» » » Монгол Улс дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, тулгамдсан асуудал

Монгол Улс дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, тулгамдсан асуудал

Монгол Улс дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, тулгамдсан асуудал"Үг хэлэх эрх чөлөө" Олон Улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Тус хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор, профессор Ж.Бямбадоржийн тавьсан илтгэлийг толилуулж байна. 

Эрхэм хүндэт ноёд, хатагтай Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Хүний язгуур эрх болсон үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөний асуудлыг хэлэлцэхээр энд хуран цугласан та нартаа ажил, үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 иргэн "итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, ...эрх чөлөөтэй.” 19 дүгээр зүйлийн 1 "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тус тус заасан билээ.

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалд "Хүн бүр өөрийн үзэл бодолтой байж, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, үүнд үзэл бодлоо ямар ч хорио цээргүй баримтлах, аливаа үзэл санаа, мэдээллийг улсын хил заагаар үл хязгаарлан боломжтой арга замаар эрж, сурвалжлах, олж ашиглах, түгээн дэлгэрүүлэх эрх багтана” гэж заасныг хэн хүнгүй мэднэ.

Чухамдаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэдгийн зорилго, агуулга нь юу юм бэ? Хариулт өгөхийг хичээе.

1. Төр, нийгмийг удирдах хэрэгт оролцох шууд хэлбэр болдог.

2. Төрийн байгууллага болон бусад байгууллага, тэдгээрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагааг ил болгож, засуулах хамгийн үр нөлөөтэй арга хэрэгсэл болдог байна.

3. Олон түмнийг мэдээллээр хангаж, тэдний дэмжлэг туслалцааг авч, буруутай этгээдийн алдаа дутагдлыг засаж, арилгахад хэрэгтэй хүчин зүйлийн нэг болдог билээ.

4. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхүүлэн дэмжих, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд нийгмийг байнгын бэлэн байлгадаг ач холбогдолтой.

5. Аливаа хүн нийгмийн идэвхтэй гишүүн болж төлөвших, үзэл бодлоо ямар нэгэн дарамт шахалтгүй илэрхийлэх чадвартай болно.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ямар арга зам байдаг бол?

Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нэлээд тодорхой заасан дараах нийтлэг арга зам байна.

1. Хурал, цуглаан, жагсаалд оролцож үгээ хэлэх, мэдэгдэл гаргах;

Жагсаал, цуглаан зохион байгуулж, өөрсдийн дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэж, зөрчигдсөн эрхээ сэргээхийн төлөө тэмцдэг энэ арга хэрэгслийг манай иргэд байнга хэрэглэдэг боллоо. Сүүлийн нэг сард гэхэд л улсын хэмжээнд 2018 оны 05 дугаар сарын 13-нд Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсон өдрийг тохиолдуулан Монголын Тэргэнцэртэй иргэдийн холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, 150 гаруй сайн дурын ажилтнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахыг уриалж "Бид өөрчлөгчид" флаш моб зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 1000 гаруй хүн оролцсон байна. Эмч, эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг одоо байгаагаас 50 хувиар нэмж өгөхийг шаардаж, 2018 оны 05 дугаар сарын 12-ноос суулт хийж, зарим хэсэг нь үсээ хусуулж, үзэл бодлоо илэрхийлж байв.

2. Төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх;

Хамгийн сүүлийн нэг жишээг та бүхэнд сонордуулъя. Энэ жил хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр 16 аймгийн 60 сумын 92 сургууль, нийслэлийн 9 дүүргийн 99 сургуулийн нийт 11 784 хүүхэд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан эрхээ хамгаалуулахаар ил захидал, гэрэл зураг илгээсэн байна. Гүүд нэйборс олон улсын төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр улс даяар өрнөсөн тус аянд нэгдсэн хүүхдүүд өөрийн амьдардаг орчин, сургууль, нийгмийн амьдралд өөрт тулгардаг асуудлуудаа шийдвэрлүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн нь дэвшилтэт алхам болжээ.

3. Хэвлэн нийтлэх, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулах. Энэ тухай хойно дэлгэрэнгүй өгүүлэх болно.

Ардчилсан Монгол Улсад байдал ямар байна вэ?

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, ардчилсан улс төрийн дэглэмтэй, сонгуульт төрийн байгууллагын тогтолцоотой, эрх зүйн тогтолцоо харьцангуй шинэчлэгдсэн Монгол Улсад та бид оршин амьдарч байна. Гэвч хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө бидний хүссэн түвшинд байж чадахгүй байна. Шалтгаан нь юунд оршиж байна вэ?

1. Шүүх болон төрийн бусад байгууллагад шударга ёс төдийлөн сайн хэрэгжихгүй байна. Авлига, хүнд суртал, чирэгдэл, хариуцлагагүй байдал газар авч байна. Ийм нөхцөлд иргэд айж эмээлгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй байна. Дарамт, шахалт, хавчлага, ялгаварлан гадуурхалтаас жирийн иргэд залхаж байгаа хандлага ажиглагдаж байна. Энэ талаар маш их ярьж, бичиж, шүүмжилж, төрийн бодлого, шийдвэр чамгүй гардаг ч үр дүн туйлын хангалтгүй байна.

2. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид хүссэнээрээ ажиллаж, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөг эдлүүлж чадахгүй байна. Энэ талаар жаахан тогтож ярихыг хүсэж байна. Монгол Улсад 2017 оны байдлаар 89 сонин, 80 сэтгүүл, 125 телевиз, 56 радио, 96 мэдээллийн цахим хуудас үйл ажиллагаа явуулж байна. ("Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр 2017”, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн судалгаа, 2017 он)

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2015 онд УИХ-д өргөн барьсан "Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-дээ иргэдийн мэдэх эрхийн манаач, хүний эрхийг хамгаалагч сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн орчин нөхцөл, хэвлэн нийтлэх, нэвтрүүлэх үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ, мониторинг хийснээ тусган, тэдэнд тулгардаг хүндрэл бэрхшээл, айдас хүйдэс, эрх чөлөөний асуудлыг хөндөж тавьсан удаатай.

Хүний эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдийн ажил мэргэжлээрээ чөлөөтэй ажиллах, хөдөлмөрлөх эрхийг төр бодлогоороо хамгаалах нэн шаардлагатай, тулгамдсан асуудал болоод байгаа гэдгийг илтгэлээрээ дамжуулан шийдвэр гаргагчдад хүргүүлсэн.

Одоо дахин давтан хэлье. Хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоог бүрдүүлж, нийгэм, эдийн засаг, аюулгүй байдлын баталгааг хангахгүй бол тэдний амь нас, эрүүл мэнд, нэр төрд халдаж, хүний эрхийн төлөөх олны хүч цөхрөх, урам зориг алдарч, шантрах, үйл ажиллагаа нь үр дүнгүй болоход хүрч байна.

Иргэдийн мэдэх, мэдээлэлтэй байх эрхийг хэрэгжүүлж, тухайн нийгмийн харилцаан дахь зөрчил, доголдолтой асуудлыг илчлэн нээлттэй болгож, асуудал дэвшүүлэн олон түмэнд мэдээлдэг учраас сэтгүүлчид хүний эрхийг хамгаалагчид юм.

Хүний эрхийн зөрчлийг олж илрүүлэх, олон нийтэд хүний эрхийн мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийг хамгаалагчдын үйл ажиллагааг сурталчлах, хүний эрхийн төлөөх үйлсэд уриалан дууддаг тэдний үүрэг, оролцоо тун чухал нөлөөтэй. Тийм ч учраас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2012 оноос сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэн, дэргэдээ "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубыг санаачлан байгуулж, 20 гаруй гишүүнтэйгээр ажиллуулаад байна. Тэд зөвхөн нэг байгууллагын үйл ажиллагааг дагнан сурталчлах шаардлагагүйгээрээ бусдаас ялгаатай, бас давуу юм.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2015 онд хийсэн "Хүний эрхийг хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” судалгаагаар сэтгүүлчдийн олонх нь эрхээ хамгаалуулах, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, хөтлөн явуулах зорилгоор сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаа, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Глоб Интернэшнл төв ТББ-д ханддаг гэсэн байдаг. Тэгвэл тус төв 2005 оны 10 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтны эрхэд халдсан 701 зөрчлийг бүртгэсэн тухай "Хэвлэлийн эрх чөлөөний тайлан-2017”-д дурдсан байна. 2017 онд гэхэд л зөвхөн тус төвд 140 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдох үзэл бодлоо илэрхийлэх эрхийн 182 зөрчил бүртгэгджээ. Зөрчлийн хэлбэрүүд нь манай судалгаатай ижил буюу редакцийн цензур, нийтлэл нэвтрүүлгийг хориглох, бие эрхтэн, эрүүл мэндэд халдах, заналхийлэл сүрдүүлэгт өртөх, ажлын багаж хэрэгслээ эвдүүлэх, түр саатуулагдаж, хоригдох, байцаалт өгөх зэрэг зөрчлүүд байна. Хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэний нийгмийн байгуулагуудтай хамтарч Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, нэр бүхий Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлээд байна.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2018 оны индексээр Монгол Улс "илэрхий бэрхшээлтэй" гэх ангилалд орсон. Энэ нь 180 орноос 71-д орох үзүүлэлт юм. Өмнөх жилд 69-т бичигдэж байсан бол 2 байр ухарсан. Монголын хувьд ардчилсан сэтгүүл зүйн зарчим практикт хангалтгүй хэрэгжиж байгаа нь дараах асуудлаас шалтгаалдаг гэж үзэж байна.

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл томоохон бизнесийн бүлэглэл, улс төрийн намын далд санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг учраас ихээхэн хараат нөхцөлд ажиллаж байна.

-Хүссэн сэдвээрээ чөлөөтэй хэвлэн нийтлэх боломж хязгаарлагдмал. Учир нь улс төрчдөөс ирэх дарамт шахалт их. Тухайн хүмүүсийн эрх ашигт нийцүүлж мэдээллээ бэлтгэдэг. (Reporter without borders олон улсын байгуулагаас хийсэн судалгаагаар "Монголын 10 хэвлэл мэдээллийн хэрэгсэл тутмын 1 нь л үйл ажиллагаандаа ардчилсан хэвлэл мэдээлийн зарчмыг хангаж ажиллаж байна" гэсэн дүгнэлт гарсан байдаг.)

-Төр, засгийн үйл ажиллагааны талаарх мэдээллийн ил тод байдал хаагдмал учраас төрийн үйл ажиллагааны бодит байдлыг шүүмжилж чаддаггүй.

-Төрөөс зарим хэвлэл мэдээлэлд цензур тавих, интернэтийн сүлжээнд хязгаарлалт хийх.

Хэрэв хэвлэл мэдээлэл энэ мэтээр ардчиллын үндсэн зарчмаараа ажиллаж чадахгүй тохиолдолд хүний эрхийг хамгаалагч бус зөрчигч гэж тооцогддог. Угтаа бол Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид нь хүний эрхийг хамгаалагч байх учиртай юм. Нийгэмд тулгамдсан асуудлын талаар дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлдэг, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг байж гэмээнэ тэд хүний эрхийг хамгаалагчийн үүргээ биелүүлнэ. Эсрэг тохиолдолд Хэвлэл мэдээлэл нь хүний эрхийг зөрчигч болох эрсдэл өндөр. Тухайлбал, улс төр, эдийн засгийн чиглэл пропоганда, нийгмийн толгойг угаах төрлийн худал хуурмаг мэдээлэл цацах, үнэнг гуйвуулах, нэг талын ашиг сонирхолд үйлчлэх зэрэг нь хүний эрхийн зөрчлийг үүсгэдэг.

Өнөөдөр Монгол Улсад Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн тухай хуулийг нийтээр дагаж мөрдөн, Монгол Улсад Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз олон нийтэд үйлчлэх чиг үүрэгтэй телевиз үйл ажиллагаа явуулж байна. Хүний эрх, эрх чөлөөний асуудлыг тус байгууллага хөндөн иргэдийн эрхийг хамгаалагчийн үүрэг хүлээх учиртай. Гэвч харамсалтай нь аль ч цаг үед тухайн эрх баригч, шийдвэр гаргагчдаас удирдлагыг нь томилдог, улс төрийн томилгоог явуулдаг нь Монгол Улсад Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийг "Олон нийтийн” байлгаж чадахгүй байна. Мэдээний сувгаараа хүний эрхийн асуудлыг сурвалжлан мэдээлэхдээ хойрго, хэн нэгний хувийн үзэл хандлагаар ханддаг байдал удаа дараа ажиглагддаг нь харамсалтай юм.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь өөрөө ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах зорилгоор анх бий болсон эрх тул уг эрхийг хязгаарлах тохиолдолд үндэслэл нь мөн ардчилсан төрийн байгууллагын аюулгүй байдлыг хангах зорилготой байх ёстой. Үүнээс өөрөөр хязгаарлахыг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар хориглодог. Мөнхүү үндэслэлээ гагцхүү хуульд зааж өгсөн байхыг шаарддаг.

НҮБ-ын гишүүн улс бүрийн хүний эрхийн төлөв байдлыг 4-5 жил тутам дүгнэн хэлэлцэж, сайжруулах, ахиц гаргах чиглэлээр зөвлөмжилдөг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн механизм UPR буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээр Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг 2015 оны 9 дүгээр сард 2 дахь удаагаа авч хэлэлцэн 156 зөвлөмж өгснөөс Монгол Улс 150 зөвлөмжийг хүлээн авсан байдаг. Дунд хугацааны тайланг хэлэлцэхтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамтай хамтран "Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлгийг орон нутагт 2018 оны 3-4 дүгээр сард 4 бүсэд зохион байгуулсан юм. UPR info Олон Улсын байгууллагын дэмжлэгтэйгээр "UPR дунд хугацааны тайланг дүгнэх, уулзалт, хэлэлцүүлэг”-ийг 2018 оны 05 дугаар сарын 17-нд зохион байгууллаа. Энэ хавар УИХ-д өргөн барьсан "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-дээ НҮБ-ын Зөвлөмжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг оруулсан байгаа. Үүнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн хүрээнд улс орнуудаас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг үнэлж тусгаад байна. Өнөөдөр энд дурдагдсан асуудлууд манай илтгэлд ч мөн бичигдсэн байгаа. Бидний энд цуглаад байгаа гол шалтгаан, зорилго нь эцсийн дүндээ иргэдийн нийгмийн амьдралд оролцох оролцоо, идэвхийг сайжруулах асуудал юм. Үнэн, бодитой мэдээлэлтэй иргэн үзэл бодлоо илэрхийлэх, оролцох идэвх өндөр байна. Иргэдийн идэвхтэй оролцоо нь ардчиллын суурь үнэт зүйл, түүний мөн чанарын илэрхийлэл тул иргэд сайн дурын үндсэн дээр нийгмийн үйл хэрэгт оролцох нь ардчиллын чухал үзүүлэлт юм.

Жишээлбэл: Байгаль орчны талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас авахад хүндрэл тулгардаг уу? гэсэн асуултад 51 хувь нь хүндрэлтэй, 20 хувь нь маш их хүндрэлтэй байдаг гэж хариулсан бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтан мэдээлэл өгөхөөс татгалздаг, төрийн албан хаагчийн зан харилцаа, мэдлэг, чадвар муу, мэдээлэл авах шат дамжлага их хэмээн мэдээлэл авахад үүсдэг хүндрэлүүдийг тодорхойлжээ. Энэ нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд хуульд заасан иргэдийг мэдээллээр хангах чиг үүргээ хангалттай биелүүлэхгүй байгааг харуулж байна. Эдгээр хүндрэл нь иргэд мэдээлэл авахаар төрийн байгууллагад хандахаас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж байна. (Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлийн 1-р бүлэг)

Мэдээллийн үндсэн зарчмын дагуу хуулиар нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй, албан ёсны, гурав дахь этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх, мэдээллээр хангах үйл ажиллагаа шуурхай байх ёстой юм.

Эрхэмсэг хатагтай ноёд оо!

Өнөөдрийн бидний хөндөн ярьж, монгол оронд минь нэн тулгамдаад байгаа энэ асуудал зүгээр нэг яриа болж өнгөрөхгүй байгаасай, цаасан дээр биш нэг нь ч гэсэн бодит ажил болоосой гэж хүсээд үгээ өндөрлөе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК