» » » Ажилтнуудаа ялгаварлан гадуурхсан зөрчлийг арилгуулахаар Шаардлага хүргүүллээ

Ажилтнуудаа ялгаварлан гадуурхсан зөрчлийг арилгуулахаар Шаардлага хүргүүллээ

Ажилтнуудаа ялгаварлан гадуурхсан зөрчлийг арилгуулахаар Шаардлага хүргүүллээМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь референт Я.Хонгорзулд хандан тус аймгийн иргэдээс ирүүлсэн гомдолд ажиллагаа явуулсаны үндсэн дээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяр хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар 2018 оны 06 дугаар сарын 12-нд Увс аймгийн Засаг даргад хандан Шаардлага хүргүүллээ. Тус Шаардлагыг Та бүхэнд бүрэн эхээр нь толилуулж байна. 

 

 

ШААРДЛАГА

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН ТАНАА

Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэр бүхий ажилтнууд Комисст хандаж ирүүлсэн гомдолдоо "...Манай эмнэлэгт хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон 30 орчим хүн ажилладаг бөгөөд Д.Доржготов нь 2016 онд тус эмнэлгийн даргаар томилогдсоноос хойш хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон ажилтнуудад ур чадварын нэмэгдэл олгоогүй 2 жил шахам болж байна. Урьд нь бидэнд хуульд заасны дагуу ур чадварын нэмэгдлийг олгодог байсан. Иймд эмнэлгийн удирдлагууд хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон ажилтнуудыг ялгаварлан гадуурхаж, ур чадвартай ажиллах боломжгүй гэж үзэж нэмэгдэл олгохгүй байгаад гомдолтой байна...” гэжээ.

Комиссоос гомдлын дагуу тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга болон холбогдох бусад албан тушаалтнаас тайлбар, тодруулга авах, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, баримт бичиг, холбогдох хууль тогтоомж судлах зэрэг ажиллагааг явуулахад хүний эрхийн дараах зөрчил тогтоогдож байна.

Нэгдсэн эмнэлгийн нэр бүхий ажилтнууд дээрх гомдолд дурдсан асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргасан байх бөгөөд тус газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 156 тоот өргөдлийн хариу албан бичигт"... аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготовыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрхийг хангах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн хэрэгжүүлж ажиллах талаар...” дурджээ.

Комисст Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготов гаргасан тайлбартаа "... Бид байгууллагын удирдлагын зөвлөлөөр яриад байгууллагын дотоод журамд тусгасан заалтын дагуу хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон хүмүүст ур чадварын нэмэгдэл олгохгүй байгаа. Нэгэнт тухайн хүн хөдөлмөрийн чадвараа 69 хүртэл хувиар алдсан ийм хүмүүс ур чадвартай ажиллана гэж байхгүй. Хөдөлмөрийн чадвар алдалтаасаа хамаараад шаардлагатай дуудлага болон алсын дуудлагад явахгүй, хөдөө явж ажиллах боломжгүй байдаг. Тийм учраас удирдлагын зөвлөл дээр яриад байгууллагын дотоод журамд тусгаад хөдөлмөрийн чадвараа түр алдсан хүмүүст ур чадварын нэмэгдэл олгоно гэдэг илүү юм. Яагаад гэвэл эдгээр хүмүүс цалингаа бүрэн авч байгаа, дээр нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжээ авч байгаа учраас хөдөлмөрийн чадвараа алдсан гэдэг утгаараа ур чадвартай ажиллах ямар ч үндэслэлгүй юм гэж үзээд тэдэнд ур чадварын нэмэгдэл олгохгүй байгаа” гэж, мөн тус эмнэлгийн цалин хөлсний нягтлан бодогч Г.Батхишиг гаргасан тайлбартаа "...Албан ёсоор байгууллагын даргын тушаал гарч, хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөрийн чадвар алдалттай хүмүүст ур чадварын нэмэгдэл олгохгүй гэж тусгагдсан учир тэдгээр ажилтнуудад уг нэмэгдэл олгогдохгүй байгаа” гэж тус тус дурджээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт мөрдөгдөж буй Хөдөлмөрийн дотоод журмыг тус эмнэлгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/51 дугаар тушаалаар шинэчлэн баталсан байна.

Тус журмын 4.3.5-т "...Хөдөлмөрийн чадвараа 50 хувиас дээш түр алдсан ажилтанд урамшуулал болон ур чадварын нэмэгдлийг олгохгүй” гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ”, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 6.4.3-д Төрийн байгууллага, иргэн,хуулийн этгээд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрхийг хангахдаа"Байгууллага, аж ахуйн нэгж нь ажиллагсдыг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан дүрэм, журам, удирдлагын арга барилыг хэрэглэх, ашиглах,” мөн зүйлийн 6.4.5-д "Хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдлэг, ур чадвар ..... цалин хөлсийг ялгавартай тогтоох”-ыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Мөн тус Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготов тайлбартаа "...ажилтан хөдөлмөрийн чадвараа алдсан гэдэг утгаараа ур чадвартай ажиллах ямар ч үндэслэлгүй гэж үзэж тэдэнд ур чадварын нэмэгдэл олгохгүй байгаа” гэсэн нь хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон ажилтнуудыг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан шинжтэй хүний эрхийн ноцтой зөрчил юм.

Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 26 дугаар зүйлд "Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс аливаа байдлаар алагчлах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчлахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой”, Монгол Улс 1969 онд соёрхон баталсан Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын "Ялгаварлан гадуурхахгүй байх тухай” 111 дүгээр конвенцийн 2 дугаар зүйлд "Энэхүү конвенцийг дагаж мөрдөж байгаа гишүүн орон бүр ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон аливаа ялгаварлан гадуурхахыг бүр мөсөн устгах зорилгоор ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг дэмжихэд чиглэсэн үндэсний бодлогыг тухайн улсын нөхцөл байдал, дадалд тохирсон аргаар тодорхойлж хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ” гэж тус тус иргэний аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг баталгаажуулжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”, мөн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй”, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар 6.1 дэх хэсэгт "Хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэн, нийгмийн баялгаас адил хүртэх эрхтэй. Хүнийг хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно.” гэж тус тус заасан байна.

Иймд тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж буй хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон ажилтнуудад ур чадварын нэмэгдэл олгохгүй байгаа тус эмнэлгийн дарга Д.Доржготовын хууль зөрчсөн үйлдлийг даруй таслан зогсоож, хүний эрхийн зөрчил гаргасан тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох, тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг хуульд нийцүүлж өөрчлүүлэх, цаашид тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын удирдлагууд иргэдийг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан дүрэм, журам гаргах, арга барил хэрэглэх, ашиглах, хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдлэг, ур чадвар, онцлогт тохирсон ажлын байрыг зохион байгуулахаас татгалзах, цалин хөлсийг нь бусдаас ялгавартай тогтоосон аливаа үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй байх тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу ШААРДЛАГА хүргүүлэв.

Шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу долоо хоногийн дотор бичгээр хариу ирүүлнэ үү.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮН Н.ГАНБАЯР

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК