» » » “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл, хувийн хэвшил дэх хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн хэрэгжилт” сэдэвт уулзалт зохион байгууллаа

“Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл, хувийн хэвшил дэх хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн хэрэгжилт” сэдэвт уулзалт зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцэж байгаатай холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хамтарсан уулзалт хийлээ. 

"Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл, хувийн хэвшил дэх хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн хэрэгжилт”уулзалт ярилцлагад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, гишүүн Н.Ганбаяр, дээрх хуулийн төслийн Ажлын хэсэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форум, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах үндэсний сүлжээ, Тэгш нийгэм холбоо, Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо, Нээлттэй нийгэм форум, Монголын эмэгтэйчүүдийн сан, "Оюу толгой хяналт” төрийн болон төрийн бус байгууллагууд оролцов.

Уулзалтад оролцогч тус бүр Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд тусгах өөрсдийн санал, шүүмжийг бичиж бэлтгэн ирсэн байсан бөгөөд зүйл, заалт тус бүрээр нягтлан авч үзсэн нь хэлэлцүүлгийг үр дүнтэй, өгөөжтэй болгож байсан юм. Юуны өмнө уг арга хэмжээ нь анхных биш, урьд өмнөх жилүүдэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хөдөлмөрийн тухай хуулийг нэн даруй шинэчлэх шаардлагатай болохыг олон талт уулзалтуудаар удаа дараа хэлэлцүүлж байсан билээ. Монгол Улс Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орны хувьд иргэдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хангах, хамгаалах, эрхийн зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэгтэйгээр зогсохгүй, энэ чиглэлээр зөвлөмжийг биелүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

Энэ удаагийн уулзалтад оролцогчид уг асуудлыг дахин хөндөж, хуулийн төсөлд хөдөлмөрлөх хүрээний суурь зарчим ба эрх, хөдөлмөрийн харилцаан дахь шинэ хэлбэрүүдийг тусгасан, ажилтны эрхийн байдлыг харьцангуй дээрдүүлсэн, нийгмийн тодорхой бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ахиц гаргасан зохицуулалтыг тусгасныг сайшаахын сацуу шүүмж, саналыг ч хэлж байлаа.

Уулзалт ярилцлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг сайжруулах, хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр гаргасан зарим саналыг нэгтгэн томъёолж, УИХ-д хүргүүлэхээр боллоо.

 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК