ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ МОНГОЛ УЛСЫН ТАВ ДАХЬ ИЛТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭЭД НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ХОРООНООС МОНГОЛ УЛСАД ӨГСӨН ЗӨВЛӨМЖ /2011 он/

101 дүгээр чуулган

2011 оны 3 дугаар сарын 11-нээс 4 дүгээр сарын 1-ний өдөр

ПАКТЫН 40 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН ДАГУУ ОРОЛЦОГЧ УЛСЫН ӨРГӨН БАРЬСАН
ИЛТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦСЭН НЬ

Хүний эрхийн хорооны дүгнэлтийг агуулав.

Монгол Улс

1. Хүний эрхийн хороо нь 2011 оны 3 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд хуралдсан
2784, 2785 (CCPR/C/SR. 2784, 2785) дугаар хурлаараа Монгол Улсын ээлжит 5 дугаар илтгэл (CCPR/C/MNG/5)-ийг хэлэлцээд 2797 дугаар (CCPR/C/SR.2797) хурлаараа дараах дүгнэлтийг гаргав.
А.Танилцуулга
2. Оролцогч улсыг 5 дахь илтгэлээ өргөн барьсанд талархан Пактыг хэрэгжүүлэх
талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгснийг
сайшааж байна. Түүнчлэн хэлэлцүүлгийн өмнө Оролцогч улсын амаар болон бичгээр
өгсөн хариулт /CCPR/C/MNG/Q/5/Add.1/, хэлэлцүүлгийн үед Хорооны гишүүдийн
асуултын хариу болон хэлэлцүүлгийн дараа өгсөн нэмэлт мэдээлэлд талархлаа
илэрхийлж байна.
Б.Эерэг тал
3. 4 дэх илтгэлээс хойш Оролцогч улс дараах амжилтад хүрсэн байна.
Үүнд:
а/ Парисын Зарчим /Ерөнхий Ассамблейн 48/134 дугаар тогтоол, хавсралт/-д
нийцсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг 2007 онд баталсан
байна.
б/ 2005 онд Хүний эрхийн хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн;
в/ Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа дараах бодлого:
• Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр /2007-2015/
• Хүн худалдаалах ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн
зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр /2005-2014/
• Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр /2003-2015/
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр /2006-2015/
В. Анхаарал татсан асуудал ба зөвлөмж
4.Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйл нь Пактыг шүүхэд шууд хэрэглэх
боломж бүрдүүлсэн ч шүүхүүд Пактыг шүүх ажиллагаанд хэрэглэхгүй байгаад Хороо
харамсаж байна. Түүнчлэн олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцуудыг хэрэглэхийг
оролдсон яллагдагчид шүүхээс илүү урт хугацааны хорих ял оногдуулсан гэх
мэдээлэл Хорооны анхаарлыг татлаа.
Оролцогч улс Пактыг шүүхэд хэрэглэхэд дэмжлэг үзүүлж, тодорхой
арга хэмжээ авах шаардлагатай байна. Ялангуяа олон улсын хүний эрхийн
гэрээ, конвенцуудын талаар шүүгч, өмгөөлөгчдөд зориулсан албадлагын
шинжтэй сургалт, үргэлжилсэн сургалт байнга зохион байгуулах хэрэгтэй.
Түүнчлэн шударга шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх эрхэд шүүх ажиллагаанд
Пактыг хэрэглэх явдал нөлөөлөхгүй байх нөхцөлийг Оролцогч улс бүрдүүлэх
шаардлагатай.
5. Оролцогч улс Парисын зарчимд нийцсэн Хүний эрхийн Үндэсний Êомиссын
тухай хуулийг 2007 онд баталсныг сайшааж байна. Харамсалтай нь Хүний эрхийн
Үндэсний Êомиссын томилгооны асуудал хаалттай байгаа талаарх мэдээллийг
Хороо авлаа. Түүнчлэн 2008 оны онц байдлын үед хүний эрхийг хамгаалах, хангах,
хяналт шинжилгээ хийх үүргээ Êомисс хангалтгүй биелүүлсэнд харамсаж байна. /2
дугаар зүйл/
Хангалттай төсөв, хүн хүчээр Хүний эрхийн Үндэсний Комиссыг хангах
замаар энэ байгууллагын хараат бус байдлыг хамгаална уу. Түүнчлэн
томилгооны процессыг өөрчлөх арга хэмжээ авна уу.
6. 2010 оны 1 дүгээр сараас эхлэн цаазаар авах ялын гүйцэтгэлд мораториум
зарласныг сайшааж байгаа хэдий ч ялыг де юре /de jure/ түвшинд хараахан устгаагүйд
зовинож байна. /6 дугаар зүйл/
Оролцогч улс аль болох ойрын хугацаанд цаазаар авах ялыг бүр мөсөн
устгаж, Пактын 2 дахь нэмэлт протоколд нэгдэн орох асуудлыг шийдвэрлэх
хэрэгтэй.
7. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан алагчлалыг хориглосон
заалт бүрхэг, хэрэгжилт муутай байгаагаас холбогдох хууль тогтоомжид томоохон
цоорхой гарчээ. Алагчлах явдлын хохирогчдыг хамгаалах үр дүнтэй механизм
одоогоор байхгүй байна. /2, 26 дугаар зүйл/
Оролцогч улс Үндсэн хуульдаа заасан тодорхойлолтыг Пактад заасан /
арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад
үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн буюу бусад
байдал/ тодорхойлолттой нийцүүлэх бүхий л арга хэмжээ авах хэрэгтэй. Эрх нь
зөрчигдсөн хүмүүс шүүхэд хандах, эрхээ хамгаалуулах боломжтой механизм
бий болгох шаардлагатай байна.
8. Жендэрийн тэгш байдлын тухай хууль батлагдсан, Жендэрийн тэгш байдлыг
хангах үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаад Хороо талархаж байгаа ч Парламент
болон төр, хувийн хэвшлийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоо бага
байгаад харамсаж байна. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг хариуцлагын
талаарх хэвшмэл ойлголт, уламжлалт алагчилсан зан заншлын эсрэг хууль тогтоомж,
бодлого, хөтөлбөрийн хүрээнд арга хэмжээ авахгүй байгаад харамсаж байна. /3, 25,
26 дугаар зүйл/
Түр зуурын тусгай арга хэмжээ авах буюу шинэ санаачилгыг хэрэгжүүлэх
замаар төрийн болон хувийн хэвшил дэх шийдвэр гаргах түвшинд
эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг Оролцогч улс авах
хэрэгтэй байна. Мөн төр, хувийн хэвшил дэх эмэгтэй, эрэгтэй хүний эзлэх
байр суурь, хариуцлагын талаарх хэвшмэл ойлголтыг мэдлэг дээшлүүлэхэд
чиглэсэн кампанит ажил зохион байгуулах замаар устгах шаардлагатай.
9. Бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаагаар нь алагчлах хандлага их байгаад
Хороо харамсаж байна. /20, 24, 26 дугаар зүйл/
Бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаа өөртэй хүмүүсийг нийгмээрээ
алагчилж, гутаан доромжлохын эсрэг Оролцогч улс яаралтай арга хэмжээ
авах шаардлагатай байна. Мөн ийм хүмүүсийн эсрэг аливаа халдлага, айлган
сүрдүүлэх явдлыг нарийн мөрдөн шалгах замаар тэдний шударга шүүхэд
хандах эрхийг баталгаажуулахыг Хороо зөвлөж байна.
10. Алагчлах үзлээс болж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс боловсрол, эрүүл мэнд
болон нийгмийн бусад үйлчилгээг хүртэх боломжгүй байгаа болон эдгээр хүмүүст
зориулсан дэд бүтэц муутай байгаад Хороо зовинож байна. /20, 24, 26 дугаар зүйл/
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө
баталж хэрэгжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн аливаа үйлчилгээг
эдгээр хүмүүст ойртуулахад хүчин чармайлтаа нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
11. Онц байдлын үед Пактын 6-8, 11, 15-18 дугаар зүйлд заасан эрхүүд халдашгүй
байдаг ч 2008 оны онц байдлын үеэр тэдгээрийн зарим нь хөндөгдсөнд Хороо
харамсаж байна.
Пактын 4.2-т заасан халдашгүй эрхүүдийг цаашид хөндөхгүй байх талаар
Оролцогч улс Үндсэн хуулийнхаа 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Онц
байдлын тухай хуульд тус тус өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Түүнчлэн
дээрх эрхүүдийг хөндөхгүй байхад анхаарч шаардлагатай бүх арга хэмжээ авч
байхыг зөвлөж байна.
12. 2008 оны онц байдлын үед гарсан хүн амины хэрэг, эрүү шүүлт тулгах, харгис,
хүнлэг бус харьцах зэрэг гэмт үйлдлийн төлөө цагдаагийн дөрвөн албан тушаалтны
хэргийг дахин нээж шалгаж эхэлсэн ч одоогоор шүүх эцэслэн шийдвэрлээгүй байгаад
Хороо харамсаж байна. Мөн онц байдлын үед хүний эрхийг зөрчсөн цагдаагийн
албан хаагчдын хэргийг нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр хааж, хэнд ч
хариуцлага хүлээлгээгүйд харамсаж байна. /2, 6, 9, 14 дүгээр зүйл/
2008 оны онц байдлын үед хүний эрхийг зөрчсөн хэрэг, гомдол бүрийг
Оролцогч улс нарийн шалгах хэрэгтэй. Үүнд хохирогсдын гэр бүлийн гишүүдэд
нөхөн олговор олгосон хэргийг мөн хамруулна уу. Хэрэгт холбогсдыг яллах,
буруутай нь тогтоогдвол таарах шийтгэл ногдуулах, хохирогчдод хангалттай
нөхөн олговор олгоход анхаарах шаардлагатай байна.
13. Цагдаагийн байгууллагын “эрүүгийн төлөөлөгчид”-ийн эрүүдэн шүүсэн,
хүнлэг бус, харгис хэрцгийн авирласан, доромжилсон үйлдлийг мөрдөн шалгахыг
Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлээр хориглодогт Хороо зовинож байна. Түүнчлэн
мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тушаал биелүүлж хийсэн
үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүйд харамсаж байна. Улсын Ерөнхий
Прокурорын Газрын дэргэдэх Мөрдөн байцаах газар хүн хүч, хөрөнгө мөнгөөр дутмаг
байдаг, цагдаагийн байгууллагын ажилтнуудын хууль бус, эрүү шүүлт тулгах үйлдлийг
мөрдөн шалгах хараат бус байгууллага ховор байгаа нь Хорооны анхаарлыг татлаа.
/7 дугаар зүйл/
Оролцогч улс олон улсын стандартад нийцүүлэн эрүүдэн шүүхийн талаарх
ойлголтоо өөрчлөх шаардлагатай байна. Түүнчлэн гэмт үйлдлийн хүнд,
хөнгөнөөс хамаарч хариуцлага хүлээлгэдэг байх, эрүү шүүлт тулгах, хүнлэг бус,
харгис хэрцгий, доромжилж гутаасан үйлдэл бүрт /тушаал захирамжийн дагуу
үйлдсэнээс үл хамааран/ хариуцлага хүлээлгэдэг байхаар тус тус өөрчлөх нь
зүйтэй. Мөрдөн байцаах газарт цагдаагийн ажилтны үйлдсэн бүх гэмт үйлдлийг
мөрдөн шалгах бүрэн эрх, хараат бус байдал, хангалттай хөрөнгө хүч олгоход
Оролцогч улс анхаарна уу.
14. Мөрдөн байцаалтыг дүрс, дуу бичлэгийн хальсанд буулгахын тулд хот, хөдөө
орон нутгийн баривчлах байрыг камержуулж эхэлснийг Хороо сайшааж байгаа ч үнэн
хэрэгтээ цөөн тооны хэрэг хальсанд буусан байгаад харамсаж байна. Түүнчлэн хальс
хадгалах, хохирогч буюу сонирхогч бусад этгээд хальсыг ирээдүйд эргэж ашиглахад
баримтлах эрх зүйн хэм хэмжээ талаар мэдээлэл хангалтгүй байсанд харамсаж
байна. /7 дугаар зүйл/
Оролцогч улс мөрдөн байцаалтыг заавал хальсжуулах үүргийг холбогдох
этгээдэд ногдуулсан эрх зүйн хэм хэмжээ бий болгох шаардлагатай байна.
Үүний тулд шаардлагатай санхүү, эд материал, хүний нөөцийг татан оролцуулах
хэрэгтэй. Түүнчлэн хальс хадгалах, түүнийг дараа дараагийн мөрдөн
байцаалтад дахин ашиглахад баримтлах журам баталж, мөрдөхийг Оролцогч
улсаас хүсч байна.
15. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс шүүгч, прокурор, өмгөөлөгчдөд зориулан
эрүү шүүлт тулгах, харгис хэрцгий, хүнлэг бус харьцахаас урьдчилан сэргийлэх,
ийм төрлийн үйлдлийг мөрдөн байцаах талаар сургалт зохион байгуулсанд Хороо
талархаж байгаа ч цагдаагийн болон хорих байгууллагын бие бүрэлдэхүүнд зориулсан зохион байгуулалттай сургалт байхгүй байгаад харамсаж байна. /7, 14 дүгээр зүйл/
Эрүү шүүлт тулгах, харгис хэрцгий, хүнлэг бус, гутаан доромжилсон харьцаа,
шийтгэлээс урьдчилан сэргийлэх, ийм төрлийн үйлдлийг мөрдөн байцаах
асуудлаарх шат дараатай сургалтад хууль хяналт, хорих байгууллагын бие
бүрэлдэхүүн болон шүүхийн ажилтнуудын заавал оролцуулах шаардлагатай.
16. Хорих байгууллагуудын даац хэтэрсэн, цагдан хорих байруудад тогтмол,
хараат бус хяналт тавихгүй байгаад Хороо харамсаж байна. /10 дугаар зүйл/
Оролцогч улс цагдан хорих байранд хяналт тавих бие даасан механизм
байгуулах шаардлагатай байна. Мөн хорих ангиудын даацыг хэтрүүлэхгүй
байхад анхаарч холбогдох арга хэмжээ авах, НҮБ-ын Хоригдлуудтай харьцах
наад захын жишиг дүрмийг баримтлах хэрэгтэй.
17. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг 2009 онд эхлүүлсэнд Хороо талархаж байгаа ч
шүүх байгууллага авилгад автаж, ил тод, хараат бусаар ажиллахгүй байгаад харамсаж
байна. Шүүгчдийн нийгмийн баталгааг хангаж, зээл тусламж, дархан эрх ямба, сурч
боловсрох зардал зэргийг олгосноор тэдний ажлын үр нөлөөг нэмэгдүүлдэг. Харин
эдгээр хүчин зүйлсийг орхигдуулснаар шүүх эрх мэдлийн хараат бус, ил тод байдалд
аюул учирч болзошгүй. /14 дүгээр зүйл/
Одоогийн шүүх эрх мэдлийн тогтолцоо Пакттай нийцэж байгаа эсэх,
бүтэц, зохион байгуулалт, механизм нь ил тод, хараат бус байдлыг
баталгаажуулж чадаж байгаа эсэхийг юуны өмнө тогтоосны дараа шүүх эрх
мэдлийн шинэтгэлийг эхлүүлэх нь зүйтэй гэж Оролцогч улсад зөвлөж байна.
Шинэтгэлийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх бүхий л үе шатанд мэргэшсэн
байгууллага, иргэний нийгмийг оролцуулахад анхаарна уу. Түүнчлэн шүүх эрх
мэдлийн байгууллагын авилгад автсан гэх мэдээлэл бүрийг суурьтай мөрдөн
шалгах арга хэмжээ авах хэрэгтэй байна.
18. Оролцогч улсад эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл их байгаад
гүнээ харамсаж байна. Ийм төрлийн гэмт хэргийн цөөхөн хувь л шүүхээр хянан
шийдвэрлэгдсэн байна. Түүнчлэн Эрүүгийн хуулиар гэр бүл дэх хүчинг гэмт хэрэгт
тооцохгүй байгаад харамсаж байна. /7, 29, 14 дүгээр зүйл/
Олон нийтийг хамарсан мэдээллийн кампанит ажил зохион байгуулах
замаар эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх,
мэдээллээр хангах бодлогоо өргөжүүлж, эрчимжүүлэх шаардлагатай байна.
19. Боловсролын хуулиар тарчлаах шийтгэлийг хориглосон ч энэхүү шийтгэл хаа
сайгүй байсаар байгаад Хороо харамсаж байна. /7 дугаар зүйл/
Оролцогч улс тарчлаах шийтгэлийг бүхий л орчинд таслан зогсоох
арга хэмжээ авна уу. Хүчирхийлэлгүй сурган хүмүүжүүлэх бусад хэлбэрийн
хүмүүжлийн аргыг дэмжиж, тарчлаах шийтгэлийн хор уршгийн талаар олон
нийтэд кампанит ажил зохион байгуулах замаар ухуулах шаардлагатай байна.
20. Эхийн эндэгдлийг бууруулахад Оролцогч улс тодорхой арга хэмжээ авч
байгааг Хороо сайшаахын ялдамд хөдөө орон нутагт эхийн эндэгдлийн хэмжээ их
байгаа болон эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй байгаад зовинож байна.
Оролцогч улс эхийн эндэгдлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг
нэн яаралтай авах шаардлагатай байна. Ялангуяа улсын хэмжээнд түргэн
тусламжийн үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжүүлж, орон нутагт шинэ
эмнэлэг барьж ашиглалтад оруулах замаар эхийн эндэгдлийг бууруулах нь
зүйтэй. Түүнчлэн хүндрэлтэй төрөлтийн үед эмнэлгийн тусламж нэн даруй
авах нөхцөлийг орон даяар бүрдүүлэхэд анхаарлаа хандуулна уу.
21. Хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг хууль тогтоомж батласан нь дэвшилттэй
алхам болсон ч тэдгээр хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаад Хороо харамсаж
байна. Тухайлбал хүн худалдаалах гэмт хэргийн гэрч, хохирогч эрх зүйн туслалцаа
авах, хамгаалуулах, хамгаалах/орогнох байраар хангагдах, хангалттай нөхөн олговор
авах, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах зэрэг заалтууд хэрэгжихгүй байна.
Түүнчлэн хүн худалдаалах хэргийг шийдвэрлэх явцад гарч байгаа хуулийн цоорхойд
Хороо харамсаж байна. Ялангуяа хууль хяналтын байгууллагын албан тушаалтан
холбогдсон хэргийг байцаан шийтгэх явцад энэхүү цоорхой илүү ихээр ажиглагдаж
байна. Хүн худалдаалах гэмт хэргийн ихэнхийг шүүх хэрэгсэхгүй болгосон, мөн
шүүх Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйл /Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах,
биеэ үнэлэхийг зохион байгуулах/-ийг 113 дугаар зүйл /Хүн худалдаалах/-ээс илүү
их хэрэглэдэгт сэтгэл хангалуун бус байна. Ингэснээр буруутай этгээд ял завших
нөхцөл бүрджээ. /8 дугаар зүйл/
Оролцогч улс хүн худалдаалах гэмт хэргийг мөрдөн байцаах, яллах, гэм
буруутай нь тогтоогдвол таарах шийтгэл ногдуулахад бүхий л арга хэмжээ
авах шаардлагатай байгаагаас гадна эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны
бүхий л үе шатанд гэрч, хохирогчийг хамгаалах механизм бий болгохыг Хороо
зөвлөж байна. Түүнчлэн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод зориулж
хамгаалах/орогнох байр байгуулж ажиллуулахад улсын төсвийн бүхий л эх
үүсвэрийг төвлөрүүлэн зарцуулах хэрэгтэй.
22. Эрх зүйн туслалцааны төвүүдээр дамжуулан эрх зүйн туслалцааны
хүртээмжийг нэмэгдүүлсэнд ахиц гарсныг Хороо сайшааж байгаа ч бие даасан
хуульч, өмгөөлөгч цөөн, хангалттай хүн хүч, хөрөнгийн эх үүсвэр дутмагаас эрх зүйн
туслалцааны хүртээмж хязгаарлагдмал байгаад зовинож байна. /14 дүгээр зүйл /