» » » “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клуб “Өнөр бүл” хүүхдийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

“Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клуб “Өнөр бүл” хүүхдийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүүхдийн асрах төв буюу "Өнөр бүл” төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

ХЭҮК нь УИХ-д өргөн барьдаг энэ оны ээлжит "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг 5 бүлэг эрхийн хүрээнд боловсруулж, шийдвэр гаргуулахаар 23 санал хүргүүлсэн бөгөөд үүний нэг нь "Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүүхдийн төв сувилалд байнга асруулж, сувилуулж буй хүнд хэлбэрийн болон давхар хөгжлийн бэрхшээлтэй нийт 34 хүүхдийг Өнөр бүл хүүхдийн төвийн харьяанд шилжүүлэх, тухайн байгууллагыг мэргэжлийн хүний нөөцөөр бүрэн хангах, бүтэц, орон тоог нь нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах төсөв, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх” явдал юм.

“Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клуб “Өнөр бүл” хүүхдийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Хүүхдийн эрхийн хэрэгжилт, хүүхэд хамгаалал нь хүүхдийн эрх тэгш байдлын том сорилт болж байна. Монгол Улс дахь хүүхдийн төлөөх ахиц дэвшил бүх хүүхдэд адил тэгш хүрэхгүй байгаа бөгөөд, тэр дундаа нийгэм, эдийн засгийн ялгаа бүхий бүлгүүдийн хоорондын тэгш бус байдал улам бүр гүнзгийрч, эмзэг бүлгийн хүүхдүүд хүнд нөхцөл байдалд орхигдож байгаа нь тодорхой харагдаж байна.

Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн зохих арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхгүй бол хүүхдийн эрхийг хангах, хамгаалах тогтолцооны үр өгөөжгүй байдал нь хүүхэд бүр эрүүл саруул өсөж бойжих, хөгжлийн бүрэн боломжоо нээн хөгжих, эрх, эрх чөлөөгөө тэгш, ялгаварлалгүйгээр эдлэхэд саад тотгор болсоор байх болно. Иймд хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хүн бүрт хүртээмжтэй, эрх тэгш хангах нь Монгол Улсын хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл байх ёстой гэж Комисс үзэж, илтгэлдээ тусган шийдвэр гаргагчдын сонорт тодорхой саналуудыг хүргүүлээд байгаа билээ.

...Өнөр бүл хүүхдийн төв нь төрөөс зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 2-18 хүртэлх насны бүтэн өнчин, хаягдсан, эцэг эх нь сэтгэцийн өвчтэй, хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан нь тогтоогдсон, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан гэр бүлийн хүүхдийг хүлээн авч, гэр бүлд дүйцэхүйц хөгжил, хамгааллын болон хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа төрийн үйлчилгээний онцгой байгууллага юм.

“Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клуб “Өнөр бүл” хүүхдийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
“Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клуб “Өнөр бүл” хүүхдийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
“Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клуб “Өнөр бүл” хүүхдийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Дээрхээс үзэхэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүүхдийн төв сувилалд асруулж, сувилуулж байгаа асрах, харах хүнгүй, байнгын асаргаа, сувилгаа шаардагдах хүнд хэлбэрийн болон давхар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд Өнөр бүл хүүхдийн төвд харьяалагдахаар байна.

Өнөр бүл хүүхдийн төвийн дэргэдэх Сэргээн засах хөгжлийн төв нь тус төвийн 2-18 насны хүүхдүүдэд болон Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бусад асрамж, халамжийн төвүүдийн архаг болон суурь өвчлөл, сэтгэл зүйн эмгэгтэй тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, гэмтэл бэртлийн үлдэцтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэргээн засах эмчилгээг үзүүлж байна. Гэвч тус төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нэн шаардлагатай боловсон хүчин дутмаг, хэл засалч, ахуй засалч зэрэг орон тоо дутагдалтай.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсэгт "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах үйлчилгээ, өдрийн үйлчилгээг үзүүлэх, тухайн хүүхдийг хөгжүүлэх төв, төрөлжсөн асрамжийн үйлчилгээг холбогдох стандартын дагуу зохион байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг нийгмийн халамжийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу байнгын асаргаанд байдаг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг Өнөр бүл хүүхдийн төвийн Сэргээн засах хөгжлийн төвийн харьяанд шилжүүлэн асруулах, төвийн үйл ажиллагаанд шаардагдах нарийн мэргэжлийн хүний нөөцийн орон тоог нэмэгдүүлэх, төсөв хөрөнгийн асуудлыг төрөөс нэн даруй шийдвэрлэх арга хэмжээ авах хэрэгтэй байгаа юм.

Хүүхдийн эрхийн тулгамдсан асуудлыг тус төвийн үйл ажиллагаатай танилцах замаар илүү мэдэрч ойлгохыг зорьж "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүд болох Эх сурвалж мэдээллийн агентлаг, С1 телевиз, ETV, NTV телевиз, "Зууны мэдээ”, "Өнөөдөр” сонин, www.news.mn, www.time.mn зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл тус төвд хагас өдөр ажиллаж, төрийн асрамж хамгаалалд буй хүүхдүүдийн аж амьдралтай танилцаж, сурвалжлага, мэдээ бэлтгэлээ.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК