» » » Хүний эрхийн Үндэсний Комисс баруун бүс нутагт ажиллана

Хүний эрхийн Үндэсний Комисс баруун бүс нутагт ажиллана

  Хүний эрхийн Үндэсний Комисс ойрын өдрүүдэд баруун дөрвөн аймагт ажиллана. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн иргэдэд хүний эрхийн чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулж, өргөдөл гомдлыг нь хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгөх, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, эрхээ хамгаалахад туслах, тухайн орон нутгийн удирдлагын зүгээс олон нийтэд хандаж гаргасан тогтоол, захирамж нь хүний эрхийн зарчимд нийцэж буй эсэхийг хянаж шалган, үнэлэлт дүгнэлт өгөхөөр тавдугаар сарын 25-нд хөдөөг зорино.

Хүний эрхийн Үндэсний Комисс баруун бүс нутагт ажиллана
     Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүрэг бүхий Хүний  эрхийн Үндэсний Комисс нь хөдөөгийн иргэдийн эрхийн асуудалд анхаарал хандуулж, "Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг дээрх дөрвөн аймагт зохион байгуулах юм. "Хүний эрхийн нээлттэй өдөр”-үүд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд тавдугаар сарын 25-27-нд, Ховд аймгийн Жаргалант суманд  тавдугаар сарын 29-31-нд, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд зургадугаар сарын 1-3-нд, Увс аймгийн Улаангом суманд  зургадугаар сарын 5-7-нд болно.   
      Эл арга хэмжээг ХЭҮК дээрх аймгуудын Засаг даргын Тамгын газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төсөлтэй хамтран зохион явуулна.    
       Хүний эрхийн нээлттэй өдрүүдэд баруун бүс нутгийн иргэдийн өргөдөл гомдлыг Хүний эрхийн Үндэсний Комисс хүлээн авч, танилцах, зөвлөгөө өгөхөөс гадна тухайн аймаг бүрийн Засаг дарга болон Тамгын газар, Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газар зэрэг төрийн зарим байгууллагын албан хаагчдад зориулан "Хүний эрх” сэдэвт уулзалт, ярилцлага, сургалт явуулна. Мөн аймгуудын эрүүлжүүлэх болон цагдан хорих байрны нөхцөл байдалтай танилцах ажлыг тухайн аймаг бүрийн прокурортой хамтран гүйцэтгэх юм.


Хавсралт файл Хэмжээ
hunii_erhiin_komiis.jpg 18.84 KB

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК