» » » » » 2012 онд зохион байгуулсан хүний эрхийн сургалт, боловсролын үйл ажиллагаа

2012 онд зохион байгуулсан хүний эрхийн сургалт, боловсролын үйл ажиллагаа

Хүний эрхийг хөхиүлэн дэмжих бүрэн эрхийнхээ хүрээнд иргэд, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн бүх байгууллага, олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор дараах сургалт, боловсролын үйл ажиллагааг зохион байгуулсан болно.

Үүнд: Төрийн байгууллагын албан хаагчдын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчмыг баримтлан ажиллах хандлагыг бий болгох зорилгоор "Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтын модулийг боловсруулсан. Тус модулийг боловсруулахад Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор У.Туяа, НҮБын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөх Б.Хишигсайхан нар шинжээчээр ажилласан. Уг модуль нь зорилтот бүлгээс хамааран тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тодорхой хэсгүүдийг хэсэгчлэн авч ашиглах боломжтойгоос гадна сургагч багшид зориулсан мэдээллийг багтааснаараа бусад сургалтын модулиас онцлог юм.

Түүнчлэн насанд хүрэгчдэд зориулсан сургалтыг явуулахад тэдний оролцоог хангасан, идэвхтэй арга зүйгээр удирдан явуулах аргачлалыг боловсруулснаараа ач холбогдолтой болсон. Мөн уг модуль нь Комиссоос зохион явуулах хүний эрхийн сургалтын гол хэрэглэгдэхүүн болохын зэрэгцээ Комиссын ажилтнуудын сургалт явуулах арга зүйг дээшлүүлэхэд чухал аргачлал болж чадсанаараа давуу талтай.

Дээр дурьдсан "Хүний эрхэд суурилсан хандлага" сургалтын модулийн хүрээнд Хууль хяналтын болон төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалтыг зохион байгуулсан. Сургалтад оролцогч тус бүрт үнэлгээний хуудас өгч сургалтын агуулга, явц, багш нарын заах арга барилыг тухай бүр нь үнэлж дүгнүүлэн, оролцогчдын санал, хэрэгцээ шаардлагад тулгуурлан дараа дараагийн сургалтын чанар, заах арга барилыг сайжруулахад анхаарч ажилласан. Сургалтын үр дүнг сургалтад оролцогчдын 99 хувь нь "онц сайн", 90 хувь нь модулийн агуулга, хэрэгцээ, ач холбогдлыг эерэгээр үнэлсэн байна.

Хууль хяналтын байгууллагын албан хаагчдын хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хүний эрхийг хамгаалах, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрх” сургалтын гарын авлагыг боловсруулж, хууль хяналтын байгууллагын нийт 195 албан хаагчдад 17 цагийн сургалтыг тус тус зохион явууллаа. Үүнд:

  • Тагнуулын ерөнхий газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдад;
  • "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээний хүрээнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын, Дорноговь аймгийн Сайншанд сумын, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шүүгч, прокурор, цагдаа зэрэг хуулийн байгууллагын ажилтан, албан хаагчдад;
  • Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газартай хамтран эрүүгийн төлөөлөгчдөд;
  • Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран аймаг, дүүргийн эрх зүйн туслалцааны төвийн мэргэжилтэн, өмгөөлөгч нарт сургалтыг Завхан аймагт зохион байгууллаа.

Комисс Цагдаагийн Ерөнхий Газартай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Комиссын Ажлын албаны даргын баталсан хөтөлбөрийн дагуу цагдаагийн албан хаагчдад дараах цуврал сургалтуудыг тус тус зохион байгуулжээ. Үүнд:

  • Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Цагдаагийн Ерөнхий Газартай хамтран "Нийгмийн хэв журам ба Хүний эрх” сэдэвт сургалтыг 2 өдөр зохион байгууллаа. Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн дэд дарга, хэрэг бүртгэх тасгийн дарга, хэв журмын тасгийн дарга, хэсгийн төлөөлөгч зэрэг албан хаагчид оролцсон ба "Хүний эрх ба Үндсэн хууль”, "Хүний эрхийн тухай ойлголт ба зарчим, түүний хязгаарлалт”, "Нийгмийн хэв журам ба баривчлан саатуулах ажиллагаа”, "Нийтийн эмх замбараагүй байдал, түүний виктимологийн зарим шинж”, "Цагдаагийн байгууллагаас нийгмийн хэв журам хамгаалах үйл ажиллагаанд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэл, журам” зэрэг 11 сэдвийн хүрээнд явагдсан байна. Мөн сургалтад заасан хичээлүүд, олон улсын баримт бичгүүд болон Цагдаагийн байгууллагын нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбоотой 10 орчим дүрэм, журмуудыг хавсралт болгон эмхэтгэн хэвлүүлж оролцогч тус бүрт тараан өгсөн. Энэхүү эмхэтгэл нь сургалтад оролцсон цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнууд сургалтаас олж авсан мэдлэгээ бусад хэлтэс, тасгийн албан хаагчиддаа зааж сургах, сургалтын материалыг албан хаагч бүр судлан үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх боломжтойгоороо ач холбогдолтой болсон.
  • "Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гамшиг ослын үед хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын хэв журмын ахлах байцаагчдад,
  • "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах нь” сэдэвт сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын нийт 25 хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдад,
  • Охид, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, энэ төрлийн гэмт хэрэгт бага насны хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдний эрхийг хамгаалах асуудалд цагдаагийн байгууллагын албан хаагчдыг мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, практик чадварыг дээшлүүлэх зорилгоор Хүчирхийллийн эсрэг Үндэсний Төвтэй хамтран Цагдаагийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн байцаагч, хүүхдийн байцаагчдад "Хүний эрхийн тухай ойлголт”, "Жендэрт суурилсан хүчирхийлэл”, "Охид эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах гэмт хэргийн эрх зүйн орчин”, "Охид, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлууд” зэрэг сэдвээр сургалтыг тус тус зохион явуулав.
  • Эмнести Интернэшнл Монгол төрийн бус байгууллагатай хамтран цагдаагийн 25 албан хаагчдад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулсан. Сургагч багшаар бэлтгэгдсэн оролцогчид цаашид өөрийн харьяа байгууллага дээр хүний эрхийн сургалтыг хариуцан ажиллах юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн "Хүний эрхэд хяналт тавих, үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн мэдрэмжтэй, мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн дунд "Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтыг зохион байгуулсан. Сургалтыг 2012 оны 10 дугаар сарын 30-31-ний өдөр "Найрамдал” олон улсын хүүхдийн төвд зохион байгуулсан бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, Комиссын дэргэдэх сэтгүүлчдийн клубын гишүүд нийт 23 сэтгүүлч оролцсон юм.

Сэтгэцийн өвчтэй хүмүүстэй өдөр тутам ажилладаг эмнэлгийн байгууллагын албан хаагч, ажилтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сургалтыг зохион байгуулсан байна.

Хүний эрхийн боловсрол, сургалтын үйл ажиллагааг өргөжүүлэх, орон зайн хамаарлыг даван туулах, сургалт зохион байгуулах шинэ арга замыг эрэлхийлэх зорилгоор "Монголын Цахим Мэдлэг” төрийн бус байгууллагын сургалтын цахим талбарыг (www.mongolcampus.org) үнэ төлбөргүй ашиглан, Комиссын ажилтан, албан хаагчдад "Хүний эрхийн боловсрол” сэдэвт туршилтын цахим сургалтыг зохион байгуулсан.

Удирдлагын зүгээс цахим сургалтын үр нөлөө ач холбогдлыг өндрөөр үнэлж, 2013 онд комиссын цахим хуудаст тулгуурлан цахим сургалтын талбарыг байгуулахаар шийдвэрлэсэн болно.

Байгууллагуудын хүсэлт, захилгаар хүний эрхийн сургалтууд зохион явуулах ажлын хүрээнд дор дурьдсан албан байгууллагын захиалгаар сургалтыг явуулсан болно. Үүнд:

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн албадан саатуулах баривчлах байр, Архивын ерөнхий газар, "Билиг”, Отгонтэнгэр, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн болон Эдийн засгийн сургуулийн захиалгаар сургалтыг тус тус зохион байгуулсан байна.

Тоон хэлээр

Хүний эрхийн сургалт

2011 он

2012 он

Төлөвлөгөөт сургалт

Нийт цаг

149

75

Нийт оролцогч

2012

387

Төлөвлөгөөт бус сургалт

Нийт цаг

48

81


Зорилтот бүлэг

Цаг

Оролцогч

Хууль хяналтын байгууллагын албан хаагчдад

70

738

Төрийн захиргааны байгууллагын албан хаагчдад

25

320

Төрийн үйлчилгээний албан хаагчдад

14

63

Өмгөөлөгчдөд, сэтгүүлчдэд, шашны байгууллагын төлөөлөлд

36

120

Оюутан залуучуудад

11

183

Нийт

156

1424

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК