Удиртгал
Энэхүү Протоколд оролцогч улсууд,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан зарчмын дагуу хүн төрөлхтний бүлийн бүх гишүүний заяагдмал нэр төр болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энх тайвны үндэс болохыг анхааралдаа авч,
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн бүр нэр төр, эрхийн хувьд адил тэгш, эрх чөлөөтэй төрдөг бөгөөд уг тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс, өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан аливаа алагчлалгүйгээр эдлэх эрхтэй хэмээн тунхагласныг тэмдэглэж,
Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон хүний эрхийн олон улсын Пактуудад хүн бүр иргэний, соёлын, эдийн засаг, улс төр, нийгмийн эрхээ эдлэх нөхцлөөр хангагдсан үед л хүн ардын айх аюулгүй, гачигдах зовлонгүй байх гэсэн эрхэм дээд эрмэлзэл биелэгдэнэ хэмээн хүлээн зөвшөөрснийг санаж,
Хүний бүх эрх, үндсэн эрх чөлөө нь түгээмэл, бүхэллэг, өөр хоорондоо харилцан хамаарал, шүтэлцээ бүхий шинж чанартайг дахин нотолж,
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пакт (цаашид “Пакт” гэх)-д оролцогч улс бүр дангаар болон олон улсын дэмжлэг, хамтын ажиллагаа, тэр дундаа эдийн засаг, техникийн туслалцаатайгаар өөрт буй нөөц бололцооныхоо хүрээнд зохистой бүхий л аргаар, тухайлбал хууль тогтоомж батлан гаргах замаар Пактад заасан эрхийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах үүрэг хүлээснийг санаж,
Пактын зорилго болон түүний заалт бүрийн хэрэгжилтийг хангахын тулд энэхүү Протоколд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх боломжийг Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо (цаашид “Хороо” гэх)-нд олгох нь зүйтэй гэж үзэж,
Дор дурдсан зүйлийг тохиролцов:
1 дүгээр зүйл. Өргөдөл хүлээн авах, түүнийг хянан хэлэлцэх талаарх Хорооны эрх хэмжээ
1.Пактад оролцогч бөгөөд энэхүү Протоколд оролцогч болж байгаа улс нь уг Протоколд заасны дагуу өргөдөл хүлээн авах, түүнийг хянан хэлэлцэх тухай Хорооны эрх хэмжээг хүлээн зөвшөөрнө.
2.Энэхүү Протоколд нэгдэн ороогүй Пактад оролцогч улстай холбогдол бүхий аливаа өргөдлийг Хороо хүлээж авахгүй.
2 дугаар зүйл. Өргөдөл
Өргөдлийг Пактад тусгагдсан эдийн засаг, нийгэм, соёлын аливаа эрхийг тухайн оролцогч улс зөрчсөний улмаас хохирсон хэмээн мэдүүлж буй түүний харьяалалд буй хувь хүн болон бүлэг хүмүүс, эсхүл тэднийг төлөөлөн гаргаж болно. Өргөдлийг хувь хүн буюу бүлэг хүмүүсийн нэрийн өмнөөс гаргах бол ийнхүү өргөдөл гаргагч нь тэднийг зөвшөөрөлгүйгээр төлөөлөх болсноо нотлохоос бусад тохиолдолд тэдний зөвшөөрснөөр уг өргөдлийг гаргана.
3 дугаар зүйл. Өргөдөл хүлээн авах
1.Хороо нь дотоодын эрх зүйн бололцоотой бүх арга хэрэгслийг ашигласан нь тогтоогдоогүй өргөдлийг хянан үзэхгүй. Ийм арга хэрэгслийг ашиглах явдал нь хүндэтгэх шалтгаангүйгээр удааширсан бол энэ журмыг мөрдөхгүй.
2.Дараах тохиолдолд Хороо өргөдлийг хүлээн авахаас татгалзана. Үүнд:
(a) Өргөдөл гаргагч дурдсан цаг хугацаанд өргөдөл гаргах боломжгүй байснаа нотолсноос бусад тохиолдолд дотоодын эрх зүйн арга хэрэгслийг ашиглаж дуусгаснаас хойш 1 жилийн дотор багтааж өргөдлөө гаргаагүй бол;
(b) Өргөдөлд дурдсан баримт холбогдох оролцогч улсын хувьд энэхүү Протокол хүчин төгөлдөр болохоос өмнө тохиолдсон буюу дурдсан хугацаанаас хойш үргэлжлээгүй бол;
(c) Тухайн асуудлыг өмнө нь Хороо хянан хэлэлцсэн, эсхүл олон улсын хянан шалгах буюу зохицуулах өөр журмын дагуу хянан хэлэлцсэн буюу хэлэлцэж байгаа бол;
(d) Өргөдөл Пактын заалтуудад нийцэхгүй байвал;
(e) Өргөдөл илтэд үндэслэлгүй, үндэслэл нь хангалтгүй, эсхүл зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээлэлд үндэслэсэн байвал;
(f) Өргөдөл гаргах эрхийг урвуулан ашигласан бол;
(g) Эзэн нь тодорхойгүй болон өргөдлийг бичгээр гаргаагүй бол.
4 дүгээр зүйл. Бодитой хохирол учирсныг нотлоогүй өргөдөл
Хороо нь өргөдөлд түгээмэл ач холбогдол бүхий чухал асуудлыг хөндсөн хэмээн үзсэнээс бусад тохиолдолд өргөдөл гаргагчид бодит хохирол учирсныг нотолж чадаагүй өргөдлийг шаардлагатай бол хянан хэлэлцэхээс татгалзаж болно.
5 дугаар зүйл. Түр зуурын арга хэмжээ
1.Хороо өргөдлийг хүлээн авсны дараа болон түүний талаар зарчмын шийдвэр гаргахаасаа өмнөх аль ч үед холбогдох оролцогч улсад хандаж, эрх нь зөрчигдсөн байж болзошгүй хохирогч буюу хохирогчдод барагдашгүй хохирол учруулахгүй байх үүднээс тухайн оролцогч улсаас зайлшгүй шаардлагатай түр зуурын арга хэмжээ авахыг хүсч болно.
2.Хороо энэхүү зүйлийн 1 дэх хэсгийн заалтын дагуу олгогдсон эрх мэдлээ хэрэгжүүлэх явдлыг тухайн өргөдлийг хүлээн авах эсэх буюу түүний талаар зарчмын шийдвэр гаргасан гэж үзэхгүй.
6 дугаар зүйл. Өргөдлийг хүргүүлэх
1.Хороо нь холбогдох оролцогч улсад мэдэгдэлгүйгээр өргөдлийг хүлээн авах боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд энэхүү Протоколын дагуу ирүүлсэн аливаа өргөдлийг тухайн оролцогч улсад мэдээллийн нууцлалыг хадгалан хүргүүлнэ.
2.Өргөдлийг хүлээн авсан оролцогч улс уг асуудлыг тодруулсан тайлбар буюу мэдэгдэл, түүнчлэн түүнтэй холбоотой аливаа арга хэмжээ авсан бол тэр тухай тайлбар, мэдэгдэл бичгээр гаргаж, 6 сарын дотор Хороонд хүргүүлнэ.
7 дугаар зүйл. Найрсаг зохицуулалт
1.Хороо энэхүү Пактад тусгагдсан үүргээ хэрэгжүүлэх үндсэн дээр тухайн асуудлыг найрсагаар зохицуулахад нь талуудад дэмжлэг үзүүлнэ.
2.Найрсаг зохицуулалтын үр дүнд хүрсэн тохиролцоогоор энэхүү Протоколын дагуу өргөдөл хянан хэлэлцэх ажиллагаа хаагдана.
8 дугаар зүйл. Өргөдлийг хянан үзэх
1.Хороо нь энэхүү Протоколын 2 дугаар зүйлийн дагуу хүлээн авсан өргөдөл болон түүнтэй холбоотойгоор холбогдох талуудад хүргүүлсэн болон хороонд ирүүлсэн бүх баримтыг хянан үзнэ.
2.Хороо нь хаалттай хуралдаанаар энэхүү Протоколын дагуу өргөдлийг хянан үзнэ.
3.Энэхүү Протоколын дагуу өргөдлийг хянан үзэхдээ Хороо нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүтцийн байгууллагууд, төрөлжсөн байгууллагууд, сангууд, хөтөлбөр болон механизм, түүнчлэн олон улсын бусад байгууллага, түүний дотор хүний эрхийн бүс нутгийн байгууллагуудаас гаргасан баримт бичгүүд, холбогдох оролцогч улсаас ирүүлсэн санал, тайлбар зэрэг холбогдох баримт бичгийг харгалзан үзэж болно.
4.Энэхүү Протоколын дагуу өргөдлийг хянан үзэхдээ Хороо нь Пактын II хэсэгт заасны дагуу оролцогч улсаас авсан арга хэмжээ нь оновчтой эсэхийг авч үзнэ. Ингэхдээ Хороо нь тухайн оролцогч улс Пактад заасан эрхийг хэрэгжүүлэх зорилгоор төрөл бүрийн бодлогын арга хэмжээ авах боломжтойг харгалзана.
9 дүгээр зүйл. Хорооны саналын мөрөөр авах арга хэмжээ
1.Хороо өргөдлийг хянан үзсэний дараа түүний талаарх саналаа зөвлөмжийн хамтаар холбогдох талуудад хүргүүлнэ.
2.Оролцогч улс нь Хорооноос ирүүлсэн санал, зөвлөмжийг авч үзэн тэдгээрийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай мэдээлэл болон хариуг Хороонд бичгээр хүргүүлнэ.
3.Хороо нь оролцогч улсаас түүний санал, зөвлөмжийн хариуд авсан арга хэмжээний тухай нэмэлт мэдээлэл ирүүлэх, тухайлбал Хороо шаардлагатай гэж үзвэл Пактын 16 болон 17 дугаар зүйлийн дагуу бэлтгэх дараагийн илтгэлдээ уг мэдээллийг тусгахыг хүсч болно.
10 дугаар зүйл. Улс хоорондын шинжтэй өргөдөл
1.Нэг оролцогч улсаас нөгөө оролцогч улсыг Пактаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа талаар гаргасан өргөдлийг хүлээн авч хянан хэлэлцэх Хорооны эрх хэмжээг хүлээн зөвшөөрч буйгаа энэхүү Протоколд оролцогч улс энэхүү зүйлийн дагуу хэдийд ч мэдэгдэж болно. Хорооны эрх хэмжээг хүлээн зөвшөөрч ийнхүү мэдэгдсэн оролцогч улсаас гаргасан өргөдлийг л энэхүү зүйлийн дагуу хүлээн авч, хянан үзэж болно. Ийм мэдэгдэл хийгээгүй оролцогч улсаас ирүүлсэн ямар ч өргөдлийг Хороо хүлээн авахгүй. Энэхүү зүйлийн дагуу хүлээн авсан өргөдлийг дараах журмаар шийдвэрлэнэ. Үүнд:
(a) Энэхүү Протоколд оролцогч улс өөр нэг оролцогч улсыг Пактаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж үзвэл энэ талаар тухайн оролцогч улсад бичгээр мэдэгдэж болно. Тэрхүү оролцогч улс энэ тухайгаа Хороонд мөн мэдэгдэж болно. Хүлээн авагч улс нь өргөдлийг хүлээн авснаас хойш 3 сарын дотор тухайн асуудлыг тодруулсан тайлбар болон бусад мэдээллийг мэдэгдэл ирүүлсэн улсад бичгээр хүргүүлэх бөгөөд түүндээ энэ чиглэлээр авч хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр бэлтгэж буй эрх зүйн арга хэмжээ, дотоодын журам зэргийн талаар боломжоор нь тусгасан байна.
(b) Хүлээн авагч улс эхний мэдэгдлийг хүлээн авснаас хойш 6 сарын дотор тухайн асуудал холбогдох хоёр оролцогч улсын аль алиных нь хувьд нааштайгаар шийдэгдээгүй бол аль ч улс нь Хороонд болон нөгөө улсдаа мэдэгдэл хүргүүлэх замаар асуудлыг Хороонд уламжлах эрхтэй.
(c) Хороо нь ийнхүү уламжлагдсан асуудлыг дотоодын эрх зүйн бололцоотой бүх арга хэрэгслийг ашигласныг нотолсны дараа л авч үзнэ. Харин ийм арга хэрэгслийг ашиглах явдал нь хүндэтгэх шалтгаангүйгээр удааширсан бол энэ журмыг мөрдөхгүй.
(d) Энэхүү хэсгийн (c) заалтыг хэрэгжүүлэхдээ Хороо нь энэхүү Пактад тусгагдсан үүргээ хэрэгжүүлэх үндсэн дээр тухайн асуудлыг найрсагаар зохицуулахад нь талуудад дэмжлэг үзүүлнэ.
(e) Хороо нь хаалттай хуралдаанаар энэхүү Протоколын дагуу өргөдлийг хянан үзнэ.
(f) Хороо нь энэхүү хэсгийн (b) заалтад дурдсаны дагуу уламжилсан асуудлаар холбогдох мэдээлэл гаргуулах зорилгоор (b) заалтад дурдсан холбогдох оролцогч улсуудад хандаж болно.
(g) Энэхүү хэсгийн (b) заалтад дурдсан холбогдох оролцогч улсууд нь Хороогоор асуудлыг хянан хэлэлцэх үед төлөөлөл илгээх, амаар болон бичгээр мэдээлэл өгөх эрхтэй.
(h) Хороо нь энэхүү хэсгийн (b) заалтын дагуу мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш бүхий л боломждоо тулгуурлан дараах байдлаар илтгэл хүргүүлнэ. Үүнд:
(i) Энэхүү хэсгийн (d) заалтад дурдсаны дагуу шийдэлд хүрсэн бол Хороо илтгэлээ баримт болон хүрсэн шийдлийг тусгасан товч мэдэгдэл байдлаар үйлдэнэ.
(ii) Энэхүү хэсгийн (d) заалтад дурдсаны дагуу шийдэлд хүрээгүй бол Хороо илтгэлдээ холбогдох оролцогч улсуудын хооронд үүссэн асуудлын талаарх баримт мэдээллийг тусгана. Холбогдох оролцогч улсуудаас бичгээр өгсөн мэдээлэл болон аман мэдэгдлийн тэмдэглэлийг илтгэлд хавсаргана. Мөн түүнчлэн Хороо нь холбогдох оролцогч улсуудын хоорондын асуудалд хамааралтай гэж үзсэн аливаа саналаа зөвхөн тэдгээр оролцогч улсуудад хүргүүлж болно.
Ямар ч нөхцөлд илтгэлийг холбогдох оролцогч улсуудад хүргүүлнэ.
2.Энэхүү зүйлийн 1 дэх хэсгийн дагуу гаргасан мэдэгдлийг оролцогч улс нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулах бөгөөд тэрээр мэдэгдлийн хуулбарыг бусад оролцогч улсуудад хүргүүлнэ. Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх замаар мэдэгдлийг хэдийд ч татан авч болно. Ингэж татан авах нь энэхүү зүйлийн дагуу өмнө хүргүүлсэн өргөдөлд тусгагдсан аливаа асуудлыг хянан хэлэлцэхэд саад болохгүй. Холбогдох оролцогч улс шинээр мэдэгдэл гаргах хүртэл мэдэгдлээ татан авсан тухай Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэнээс хойш энэхүү зүйлийн дагуу тухайн оролцогч улсаас дахин өргөдөл хүлээн авахгүй.
11 дүгээр зүйл. Хянан шалгах ажиллагаа
1.Энэхүү Протоколд оролцогч улс нь Хорооны энэхүү зүйлд заасан эрх хэмжээг хүлээн зөвшөөрч буйгаа хэдийд ч мэдэгдэж болно.
2.Пактад заасан эдийн засаг, нийгэм, соёлын аливаа эрхийг оролцогч улс ноцтойгоор буюу удаа дараа зөрчиж байгаа тухай баталгаатай мэдээллийг Хороо хүлээн авсан бол мэдээллийг шалгахад хамтран оролцож, холбогдох мэдээллийн талаар саналаа ирүүлэхийг оролцогч улсаас хүснэ.
3.Холбогдох оролцогч улсаас ирүүлсэн аливаа санал, түүнчлэн тухайн асуудалтай холбоотой бусад найдвартай мэдээллийг харгалзан Хороо хянан шалгах ажиллагаа явуулж, дүнг яаралтай илтгэх зорилгоор нэг буюу хэд хэдэн гишүүнээ томилж болно. Шаардлагатай гэж үзсэн бөгөөд оролцогч улс зөвшөөрсөн тохиолдолд тухайн улсын нутаг дэвсгэрт очиж, хянан шалгах ажиллагаа явуулж болно.
4.Ийм хянан шалгах ажиллагааны нууцлалыг хангах бөгөөд энэхүү ажлын бүхий л үе шатанд оролцогч улстай хамтран ажиллана.
5.Хянан шалгах ажиллагааны дүнг судлан үзсэний дараа Хороо нь уг дүнг аливаа тайлбар, зөвлөмжийн хамтаар холбогдох оролцогч улсад хүргүүлнэ.
6.Холбогдох оролцогч улс хянан шалгах ажиллагааны дүнг хүлээн авснаас хойш 6 сарын дотор Хорооноос ирүүлсэн тайлбар, зөвлөмжийн талаарх саналаа Хороонд ирүүлнэ.
7.Энэхүү зүйлийн 2 дахь хэсгийн дагуу хянан шалгах ажиллагаа дууссаны дараа холбогдох оролцогч улстай зөвлөлдсөний үндсэн дээр Хороо нь энэхүү Протоколын 15 дугаар зүйлийн дагуу бэлтгэх жилийн илтгэлдээ тухайн ажиллагааны үр дүнгээс тусгах эсэхээ шийдвэрлэж болно.
8.Энэхүү зүйлийн 1 дэх хэсгийн дагуу мэдэгдэл гаргасан аливаа оролцогч улс нь Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэнээр уг мэдэгдлээ хэдийд ч татан авч болно.
12 дугаар зүйл. Хянан шалгах ажиллагааны мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээ
1.Энэхүү Протоколын 11 дүгээр зүйлийн дагуу явуулсан хянан шалгах ажиллагааны хариуд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг Пактын 16 болон 17 дугаар зүйлийн дагуу бэлтгэх илтгэлдээ тусгахыг холбогдох оролцогч улсаас Хороо хүсч болно.
2.Хороо нь шаардлагатай тохиолдолд 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан 6 сарын хугацаа дууссаны дараа хянан шалгах ажиллагаатай холбогдуулан авсан арга хэмжээний тухай мэдээлэхийг холбогдох оролцогч улсаас хүсч болно.
13 дугаар зүйл. Хамгаалалтын арга хэмжээ
Энэхүү Протоколын дагуу Хороонд өргөдөл гаргасан өөрийн харьяалалд буй хувь хүнийг зүй бус харьцаа болон айлган сүрдүүлэх явдлаас хамгаалах үүднээс оролцогч улс шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.
14 дүгээр зүйл. Олон улсын дэмжлэг ба хамтын ажиллагаа
1.Хороо нь шаардлагатай гэж үзвэл холбогдох оролцогч улсын зөвшөөрөлтэйгээр өргөдлийн талаарх санал, зөвлөмж, хянан шалгах ажиллагааны явцад илрүүлсэн техникийн туслалцаа буюу зөвлөгөө авах шаардлага, түүнчлэн Хорооны санал, зөвлөмжийн талаарх тухайн оролцогч улсын байр суурь, саналыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага, сан, хөтөлбөр болон бусад эрх бүхий байгууллагуудад хүргүүлнэ.
2.Түүнчлэн Хороо нь холбогдох оролцогч улсын зөвшөөрөлтэйгээр Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхүүдийг хэрэгжүүлэхэд бодит ахиц гаргахад нь оролцогч улсуудад дэмжлэг үзүүлэхүйц олон улсын арга хэмжээний талаар тус тусын салбарт эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргахад нь тухайн байгууллагуудад туслалцаа үзүүлэх ач холбогдол болж энэхүү Протоколын дагуу өргөдөлтэй холбогдон гарах аливаа асуудлаар дээрхи байгууллагуудад мөн хандаж болно.
3.Пактад тусгагдсан эрхийн хэрэгжилтийг сайжруулж, оролцогч улсуудад мэргэжилтний болон техникийн туслалцаа үзүүлэх зорилгоор энэхүү Протоколтой холбогдуулан эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хүрээнд үндэсний чадавхи бий болгоход хувь нэмэр оруулахын тулд холбогдох оролцогч улсын зөвшөөрөлтэйгээр Нэгдсэн Үндэстний байгууллагын санхүүгийн журам, зохицуулалтын дагуу ажиллах Итгэлцлийн санг Ерөнхий Ассамблейн холбогдох журмын дагуу байгуулна.
4.Энэхүү зүйлийн заалтууд нь оролцогч улс бүр Пактаар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй.
15 дугаар зүйл. Жилийн илтгэл
Хороо нь жилийн илтгэлдээ энэхүү Протоколын дагуу хийсэн ажлын ерөнхий тоймыг тусгана.
16 дугаар зүйл. Түгээн таниулах ба мэдээлэх
Оролцогч улс бүр Пакт болон энэхүү Протоколыг өргөнөөр сурталчилж, түгээн таниулахын хамт Хорооны санал, зөвлөмж, тухайлбал тухайн оролцогч улстай холбогдсон асуудлын талаарх мэдээллийг хүртээлтэй болгоход тус дөхөм үзүүлэх, түүнчлэн уг мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй хэлбэрээр гаргах үүрэг хүлээнэ.
17 дугаар зүйл. Гарын үсэг зурах, соёрхон батлах, нэгдэн орох
1.Пактад гарын үсэг зурсан, түүнийг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон аливаа улс энэхүү Протоколд гарын үсэг зурахад нээлттэй.
2.Пактыг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон аль ч улс энэхүү Протоколыг соёрхон батална. Соёрхон баталсан тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
3.Пактыг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон аливаа улс энэхүү Протоколд нэгдэн ороход нээлттэй байна.
4.Нэгдэн орсон тухай баримт бичгээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаар нэгдэн орсонд тооцно.
18 дугаар зүйл. Хүчин төгөлдөр болох
1.Энэхүү Протокол нь түүнийг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон арав дахь баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулсан өдрөөс хойш 3 сарын дараа хүчин төгөлдөр болно.
2.Соёрхон баталсан буюу нэгдэн орсон арав дахь баримт бичгийг хадгалуулснаас хойш энэхүү Протоколыг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон улсын хувьд Протокол нь соёрхон баталсан болон нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулсан өдрөөс хойш 3 сарын дараа хүчин төгөлдөр болно.
19 дүгээр зүйл. Нэмэлт, өөрчлөлт
1.Аль ч оролцогч улс энэхүү Протоколд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал гаргаж, түүнийгээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлж болно. Ерөнхий нарийн бичгийн дарга санал болгосон нэмэлт, өөрчлөлтийг оролцогч улсуудад уламжилж, уг саналыг хэлэлцэж шийдвэрлэх зорилгоор оролцогч улсуудын бага хурал хуралдуулах эсэхээ мэдэгдэхийг хүснэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 4 сарын дотор оролцогч улсуудын гуравны нэгээс доошгүй хувь нь бага хурал хуралдуулахыг дэмжвэл Ерөнхий нарийн бичгийн дарга уг бага хурлыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын ивээл дор хуралдуулна. Ерөнхий нарийн бичгийн дарга уг бага хуралд оролцсон хийгээд саналаа өгсөн оролцогч улсын гуравны хоёр хувь буюу олонхийн саналаар дэмжигдсэн аливаа нэмэлт, өөрчлөлтийг батлуулахаар Ерөнхий Ассамблейд өргөн барих бөгөөд дараа нь нийт оролцогч улсуудад хүргүүлнэ.
2.Энэхүү зүйлийн 1 дэх хэсгийн заалтын дагуу дэмжигдэж, батлагдсан нэмэлт, өөрчлөлт нь уг нэмэлт, өөрчлөлтийг анх батлахад байлцсан оролцогч улсуудын гуравны хоёр нь түүнийг хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгээ хадгалуулснаас хойшхи 30 дахь өдөр хүчин төгөлдөр болно. Түүнээс хойш тэрхүү нэмэлт, өөрчлөлт нь аливаа оролцогч улсын хувьд уг нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгээ хадгалуулснаас хойшхи 30 дахь өдөр хүчин төгөлдөр болно. Нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн оролцогч улс заавал дагаж мөрдөнө.
20 дугаар зүйл. Цуцлах
1.Оролцогч аливаа улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэх замаар энэхүү Протоколыг хэдийд ч цуцалж болно. Уг мэдэгдлийг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авсан өдрөөс хойш 6 сарын дараа Протокол тухайн улсын хувьд хүчингүй болно.
2.Цуцлалт хүчин төгөлдөр болохоос өмнө 2 болон 10 дугаар зүйлийн дагуу гаргасан аливаа өргөдлийн хувьд энэхүү Протоколын заалтыг үргэлжлүүлэн мөрдөх буюу 11 дүгээр зүйлийн дагуу эхэлсэн аливаа хянан шалгах ажиллагааг хэрэгжүүлэхэд саад болохгүй байна.
21 дүгээр зүйл. Ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдэл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Пактын 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүх улсад дараах мэдээллийг хүргүүлнэ. Үүнд:
(a) Энэхүү Протоколд гарын үсэг зурсан, соёрхон баталсан, нэгдэн орсон тухай;
(b) Энэхүү Протокол болон түүнд 19 дүгээр зүйлийн дагуу оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон тухай; болон
(c) 20 дугаар зүйлийн дагуу хийсэн аливаа цуцлалт.
22 дугаар зүйл. Албан ёсны хэл
1.Энэхүү Протоколын араб, хятад, англи, франц, орос, испани хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй бөгөөд түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын архивт хадгална.
2.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Протоколын баталгаат хуулбарыг 26 дугаар зүйлд заасан бүх улсад хүргүүлнэ.
2.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Протоколын баталгаат хуулбарыг 26 дугаар зүйлд заасан бүх улсад хүргүүлнэ.