ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, СОЁЛЫН ЭРХИЙН ХОРООНЫ ЕРӨНХИЙ ЗӨВЛӨМЖ /2000 он/

1. Эдийн засаг, Нийгэм, Соёлын Эрхийн Хороо Монгол Улсын эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын ээлжит ГУРАВ ДАХЬ илтгэлийг 2000 оны наймдугаар сарын 17, 18-нд болсон 34, 35, 36 дугаар хуралдаанууд дээр авч хэлэлцээд, 2000 оны наймдугаар сарын 28-ны өдрийн өөрийн 49 дүгээр хуралдаан дээр дараах ерөнхий зөвлөмжүүдийг гаргав.
А. Оршил
2. Хорооноос боловсруулсан илтгэлүүдийг ирүүлэх, удирдах зарчмуудын дагуу  бэлтгэж ирүүлсэн Монгол Улсын ээлжит гуравдугаар илтгэлд Хороо баяр хүргэж байна. Оролцогч-улсын төлөөлөгч байхгүй байгаад Хороо ихээр харамсаж байна. Оролцогч-улс нь Хороонд хэлэлцүүлэхээр мэдээлэл өгсөн атлаа төлөөлөгчөө ирүүлээгүй нь онцгой харамсал төрүүлж байна. Төлөөлөгчтэй хийх ажил хэрэгч яриа нь тухайн улс оронд болж буй нийгэм-эдийн засгийн үйл явцыг илүү ихээр ойлгох боломжийг Хороонд олгох байлаа.
Б. Эерэг зүйлүүд
3. Монгол Улс нь ардчилсан замаар урагшилж, хүн амын хүсэл зоригийг илтгэсэн чөлөөт, шударга сонгууль явуулсныг Хороо сэтгэл хангамжтайгаар тэмдэглэж байна.
4. Оролцогч-улс хүний эрхийн салбарт хийх үйл ажиллагааны Үндэсний төлөвлөгөө боловсруулж буйг нааштайгаар үнэлж, оролцогч-улс хүний эрхийн үндэсний байгууллага бий болгоход чиглэсэн алхмууд хийж буйг Хороо тэмдэглэж байна.
Монголд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд чиглэсэн арга хэмжээ, төслийг хамтран хэрэгжүүлэх замаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд Комиссарын Газартай Оролцогч-улсын хамтран ажиллаж буйд Хороо баяр хүргэж байна.
5. Оролцогч-улсын хүний эрхийн салбарт стандарт тогтоох үндсийг бүрдүүлэх
хууль тогтоомжийг цаашид батлах гэж буй хүчин чармайлтыг Хороо сэтгэл ханамжтайгаар тэмдэглэж байна. Тухайлбал, насаар ялгаварлан гадуурхахыг хориглосон заалтыг Үндсэн хуульдаа оруулсныг Хороо сайшааж хүлээн авав.
6. Оролцогч-улсын хүн амын эмзэг бүлэг, юуны өмнө эмэгтэйчүүд, хүүхдийн нөхцөл байдлыг сайжруулахад чиглэгдсэн үндэсний хөтөлбөр баталж, хэрэгжүүлж байгаа мэдээлэлд Хороо баяр хүргэж байна.
7. Оролцогч-улс хүн амд тохиолдож буй нийгэм-эдийн засгийн асуудлуудыг  шийдвэрлэхийн тулд олон улсын хэтийн ажиллагаагаа хөгжүүлж байгааг Хороо этгэл
ханамжтай тэмдэглэж байна. Хороо, тухайлбал, Оролцогч-улсын Азийн хөгжлийн банктай байгуулсан ядууралтай тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээрийг тэмдэглэж байна.
Энэ хэлэлцээрт заасны дагуу Монгол Улс нь ядуурлын хэмжээг бууруулах, бүх нийтийн анхан шатны боловсролыг хангах, 2005 онд бага насны хүүхдийн эндэгдлийг 50 хувь бууруулах зорилгоор жилд 40 сая америк долларын зээл авна.
8. Оролцогч-улсын говийн бүсийн эмэгтэйчүүдийн зайны албан бус сургалтын төсөл зэрэг боловсролын салбар дахь янз бүрийн санаачлага, хүчин чармайлтад Хороо баяр хүргэж байна.
В. Пактыг хэрэгжүүлэхэд учирч буй хүчин зүйл, бэрхшээлүүд
9. Оролцогч-улс нь зах зээлийн эдийн засагт шилжих явцдаа томоохон бэрхшээлүүдтэй тулгарч буй нь Хороонд тодорхой юм. Эдгээр бэрхшээлүүд хуучин Зөвлөлт Холбоот Улстай тогтоосон эдийн засгийн харилцааны огцом тасалдал, 1990 оны байдлаар үндэсний нийт бүтээгдэхүүний бараг 30 хувьтай тэнцэх хэмжээний олон төрлийн тусламжийг зогсоосонтой холбоотой болно. Энэ нь үйлдвэрүүдийг хаах, эсхүл тэдгээрийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг хорогдуулах, улмаар ажилгүйдэл их
хэмжээгээр өсөх, амьдралын түвшин үлэмж хэмжээгээр буурахад хүргэж байна.
Оролцогч-улсын хувьд олон улсын зах зээлд дээрх худалдааны тааламжгүй нөхцөл,
Ази дахь эдийн засгийн хямрал нь Монголын эдийн засгийг улам хүндрүүлсэн. Эдгээр
хүчин зүйлүүдтэй холбоотой асуудлууд нь Оролцогч-улсыг Пактаар хүлээсэн үүргээ
биелүүлэхэд бодитойгоор нөлөөлж байгааг Хороо ойлгож байна.
10. Хүн амын хэрэгцээ ба бодит нөөц боломжийн хооронд байгаа зөрүү нь ойрын жилүүдэд улс оронд тохиолдсон цаг агаарын хүндрэлийн улмаас гүнзгийрч, улмаар эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг практикт хэрэгжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж байгааг Хороо хүлээн зөвшөөрч байна.
Г. Сэтгэл түгшээж буй үндсэн асуудлууд
11. Монголын хүн амын ихэнх хэсэгт учирч буй шилжилтийн үеийн сөрөг нөлөөллийн талаар Хороо сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байна. Дэлхийн Банкны үнэлгээгээр 1998 онд хүн амын 35 хувь нь ядуурлын түвшинд, 18 хувь нь нэн ядуу байдалд байна. Шилжилтийн үеийн нөлөөллийг бууруулахад чиглэсэн нийгмийн хамгааллын арга хэмжээнүүд нь ядуурлын хэмжээ, түвшинг бууруулахад тун бага нөлөөлж буй тухай Оролцогч-улсын ирүүлсэн мэдээллийг Хороо онцгой сэтгэл зовнин хүлээж авав.
12. Эмэгтэйчүүдийн талаарх зонхилж буй уламжлалт бодол, практикийн тааламжгүй үр дагавар, эмэгтэйчүүдийн ядуурлын байдалд Хороо гүнзгий зовниж байна. Эмэгтэйчүүдийн гуравны нэг нь хүчирхийлэлд өртөж байгаа тухай үнэлгээ болон гэр бүл дэх хүчирхийллийн хохирогчийг хамгаалах эрхийн хамгаалалтын арга хэмжээ, механизмын чадваргүй байдалд Хороо харамсал илэрхийлж байна. Түүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүдийг гадуурхалт болон ажлын байран дахь бэлгийн өнгөлзлөгт Хороо түгшиж байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн салбарт болон төрийн байгууллагад эмэгтэйчүүд удирдах албан тушаал хашихгүй байгаад Хороо мөн сэтгэл зовниж байна.
13. Оролцогч-улс Монголын бүх хүн амын 42 хувийг эзэлж байгаа хүүхдүүдэд ядуурлын үзүүлэх нөлөөллийн сөрөг үр дагаврыг зөөлрүүлж чадаагүйд Хороо зовниж байна. Тухайлбал, одоогийн байдлаар хөөрхийлөлтэй нөхцөлд амьдарч, өлсгөлөн, өвчин, хүчирхийлэл, бэлгийн болон эдийн засгийн боолчлолд өртөж буй 30, 000 орчим гэр оронгүй хүүхдүүдэд (тэдгээрийн 60 хувь нь Улаанбаатар хотод байдаг) Хороо сэтгэл зовниж байна.
14. Тэтгэврийнхэн, цөөн малтай малчид, өрх толгойлсон эмэгтэйчүүд, настайчууд, ажилгүйчүүд, хүүхдүүд зэрэг эмзэг бүлгийнхний хүнсний аюулгүй байдалд учирч буй
аюулын тухай оролцогч-улсын Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаар давхар баталгаажуулсан мэдээг Хороо харамсан хүлээж авав.
Өнгөрсөн оны ган гачиг болон энэ оны хатуу ширүүн өвлийн улмаас 2 сая гаруй толгой мал хорогдож байдлыг улам хүндрүүлж байгааг Хороо тэмдэглэж байна.
15. Сүүлийн жилүүдэд эрүүлийг хамгаалахад зарцуулах улсын зардал буурснаас Монголд 1990 оноос эхлэн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтүүд буурсныг (Засгийн Газрын мэдээгээр эрүүлийг хамгаалахад зарцуулах улсын зардал 1991 онд үндэсний
нийт бүтээгдэхүүний 5,8 хувийг эзэлж байсан бол 1998 онд 3,6 хувь болжээ) Хороо түгшүүртэйгээр мэдэв.
Эрүүлийг хамгаалахын системд хөдөөгийн оршин суугчид, ядуучууд хязгаарлалтайгаар хамрагдаж, дундаж наслалтын үзүүлэлт харьцангуй доогуур байгаа, халдварт бус өвчлөлтийн тархалт нэмэгдэж, түүнчлэн бэлгийн замын халдварт өвчин ихсэж, мансуурах явдал нэмэгдэж, эхийн эндэгдлийн өндөр түвшин, ялангуяа энэ нь хөдөө их байгаа, үр тогтоохын эсрэг эм хэрэглэл дутагдаж буй зэрэг нь Оролцогч-улсын хувьд тохиолдож буй ноцтой хүндрэл бэрхшээл юм.  Мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэх, хүүхэд, багачуудын дунд амиа хорлох явдал өсөж байгаад авах нөлөөллийн арга хэмжээ байхгүй байгаад Хороо зовниж байна.
16. Урьдчилсан хорих байрнуудын нөхцөл муу байгаа, ялангуяа өрөөнүүдэд олноор нь хорьдог, эмнэлгийн үйлчилгээ хангалтгүй, ариун цэврийн байдал туйлын хангалтгүй, хоолны илчлэг тааруу байгаа тухай мэдээлэл их байгааг Хороо сэтгэл түгшин тэмдэглэж байна.
17. 1990 оноос эхлэн Засгийн газар боловсролд зориулсан зардлыг багасгаснаас боловсролын чанар буурч байгаа мэдээллийг Хороо харамсан хүлээж авлаа. Сургуулиа хаяж буй хүүхдийн эзлэх хувь огцом өсөж, ялангуяа малчдын хүүхэд сургуулиас их хэмжээгээр завсардаж, хөдөлмөр эрхэлж байгаад Хороо онцгойлон зовниж байна.
Д. Санал, зөвлөмж
18. Оролцогч-улсад өөрийнхөө ээлжит дөрөвдүгээр илтгэлд Монгол Улсын дотоодын эрх зүйн систем дэх Пактын хүчин чадалтай холбоотой мэдээллийг оруулахыг Хороо зөвлөж байна.
19. Оролцогч-улсыг аль болох богино хугацаанд хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллагыг Парисын зарчимд (1991 оны) нийцүүлэн байгуулахыг Хороо уриалж байна.
20. Оролцогч-улсад өөрийн ээлжит дөрөвдүгээр илтгэлдээ Венийн тунхаглал, Үйл ажиллагааны төлөвлөгөөний (1993 он) дагуу хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрийн тухай тэмдэглэл хавсаргаж, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэхийг
Хороо зөвлөж байна.
21. Оролцогч-улсад Монголын эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн бодит хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Пактын 1 дүгээр зүйлийн 2, 23 дугаар зүйлд заасны дагуу олон улсын тусламж дэмжлэгийг авах хамтын ажиллагааг хөгжүүлэх талаарх өөрийн хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийг Хороо зөвлөж байна.
Монголын ээлжит дөрөвдүгээр илтгэлд Азийн хөгжлийн банктай байгуулсан ядууралтай тэмцэх салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээрийн статустай холбоотой мэдээллийг оруулбал Хороо баяр хүргэх байна.
22. Засгийн газраас ядуурлын хэмжээг багасгах зорилгоор боловсруулсан Хүний нөөцийн хөгжлийн үндэсний төлөвлөгөө, Ядууралтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн ач холбогдлыг Хороо тэмдэглэж байна. Оролцогч-улсыг цаашдаа ядуучуудад хөрөнгө зарцуулж, өөрийн ээлжит дөрөвдүгээр илтгэлдээ дээр дурдагдсан төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Хороонд мэдээлэхийг Хороо хичээнгүйлэн уриалж байна. Үүнтэй холбоотойгоор оролцогч-улс нь Хорооны №3 Санамжийн 12 дугаар хэсэгт заасны дагуу хөрөнгө мөнгөний онцгой гачаалыг үл харгалзан нийгмийн эмзэг  бүлгийг хамгаалах үүрэг хүлээснийг Хороо сануулахыг хүсэж байна.
23. Оролцогч-улсыг жирэмсэн эмэгтэйчүүдийг ажлаас халахыг хориглох гэх мэт эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэлтэд ялгаварлан гадуурхахыг хориглосон хөдөлмөрийн хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлж, бэлгийн өнгөлзлөгийг эрүүгийн хариуцлагад татах хуулийг батлахыг Хороо уриалж байна. Оролцогч-улсыг гэр бүлийн хүчирхийллийн талаарх хүн амын мэдээлэл, мэдлэгийг сайжруулах зорилгоор сурталчилгааны компанит ажил зохион байгуулж. гэр бүл дэх хүчинг эрүүгийн гэмт хэрэгт тооцож, хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа авах
боломжийг хангаж өгөхийг Хороо хичээнгүйлэн уриалж байна.
24. Оролцогч-улсыг хүн амын амин чухал хэрэгцээг хангахад тэргүүн зэргийн ач холбогдол өгөх, үүнд олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хандуулахыг Хороо хичээнгүйлэн уриалж, үүнтэй холбоотойгоор Оролцогч-улсын анхаарлыг өөрийн Ерөнхий Санамжийн 14 дүгээр хэсэгт хандуулж байна.
25. Оролцогч-улсад алслагдсан нутгийн оршин суугчдыг эмнэлгийн үйлчилгээний үндсэн төрөлд хамруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгод хийж буй алхмаа үргэжлүүлэхийг Хороо зөвлөж, үүнтэй холбоотойгоор Оролцогч-улсын анхаарлыг өөрийн саяхан баталсан Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн тухай Ерөнхий шинжийн
14 дүгээр Санамжид хандуулж байна.
Хэрэв Оролцогч-улс өөрийн ээлжит дөрөвдүгээр илтгэлд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй эрүүлийг хамгаалах секторыг хөгжүүлэх хөтөлбөрийн (1998 он) талаарх мэдээлэл, түүнчлэн улс орны хүн амын эмнэлгийн үйлчилгээнд хамруулалтын дээшлэлт, эрүүл мэндийн байдлыг сайжруулах салбарт гарч буй дэвшлийн талаар оруулж өгвөл Хороо талархах болно.
26. Оролцогч-улсад бие дааж дангаараа, эсхүл олон улсын хамтын ажиллагааны хүрээнд өөрийн өмнө тулгарч буй сургуулийн сургалтын хөтөлбөрийн үр дүнг дээшлүүлэх, сургууль завсардаж буй хүүхдийн эзлэх хувь өндөр байгаа шиг Монголын боловсролын салбар дахь бэрхшээлүүдийг даван туулах талаар хичээн ажиллахыг хороо зөвлөж байна.
27. Оролцогч-улсаас энэхүү зөвлөмжүүдийг улс орны хүн амын дунд аль болох өргөнөөр сурталж тараахыг Хороо хүсэж байна.
28. Оролцогч-улсыг өөрийн дөрөв дэхь илтгэлийг 2003 оны 6 дугаар сарын 30-ны дотор ирүүлэхийг Хороо хүсэж байна.