» » » Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран ажиллаж байна

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран ажиллаж байна

Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь найман конвенцод нэгдэн орж, соёрхон баталсан бөгөөд түүнийг дагаж мөрдөх үүргийг олон улсын өмнө хүлээж байгаа билээ.

1999 онд баталсан Хөдөлмөрийн тухай хууль нь нийгэм хөгжихийн хэрээр шинээр бий болж буй хөдөлмөрийн бүхий л харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байна. Улсын Их Хурлын хэд хэдэн бүрэн эрхийн хугацаанд уг хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргахгүй байгаа нь хуулиар баталгаажуулсан иргэдийн хөдөлмөрлөх, хувийн аж ахуйн эрхлэх эрх ноцтой зөрчигдөх шалтгаан болж байна.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран ажиллаж байна

Манай улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрийн дийлэнх нь албан бус салбарт хамаарах бөгөөд судалгаанаас харахад албан бус эдийн засаг нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувийг бүрдүүлж байна[1].

Иймээс ХЭҮК нь 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ОУХБ-ын техникийн дэмжлэгтэйгээр хувийн хэвшлийн салбараас төлөөлүүлэн жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн зарим асуудлыг судлахаар Карьер хөгжлийн хүрээлэн төрийн бус байгууллагатай хамтран "Жижиг, дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал: Худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын салбар” сэдэвт судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

ХЭҮК, ОУХБ-тай байгуулсан №2017-4454255-56 дугаар хэрэгжилтийн гэрээний дагуу дараах ажлуудыг хийж байна. Үүнд:

  • 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр "Өнөөдөр” сонин болон Комиссын цахим сайт, цахим хуудаст байршуулсан сонгон шалгаруулалтын зарын дагуу "ЭС АЙ СИ ЭЙ” ХХК, "МИРИМ Консалтант ХХК”, "IRIM Mongolia” хараат бус судалгааны хүрээлэн ТББ, "Арилжааны даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ, "Карьер хөгжлийн хүрээлэн” ТББ, "Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэн” ТББ зэрэг нийт 6 байгууллагаас материалаа ирүүлсэн болно. ХЭҮК-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/4 дугаар тушаалаар байгуулагдсан 5 гишүүнтэйАжлын хэсгийн сонгон шалгаруулалтыг зохих хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, Карьер хөгжлийн хүрээлэн төрийн бус байгууллагыг сонгон шалгарууллаа.
  • Комисс судалгаагаар гүйцэтгэх ажил үйлчилгээний цар хүрээг ОУХБ, Карьер хөгжлийн хүрээлэн төрийн бус байгууллагатай хамтран тодорхойлж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ХЭҮК, Карьер хөгжлийн хүрээлэн төрийн бус байгууллагатай судалгааны ажил гүйцэтгэх гэрээг байгуулав.
  • ХЭҮК, Карьер хөгжлийн хүрээлэн төрийн бус байгууллагатай байгуулсан гэрээнд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр судалгааны ажлын зорилго, зорилтыг хангасан эхний үр дүнг харуулсан явцын тайлан буюу ХЭҮК-ын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлд оруулах хувилбарыг боловсруулж авахаар заасан билээ. Үүний дагуу Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймагт худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нийт 76 байгууллагын 1376 ажилтан, 60 ажил олгогчийг хамруулсан судалгааны ажлын урьдчилсан үр дүнд тулгуурлан тэнд ажиллагсдын хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, ажил, амралтын цаг, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний хэрэгжилт, ажлын байран дахь дарамт, нийгмийн даатгалын шимтгэл, хөдөлмөрийн маргаан, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны хэрэгжилтийн байдлыг ХЭҮК-ын жил бүр УИХ өргөн барьдаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлдээ тусгасан болно.
  • ХЭҮК-ын дарга, гишүүд 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх ээлжит 16 дахь илтгэлийг өргөн барьж, улмаар тус илтгэлийн талаар 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр "ХЭҮК, иргэний нийгмийн түншлэл” уулзалтыг зохион байгуулж, уулзалтад оролцосон төрийн болон төрийн бус байгууллагын 100 орчим төлөөлөлд илтгэлд тусгагдсан асуудлын талаар танилцуулга хийсэн болно.
  • ОУХБ-д тус илтгэлийг монгол хувилбарыг хүргүүлсэн. Одоо ХЭҮК-ын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг англи хэл рүү орчуулж байна.
  • ХЭҮК, Карьер хөгжлийн хүрээлэн төрийн бус байгууллагатай байгуулсан гэрээний дагуу судалгааны ажлын зорилго зорилтыг бүрэн хангасан эцсийн тайланг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авсан бөгөөд худалдаа үйлчилгээний чиглэлийн 59, ноос ноолуурын чиглэлийн 19, нийт 78 жижиг, дунд үйлдвэрийн аж ахуйн нэгж, байгууллага судалгаанд хамрагдаж анкетын асуулгад 1639 ажиллагсад оролцсон байна.
  • Судалгааны бүтэц, агуулгыг сайжруулах үүднээс ОУХБ, ХЭҮК, судалгаа хийх байгууллагаар сонгогдсон "Карьер хөгжлийн хүрээлэн” төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон уулзалтыг 6 удаа хийсэн бөгөөд ОУХБ-аас гаргасан бүтэц, арга зүйн дагуу судалгааны тайлангийн эцсийн боловсруулалтыг хийж, ХЭҮК-оос судалгааны тайлангийн боловсруулалтыг хянах, сайжруулахаар 3 удаагийн уншилт, засварыг хийгээд байна.
  • Судалгааны ажлын агуулга бүтэц дараах хэлбэртэй байна. Үүнд:

-Товчилсон үгийн жагсаалт

-Хүснэгтийн жагсаалт

-Өмнөх үг

-Талархал

-Судалгааны ерөнхий тойм

-Судалгааны арга зүй

-ОУХБ-ын хэм хэмжээ ба үндэсний хууль тогтоомж, хөдөлмөрлөх эрхийн судлагдсан байдал

-Жижиг, дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт

-Дүгнэлт, санал зөвлөмж

-Хавсралт

ОУХБ-ын хэм хэмжээ ба үндэсний хууль тогтоомж, хөдөлмөрлөх эрхийн судлагдсан байдал гэсэн хэсэгт олон улсын гэрээ конвенц ба үндэсний хууль тогтоомжийн харьцуулалт, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн судлагдсан байдал, шүүхийн шийдвэрийн биелэлтийг агуулж байгаа бол жижиг дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт гэсэн хэсэгт эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилт, ажлын байран дахь дарамт, ялгаварлан гадуурхалт, албадан хөдөлмөр, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, ажил амралтын цаг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, эмэгтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настны хөдөлмөр, ажилтны нийгмийн хамгааллын асуудал, байгууллагуудын хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй баримт бичигт хийсэн шинжилгээний талаар тус тус тусгасан болно.

ОУХБ-ын хуулийн зөвлөх, шинжээч, үндэсний зохицуулагч нар тус судалгааны ажлын явц, боловсруулалт, тайлагналтад анхаарч, судалгааны баг болон ХЭҮК-ын төлөөлөлтэй хамтран ажиллаж, мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь "Жижиг, дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал: Худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын салбар” сэдэвт судалгааны ажлыг сайжруулах, боловсронгуй болгоход ач холбогдлоо өгч байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж буйд талархлаа илэрхийлье.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН АЖЛЫН АЛБА


[1] Монгол Банк: Сүүдрийн эдийн засаг, Улаанбаатар, 2013 он, 22 дугаар хуудас.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК