» » » Гомдол шийдвэрлэх үйл явц

Гомдол шийдвэрлэх үйл явц

Комисс гомдлыг албан ёсоор хүлээн авсны дараа гомдлыг шалгах ажиллагаа эхэлдэг. Хуулийн дагуу 30 хоногт багтаан шийдвэрлэх үндсэн дээр шалгах ажиллагааг төлөвлөж явуулах ёстой. Нэмэлт судалгаа, шалгалт хийх шаардлагатай бол хугацааг Комиссын дарга 60 хүртэл хоногоор сунгаж болно. Өргөдөл, гомдол хариуцсан ажилтан нь хуульд заасан дээрх хугацаанд гомдлыг шийдвэрлэхийн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Комисст гомдлыг дараах ерөнхий процессын дагуу шийдвэрлэнэ. Гомдол шийдвэрлэх үйл явц тус бүрээр тайлбарлавал,

 

 

 

 

 

 


1. Гомдол хүлээн авах, бүртгэх

  • Комисст ирсэн гомдлыг бичиг хэрэг хариуцсан ажилтан бүртгэнэ.
  • Ирүүлсэн гомдлыг Комиссын гишүүн хүлээн авч, хянан үзнэ.
  • Хэрэв гомдол хуульд заасан шаардлагыг хангаагүй бол гомдлыг хүлээн авахаас татгалзна. Мөн эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааны талаарх гомдлыг харъяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж болно.
  • Түүнчлэн гомдол гаргагчид зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар ямар эрх, үүрэгтэй болохыг тайлбарлаж өгч болно.
2. Гомдлын мөрөөр шалгалт хийх

Комиссын гишүүн гомдлыг хүлээн авч, хянан үзээд шаардлагатай гэж үзвэл шалгалт хийнэ. Комиссын гишүүн гомдлын мөрөөр шалгалт хийхдээ дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

  • Гомдол гаргагч, холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүнээс гомдлын талаар бичгээр тайлбар авч болно. Хэрвээ гомдол гаргагч нь бичиг үсэг мэдэхгүй бол амаар тайлбар авч, энэ тухай тэмдэглэл хөтөлнө.
  • Гомдолтой холбогдолтой асуудлаар аль ч аж ахуйн нэгж, байгууллагад саадгүй нэвтрэн орж, түүний хурал, зөвлөлгөөнд оролцох, холбогдох албан тушаалтантай биечлэн уулзаж болно.
  • Шаардлагатай нотлох баримт, албан бичиг, мэдээллийг байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах, газар дээр нь танилцаж болно.
  • Тусгай мэдлэг шаардагдсан тохиолдолд зохих байгууллагын шинжээчийг томилж, дүгнэлт гаргуулна.
  • Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд дангаар буюу төрийн эрх бүхий байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд санал болгосны үндсэн дээр хамтран шалгалт явуулна.
  • Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай гэж үзсэн тохиолдолд холбогдох хуульд заасан журмын дагуу төр, байгууллага, хувь хүний нууцтай танилцана.

 

3. Комиссын гишүүн гомдлыг шийдвэрлэхдээ дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 

  • Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд хуулиар тогтоосон журмын дагуу биечлэн болон төлөөлөгчөө оролцуулна.
  • Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзсэн албан тушаалтанд захиргааны шийтгэл ногдуулах тухай хүсэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавина.
  • Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, зөрчих нөхцөл бүрдүүлсэн үйл ажиллагаагаа зогсоохыг байгууллага, албан тушаалтнаас шаардана.
  • Талуудыг эвлэрүүлэх замаар асуудлыг шийдвэрлэж болно.
  • Гомдол үндэслэлгүй гэж үзвэл гомдол гаргагчид буцаах арга хэмжээ авч болно.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК