» » » » Багш нараас талархлын захидал ирүүллээ

Багш нараас талархлын захидал ирүүллээ

МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей сургуулийн багш нараас Комисст талархлын захидал ирүүллээ. Тус захидалдаа "Өнөөгийн энэ нийгэмд ажиллаж амьдарч байгаа жирийн багш нарын эрх ашиг янз бүрийн байдлаар зөрчигдсөөр байна. Ийм нөхцөл байдалд орсон бидний хэдэн багш нар өөрийн болоод сургууль хамт олныхоо нэрийг гарган байж бүтэн нэг жилийн турш маш олон байгууллагын хаалгыг татаж асуудлаа шийдүүлэхийг оролдсон боловч бүр ч их дарамтанд орох болсон.
Харин та бүхэн бидний цөхрөөд байсан итгэлд гал хайрлаж, бидний хүн ёсны эрх ашгийг хамгаалахын төлөө хичээл зүтгэл, сэтгэл гарган ажиллаж, үнэн худлыг ялган салгаж өгсөн нь бидний багш нар төдийгүй бидний гэр бүлд баяр баясгалан, цаашдын ажил амьдралд маань маш их урам зориг авч ирлээ.
Бидний адил нөхцөл байдалд орсон хүн ардынхаа төлөө гэсэн та бүхний үйлсэд өндөр амжилт хүсэж улам улам олон олон хүмүүст аз жаргалтай, тайван амьдрах эрх боломжийг олгоорой гэж чин сэтгэлээсээ ерөөе.
Та бүхний итгэл хайрласан багш нараас гэсэн байв.

 

Байгаль-Эх лицей сургуулийн нэр бүхий багш, сурагчдын эцэг эхийн төлөөллийн зүгээс "хүүхдүүдийн сурч боловсрох эрх, багш ажилтнуудын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа тухай болон тус сургуулийн удирдлага, багш, ажилтнуудын зан харилцаа, ёс зүйн зөрчлийн талаар” Комисст 2017 оны 5 дугаар сард гомдол гаргасан юм.

Гомдлын дагуу тус 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Комиссоос хяналт шалгалт хийхэд тус сургуулийн удирдлага багш, ажилтнуудтай ёс зүйгүй харьцдаг үндэслэлгүйгээр цалин урамшууллаас хасах, ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан нь тогтоогдсон болно. Иймд шалгалтаар илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, хөдөлмөрийн харилцаанд багш, ажилтнуудыг ялгаварлан гадуурхах, ажлын байрны дарамт үзүүлж буй асуудлыг таслан зогсоох, цаашид энэ төрлийн зөрчлийг гаргахгүй байхад анхаарч ажиллах, зөрчил гаргасан этгээдэд холбогдох арга хэмжээ авхуулахаар Комиссын гишүүний шаардлагыг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатарт 6 дугаар сарын 27-нд хүргүүлсэн юм.


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК