» » » » » 2008 онд зохион байгуулсан хүний эрхийн сургалт, боловсролын үйл ажиллагаа

2008 онд зохион байгуулсан хүний эрхийн сургалт, боловсролын үйл ажиллагаа

Хууль хяналтын байгууллагын ажилтанд зориулсан сургалтыг "Хохирогчийн эрхийг хангах нь”, "Хүний эрхийг хангах, хамгаалахад цагдаагийн албан хаагчийн үүрэг хариуцлага, "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хамгаалах, эрүү шүүлтийг хориглох нь”, ”Хүн худалдаалах гэмт хэрэг”, "Хүнд сурталд гарц бий”, "Энхийг сахиулах үйл ажиллагаа ба хүний эрх”, "Цэргийн алба ба хүний эрх”, "Цэргийн байгууллага дахь хүний эрхийн асуудал” зэрэг сэдвийн хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Сулинхээр, Замын-Үүд, Улаан-Уул дахь хилийн цэргийн ангиуд, Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн штабтай хамтран цэргийн албан хаагчдад зохион байгуулав.

Нийслэлийн боловсролын газар, Удирдлагын академи, Улсын Боловсролын Их Сургуулийн Хүний эрхийн боловсролын төв, Улаанбаатар дээд сургууль, Жендэрийн тэгш байдлын үндэсний хороотой хамтран, "Иргэдийн эрхийг хангах, хамгаалахад төрийн анхан шатны байгууллагын оролцоо”, "Эрхэд суурилсан боловсрол”, "Хүний эрхийг хангах механизм”, "Хүний эрхийн ойлголт, зарчим” зэрэг сэдвийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн менежер, нийгмийн ажилтан, боловсролын арга зүйч, багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг хамруулсан 15 өдрийн 6 сургалтыг тус тус зохион явуулсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан онол практикийн бага хурал, зөвлөлдөх уулзалт, "Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлага, "Эмэгтэйчүүдийн эрх ба хэвлэл мэдээлэл” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Итали Улсын Засгийн газрын бус АИФО байгууллагатай хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх” олон нийтийн лекцийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах талаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, их дээд сургуулийн оюутнууд, ЕБС-ийн сурагчид, Улаанбаатар хот, Зүүн бүсийн Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудын иргэдэд 10 өдрийн, 4 сургалтыг зохион байгуулж, сургалтад оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургагч багшийн гэрчилгээ олгов. 

Швед Улсын Лүндийн Их сургуулийн Рауол Валленбергийн Хүний эрх, хүмүүнлэгийн эрх зүйн институттай хамтран "ХЭҮК ба түнш байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх нь” сэдвээр 10 өдрийн сургалтыг зохион байгуулж, ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн төлөвлөгөөнд тусгагдаагүй сургалт буюу "Эрүү шүүлтийн талаарх ойлголт”, "Хорих, цагдан хорих ангид тавих олон улсын стандарт” зэрэг сэдвээр хууль хяналтын байгууллагын ажилтнууд, Цагдаагийн академийн сонсогчид оролцсон 8 өдрийн 6 сургалтыг зохион байгуулав.

Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтууд, Чингэлтэй дүүргийн болон Төв аймгийн ЗДТГ-ын ажилтнуудад "Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалахад анхаарах асуудлууд”, "Хүүхдийн эрх”, "Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг дээдлэх” зэрэг сэдвээр 4 өдрийн 4 сургалтыг, Баянгол, Чингэлтэй дүүргийн хүний эрхийн салбар хороодын мэргэжилтэн, хороодын Засаг дарга болон ниймийн ажилтнуудад "Иргэдийн эрхийг хангах, хамгаалахад төрийн анхан шатны байгууллагуудын оролцоо” сэдэвт 1 өдрийн сургалт тус тус хийв.

Хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдлыг тодорхойлох, уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, хохирогчдын эрхийг хамгаалахад холбогдох байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны арга хэлбэрийг тодорхойлж, хамтран ажиллахад анхаарах шаардлагатай асуудлуудын талаарх Монголын нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор "Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулсан.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хамтран "Монгол Улс дахь олон улсын хөдөлмөрийн стандартын хэрэгжилтийн төлөв байдал” сэдэвт семинарыг зохион байгуулсан ба семинарт дээрх байгууллагын ажилтнуудаас гадна Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Айпек хөтөлбөрийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын эмэгтэйчүүдийн сан, Хөдөлмөрийн эрх зүй судлаачдын холбоо зэрэг төрийн бус байгууллагуудаас 36 төлөөлөгч оролцсон болно.

Тооны хэлээр

Хүний эрхийн сургалт

2008 он

Төлөвлөгөөт сургалт

Нийт цаг

591

Нийт оролцогч

2749

Төлөвлөгөөт бус сургалт

Нийт цаг

55

Нийт оролцогч

301

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК