» » » Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтийг судална

Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтийг судална

Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмж, бусад эрхийн хүрээнд хамтран ажиллаж ирсэн уламжлалтай юм. Тус холбооны тэргүүн Б.Чулуундолгорыг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж хүлээн авч уулзан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр ярилцлаа.

Тухайлбал, "НҮБ-аас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ 2017-2021”-ний чиглэл, зорилгод нийцүүлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сантай хамтран охид, эмэгтэйчүүд, тэр дундаа эмзэг бүлгийн охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар Монгол Улсын Засгийн газарт НҮБ болон түүний гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийхэд хамтран ажиллахаар болов.

Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтийг судална

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрх ихээхэн зөрчигддөг. Зориулалтын эмнэлгийн ор, хэрэгсэл байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаар эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын ойлголт мэдлэг дутмаг учраас эрх зөрчигдөх үндсэн шалтгаан нөхцөл үүсч байгаа. Үзлэгийн ор гэхэд л тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд зориулагдаагүй тул асуудалтай. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн 80-90 орчим хувь нь эмнэлгийн үзлэг, үйлчилгээнд хамрагдаагүй 20-30 жил болж байгаа. Эдгээр иргэдийг хүйсээр ялган эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэггүй, саналыг үл харгалзан үрийн сувгийг боох зэрэг бүдүүлгээр эрхэнд нь халддаг, эмч, эмнэлгийн ажилтнуудын хандлагаас улбаалан нөхөн үржихүйн асуудал байсаар байна гэсэн асуудлыг уулзалтын үеэр онцолж байлаа.

Монгол Улсын Үндсэн хууль, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц зэрэг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар ахиц дэвшил гаргах, энэхүү эрхийг нь баталгаатай эдлүүлэх, НҮБ болон түүний гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, тодорхой үр дүнд хүрэхэд холбогдох байгууллагуудаас авсан мэдээлэл, тайлан, судалгаанд дүн шинжилгээ хийж, үр дүнг "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-д тусгаж, шийдвэр гаргагчдаар тодорхой арга хэмжээ авахуулах зорилгоор талууд хамтран түүвэр судалгааг явуулахаар тохирлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтийг судална
Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтийг судална
Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтийг судална

Үүнд "Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, охидын төрөлт, эхийн эндэгдэл, эхийн эндэгдлийн шалтгааны статистик мэдээлэл, судалгаа”, "Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдэд чиглэсэн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаарх сургалт, мэдээллийн хөтөлбөр, төлөвлөгөө болон зөвлөгөө, үйлчилгээний тайлан, кейс баримтжуулалт”, "Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдэд чиглэсэн нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх мэдээлэл, судалгаа”, "Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрхийн зөрчлийн талаарх кейс баримтжуулалт” зэрэг сэдвийн хүрээнд судалгаа хийх юм.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК