» » » “Хүүхдийн эсрэг хүчирхийллийн өнөөгийн нөхцөл, байдал” сэдвээр илтгэв

“Хүүхдийн эсрэг хүчирхийллийн өнөөгийн нөхцөл, байдал” сэдвээр илтгэв

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг"-ийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны хороо, Ажлын хэсэг хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь нээж, удирдан чиглүүлж хөтлөв. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны хорооны дарга Ё.Баатарбилэг хэлэлцүүлгийн ач холбогдлыг тодорхойлж хэлэлцүүлгийг нээснээр үндсэн илтгэлийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор, дэд профессор П.Оюунчимэг тавьсан юм. Тэрбээр "Хүүхдийн эсрэг хүчирхийллийн өнөөгийн нөхцөл, байдал” сэдвээр илтгэв. “Хүүхдийн эсрэг хүчирхийллийн өнөөгийн нөхцөл, байдал” сэдвээр илтгэв

Илтгэлийг товчлон хүргэе:

-Манай улс хүүхдийн эрхийн асуудлыг анхааралдаа авсан улс орнуудын тоонд нэлээд дээгүүрт ордог. Учир нь 1989 онд гарсан, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенцыг баталсан эхний 10 улсын тоонд Монгол Улс зүй ёсоор ордог. Түүнээс хойш хүүхдийн эрхийн чиглэлээр гарсан гэрээ, конвенцууд, хөтөлбөр, дүрэм журмуудад шил дараалан нэгдэн орсон байдаг. Олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд дотоодын хууль тогтоомжоороо хүүхдийн эрхийг хангах, хамгаалах бүхий л үүргийг Засгийн газар хүлээж байгаа. Хүүхэд хамгааллын эрх зүйн орчин ийм өндөр түвшинд хангагдаж, хамгаалагдсан мөртлөө хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой, хүүхэд хамгааллын асуудал ингэж өргөн хүрээтэй яригдаж байгаа нь хэрэгжилтэд дүн тавих цаг болсныг харуулж байна. Зөвхөн өнөөдөр ярьж байгаа асуудал биш.

1925 онд сууриа тавьсан Монголын Пионерийн байгууллагаас үүдэлтэй Монголын хүүхэд хамгааллын үе үеийн шатны олон байгууллагын ажиллаж ирсэн түүх үүнийг харуулна. Өнөөдөр хүүхэдтэй холбоотой асуудлын тоог хараад гайхах биш, бодитой ажил хийхийг шаардсан нийгмийн шаардлага гэж ойлгож байгаа. Хүүхдийн эрхийн хэрэгжилттэй холбоотой бүхий л орчин нөхцлийг сайжруулах ёстой. Хамгийн сүүлд Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенцын мэдээлэл хүргүүлэх журмын тухай 3-р нэмэлт протоколд нэгдэж орсон. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гэрээний хороодоос манай улсын Засгийн газарт 2015 онд 164 зөвлөмж өгсний 23 нь хүүхдийн эрхийн хэрэгжилттэй холбоотой асуудал байгаа. Өнөөдөр үүнийг оршил болгож ярихын учир нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэвчишгүй хөдөлмөрийг устгах, сурч боловсрох эрх, гэр бүлийн орчин нөхцөл, үл хайхрах, хамгааллын асуудлаар тоо баримт, мэдээллийг хүргэхийн тулд хөндөж байна. Хүүхэдтэй холбоотой асуудал нууцлаг явж ирсэн. Хүүхэд хамгааллын багийг үр дүнтэй ажиллуулахын тулд санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх ёстой. 23 мянган хүнд нэг нийгмийн ажилтан оногдож байгаа нь хүртээмжтэй бус. Хүүхэд хамгааллын бүртгэл, мэдээг нэхэх утгагүй юм.

Нийгэм хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхлэх, цахим орчинд донтох, гэр бүлийн орчинд болон цэцэрлэг, сургууль, асран хүмүүжүүлэх газар, сургуулийн дотуур байр, ажлын байр, гудамж талбайд бие махбод, сэтгэл санааны, бэлгийн болон үл хайхрах хүчирхийлэлд өртөх тохиолдол гарсаар байна. Хүүхдийн эрхийн эдгээр зөрчлийг арилгах, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэхэд дан ганц хууль эрх зүйн орчныг сайжруулах нь хангалтгүй бөгөөд хүүхэд, насанд хүрэгчид, үүрэг хүлээгчдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, нийгмийн тогтсон хандлагыгөөрчлөх, зөв дадал, зан үйлийг хэвшүүлэх шаардлагатай.“Хүүхдийн эсрэг хүчирхийллийн өнөөгийн нөхцөл, байдал” сэдвээр илтгэв
“Хүүхдийн эсрэг хүчирхийллийн өнөөгийн нөхцөл, байдал” сэдвээр илтгэв

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2016 онд хийсэн хамтарсан судалгаагаар Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа хүчин зүйл нь нэгдүгээрт, санхүүгийн бэрхшээл, хоёрдугаарт, эцэг, эх, олон нийтийн буруу хандлага нөлөөлдөг, гуравдугаарт, арга зүйн мэдлэг, хамтын ажиллагаа дутмаг, зохицуулалт сул, цаг зав гардаггүй зэрэг хариултыг өгсөн байна.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд ойрын хамаатан садан, ураг төрлийн холбоотой хүмүүс, танил, найз нөхөд, хойд эцэг, төрсөн эцэгтэй холбоотой хэргүүд гарч байгаа. Бид хэн нэгнээс сонсож сураглаж мэдсэн зүйл биш, бүгд шалгаж, шийдвэрлэгдсэн тоо баримт, нэр устай хэргүүд байгаа гэдгийг хэлье. Хүчирхийлэл үйлдэгдэж байгаа нөхцөл байдлыг авч үзвэл ихэвчлэн хохирогчийн гэрт, гэр орондоо ёслол, хүндэтгэл, ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулж, архи уудаг, архинаас хамааралтай хүмүүсийн цугларалт зэргээс үүдэлтэй хэргүүд гарч байна. Ерөнхийдөө хууран мэхэлдэг, айлган сүрдүүлдэг, эсвэл шууд хүчирхийлдэг зэрэг арга замаар үйлдэгддэг гэсэн судалгаа гарсан.

2002 оны Эрүүгийн хуулийн 122-р зүйл анги буюу насанд хүрээгүй хүүхэдтэй хурьцал үйлдэх гэмт хэрэг 2015 онд 29 бүртгэгдэж, 30 хүүхэд хохирсон, шийдвэрлэсэн 29, яллах дүгнэлт үйлдсэн 24, хэрэгсэхгүй болгосон 5 хэрэг байх жишээтэй. Тэгвэл бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг улсын хэмжээнд 2015 онд 332 хэрэг бүртгэгдсэнээс 179 хүүхэд хохирсон байдаг. Үүнээс прокурор, шүүхэд өгсөн нь 158, 18-ыг хэрэгсэхгүй болгосон.

2016 онд улсын хэмжээнд дээрх зүйл ангиудаар бүртгэгдсэн нийт хэрэг 345 байгаагаас, хүүхэд хохирч бүртгэгдсэн нийт хэрэг 178, хохирсон хүүхэд 182, нийт шалгаж шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 183, үүнээс яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай 168, хэрэгсэхгүй болгосон 11 хэрэг байна.

2017 оны 9 сарын байдлаар 332 хэрэг байгаагаас хохирсон 171 хүүхэд, шалгаж шийдвэрлэсэн хэрэг 80, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд 91 хэрэг байна гэсэн мэдээг Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн байна. 2016 оноос 2017 оны эхний 9 сарын байдлаар ийм төрлийн нийт хэрэг 1009, хохирсон хүүхэд 537 хүүхэд, хэрэгсэхгүй болсон 31 гэсэн тоог цагдаагаас авсан. Хохирогч хүүхүүдийн насны байдлаар авч үзвэл:- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйл-/Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх/-ээр бүртгэгдсэн гэмт хэргийн хохирогч болсон нийт хүүхэд 2015 онд 30, 2016 онд 28, 2017 оны эхний 9 сарын байдлаар 22 байгаа ба насны хувьд 7 хүртэлх насны хүүхэд байхгүй. 8-13 насны хохирогч болсон хүүхэд 2015 онд 3, 2016 онд 6, 2017 оны эхний 9 сарын байдлаар 5 хүүхэд, 14-17 насны хохирогч болсон хүүхэд 2015 онд 27, 2016 онд 22, 2017 оны эхний 9 сарын байдлаар 17 хүүхэд байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйл-/Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах/-ээр бүртгэгдсэн гэмт хэргийн хохирогч болсон нийт хүүхэд 2015 онд 14, 2016 онд 11, 2017 оны эхний 9 сарын байдлаар 13 байгаа ба насны хувьд 7 хүртэлх насны хүүхэд 2015 онд 6, 2016 онд 4, 2017 оны эхний 9 сарын байдлаар 3 хүүхэд хохирсон байна.

8-13 насны хохирогч болсон хүүхэд 2015 онд 5, 2016 онд 7, 2017 оны эхний 9 сарын байдлаар 6 хүүхэд, 14-17 насны хохирогч болсон хүүхэд 2015 онд 3, 2017 оны эхний 9 сарын байдлаар 4 хүүхэд байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйл-/Хүчиндэх/- ээр бүртгэгдсэн гэмт хэргийн хохирогч болсон нийт хүүхэд 2015 онд 139, 2016 онд 143, 2017 оны эхний 9 сарын байдлаар 135 байгаа ба насны хувьд 7 хүртэлх насны хүүхэд 2015 онд 7, 2016 онд 18, 2017 оны эхний 9 сарын байдлаар 13 хүүхэд хохирсон байна.

8-13 насны хохирогч болсон хүүхэд 2015 онд 47, 2016 онд 45, 2017 оны эхний 9 сарын байдлаар 43 хүүхэд, 14-17 насны хохирогч болсон хүүхэд 2015 онд 85, 2016 онд 80, 2017 оны эхний 9 сарын байдлаар 79 хүүхэд байна. Нийтдээ 2015-2017 оны эхний 9 сарын байдлаар 8-13 насны хохирогч 135 хүүхэд, 14-17 насны хохирогч 244 хүүхэд бүгд 379 хүүхэд дээрх гэмт хэргийн улмаас хохирсон байна.

Улсын Ерөнхий прокурорын газрын мэдээлэл дүншинжилгээ судалгааны хэлтсээс ирүүлсэн мэдээлэл судалгаагаар улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэгт хохирсон хохирогч хүүхдийн талаарх тоон судалгаа гардаггүй нь цагдаагийн байгууллагын судалгаатай харьцуулсан дүн шинжилгээ хийхэд хүндрэлтэй байсныг энд дурдах хэрэгтэй байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйл-/Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх/-ээр 2015 онд 53 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн 28 хэрэг,хэрэгсэхгүй болгосон 23 хэрэг, түдгэлзүүлсэн 2 хэрэг, 2016 онд 42 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэснээс 20 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, 15 хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2017 оны эхний хагас жилийн байдлаар 24 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэснээс 10 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн, 3 хэргийг хэрэгсэхгүй болгосон, 1 хэрэг түдгэлзээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дугаар зүйл-/Бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулах/-ээр 2015 онд 36 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн 8 хэрэг, хэрэгсэхгүй болгосон 17 хэрэг, түдгэлзүүлсэн 1 хэрэг, 2016 онд 26 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэснээс 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, 5 хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2017 оны эхний хагас жилийн байдлаар 25 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэснээс 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн, 1 хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2 хэрэг түдгэлзээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйл-/Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах/-ээр 2015 онд 39 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн 34 хэрэг, хэрэгсэхгүй болгосон 5 хэрэг, 2016 онд 43 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэснээс 38 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, 4 хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2017 оны эхний хагас жилийн байдлаар 17 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэснээс 15 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйл-/Хүчиндэх/-ээр 2015 онд 345 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн 201 хэрэг, хэрэгсэхгүй болгосон 114 хэрэг, түдгэлзүүлсэн 18 хэрэг, 2016 онд 346 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэснээс 227 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, 69 хэргийг хэрэгсэхгүй болгосон,23 хэрэг түдгэлзээтэй байна. 2017 оны эхний хагас жилийн байдлаар 178 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэснээс 70 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн, 16 хэргийг хэрэгсэхгүй болгосон, 7 хэрэг түдгэлзээтэй байна.

Прокурорын байгууллагаас гаргаж байгаа судалгаа нь сэжигтэн яллагдагчийн насны мэдээллэлээс өөр хохирогчийн талаарх мэдээлэл улсын хэмжээнд гардаг мэдээ тайлангийн ангилалд байдаггүй, мөн гэмт хэргийн зүйлчлэл бүрээр задаргаатай мэдээлэл гардаггүй, зөвхөн судалгаанд зориулж зүйл ангийн мэдээлэл ирсэн нь улсын хэмжээнд тухайн зүйл ангиар үүссэн эрүүгийн хэрэг, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад ял өөрчлөн сонсгосон, өөр зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хөдөлгөөний мэдээ өөрөөр гарч байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс ирүүлсэн энэ төрлийн гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байдлыг судлахад:-

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйл-/Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх/-ээр улсын хэмжээнд анхан шатны шүүхүүд 2015 онд 29 хүнд холбогдох 23 хэргийг хүлээн авснаас 18 хэргийг таслан шийдвэрлэж, хорих ялаар 23 хүнийг шийтгэж 1 хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.2016 онд 27 хүнд холбогдох 24 хэргийг хүлээн авснаас 20 хэргийг шийдвэрлэж, 21 хүний ял шийтгэсэн бөгөөд 2 хүнд холбогдох нэг хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 2017 оны эхний хагас жилийн байдлаар 69 хүнд холбогдох 57 хэргийг хүлээн авснаас 45 хэргийг таслан шийдвэрлэж 53 хүнд ял шийтгэл оногдуулсан ба 3 хүнд холбогдох 2 хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Нийт 2015-2017 оны эхний хагас жилийн байдлаар дээрх зүйл ангиар 69 хүнд холбогдох 57 хэргийг хүлээн авч 45 хэргийг шийдвэрлэж 53 хүнд ял шийтгэл оногдуулжээ. 3 хүнд холбогдох 2 хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дугаар зүйл-/Бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулах/-ээр улсын хэмжээнд анхан шатны шүүхүүд 2015 онд 11 хүнд холбогдох 8 хэргийг хүлээн авснаас 6 хэргийг таслан шийдвэрлэж, хорих ялаар 9 хүн ял шийтгэгдэж 1 хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. 2016 онд 12 хүнд холбогдох 8 хэргийг хүлээн авснаас 6 хэргийг шийдвэрлэж, 9 хүн ял шийтгүүлжээ. 2017 оны эхний хагас жилийн байдлаар 20 хүнд холбогдох 11 хэргийг хүлээн авснаас 6 хэргийг таслан шийдвэрлэж 8 хүнд ял шийтгэл оногдуулсан ба 1 хүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Нийт 2015-2017 оны эхний хагас жилийн байдлаар дээрх зүйл ангиар 43 хүнд холбогдох 27 хэргийг хүлээн авч 18 хэргийг шийдвэрлэж 26 хүнд ял шийтгэл оногдуулжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйл-/Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах/-ээр улсын хэмжээнд анхан шатны шүүхүүд 2015 онд 22 хүнд холбогдох 21 хэргийг хүлээн авснаас 17 хэргийг таслан шийдвэрлэж, хорих ялаар 18 хүн ял шийтгэж шийдвэрлэсэн байна. 2016 онд 25 хүнд холбогдох 24 хэргийг хүлээн авснаас 19 хэргийг шийдвэрлэж, 19 хүн ял шийтгүүлжээ. 2017 оны эхний хагас жилийн байдлаар 24 хүнд холбогдох 21 хэргийг хүлээн авснаас 13 хэргийг таслан шийдвэрлэж 16 хүнд ял шийтгэл оногдуулсан ба 1 хүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Нийт 2015-2017 оны эхний хагас жилийн байдлаар дээрх зүйл ангиар 71 хүнд холбогдох 66 хэргийг хүлээн авч 49 хэргийг шийдвэрлэж 53 хүнд ял шийтгэл оногдуулжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйл-/Хүчиндэх/- ээр улсын хэмжээнд анхан шатны шүүхүүд 2015 онд 281 хүнд холбогдох 221 хэргийг хүлээн авснаас 172 хэргийг таслан шийдвэрлэж, 193 хүн хорих ялаар шийтгэсэн ба 9 хүнд холбогдох 5 хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

2016 онд 341 хүнд холбогдох 260 хэргийг хүлээн авснаас 193 хэргийг шийдвэрлэж, 19 хүн ял шийтгүүлжээ.

2017 оны эхний хагас жилийн байдлаар 241 хүнд холбогдох 167 хэргийг хүлээн авснаас 103 хэргийг таслан шийдвэрлэж 113 хүнд хорих ял оногдуулсан ба 8 хүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгожээ. Нийт 2015-2017 оны эхний хагас жилийн байдлаар дээрх зүйл ангиар 863 хүнд холбогдох 648 хэргийг хүлээн авч 468 хэргийг шийдвэрлэж 534 хүнд ял шийтгэл оногдуулжээ.

Хоёрдугаарт, Монгол Улсын өсвөр насны хүүхдийн төрөлт, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг зарим гэмт хэргийн шийдвэрлэлтийн судалгааг 2015-2017 оны эхний хагас жил болон эхний 9 сарын байдлаар цагдаа, прокурор, шүүхийн байгууллагуудын статистик тоо баримтанд үндэслэн судлахад дараах нөхцөл байдалтай байна.

1.Өсвөр насны охидын төрөлт, үр хөндөлтийн талаар:-

Эрүүл мэндийн яамнаас өсвөр насны охидын төрөлт, үр хөндөлт нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдээллүүдийг хүлээн авч сүүлийн 10 жилээр судлахад:-

2007 онд 3047 охид төрж байсан бол 2015 онд 4372, 2016 онд 3867 охид амаржиж, эх болжээ. Өсвөр насны охидын гэрийн төрөлт 2015 онд 31, 2016 онд 18 охид төрөх газарт бус гэрийн нөхцөлд төрсөн байна.

2016 онд охидын төрөлтийг улсын хэмжээнд авч үзэхэд Өмнөговь аймагт хамгийн өндөр байгаа бөгөөд улсын дунджаас 3,6 хувиар их байгаа ба говийн болон зүүн аймгуудад охидын төрөлтийн эзлэх хувийн жин улсын дунджаас 1,2-3,6 хувиар өндөр байна.

2016 онд улсын хэмжээнд үр хөндөлтийн 18316 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 234,2 үр хөндөлт, нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэйд 21,5 үр хөндөлт ноогдож байна.Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийг насны байдлаар авч үзэхэд 20-иос доош насны охид, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 5,0 хувь байгаа ба 2016 онд өсвөр насны үр хөндөлтийн түвшин 2,1 хувиар өсчээ.

2.Өсвөр насны хүүхдийн бэлгийн замын халдварт өвчний талаар:-

2015 оны эрүүл мэндийн статистикийн мэдээллээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварт өвчний 28,1 хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлж байгаа бөгөөд энэ өвчнөөр өвчлөгсдийн насны ангиллаар авч үзвэл 0,5 хувь нь 0-4 насных, 0,3 хувь 5-14 насны, 43,4 хувь нь 15-24 насны хүүхэд залуучууд байна. 2016 онд улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчин тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, ХДХВ-ДОХ гэсэн 4 төрлийн өвчний 14964 тохиолдол бүртгэгдсэнээс 15-19 насны хүүхэд залуучууд 11,9 хувийг эзэлж байна.

Эрт үеийн тэмбүү, бусад тэмбүү, гонококкт халдвар, бэлгийн замын хламидын өвчин, трихомониаз, бэлгийн замаар дамжих бусад халдварт өвчин гэсэн өвчний ангиллаар үзэхэд 2015 онд 10-14 насны 35 хүүхэд, 15-19 насны 2111 хүүхэд, залуучууд, 2016 онд 10-14 насны 45 хүүхэд, 15-19 насны 1947 хүүхэд залуучууд өвчилжээ. Эдгээрээс 2016 оны жилийн эцсийн байдлаар өвчилсөн 10-19 насны өсвөр үеийн хүүхэд, залууучууд дотор 49,2 хувийг зөвхөн охидууд эзэлж байна. Өсвөр насны охидын халдварт өвчний дотор бэлгийн замын халдварт өвчин 16,6 хувь, тэмбүүгийн өвчлөл 44,6 хувь, заг хүйтэн 14,7 хувь, трихомониаз өвчин 35,3 хувийг тус тус эзэлж байна. Өсвөр насны хөвгүүдийн халдварт өвчний дотор бэлгийн замын халдварт өвчин 9,7 хувь хувь, тэмбүүгийн өвчлөл 29,0 хувь, заг хүйтэн 59,3 хувь, трихомониаз өвчин 9,3 хувийг тус тус эзэлж байна

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар ХДХВ-ДОХ-ын 247 тохиолдол Монгол улсад бүртгэгдсэн бөгөөд үүнээс нийт тохиолдлын 5,7 хувийг 15-19 насны 14 хүүхэд, залуучууд эзэлж байна.

Хүүхдийн эрхийн чиглэлээр цаашид авах арга хэмжээ:

  • Хүүхдийг хамгаалах хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах;
  • Хүүхдийн улсын байцаагч нарыг чадавхжуулах сургалтад үе шаттайгаар хамруулах ажлыг НХХЯ-тай хамтран зохион байгуулах;
  • Хохирогчийг хамгаалах байрны үйл ажиллагаатай холбогдуулан хүүхдийн өрөө тасалгааг засан тохижуулах;
  • Цагдаа болон хүүхэдтай харьцдаг эрхийг нь хамгаалах үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг хамтатган зохион байгуулах үр дүнтэй арга хэлбэрийг эрэлхийлэн ажил хэрэг болгох;
  • Улсын хэмжээнд нэгдсэн тоо бүртгэл, статистиктай болох;
  • Аймаг орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлүүдийн үйл ажиллагааг үр дүнтэй болгох үүднээс ажлын тайлан мэдээллийг тодорхой хугацаанд авч хэлэлцдэг болох, мэдээллийг ил тод байлгах арга хэмжээг бүх аймаг болон УБ хотод зохион байгуулах саналтай байна.

Мөн өнөөдрийн хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг оролцож байгаад талархах ялдамд хүүхэд хамгаалал, тэр дундаа унаач хүүхдийн асуудлыг нэг мөр шийдвэрлэж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, НҮБ-ын Гэрээний хороод, Хүүхдийн сангаас ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг биелүүлэх цаг болсон гэдгийг анхааралдаа авахыг хүсэж байна. Өвлийн хүйтэнд бага насны хүүхдийг баячуудын зугаа цэнгэлийн золиос болгодог явдлыг таслан зогсоох цаг болсон. Хүүхэд хамгаалал, эрхийн чиглэлээр хуультай мөртлөө хуулиасаа давсан олон журам, дүрмийг баталж, түүгээрээ зохицуулах гэж төөрөлддөгөө болих хэрэгтэй. Хүүхэд үрчлэлийн асуудлыг мөн адил хуульчилж өгөх шаардлагатай гэсэн юм.

Үргэлжлүүлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний тавьсан саналыг дэмжиж байгаа төдийгүй, сайдын албыг хүлээн авснаас хойш хурдан морь унаач хүүхдүүдийн асуудлыг цэгцэлсэн, 11 дүгээр сарын 05-наас 4 дүгээр сарыг дуустал хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон хуучин журмыг сэргээн мөрдөж эхэлснийг мэдэгдсэн юм.

Хэлэлцүүлэг төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн илтгэл, мэдээлэл, харилцан хэлэлцүүлгээр үргэлжлэв.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК