» » » Хүний эрхийн Олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга мэндчилгээ дэвшүүллээ

Хүний эрхийн Олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга мэндчилгээ дэвшүүллээ

Хүний эрхийн Олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга мэндчилгээ дэвшүүллээМонгол орны өнцөг булан бүрт аж төрж буй хүн бүрт хүний эрхийн олон улсын өдрийн мэнд дэвшүүлье. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас "Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталсан 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг "Хүний эрхийн олон улсын өдөр” хэмээн 69 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн хүний эрхийн өдрөөс эхлэн ирэх оны хүний эрхийн өдрийг хүртэлх бүтэн жилийн хугацаанд Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх аяныг НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Газраас зарлажээ.

"Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриатай тэмдэглэсэн өнгөрсөн жилийн Хүний эрхийн олон улсын өдрөөс хойш 2017 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хөдөө орон нутагт нийт 20 удаа "Хүний эрхийн нээлттэй өдөр” болон хяналт шалгалт, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулав. Хүний эрхийн мэдлэг ойлголт нэмэгдүүлэх, хууль сахиулах байгууллагуудын хүний эрхийн сургагч багш бэлтгэх, хуульчдын кредит олгох сургалт, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн захиалгаар болон төлөвлөгөөний дагуу нийтдээ 323 удаа, 633 цагийн хүний эрхийн сургалтыг 15913 хүн хамруулан зохион байгуулжээ. Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаар нийт 460 гомдол иргэдээс хүлээн авч шийдвэрлэсний дотор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх, прокурорын байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэнд нөхөн төлбөр олгуулахаар шүүхэд гурван төлөөлөн нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэв. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2017 онд 98 удаагийн хяналт шалгалтын ажил зохион байгуулсан бөгөөд хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар нийт 30 шаардлага, хүний эрх зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг арилгуулахаар 22 зөвлөмжийг албан тушаалтан, аж ахуйн нэгжид хүргүүлж биелэлтийг хангуулан ажилласан байна.

Хүний эрхийн нөхцөл байдлын талаарх судалгааны хүрээнд хувийн хэвшил дэх хөдөлмөрлөх эрх, төрийн албан хаагчийн болон цэргийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, жендэрийн тэгш байдал, хэлний цөөнхийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх зэрэг эрхийн нөхцөл байдал, хэрэгжилт зэрэг тодорхой сэдвийн хүрээнд томоохон хэмжээний долоон удаагийн судалгаа, дүн шинжилгээний ажлыг орон даяар зохион байгууллаа.

Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөний 2016 оны төлөв байдлын илтгэлийг хянан шийдвэрлэсэн гомдол, дангаар болон бусад байгууллагатай хамтран хийсэн хяналт шалгалт, судалгааны үр дүн, төрийн байгууллагаас ирүүлсэн мэдээ судалгааны хэрэглэгдэхүүнд тулгуурлан боловсруулж, холбогдох зөвлөмжийн хамтаар Улсын Их Хуралд хүргүүлэн, шийдвэр гаргуулахаар хэлэлцүүлэв. Тэр дундаа тус илтгэлийн хүрээнд хүүхдийн эрхийн онцгой нөхцөл байдал, ноцтой зөрчлүүдэд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулсны үр дүнд Улсын Их Хурал Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос илтгэлд дурдсан хүүхдийн эрхийн ноцтой зөрчлийн нөхцлийг шалгаж шийдвэрлэхээр Улсын Их Хурлын гишүүд, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд зэрэг холбогдох талуудыг оролцуулсан хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Комисст хүлээн авч шийдвэрлэсэн гомдлын дүн мэдээ болон зохион байгуулсан судалгааны үр дүнгээс харахад халдашгүй чөлөөтэй, эрүү шүүлтээс ангид байх, хууль зүйн туслалцаа авах эрх зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь хүний эрхийн зөрчил, хөдөлмөрлөх эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусдамж үйлчилгээ авах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, хүүхдийн эрхийн зэрэг зөрчил Монгол Улсад өнгөрсөн онд зонхилж байв.

Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих, нөхцөл байдлыг сайжруулах, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах, сурталчлах, хуулийн байгууллагын болон төрийн байгуулагын ажилтнуудад хүний эрхийн боловсрол олгох чиглэлд Цагдаагийн Ерөнхий Газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Хууль зүйн туслалцааны төв, Монголын Ажил Олгогчдын Нэгдсэн Холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай олон талт хамтын ажиллагааны хүрээнд санамж бичиг байгуулан ажиллаж байна.

Хүний эрхийн Олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга мэндчилгээ дэвшүүллээ

Дэлхий нийтэд хүний эрхийн хамт олон "хүний эрхийн төлөө зүтгэе” уриан дор Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх аянд Тунхаглалыг сурталчлах, танин мэдүүлэх, хүн бүр өөрийн болон өрөөлийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарч буй зөрчлийг арилгуулахад хувь нэмрээ оруулах үйл хэрэг Монголчууд та бидний өмнө ирээд байна. Энэхүү үйлсэд хамтдаа хүчин зүтгэцгээе.

Таны хүний эрхийн төлөөх үйлс бүхэнд амжилт хүсье. 

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж

Хүний эрхийн Олон Улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулж буй кампанит ажлууд, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын илгээлт, дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж буй өдрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хуудсаас авна уу.  http://www.mn-nhrc.org/hrd7/index.html 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК