Зөвлөлдөх уулзалт зохион байгуулав

Зөвлөлдөх уулзалт зохион байгуулавХүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд ахиц дэвшил гаргах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зохион байгууллаа.

Уг уулзалтыг Монгол Улс дахь хүүхдийн эрхийн өнөөгийн төлөв байдал, хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлуудыг олон талын мэдээлэл оролцоогоор тодорхойлох, хүүхдийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих талаар төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын гүйцэтгэх үүргийг тодорхойлох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.

Зөвлөлдөх уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Оюунчимэг "Монгол Улс дахь хүүхдийн эрхийн хэрэгжилтийн зарим асуудал-ХЭҮК-оос хүүхдийн эрхийн чиглэлээр хийсэн хяналт шалгалт, судалгаа, сургалт сурталчилгааны үйл ажиллагааны үр дүн”, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун "Хүүхдийн эрх, хамгаалал-Төрийн бодлого, үйл ажиллагаа”, НҮБ-ын Хүүхдийн сангийн нийгмийн бодлогын ахлах мэргэжилтэн Н.Энхнасан "Хүүхдийн эрхийн талаарх НҮБ-ын Хүүхдийн сангийн чиг хандлага, бодлого үйл ажиллагаа”, Японы хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон болон Сайн засаглалын төлөө хүүхэд залуусын бүлгийн хүүхдүүд "Өсвөр үеийн дуу хоолой” судалгааны дүнг танилцуулж, илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталснаар хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг хориглосон дэлхийн 16 дахь улсаар бүртгэгдсэн байна. Хэдийгээр хууль эрх зүйн орчноо сайжруулсан хэдий ч хүүхдийн эрхийн зөрчил нийгмийн бүхий л салбарт ямар нэгэн хэмжээгээр байсаар байгааг илтгэгч байгууллагуудын хийсэн хяналт шалгалт, судалгаа, дүн шинжилгээ, оролцогч хүүхдүүдийн яриа мэдээлэлд дурдагдаж байв.

Тухайлбал хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт ирсэн 410000 гаруй дуудлагын 20 хувь нь хүүхдийн эрхийн зөрчил, хүүхэд хамгааллын дуудлага мэдээлэл байсан байна. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 2014 онд 11, 2015 онд 36, 2016 онд 67, 2017 эхний 4 сарын байдлаар 25 тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн гэмт хэрэг огцом тасралтгүй өсөж байгаад анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцоллоо.

Зөвлөлдөх уулзалтад оролцогчид Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, хуулийн сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөртэй болох, хүүхэд хамгааллын хамтарсан багийг чадавхжуулах ажилд хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлэх нь зүйтэй хэмээн дүгнэлээ.

Зөвлөлдөх уулзалт зохион байгуулав
Зөвлөлдөх уулзалт зохион байгуулав

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК