» » » Хүүхдийн эрхийн улсын байцаагчийг бэлтгэн ажиллуулж, хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

Хүүхдийн эрхийн улсын байцаагчийг бэлтгэн ажиллуулж, хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 44 дүгээр чуулганаар 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд "Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ийг анх батлан гаргажээ. Хүүхдийн эрхийн тухай конвенц нь хүүхдийн эсэн мэнд хөгжих,сурч боловсрох, ялгаварлан гадуурхагдахгүй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн сайхан амьдрах аж төрөх зэрэг язгуур эрхүүдийг багтаасан чухал баримт бичиг юм.

Монгол Улс 1990 оны тавдугаар сарын 28-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, уг конвенцид нэгдэн орсон эхний 5 орны нэг билээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүн орны хувьд 2010 оноос хойш НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгийн механизмаар Хүний эрхийн хэрэгжилтийн үндэсний тайлангаа 2 удаа хэлэлцүүлсэн бөгөөд тус дүгнэлт, хэлэлцүүлгийн явцад хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах асуудлаар олон тооны зөвлөмж авсан юм.

Хүүхдийн эрхийн улсын байцаагчийг бэлтгэн ажиллуулж, хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

Тухайлбал 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр болсон хоёр дахь удаагийн дүгнэлт хэлэлцүүлгээр Засгийн газарт нийт 164 зөвлөмж хүргүүлсний 23 нь хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн байна. Үүнд хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хүүхэд өөрөө олон улсын байгууллага, тогтолцоонд гомдол гаргах эрхтэй болсон талаар хүүхдүүдэд сурталчлан таниулах, хүүхдийн эрхийн зөрчлийн тухай олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэд бүр сурч боловсрох эрхээ тэгш эдлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтаа үргэлжлүүлэх, боловсролын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох асуудлыг тусгайлан иж бүрэн оруулж, ач холбогдол өгөх, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, түүний дотор нөхөн үржихүй, хүчирхийллээс ангид байх, хөдөлмөр эрхлэх, боловсрох болон шийдвэр гаргах түвшинд оролцох эрхэд онцгой ач холбогдол өгөх боломжийг судлан үзэх зэрэг асуудлаар чухал бөгөөд зайлшгүй анхаарвал зохих зөвлөмж өгсөн байна.

Нийгэм хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхлэх, цахим орчинд донтох, гэр бүлийн орчинд болон цэцэрлэг, сургууль, асран хүмүүжүүлэх газар, сургуулийн дотуур байр, ажлын байр, гудамж талбайд бие махбод, сэтгэл санааны, бэлгийн болон үл хайхрах хүчирхийлэлд өртөх тохиолдол гарсаар байна. Хүүхдийн эрхийн эдгээр зөрчлийг арилгах, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэхэд дан ганц хууль эрх зүйн орчныг сайжруулах нь хангалтгүй бөгөөд хүүхэд, насанд хүрэгчид, үүрэг хүлээгчдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, нийгмийн тогтсон хандлагыг өөрчлөх, зөв дадал, зан үйлийг хэвшүүлэх шаардлагатай байх тул Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2017 оны 3 дугаар сард УИХ-д өргөн барьсан "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл"-д тусгасан болно. Тэдгээрээс хэсэгчлэн нийтэллээ. Үүнд: 

"...Хүүхдийн эрхийн талаарх иргэдийн мэдлэг, хандлага, хэрэглээ манай орны хувьд ямар байгааг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс, Гүүд Нэйборс олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран "Хүүхдийн эрх ба хамгаалал” үндэсний судалгааг 2016 онд хийсэн билээ.

Хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох энэхүү КАП судалгааг Улаанбаатар хотын 7 дүүрэг, 8 аймгийн нутаг дэвсгэрт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхэд, 2743 эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд хамгааллын хамтарсан багийн 152 гишүүнийг хамруулан хийсэн болно. Судалгааны асуулга, ярилцлагад хамрагдсан хүүхдүүдийн дунд хүүхдийн эрхийн талаар тодорхой, цэгцтэй мэдлэгтэй хүүхэд цөөн, ялангуяа эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох гэсэн хүүхдийн 4 бүлэг эрхэд ямар эрх ордог талаар ойлголтгүй байв. 

...Монгол Улс дахь хүүхдийн эрхийн хамгийн нийтлэг зөрчил нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үл хайхрах явдал болох нь энэхүү судалгааны үр дүнгээс харагдаж байна.  Асуулгад оролцсон нийт хүүхдийн 17.2 хувь нь ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байгаагүй гэсэн бол үлдэх 82.8 хувь нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Эдгээр дүнг нэгтгэн үзвэл, асуулгад хамрагдсан 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн, түүнээс 2 хүүхэд тутмын 1 нь бие махбодын хүчирхийлэлд, 4 хүүхэд тутмын 3 нь сэтгэл санааны хүчирхийлэлд, 3 хүүхэд тутмын 1 нь үл хайхрах хүчирхийлэлд, 8 хүүхэд тутмын 1 нь бэлгийн шинжтэй дарамт, халдлагад өртөж байсан ажээ. Давтамжийн хувьд хүүхдүүд бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртдөг бөгөөд энэ нь ихэвчлэн гэр бүл, сургуулийн орчинд гардаг байна.

Асуулгад хамрагдсан 2 хүүхэд тутмын 1 нь амьдарч буй орчноо аюулгүй, хамгаалагдсан орчин гэж үздэггүй бөгөөд тэдний 38.3 хувь нь сургуулийн орчноос (багш, сургуулийн атаман, нийгмийн ажилтан, дотуур байрны багшаас), 45.3 хувь нь гэр бүлийн орчноос (өөрийн төрсөн болон хойд эцэг эх, ах эгч, хамаатан садангаас) 16.4 хувь нь бусдаас (гудамж талбайд, үзвэр үйлчилгээний газар, цахим орчинд, танихгүй хүнээс) хамгийн их айдаг гэж хариулсан байна... 
Ийнхүү хүүхэд амьдралын анхдагч орчин болсон гэр бүл, сурч хөгжиж, боловсрохуйн орчин болсон сургууль, цахим ертөнц, үзвэр үйлчилгээний газарт хүчирхийлэлд өртөж, айдас хүйдэстэй амьдарч байгаа нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл бидний санааг зовоосон нэн тулгамдсан асуудал болж байгааг харуулж байна.

Хүүхдийн эрхийн талаарх хандлага, хэрэглээг тодорхойлох нэгэн чухал үзүүлэлт бол хүүхдийн эрхийн аливаа зөрчилд хүүхэд хариу үйлдэл үзүүлэх, зөрчлийг мэдээлэх явдал юм.
Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэл нэмэгдэхэд түүнийг мэдээлэхгүй байх явдал гол нөлөө үзүүлж байна. Хүчирхийллийн асуудлыг мэдээлэхгүй байгаагийн шалтгааныг судалгаанд хамрагдсан эцэг эх, асран хамгаалагчдаас тодруулахад тэдний 38.9 хувь нь мэдээлэх ёстойгоо мэддэггүй гэсэн байна.

Хүүхдийн эрхийн талаарх мэдлэг, хандлага, хэрэглээ эцэг, эх, асран хамгаалагчдын хувьд ямар байгааг харвал судалгаанд оролцсон хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх ойлголт нь хүүхдийн эрхийн тухай мэдлэгийн түвшингээс харьцангуй доогуур байна. Энэ нь олон нийтийн дунд хүүхдийн эрхийн зөрчлийг хэвийн байдаг л зүйл гэсэн буруу ойлголт нийтлэг байгаагийн илрэл юм. Ийнхүү хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх мэдлэг, ойлголт харьцангуй доогуур байгаагаас хүүхдийн эрхийн зөрчлийн илрүүлэлтэд сөргөөр нөлөөлөх магадлалтай байна.

Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон хүүхэд 2015 онд 77, 2016 онд 74 байна. Энэ нь нийт хохирогчдын 5.4 хувийг эзэлж байна. Тоон мэдээллээс харахад гэр бүлийн хүчирхийлэл жилээс жилд 71.6-148 пунктээр өссөн байна...

Судалгаанаас харахад эцэг эх, асран хамгаалагчдын гэр бүлийн боловсрол дутмаг, хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах арга зүй, хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогийн талаар мэдлэггүйгээс болж хүүхдийн эрхийг зөрчих, хүчирхийлэх явдал элбэг байна. Түүнчлэн уур уцаар, өрхийн орлого, архидалт, гэр бүлийн таагүй харилцаа ч үүнд нөлөөлж байна. Энэ нь манай улсад гэр бүлийн боловсролд чиглэсэн сургалт үйл ажиллагаа байдаггүй, энэ чиглэлээр ажилладаг байгууллага, мэргэжилтэн цөөн байгааг харуулж байна.
Иймд эцэг эх, насанд хүрэгчдэд зориулсан гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, сургалтын модуль боловсруулж, насан туршийн боловсролын хүрээнд сургалтыг тогтмол зохион байгуулах шаардлагатай байна.
Сургууль, цэцэрлэг нь хүүхдийн хоёрдогч гэр болохуйц чухал орчин билээ. Гэвч сургуулийн орчинд зарим багш, ажилтан хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж, хүүхдүүд багшаасаа, үе тэнгийнхнээсээ айж, эмээж түгшдэг нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Мөн сургуулийн орчинд гарч буй үе тэнгийнхний хүчирхийлэлд хариу арга хэмжээ авахгүй байгаа нь ийнхүү хүчирхийлэл бүхий л орчинд газар авч байгаагийн гол шалтгаан болж байна.

Сургууль дээрх дарамт, хүчирхийлэл нь багш болон бусад сурагчдын зүгээс дээрэлхэх, хүчирхийлэх үйлдэл юм. Монгол Улс бие махбодын шийтгэлийг сургуулийн орчинд хориглосон хуультай билээ. Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт багш нь суралцагчийн бие махбодод халдах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, хувийн нууцыг нь задруулахыг хориглоно гэж заасан байдаг ч энэ хэсгийн хэрэгжилт тунхагийн шинжтэй байгаагаас болж сургуулийн орчинд, багш хүүхдийг сэтгэл санааны хувьд хүчирхийлэх явдал амь бөхтэй оршин тогтносоор байна.

Хүүхдийн эрхийг хүндэтгэж, хангаж, хамгаалах үүрэг бүхий гол субъект бол төр билээ. Судалгаанд хамрагдсан 3 бүлэг оролцогчдын дийлэнх нь буюу 71.4 хувь нь хүүхэд эрхээ эдлэхэд эцэг эх, асран хамгаалагчид чухал үүрэгтэй гэж үзсэн бөгөөд тэдний дөнгөж 10.5 хувь нь л төрийн (ерөнхийлөгч, ерөнхий сайд, хүүхэд хамгааллын хамтарсан баг, багш, нийгмийн ажилтан, цагдаа гэх мэт) албан хаагчдын хүлээх үүргийг чухалчилсан байна. Энэ нь хүүхдийн эрхийг ханган хэрэгжүүлэхэд үүрэг хүлээгчид ялангуяа төрийн байгуулага, албан хаагчдын үүрэг хариуцлага сул, хангалтгүй байгааг тодорхой харуулж байна.

Мөн хүүхдийн эрхийн улсын байцаагчийг бэлтгэн ажиллуулж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх, хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийн мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх байгууллага, ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай байна"...

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК