд энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан ёсоор Комиссын гишүүдийн зардлыг нөхөн төлтөл уг зардлыг гаргаж байх эрхтэй.
43 дугаар зүйл
Хорооны гишүүд болон 42 дугаар зүйлийн дагуу томилогдож болох тусгай эвлэрүүлэх комиссын гишүүд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцийн холбогдох зүйлүүдэд заасанчлан Нэгдсэн Үндэстний Байгууллагаас томилолтоор явуулдаг шинжээчдэд үзүүлдэг хөнгөлөлт, эрх ямба, дархан эрхийг эдлэнэ.
44 дүгээр зүйл
Энэхүү Пактыг хэрэгжүүлэх тухай заалтыг Нэгдсэн Үндэстний Байгууллага болон төрөлжсөн байгууллагын үүсгэн байгуулсан гэрээ бичгүүдэд заасан буюу тэдгээрийн дагуу хүний эрхийн салбарт тогтсон журамд хохирол учруулахгүйгээр хэрэглэх бөгөөд эдгээр заалт нь энэхүү Пактад оролцогч улсуудын хооронд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон улсын ерөнхий болон тусгай хэлэлцээрийн үндсэн дээр маргааныг шийдвэрлэх бусад журам хэрэглэхэд саад болохгүй.
45 дугаар зүйл
Хороо нь ажлынхаа тухай жил бүрийн тайланг Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөр дамжуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейд оруулж байна.
V ХЭСЭГ
46 дугаар зүйл
Нэгдсэн Үндэстний Байгууллага болон төрөлжсөн байгууллагын янз бүрийн нэгжүүдийн энэхүү Пактад хамаарах асуудлын хувьд гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм, төрөлжсөн байгууллагуудын дүрмийн заалтыг хязгаарласан мэтээр энэхүү Пактын аль ч заалтыг мушгин тайлбарлаж болохгүй.
47 дугаар зүйл
Энэхүү Пактын аль ч заалтыг, байгалийн баялаг, нөөцөө бүрэн чөлөөтэй эзэмших, ашиглах аливаа ард түмний салшгүй эрхийг хязгаарласан мэтээр мушгин тайлбарлаж болохгүй.
VI ХЭСЭГ
48 дугаар зүйл
1. Энэхүү Пактад, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гишүүн аль ч улс, Олон улсын шүүхийн дүрэмд оролцогч аль ч улс, энэхүү Пактад оролцохыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас урьсан бусад аль ч улс гарын үсэг зурж болно.
2. Энэхүү Пактыг соёрхон батлах ёстой. Батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
3. Энэхүү Пактад энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль ч улс нэгдэн орж болно.
4. Нэгдэн орсон нь, энэ тухай батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаар хүчин төгөлдөр болно.
5. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга соёрхон батласан буюу нэгдэж орсон тухай батламж жуух бичгийг хадгалуулсан тухай бүрийг энэхүү Пактад гарын үсэг зурсан буюу нэгдэн орсон бүх улсад мэдээлж байна.
49 дүгээр зүйл
1. Энэхүү Пакт нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад соёрхон батласан буюу нэгдэн орсон тухай гучин тав дахь батламж жуух бичгийг хадгалуулсан өдрөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.
2. Соёрхон батласан буюу нэгдэн орсон тухай гучин тав дахь батламж жуух бичгийг хадгалуулсны дараа энэхүү Пактыг соёрхон батласан буюу түүнд нэгдэн орсон улсын хувьд энэхүү Пакт нь холбогдох батламж жуух бичгээ хадгалуулсан өдрөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.
50 дугаар зүйл
Энэхүү Пактын заалтууд холбооны улсуудын бүх хэсэгт ямар нэгэн хязгаарлалт буюу чөлөөлөлтгүйгээр үйлчилнэ.
51 дүгээр зүйл
1. Энэхүү Пактад оролцогч аль ч улс түүнд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж болох бөгөөд түүнийгээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад өргөн мэдүүлж болно. Ерөнхий нарийн бичгийн дарга санал болгосон аливаа нэмэлт өөрчлөлтийг энэхүү Пактад оролцогч улсуудад хүргүүлж, түүнийг хэлэлцэж, санал хураах зорилгоор энэхүү Пактад оролцогч улсуудын бага хурал хуралдуулах саналтай эсэхээ өөрт нь мэдэгдэхийг хүснэ. Хэрэв оролцогч улсуудын наад зах нь гуравны нэгээс доошгүй нь тийм бага хурал хуралдуулах саналтай байвал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын ивээлдор бага хурлыг хуралдуулна. Энэхүү бага хуралд оролцож саналаа өгсөн оролцогч улсын олонхийн дэмжсэн аливаа нэмэлт өөрчлөлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейд батлуулахаар оруулна.
2. Нэмэлт өөрчлөлт нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей батлахын зэрэгцээ, энэхүү Пактад оролцогч улсуудын гуравны хоёр нь үндсэний хууль тогтоомжийнхоо дагуу түүнийг батласнаар хүчин төгөлдөр болно.
3. Хүчин төгөлдөр болсон нэмэлт өөрчлөлтийг түүнийг батласан оролцогч улсууд заавал дагаж мөрдөнө. Харин бусад оролцогч улсуудын хувьд энэхүү Пактын заалтууд болон тэдгээр улсаас урьд өмнө батласан аливаа нэмэлт өөрчлөлт заавал дагаж мөрдөх хүчинтэй хэвээр байна.
52 дугаар зүйл
48 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хийсэн мэдээллийг үл харгалзан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга мөнхүү зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан бүх улсад дараахь зүйлийг мэдээлж байна:
(а) 48 дугаар зүйлийн дагуу гарын үсэг зурсан, соёрхон батласан, нэгдэн орсон тухай;
(b) 49 дүгээр зүйлийн дагуу энэхүү Пактын хүчин төгөлдөр болсон огноо, 51 дүгээр зүйлд зааснаар аливаа нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсон огнооны тухай.
53 дугаар зүйл
1. Энэхүү Пактын англи, испани, орос, хятад, франц хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй бөгөөд түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын архивт хадгална.
2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Пактын баталгаатай хуулбарыг 48 дугаар зүйлд заасан бүх улсад хүргүүлнэ.
1. Энэхүү Пактын англи, испани, орос, хятад, франц хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй бөгөөд түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын архивт хадгална.
2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Пактын баталгаатай хуулбарыг 48 дугаар зүйлд заасан бүх улсад хүргүүлнэ.
* Монгол Улс 1968.01.05-нд гарын үсэг зурж, 1974.11.18-нд соёрхон батласан