» » » Хүүхдийн эрх зөрчихгүй байх тухай Зөвлөмжийг 21 аймгийн Засаг дарга болон Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлээд байна

Хүүхдийн эрх зөрчихгүй байх тухай Зөвлөмжийг 21 аймгийн Засаг дарга болон Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлээд байна

 

Хүүхдийн эрх зөрчихгүй байх тухай Зөвлөмжийг 21 аймгийн Засаг дарга болон Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлээд байнаХүйтний улиралд хүүхдээр морь унуулж, эрүүл мэнд, амь насаар нь дэнчин тавьж наадах, уралдаан зохион байгуулахаас татгалзахыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос анхааруулж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсгэхгүй байх талаар Комиссын гишүүний Зөвлөмжийг 21 аймгийн Засаг дарга болон Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлээд байна. Тус Зөвлөмжийг уншигч танаа толилуулъя. 
"Зөвлөмж: Комисс улс, бүс, аймаг, сумын наадам болон хүйтний улиралд хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон, олон арван хүүхэд гэмтэж бэртэн хөгжлийн бэрхшээлтэй болсон эмгэнэлтэй явдал дахин давтагдсаар байгааг тухай бүр анхааруулж, хүйтний улирал буюу өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар Засгийн газарт удаа дараа зөвлөмж хүргүүлж ирсэн бөгөөд энэ асуудлаар НҮБ-ын Хүүхдийн сангаас албан ёсоор мэдэгдэл гаргасан билээ.

Гэвч жил бүрийн 11 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэлх хугацаа буюу газар, зам харгуй хөлдүү, халтиргаа гулгаатай өвөл, хаврын хүйтний улиралд хурдан морины уралдааныг зохион байгуулснаас болж тус уралдааны үеэр болон хурдан морины үсэргээ, сунгааны үеэр хүүхэд мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэргээр унаач хүүхдүүд сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол амссан тохиолдлууд ихээр гарч байна.

Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 6 дугаар зүйлийн 2-т "Оролцогч улс нь хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана.", 24 дүгээр зүйлийн 3-т "Оролцогч улс нь хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг устгах зорилгоор үр нөлөөтэй бөгөөд зохистой бүх арга хэмжээг авна." гэж тус тус заасны дагуу Монгол Улсын төр Нэгдсэн Үндэстний Байгууллагын өмнө үүрэг хүлээсэн байдаг. Түүнчлэн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "...Ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно..." гэж заасан бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн "Жагсаалт шинэчлэн батлах тухай" А/36 дугаар тушаал хүчин төгөлдөр үйлчилж байна.

Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсаас хүргүүлсэн 5 дугаар тайланд өгсөн зөвлөмжийн 11.С-д "Унаач хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, бие махбодын шийтгэл, хүүхдэд асрамж халамжийн үйлчилгээ үзүүлэгчдэд мониторинг хийх, тэдний үйл ажиллагааг зохицуулах, төрсний гэрчилгээний олголт зэрэг асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ирүүлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх”-ийг зөвлсөн. Иймд хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу дараах Зөвлөмжийг хүргүүлж байна.

 

1. Аймгийн нутаг дэвсгэрт өвөл, хаврын (хүйтний улиралд) хурдан морины уралдааныг зохион байгуулахгүй байх; 
2. Хурдан морь унаач хүүхдийн хичээл завсардах нөхцөл байдал үүсдэг тул ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад энэ улиралд хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хичээлийн чөлөө олгохгүй байх;
3. Сумдын Засаг дарга нарт дээрх асуудлаар үүрэг өгч биелэлтийг хангуулж ажиллах;

Зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлнэ үү.

 

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА Ж.БЯМБАДОРЖ" гэсэн байна.

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК