» » » Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, гишүүн Н.Ганбаяр нар 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр НҮБ-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа. НҮБ-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хорооны төлөөлөгчид, Монгол Улс дахь эрүүдэн шүүлтийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөхөөр ажиллаж байна.

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа
Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа

"Бид танай улсад ажиллах хугацаанд цуглуулсан мэдээлэл, үнэлгээндээ тулгуурлан тайлан гаргаж НҮБ-ын гэрээний хороодод хүргүүлнэ. Хэдийгээр тайлан нууцлалын зэрэглэлтэй гарах боловч бид аль болох олон нийтэд тодорхой мэдээлэл өгөхийг хичээх юм. Бид НҮБ-аас өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг эрмэлзэх болно. Өнөөдрийн уулзалтаар та бүхнээс дараах асуудлаар мэдээлэл авч, байр суурийг тань мэдэхийг хүсч байна. Өнөөдөр Монгол Улсад эрүү шүүлтийн нөхцөл байдал ямар байна вэ? Та бүхний санаа зовоож байгаа асуудлуудын талаар ярилцъя. Танайд эрүү шүүлтийн эсрэг хууль эрх зүйн орчин алга байна. Бодит байдал хууль эрх зүйгээс арай өөр байдаг. Тиймээс энэ чиглэлээр та бүхэн хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллагын хувьд ямар байр суурьтай байна вэ? НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд заасны дагуу нэгдэн орсон улс Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бий болгох, тэр нь үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах бүтэцтэй байх ёстой юм. Улсын хэмжээнд хаана хүний эрх чөлөө зөрчигдөж байгааг илрүүлэхийн тулд бүхий л байгууллага, объектод нэвтрэн шалгах эрх бүхий урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй бүтэц түүнд байх ёстой. Гэтэл танай улс хараахан байгуулж амжаагүй байна. Энэ үүрэг функцид тохирох байгууллагын талаар та бүхэн ямар байр суурьтай байна вэ? Танай байгууллага тохирох уу? Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмыг байгуулахын тулд хууль эрх зүйн орчинг өөрчлөх ёстой” гэж НҮБ-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хорооны гишүүн, ноён Малколм Еванс уулзалтыг эхлэв.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж "Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлд хоёр ч удаа нэгдсэн илтгэл хүргүүлж хэлэлцүүлсэн байна. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэж байгууллага байлаа. Энэ байгууллага бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгчдийн хууль бус ажиллагаа, эрүүдэн шүүдэг эсэхийг тогтоодог бие даасан байгууллага байсан юм. Үйл ажиллагаа нь энгийн иргэд болон хүний эрхийн байгууллагуудад ил тод ийм байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх зөвлөмжийг Засгийн газарт НҮБ-ын Хүний эрхийн хорооноос өгсөн. Гэтэл 2014 онд тэр зөвлөмжийн эсрэг , тэр байгууллагыг татан буулгасан. Үүнээс хойш байдал дордсон. Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлсэн нийт гомдлын 65,3 хувь нь эрүү шүүлтээс ангид байх эрх зөрчигдсөн тухай байгаа. Манай байгууллага тодорхой ажиллагаа хийсний дараа эрүүгийн хэрэг мөн эсэхийг шалгуулахаар прокурор, цагдаагийн байгууллагын удирдлагуудад шилжүүлдэг.

Эрүү шүүлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар УИХ-д жил бүр өргөн барьдаг илтгэлүүддээ жил бүр тусгадаг. Эрүү шүүлтийн нөхцөл байдал сайнгүй байна” хэмээн нөхцөл байдлыг танилцууллаа.

Уулзалтаар Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдал болон Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Нэмэлт протоколд заасанчлан Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулах ажил удаашралтай байгаа талаар мэдээлэл солилцож, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хорооны төлөөлөгчдийг 7 хоногийн хугацаатай манай улсад ажиллах үед Хүний эрхийн Үндэсний Комиссоос шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлж ажиллахаар болов.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК