» » » Хүрээлэн буй орчныг хамгаалах талаар цоо шинэ Монгол санаачлага гаргахыг НҮБ-ын Шинжээч уриаллаа

Хүрээлэн буй орчныг хамгаалах талаар цоо шинэ Монгол санаачлага гаргахыг НҮБ-ын Шинжээч уриаллаа

УЛААНБААТАР/ЖЕНЕВ ХОТ (2017 оны 9-р сарын 27)–Хүрээлэн буй орчноо хамгаалах, түүний дотор уул уурхайгаас болон нүүрсний хэрэглээнээс үүдсэн хор нөлөөллийг арилгах талаар дэвшилттэй санаачлага гаргахыг НҮБ-ын Хүний ​​эрхийн Шинжээч Монгол улсад хийсэн анхныхаа албан ёсны айлчлалын төгсгөлд тус улсад хандан уриаллаа.

"Дэлхийн дулаарлаас шалтгаалж Монгол орны уур амьсгалын байдал бусад орнуудынхаас ч илүү эрс хурдацтай өөрчлөгдөж байна” хэмээн Хүний эрх, хүрээлэн буй орчны асуудлаарх Тусгай Илтгэгч ноён Жон Х. Нокс анхааруулаад, хүнд хахир цаг уурын байдал болон уул уурхай, газар тариалангийн үйл ажиллагаанаас үүдсэн бэлчээрийн хомсдолоос болж дэлхийд алдартай нүүдлийн мал аж ахуйн уламжлалт соёлд аюул нүүрлэж байна гэлээ.

Хүрээлэн буй орчныг хамгаалах талаар цоо шинэ Монгол санаачлага гаргахыг НҮБ-ын Шинжээч уриаллаа 

Монголчууд байгаль орчноо хамгаалах талаар онцгой зүтгэл гаргаж байгааг ноён Нокс сайшааж, тус улс нь байгаль орчны талаар баримтлах стандарт, хамгаалалтын баталгааг тогтоосон байгаль орчны асуудлаарх багц хууль тогтоомжтойг тэмдэглэлээ.

Тэрээр цааш нь агаарын бохирдлыг арилгах, нөөцийг сайжруулах, байгаль орчинд хор хөнөөл учруулж болзошгүй шинээр төлөвлөж буй алтны томоохон төслөө нухацтай авч үзэж үнэлэн цэгнэх шаардлагатайг зөвлөлөө. Батлагдсан хууль тогтоомжоо чанд хэрэгжүүлэх, байгаль орчны талаарх мэдээлэл, гомдол хянан шийдвэрлэх асуудал хариуцсан Байгаль орчны Төлөөлөгчийг (Омбудперсон) томилж ажиллуулах шаардлагатайг тэмдэглэлээ.

Нийслэл хотын агаарын бохирдол нь "Монголд хүний ​​эрх зөрчигдөхөд хүргэж буй нэгээхэн том шалтгаан болж байна” хэмээн айлчлалынхаа төгсгөлийн тайландноён Нокс дурдлаа.

"Цахилгаан станц, тээврийн хэрэгслүүд бохирдлыг буй болгоход нөлөөлж байгаа ч хотын агаарын бохирдлын дийлэнх хувийг гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэж буй түүхий нүүрсний шаталтаас үүдэлтэй бохирдол бий болгож байна” гэж онцоллоо. "Өвлийн хүйтэн улиралд Улаанбаатар хот дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын тоонд орж байна. Хүрэн манан тэнгэрийг нь бүрхэж, амьсгалах агаар нь тоосонцор, бусад олон бохирдуулагчийг агуулж байна”.

Уул уурхайн үйл ажиллагаа нь ундны усны эх үүсвэр болох гол мөрнийг бохирдуулж, байгаль орчныг доройтуулах олон шалтгааныг бий болгож байна.

"Эдийн засагт ашигтай ч, байгаль орчинд хор хөнөөлтэй байж болзошгүй уул уурхай нь Монгол Улсын онцгой анхаарал хандуулах салбар” хэмээн ноён Нокс тэмдэглэв. "Уул уурхайн үйл ажиллагаанд баримтлах стандартууд нь уул уурхайн аюулгүй ажиллагааг хангасан, хүрээлэн буй орчинд үзүүлэх хор хөнөөлийг хамгийн доод хэмжээнд нь хүргэсэн, уул уурхайн үйл ажиллагаа дууссаны дараа тухайн газрыг анхны байдалд нь оруулж нөхөн сэргээсэн байхыг баталгаажуулах ёстой. Тэвчишгүй хор хохирлыг бүрэн арилгах буюу нөхөн төлсөн байх учиртай”."Энэ бүхнийг зөв хийсэн тэр л тохиолдолд уул уурхайн үйл ажиллагаа нь улс орны хувьд төдийгүй хамаарал нөлөөнд нь шууд автаж буй тухайн орон нутгийн ард иргэдэд үр өгөөжөө өгөх болно” хэмээн тэрээр нэмж хэлэв.

"Өргөн тархсан хууль бус олборлолтыг зогсоож, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг нухацтай хийх хэрэгтэй” хэмээн тусгай илтгэгч тэмдэглэв.

"Нөлөөллийн үнэлгээг энд тэндээс нь алаг цоог хийж байгаа мэдээллийг надад өгсөн. Говьд явуулж буй уул уурхайн үйл ажиллагааны үнэлгээнд, жишээлбэл, Монгол орны хойд хэсэгт байдаг ойн санд үзүүлэх нөлөөллийг авч үзсэн байх жишээтэй.Уул уурхайн үйл ажиллагаа эхлэхээр ухагч бульдозерууд ирэх чухам тэр үед л орон нутгийнхан юу болох гэж байгааг мэддэг болохыг ноён Нокс ажиглажээ.

Алт-2 нэртэй шинэ төслийг эхлүүлснээр Төв аймгийн Заамар сумын нутагт үлдсэн бэлчээр устаж, байгаль орчинд илүү их хохирол учруулж болзошгүй юм. Орон нутгийн иргэд энэхүү төслийг эсэргүүцэж байсан ч төсөл батлагдсан байна. "Энэ нь холбогдох хүний эрхийн хэм хэмжээтэй зөрчилдөж байна”. Хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхийн тулд Засгийн газар нь Алт-2 төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн бүрэн хэмжээний нарийвчилсан үнэлгээг хийх хэрэгтэй”.

Байгаль орчны гомдол хянан шийдвэрлэх Төлөөлөгчийг (Омбудперсон) томилж ажиллуулахыг Тусгай Илтгэгч өөрийн үндсэн зөвлөмж хэмээн тэмдэглэжээ. Түүний зэрэгцээ хүний эрхийн хамгаалагчдын тухай болон мэдээллийн хүртээмжийн тухай шинэ хуулиуд шаардлагатай тэмдэглэв.

Хүрээлэн буй орчныг хамгаалах талаар цоо шинэ Монгол санаачлага гаргахыг НҮБ-ын Шинжээч уриаллаа
Хүрээлэн буй орчныг хамгаалах талаар цоо шинэ Монгол санаачлага гаргахыг НҮБ-ын Шинжээч уриаллаа 

Хэдийгээр өмнө нь хэд хэдэн удаа сүрдүүлэг халдлагад өртөж байсан боловч 2015 онд амиа хорлосон хэмээх дүгнэлт гарсан байгаль хамгаалагч Төмөрсүхийн Лхагвасүмбэрэлийн (Сүмбээ) нас барсан хэргийг Засгийн газар дахин мөрдөн шалгах хэрэгтэй. "Энэхүү үйл явц нь дэлхийн өнцөг булан бүрт тохиолддог аюул занал, хүчирхийллийн улмаас гардаг байгаль орчны хамгаалагчдын цаг бусын үхлийн шалтгаантай тун төстэй байна” хэмээн ноён Нокс ажиглажээ.

2017 оны 9-р сарын 19-27-ны хооронд Тусгай Илтгэгч зарим яам, хуульчид, их хурлын гишүүд, олон улсын болоод бүс нутгийн байгууллагууд, иргэний нийгмийн болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллүүдтэй уулзсан болно.

Тусгай Илтгэгч нь үнэлгээнийхээ иж бүрэн тайланг НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлд 2018 оны 3-р сард танилцуулна.

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл нь 2012 онд ноён Жон Х. Ноксийг бие даасан шинжээчээр томилсон бөгөөд 2015 онд түүнийг дахин Аюулгүй, цэвэр, эрүүл, тогтвортой орчны асуудлаарх Хүний эрхийн тусгай илтгэгчээр томилжээ.

Зөвлөлнь АНУ-ын Вейк Форестийн (Wake Forest) Их Сургуулийн олон улсын эрх зүйн профессор болох түүнд хандаж хүний эрхийн хэм хэмжээ нь байгаль орчныг хамгаалах явцад хэрхэн мөрдөгдөж байгааг, түүнчлэн байгаль орчны бодлого, шийдвэр гаргах явцад хүний эрхийн хэм хэмжээг ашиглаж байгаа шилдэг туршлагыг тодорхойлоход туслахыг хүссэн юм.

Тусгай Илтгэгчүүд нь Хүний эрхийн Зөвлөлийн Тусгай Хороо хэмээх хэсэгт харъяалагддаг. Тусгай Хороо нь НҮБ-ын Хүний эрхийн тогтолцоо дахь бие даасан шинжээчдийг удирдах хамгийн том нэгж бөгөөд Хүний эрхийн Зөвлөлийн хараат бус баримт нотолгоог судлах болон хяналт үнэлгээ хийх механизм болно.

Тусгай Хорооны бүрэн эрх олгогдсон хүмүүс нь Хүний эрхийн Зөвлөлөөс томилогдсон хүний эрхийн асуудлаарх бие даасан шинжээчид бөгөөд тэдний үйл ажиллагаа нь аль нэг орны хүрээнд буюу тодорхой сэдвээр дэлхий дахинаа хамрах асуудлыг шинжлэн дүгнэлт гаргахад чиглэгддэг. Тэд бол НҮБ-ын ажилтнууд биш бөгөөд ямар ч засгийн газар, байгууллагаас хараат бусаар ажилладаг. Тэд өөрсдийн мэдлэг чадавхиараа үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хийсэн ажилдаа цалин хөлс авдаггүй.

НҮБ-ын Хүний Эрхийн асуудал, Улсын хуудас - Mongolia

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хүмүүстэй холбогдоно уу:

Айлчлалын өмнө, үеэр, дараа: Ноён Жамшид Газиев (+41 79 109 6872/ jgaziyev@ohchr.org, Хатагтай Мариям Наваз (mariyam.nawaz@one.un.org / +976 9542 1358), эсвэл Хатагтай Амарын Цэцэгмаа (+976 11 327 585 ext 1104 / tsetsegmaa.amar@one.un.org)

Амьдарч буй нийгэмдээ санаа зовниж байна уу? Тэгвэл, нэгнийхээ эрхийн төлөө ЗОГСОЦГООЁ. Хүний эрхийн төлөөх дараах нүүр хуудаст зочлоорой http://www.standup4humanrights.org

 

НҮБ-ын Хүний эрх, хүрээлэн буй орчны асуудлаарх Тусгай илтгэгч, ноён

Жон Х. Нокс Монгол Улсад хийсэн айлчлалын дүгнэлтээс

2017 оны 9 дүгээр сарын 27

Өглөөний мэнд,

Сайн байцгаана уу,

Есдүгээр сарын 19-нөөс эхлэн Монгол Улсад ажиллаж, хийсэн үнэлгээнийхээ урьдчилсан дүгнэлтээс өнөөдөр та бүхэнд танилцуулах гэж байгаадаа таатай байна.

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс Хүний эрх, хүрээлэн буй орчны асуудлаарх НҮБ-ын Тусгай Илтгэгчийн маань хувьд хүний эрхийн хэм хэмжээг аюулгүй, цэвэр, эрүүл, тогтвортой орчинд хэрэгжүүлэх үйлсийг дэмжин дэлгэрүүлэх эрх надад олгосон билээ. Иймээс миний хүлээдэг эрх үүргүүдийн нэг хэсэг нь улс орнуудад айлчилж, хүний эрх, хүрээлэн буй орчны асуудлаар хэлэлцэн ярилцаж тухайн улс орнуудад бий болсон сайн туршлага, хүний эрх, хүрээлэн буй орчныг хамгаалах явцад тулгарч буй сорилтуудыг судлан бэлтгэсэн тайлангаа НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлд танилцуулах ажил юм.

Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр миний бие зарим яам, хуульчид, их хурлын гишүүд, олон улсын болоод бүс нутгийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллүүдтэй уулзсан болно. Түүнчлэн Заамар сум, Налайх дүүрэгт зочилж нөхцөл байдалтай танилцаж, орон нутгийн төр засгийн албаны хүмүүс, малчид, орон нутгийн иргэдтэй уулзаж ярилцсан.

Намайг урьж, миний айлчлалын бэлтгэлийг хангаж, амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлэхийг хүсч байна.

Ялангуяа, надтай уулзсан хүн бүрийн зочломтгой байдал, өөрийн үзэл бодол, туршлага, санаа зовнилоо илэн далангүй хуваалцсанд би маш их талархаж байна.

Хүний эрхийг зөрчиж буй хүрээлэн буй орчны хор нөлөө

Хүний эрх, хүрээлэн буй орчны хамгаалал нь өөр хоорондоо харилцан хамааралтай. Эрүүл орчин нь хүн амьдрах, эрүүл байх, хоол хүнс, уух устай байх зэрэг олон эрхээ бүрэн эдлэхэд зайлшгүй шаардлагатай. Үүний зэрэгцээ хүрээлэн буй орчныг хамгаалахын тулд мэдээлэл авах эрх, оролцоо, нөхөн төлбөр зэрэг хүний бусад эрхийг хэрэгжүүлэх нь нэн шаардлагатай.

Монгол Улсад хүний эрхийг зөрчиж буй хүрээлэн буй орчны хамгийн ноцтой хор нөлөө нь Улаанбаатар хотын агаарын бохирдол байна. Цахилгаан станц, тээврийн хэрэгслүүд бохирдлыг буй болгоход нөлөөлж байгаа ч хотын агаарын бохирдлын дийлэнх хувийг гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэж буй нүүрсний шаталтаас үүдэлтэй бохирдол бий болгож байна. Өвлийн хүйтэн улиралд Улаанбаатар хот дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын тоонд орж байна. Хүрэн манан тэнгэрийг нь бүрхэж, амьсгалах агаар нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон агаарын чанарын стандартаас хол давсан тоосонцор, бусад олон бохирдуулагчийг агуулсан байх юм.

Ийнхүү агаар нь бохирдсоноор хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулах амьсгалын замын болон зүрх судасны өвчнийг үүсгэх шалтгаан болж хүний амьд явах, эрүүл байх эрхийг зөрчиж байна. Үүний нөлөө нь хамгийн эмзэг хэсэг болох хөгшид, өвчтэй хүмүүст илүү мэдрэгдэнэ. Хүүхдүүд эрсдэлд ороод буйг мөн олон судалгаагаар тогтоосон байна. Жишээ нь, 2016 онд хийсэн НҮБ-ын Хүүхдийн сангийн тооцоогоор агаарын бохирдлоос үүдсэн уушигны хатгалгаанаас болж Улаанбаатар хотод жил бүр 5 хүртэлх насны 400 гаруй хүүхэд эндсэн байна. Үүний зэрэгцээ, хүүхэд насандаа агаарын бохирдолтой нөхцөлд амьдарч байгаа хүмүүст уушигны хорт хавдар, зүрх судасны өвчнөөр өвчлөх зэрэг урт хугацааны эрүүл мэндийн эрсдэл үүснэ.

Хүрээлэн буй орчны ноцтой хор нөлөөг илэрхийлэх бас нэг чухал асуудал нь Монгол орны гол мөрний бохирдол улам бүр нэмэгдэж байгаа явдал бөгөөд цэвэр, аюулгүй ундны ус хэрэглэх хүний эрхэд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа, Туул гол нь нийслэлийнхэн болон бусад олон мянган хүмүүсийн ундны усны эх үүсвэр, гэтэл энэ нь уул уурхайн үйл ажиллагаа, шаардлага хангаагүй ус цэвэрлэх байгууламж, бусад эх үүсвэрээс шалтгаалан бохирдож байна. Айлчлалынхаа үеэр би Улаанбаатар хотын дундуур урсдаг голын хөндий, эрэг хавиар алт, нүүрсний олборлолт явуулж байгааг, нүүрсний үнс, бусад хог хаягдал замбараагүй ихээр хуримтлагдсаныг нүдээр харсан.

Хүрээлэн буй орчны хор нөлөөнөөс болж хүн бүр өөрийн соёл, ёс заншлыг эдлэх эрх хязгаарлагдаж байна. Монгол орон нүүдэлчин малчдаараа дэлхийд алдартай. Нүүдлийн мал аж ахуй нь байгаль орчноосоо ихээхэн хамааралтай, тийм ч учраас чийглэг болон хуурай бэлчээрийг тогтвортой ашиглах нь стратегийн гайхалтай шийдэл юм. Гэтэл сүүлийн жилүүдэд уламжлалт ёс заншил алдагдах аюулд оржээ. Дэлхийн дулаарлаас болж Монгол орны уур амьсгалын байдал бусад орнуудынхаас ч илүү эрс хурдацтай өөрчлөгдөж, зудын давтамж нэмэгдэхэд хүрсэн байна. Нүүдлийн соёл иргэншилд нөлөөлж буй бас нэг үзэгдэл бол уул уурхай, газар тариалангийн үйл ажиллагаанаас болж бэлчээр хомсдох эрсдэл бий болжээ. Түүнчлэн малын тоо толгой нэмэгдсэнээр бэлчээрийн талхагдалт, доройтол нэмэгдэж байна.

Малчдын уламжлалт соёлд учирч буй эдгээр асуудал нь хүрээлэн буй орчны асуудал хэрхэн өөр хоорондоо уялдаатай болохыг илэрхийлж байна. Бэлчээргүй болсон малчид Улаанбаатар хот руу зорьсноор хотын хүн амыг нэмэгдүүлж, агаар, ус, хөрсний бохирдлын асуудлыг даамжруулж байна.

Эдгээр хүрээлэн буй орчны асуудлууд нь Монголд хамаатай мэт боловч тулгарч буй нийтлэг сорилт нь бусад олон улсынхтай төстэй. Энэ нь хүмүүсийн амьдралын нэн чухал нөхцөл болсон байгаль орчноо доройтуулахгүйгээр хүн амынхаа эдийн засгийн байдлыг үргэлжлүүлэн сайжруулахын тулд байгалийн баялагаа хэрхэн яаж зохистой ашиглах вэ? Өөрөөр хэлбэл, жинхэнэ тогтвортой хөгжилд хэрхэн яаж хүрэх вэ? гэдэгт оршино.

Хөгжил тогтвортой байхын тулд хүний эрхэд суурилсан байх ёстой. Хүний эрхийн төлөв байдал нь хүний эрхэм чанар, эрх тэгш байдал, эрх чөлөө, хүний бүх эрхийг хэрэгжүүлэхийг илэрхийлэн түргэсгэнэ. Энэ нь ерөнхийдөө бодлогын үр дүнг дээшлүүлнэ. Хөгжлийн болон хүрээлэн буй орчны асуудлаарх бодлого сайтар хэрэгжсэнээр хүмүүс мэдээлэл олж авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шийдвэр гаргах үйл явцад оролцох зэргээр бодлогын үр нөлөөг илүү хүчтэй болгодог. Хөгжлийн болон хүрээлэн буй орчны талаарх бодлогыг хүний эрх хэрхэн хангагдаж байгаа талаас нь үнэлснээр, тухайлбал, эрүүл, урт удаан, амьжиргааны зохистой түвшинд амьдарч байгаа эсэх талаас нь үнэлсэнээр чухамдаа хүмүүсийн эрүүл орчинд амьдрах эрх хэрхэн хангагдаж байгааг баталгаажуулна.

Иймээс улс орнууд хүний эрх хангагдах зайлшгүй нөхцөл болсон байгаль орчныг хамгаалах талаар хүний эрхийн тухай хуулиар хүлээсэн үүрэгтэй. Эдгээр үүрэгт хүний эрхэд үзүүлж буй байгаль орчны нөлөөллийг үнэлэх, хүрээлэн буй орчны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, байгаль орчны асуудлаарх шийдвэр гаргахад талуудын оролцох оролцоог дэмжих, хохирлыг арилгаж нөхөн сэргээх боломжийг хангах үүрэгтэй.

Улс орнууд нь байгаль орчны нөхцөл байдлын хатуу стандартыг тогтоож, үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой. Мөн байгаль орчин нь материаллаг болон соёлын хэрэгцээ нь болсон малчид, орон нутгийнхан зэрэг байгаль орчинд учрах нөлөөлөл илүү хүндээр тусдаг эмзэг бүлгийнхнийг хамгаалах хууль тогтоомж, бодлогоо баталгаажуулах ёстой.

Монгол Улсын Байгаль орны талаарх хууль, бодлогын баримт бичгүүд

Монгол Улс нь хүний эрх, байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлууд өөр хоорондоо олон замаар холбоотой болохыг хүлээн зөвшөөрдөг. Хамгийн чухал нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтаар "хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” болохыг тодорхойлсон.

Монгол Улс тогтвортой хөгжлийг бодлогынхоо чиглэл гэж үздэг. Монгол Улс 2013 онд тогтвортой хөгжлийг дэмжих НҮБ-ын хөтөлбөр болох Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлд (PAGE) нэгдэн орсон анхны улс болсон байдаг. Өнгөрсөн долоо хоногт PAGE-ийн баг Монголд айлчилсан бөгөөд тэднийг байгаль орчны сайдын үүрэг гүйцэтгэгчтэй уулзахад би хамт байсан бөгөөд тэр үед сайдын үүрэг гүйцэтгэгч Монгол Улс тогтвортой хөгжлийн төлөө тууштай байгааг дахин баталж байсан. 2014 онд УИХ-аас Ногоон хөгжлийн бодлогыг баталж, 2016 онд "Байгаль орчны тогтвортой байдлын зарчмуудыг" тодорхойлсон "Монгол Улсын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг" баталсан.

Тэр жилдээ Монгол Улсын Засгийн газар нь ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх Үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, түүндээ ногоон хөгжлийн үзүүлэлтүүд, ногоон ажлын байр, ногоон эдийн засгийн талаарх сургалт, тогтвортой худалдан авалт, ногоон байгууламж, тогтвортой санхүүжилт, хог хаягдлын менежментийн зэрэг олон санаачлагууд, үйл ажиллагааг тусгасан байна. Үндэснийхээ эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт, салбарын бодлогоо илүү хүртээмжтэй, ногоон өсөлтийг дэмжихэд чиглүүлж буй Монгол Улсын Засгийн газрын хичээл зүтгэлийг би үнэлэн хүлээж авч байна.

Эдийн засагт ашигтай ч, байгаль орчинд хор хөнөөлтэй байж болзошгүй уул уурхай нь Монгол Улсын онцгой анхаарал хандуулах салбар юм. Ерөнхийдөө уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх нөлөөтэй холбоотой хүний эрхийг хамгаалах үүрэг тодорхой юм. Хүний эрх, байгаль орчны хамгааллыг баталгаажуулахын тулд уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг байгаль орчин, нийгмийн нөлөөллийн бүрэн үнэлгээг хийсэн, холбогдох бүх мэдээллийг олон нийтэд ил болгосон, орон нутгийн иргэдтэй тухайн явуулах гэж буй үйл ажиллагааны талаар зөвлөлдсөн, тэдний санал бодлогыг тусгасан чухам тэр үед л олгож байх ёстой. Уул уурхайн үйл ажиллагаанд баримтлах стандартууд нь уул уурхайн аюулгүй ажиллагааг хангасан, хүрээлэн буй орчинд үзүүлэх хор хөнөөлийг хамгийн доод хэмжээнд нь хүргэсэн, уул уурхайн үйл ажиллагаа дууссаны дараа тухайн газрыг анхны байдалд нь оруулж нөхөн сэргээсэн байхыг баталгаажуулах ёстой. Тэвчишгүй хор хохирлыг бүрэн арилгах буюу нөхөн төлсөн байх учиртай. Энэ бүхнийг зөв хийсэн тэр л тохиолдолд уул уурхайн үйл ажиллагаа нь улс орны хувьд төдийгүй уул уурхайн үйл ажиллагаа шууд нөлөөлж буй тухайн орон нутгийн ард иргэдэд үр өгөөжөө өгөх болно.

Монгол Улс нь байгаль орчны хатуу стандарт, хэрэгжүүлэх журам процедурыг нь тогтоосон байгаль орчны талаархи болон уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой багц олон хууль тогтоомжтой.

Тухайлбал, уул уурхайн олборлолтын төсөл батлагдахаас өмнө байгаль орчны үнэлгээ, олон нийтийн хэлэлцүүлэг хийсэн, орон нутгийн иргэдийн батламж гаргасан байх шаардлагатайг хуульчилсан байдаг. Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө гаргасан, нөхөн сэргээлтэд шаардагдах хөрөнгийн тал хувийг тусгай сан руу шилжүүлсэн байх журамтай. Орон нутгийн ард иргэдийн уул уурхайгаас хүртэх ашиг шимийг ч мөн тодорхойлсон байх шаардлагатай. Зарим газар нутгийг тусгай хамгаалалттай газар нутаг, мөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, бүхийн газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай (урт нэртэй) хуулинд хамрагдаж байгаа газар нутаг хэмээн журамд хамруулдаггүй.

Хэдийгээр эдгээр хууль эрх зүйн баримт бичгүүдэд зарим шаардлагатай сайжруулалтыг хийж болох ч олон чухал асуудлууд аль хэдийнэ тусгалаа олсон байна. Гэсэн хэдий ч, эдгээр хууль тогтоомжоо үр дүнтэй хэрэгжүүлэх, мөрдүүлэхэд тус улс дорвитой ажиллах хэрэгтэй.

Хэрэгжилтийн асуудлууд

Хэрэгжилтийн явцад гарч буй олон доголдолтой асуудал байгаа нь ажиглагдлаа. Хууль бусаар ашигт малтмал олборлогчид түгээмэл байна, тэдний дунд хувиараа ашигт малтмал олборлогч иргэд төдийгүй илүү зохион байгуулалттай уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа хэсгүүд ч байна. Байгаль орчны үнэлгээ нухацтай хийгдэхгүй байна. Нөлөөллийн үнэлгээг энд тэндээс нь алаг цоог хийж байгаа мэдээллийг надад өгсөн. Говьд явуулж буй уул уурхайн үйл ажиллагааны үнэлгээнд, жишээлбэл, Монгол орны хойд хэсэгт байдаг ойн санд үзүүлэх нөлөөллийг авч үзсэн байх жишээтэй.

Үнэлгээ хийгдэж байгаа тохиолдолд тухайн уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн нийгэм, хүрээлэн буй орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг зохих ёсоор шалгаж үнэлэхгүй байна. Үнэлгээний талаарх мэдээллийг тухайн орон нутгийнханд тэр бүр хүргэдэггүй учир уурхайн үйл ажиллагааг эхлэхээр ухагч бульдозерууд ирэх чухам тэр үед л тэд мэдэх боломж гардаг байна.

Орон нутгийн засаг захиргаанаас батламж авах журам нь тун сайн зарчим боловч энэ нь тэр бүр амьдралд хэрэгжихгүй байна. Нэгдүгээрт, хуулиар орон нутгийн засаг захиргаа үзэл бодлоо нэг сарын дотор илэрхийлэх ёстой гэтэл энэ хугацаанд байгаль орчны үнэлгээ хийж сайтар хэлэлцэх боломж хязгаарлагдмал байна. Хоёрдугаарт, орон нутгийн албан хаагчид хангалттай мэдээлэлгүй байдаг, аль эсвэл хүмүүсийнхээ үзэл бодлыг хангалттай төлөөлөн илэрхийлж чаддаггүй байж болох юм. Орон нутгийн албан хаагчид уул уурхайн үйл ажиллагаанд хаалт тавих боломжоо хууль бус төлбөр авах арга болгон ашиглах, авилгалд өртөх магадлалтай байна. Гуравдугаарт, орон нутгийн эрх баригчид уул уурхайн лицензийг эсэргүүцэж байсан ч тэдний үзэл бодол төв засгийн газрын өмнө мөхөсддөг, аль эсвэл үл тоомсорлогдож байна.

Заамар сумын жишээ үүнийг илэрхийлж байгаа юм. Заамар суманд очиход олон арван жилийн өмнө эхэлсэн "Алт-1" төслийн хүрээнд алт олборлолт явуулж, уул уурхайн лиценз олноор олгогджээ. Аварга том байшин шиг эксковаторууд, сэгсрэгдэн оргилох ус, хажууханд нь хүүхдүүд хараа хяналтгүй тоглоод л, аюултай онгорхой нүхнүүд, бужигнах тоос шороо нь амьсгал боогдуулам, худгууд нь хатсан, загас жараахай нь үгүйрсэн; малчдынх нь бэлчээр хумигдсан ийм л дүртэй байна. Саяхан Алт-2 нэртэй шинэ төслийг зарласан нь ахиад л тус суманд ашигт малтмалын олон лицензийг бий болгохоор байна. Шинээр дахин уурхай нээснээр тус сумын үлдсэн бэлчээр устаж, байгаль орчинд илүү их хохирол учруулж болзошгүй юм. Орон нутгийн иргэд энэхүү төслийг эсэргүүцэж байсан нь тун ойлгомжтой. Хэдийгээр тэд эсэргүүцэж байсан ч Алт-2 төсөл батлагдаж лицензийг олгож эхэлжээ. Энэ нь холбогдох хүний эрхийн хэм хэмжээтэй зөрчилдөж байна.

Хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхийн тулд Засгийн газар нь Алт-2 төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн бүрэн хэмжээний нарийвчилсан үнэлгээг хийж, Алт-1 төслийн байгаль орчны болоод нийгмийн үр нөлөөтэй зэрэгцүүлэн үнэлж, нэмэлт лиценз олгосноор гарах хуримтлагдах үр нөлөөг судалж үнэлэх шаардлагатай. Үнэлгээний дүнг олон нийтэд ил тод мэдээлэхийн зэрэгцээ Алт-1 төслийн хор нөлөөг дорвитой нөхөн сэргээх, хохирлын нөхөн олговор олгох хэрэгтэй. Ингэхдээ олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах, хамгийн чухал нь Алт-2 төслийг урагшлуулах эсэхээ орон нутгийн иргэдтэй зөвшилцөн тэдний шийдвэрийг дагаж мөрдөх хэрэгтэй.

Хэрэгжилтийн явцад гарч буй зарим бэрхшээл мэргэжлийн боловсон хүчний дутагдалтай байдлаас нөлөөлж байна. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт уул уурхайн үйл ажиллагааг зохих ёсоор шалгах мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна. Налайхын нүүрсний уурхайн талбайд очиход орон сууцны хажууханд л хууль бус олборлолт явуулж байх юм. Үнэн хэрэгтээ, орон сууцны байшингуудад нь газрын гүн дэх олборлолтоос үүдэлтэй байж мэдэх хагарал эвдрэл гарсан хэмээн ярьж байна. Ерөнхий газраас тусламж хүсч, Засгийн газрын холбогдох газруудад гомдол гаргасан хэдий ч оршин суугчид дорвитой тусламж авч чадаагүй байна.

Хэрэгжилтийн явцад гарч байгаа өөр нэг асуудал бол нөхөн сэргээлтийн зохих шаардлагууд ихэнхдээ хангагдаагүйтэй холбоотой байна. Шаардлагатай нөхөн сэргээлтийн хөрөнгийг төлдөггүй, аль эсвэл нөхөн сэргээлтийн хөрөнгөө өөр зориулалтаар ашигладаг талаар хэд хэдэн эх сурвалжаас сонсож байлаа. Заримдаа нөхөн сэргээлтийн ажил хийж байгаа дүрээр зарим компаниуд уул уурхайн олборлолтоо үргэлжлүүлдэг байна.

Уул уурхайгаас гадна, хууль тогтоомжийг илүү үр дүнтэй хэрэгжүүлж болох өөр нэг зам бол байгаль орчны талаарх мэдээллийн асуудал юм. Хэдийгээр хуулиар байгаль орчны мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгахаар заасан байдаг ч мэдээллийн хүртээмж харилцан адилгүй байна. Эерэг талаас нь харвал нийслэл хотын агаарын чанарын талаархи мэдээлэл тун ил тод хүртээмжтэй байгаа нь сайн байна. Гэсэн хэдий ч усны чанар, уул уурхайн үйл ажиллагаа, тоос шороо болон бусад асуудлуудын талаарх мэдээллийн хүртээмж тун хангалтгүй байна. 

Дэлхийн нөөцийн институтээс Монгол дахь түншүүдтэйгээ хамтран гаргасан саяхны тайланд тус улсад усны чанарын тухай мэдээлэл олдоц муутай, Засгийн газарт энэ талаар хүсэлт тавьсан ч хариу ирдэггүй хэмээн дурдсан байна.

Сайжруулах талаарх зөвлөмж

Зарим тохиолдолд хуулиудыг илүү сайжруулах, бэхжүүлэх шаардлагатай байна. Жишээлбэл, орон нутгийн иргэд уурхайн үйл ажиллагаа явуулах төсөлд саналаа өгөхийн тулд тэдний хэлэлцэх цаг хугацааг сунгаж өгөх шаардлагатай. Нөхөн сэргээлтийн стандартыг ил тод болгож бэхжүүлэх шаардлагатай байна. Засгийн газар нь уул уурхайн тухай хуулинд өөрчлөлт оруулах талаар зарим хүчин чармайлт гаргаж байгаа гэж би ойлгосон бөгөөд хуулийг шинэчлэхэд иргэний нийгмийн үзэл бодол саналыг тусгаж тэдний үр дүнтэй, бүрэн оролцоог хангахыг Засгийн газарт анхааруулж байна.

Үүний зэрэгцээ аль хэдий нь батлагдсан хууль эрх зүйн эмхэтгэлд орсон хууль тогтоомжоо хэрэгжүүлэхэд илүү их анхаарал тавих хэрэгтэй. Жишээ нь, Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар Засгийн газар, Улаанбаатар хот, олон улсын хандивлагчид сүүлийн жилүүдэд агаарын чанарыг сайжруулахад чиглэсэн олон хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжихэд шаардагдах санхүүжилтыг бий болгох ёстой бөгөөд энэ нь тус улсын хөгжилд сайнаар нөлөөлнө. Үүний зэрэгцээ хөтөлбөрүүд нь хамгаалах гэж буй хүмүүсийнхээ хүний эрхийг хүндэтгэх ёстой. Ялангуяа хүмүүсийн Улаанбаатар хотод шилжин суурьших явдлыг хязгаарлаж байгаа нь тэдний амьдрах газраа чөлөөтэй сонгох хүний эрхтэй нь зөрчилдөж улмаар ямар ч нөхцөлд үр дүнгүй байх магадлал өндөр юм.

Монгол Улс нь байгаль орчны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах талаар хэд хэдэн чухал алхмуудыг хийсэн байна. Эрүүгийн хуулинд байгаль орчны гэмт хэргийг оруулсан нь маш чухал алхам юм. Үүнээс гадна монголчуудын төрийн байгууллагын талаар гомдол гаргах эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс Захиргааны ерөнхий хуулиар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлж өгчээ.

Гэсэн хэдий ч, бодит байдалдаа, Засгийн газрын эсрэг тавьсан гомдол нь хуулийг сахиулахын төлөөх иргэдийн талд гарах нь тэр бүр ховор. Байгаль орчны асуудлын талаарх мэдээллийг олж авахыг хүссэн хэн нэгэн, аль эсвэл хуулийн заалт шаардлага биелэгдэхгүй байгааг мэдэрсэн иргэд гомдлоо Засгийн газартаа шууд хандан гаргаж чаддаг байх ёстой. Үүний тулд миний өгөх гол зөвлөмж бол Засгийн газар нь байгаль орчны талаарх мэдээлэл, гомдлыг авч хэлэлцэх эрхтэй Байгаль орчны Омбудперсоныг томилох явдал юм.

Байгаль орчны Омбудперсон нь бусад агентлаг байгууллагуудын байр суурийг эзлэхгүй. Харин энэ нь Засгийн газартаа "Ногоон хаалга” хэлбэрээр үйлчлэх болно. Омбудперсон нь байгаль орчны талаар гомдол гаргах болон мэдээлэл хайж буй монголчуудад гомдлоо хэрхэн зөв газар луугаа илгээх талаар зөвлөгөө өгч тэдний хариултыг тухайн байгууллага цаг тухайд нь гаргаж өгч байгаа эсэхэд хяналт тавина. Энэ нь тайлан, зөвлөмжийн хэлбэрээр гарна. Омбудперсон нь байгаль орчны талаарх бүхий л мэдээллийг идэвхтэй цуглуулж хялбар ойлгомжтой хэлбэрээр олон нийтэд нээлттэй болгоно. Жишээлбэл, усны чанарын талаарх мэдээллийг Туул болон бусад голуудын усны бохирдлын түвшинг тодорхой цэгүүд дээр мэдээлэх, мөн усны чанарын талаарх мэдээллийг төрөл бүрийн хэрэглээнд зориулан тусгайлан мэдээлж байх болно. Уул уурхайтай холбоотойгоор уул уурхайн үйл ажиллагааны байршил, бохирдуулагч бодисын ялгаралт, Засгийн газрын хяналт шалгалт хийсэн цаг хугацаа, нөхөн сэргээлтийн байдал зэрэг мэдээллээр хангаж болно. Мөн уурхайн эзэмшигчийн талаарх мэдээллийг өгч болно. Омбудперсон нь үйл ажиллагаа явуулахаар зэхэж буй уурхайн нөлөөллийг ойлгох, уул уурхайн компаниудтай гэрээ байгуулах талаар орон нутгийн иргэд, хамт олныг дэмжин ажиллаж болно.

Би өнөөдрийн дүгнэлтээ хэрэгжилтийг бэхжүүлэхэд илүү чиглүүлж ярьсан хэдий ч Монгол Улсад хоёр шинэ хууль батлан гаргах шаардлагатайг анхааруулахыг хүсч байна.

Энэ нь юуны өмнө Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох, эрхээ хамгаалуулах талаарх Аархусын конвенц юм. Нэрнээс нь харсан ч энэ бол байгаль орчны талаарх мэдээлэл, оролцоо, нөхөн төлбөрийн стандартуудыг тогтоож өгсөн олон улсын гэрээ юм. Монгол Улсын хууль, тогтоомжид эдгээр стандартын нилээдийг тусгасан байгаа хэдий ч Конвенцид нэгдэх нь олон улсын стандартад нийцэж байгаа эсэхээ баталгаажуулах боломжийг олгоно. Төв Азийн болон Европын олон орнууд, Монгол Улс нь олон жилийн туршид тус конвенцид нэгдэх талаар сонирхож ирсэн гэж үздэг. Одоо харин нэгдэх цаг нь болжээ хэмээн зөвлөж байна.

Удаах нь, магадгүй нэн яаралтай хийх зүйл бол Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын боловсруулсан Хүний эрхийн хамгаалагчдын тухай хуулийн төслийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хянаж байгаа бөгөөд үүнийг яаралтай батлуулах хэрэгтэй.

Олон оронд байгаль орчны хүний эрхийн хамгаалагчид хүчирхийлэл, үхэл хэмээх өндөр эрсдэлд єртөж байна. Дэлхий дээр долоо хоног тутамд дундажаар байгаль орчны дөрвөн хамгаалагч амиа алдаад байна.Олон хүн айлган сүрдүүлэг,дарамтад байна. Хэдийгээр бусад олон оронд тахлын хэлбэрээр байгаа шиг нөхцөл Монгол Улсад илрээгүй ч байгаль орчны эрхийг хамгаалагчдаас хууль бус уул уурхай, хулгайн агнуурыг эсэргүүцэхийг оролдсон үедээ хүчирхийлэл, сүрдүүлэгт өртөж байгааг сонсоход хүнд байлаа.

Хамгийн түгшүүртэй тохиолдол бол Монголын Цоохор ирвэс хамгаалах сантай хамтран ажиллаж байсан байгаль хамгаалагч Төмөрсүхийн Лхагвасүмбэрэлийн (Сүмбээ) нас барсан явдал юм. Сүмбээгийн шарилыг Хөвсгөл нуураас 2015 оны 11 дүгээр сарын 11-нд олсон байдаг. Ихэнх ажиглагчдын гайхшралыг төрүүлсэн явдал бол түүний үхлийг цагдаагийнхан амиа хорлолт хэмээн тогтоосон явдал юм. Гэтэл өмнөх 2 жилийн хугацаанд Говь цөлийн Алтайн нурууны уулархаг нутаг дахь Тост уулаа тусгай хамгаалалтад авахуулахын төлөө түүний зүтгэлийн хариуд Сүмбээ дор хаяж гурван удаа халдлагад өртсөн байдаг. Энэхүү үйл явц нь дэлхийн өнцөг булан бүрт тохиолддог байгаль орчны хамгаалагчдын аюул занал, хүчирхийллийн улмаас гардаг цаг бусын үхлийн шалтгаантай тун төстэй. Энэ залуугийн үхлийн талаарх албан ёсны тайлбарт олон хүн сэтгэл дундуур байгаа нь ойлгомжтой. Засгийн газар нь энэ хэргийн мөрдөн байцаалтыг дахин хийж, хамгаалалтын албаны бусад гишүүд нь болзошгүй эрсдэлээс хамгаалагдсан байх ёстой..

Байгаль орчныг хамгаалагчид болон бусад хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хуулийг батлан хэрэгжүүлэхэд Монгол Улс тэргүүн ач холбогдол өгөх хэрэгтэй. Миний хийсэн олон ярилцлагаас харахад тус хуулийн ач холбогдолын талаар талууд зөвшилцөлд хүрч байгаа хэмээн ойлгож удахгүй хэрэгжих байх хэмээн найдаж байна.

Хатагтай, ноёд оо,

Байгаль орчин, хүний эрхийг хамгаалахын төлөө ажиллаж буй надтай уулзсан олон хүний хичээл зүтгэлийг би бишрэн гүнээ талархаж байна. Эдгээр асуудалд маш идэвхтэй оролцдог иргэний нийгмийнхэнтэй өмнө хэзээ ч уулзаж байгаагүй ээ. Байгаль орчныг хамгаалах үйлсийн тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эдгээр хүмүүс бидний төлөө даян дэлхийгээ илүү сайн сайхан болгохын төлөө биднийг дэмжин тусалж байна. Бид тэдэндээ хүндлэл, талархал илэрхийлэх ёстой.

Та бүхний асуултад хариулахад таатай байна.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК