» » » “Хүүхдийн төлөөх шударга ёс” Ази-Номхон далайн бүс нутгийн III бага хуралд оролцлоо

“Хүүхдийн төлөөх шударга ёс” Ази-Номхон далайн бүс нутгийн III бага хуралд оролцлоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл Тайланд Улсын Бангкок хотноо 2018 оны 09 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд болсон "Хүүхдийн төлөөх шударга ёс” сэдэвт Ази-Номхон далайн бүс нутгийн III бага хуралд оролцоод ирлээ. 

Тус хурлаар Ази-Номхон далайн бүс нутагт тулгамдсан асуудлын нэг болох хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эдгээрт холбогдох олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилт, гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, хил дамнасан хүүхэд хамгааллын цогц тогтолцоог бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Хурлын үндсэн зорилго нь Ази-Номхон далайн бүс нутагт хил дамнасан хүүхэд хамгааллын цогц тогтолцоог бэхжүүлэх, Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурлаас баталсан Хүүхэд хамгааллын талаарх олон улсын конвенцийн хэрэгжилтийг сайжруулах, хууль сахиулах байгууллагууд, Засгийн газар, төрийн бус байгууллагууд, олон улсын болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын эксперт, шинжээчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, шинэ тутам үүсч буй хил дамнасан шилжилт хөдөлгөөн, цагаачлал, цахим орчин дахь халдлага, олон улсын хүүхэд үрчлэл, тээгч эх зэрэгтэй холбогдох хүүхэд хамгааллын талаар туршлага солилцоход чиглэсэн болно.

“Хүүхдийн төлөөх шударга ёс” Ази-Номхон далайн бүс нутгийн III бага хуралд оролцлооЭнэхүү арга хэмжээ нь НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн товчооноос зохион байгуулж буй 3 дахь цуврал хурал бөгөөд Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурал, Child Redress олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж, үүнд Азийн орнуудын Засгийн газар, төрийн бус байгууллагууд, олон улсын сангууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын эксперт, шинжээчид, хуулийн фирмүүдийн төлөөллүүд бүхий нийт 65 төлөөлөгч оролцжээ.

Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурал нь хууль тогтоох чиг үүрэг бүхий Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Хүүхдийг хууль бусаар хил давуулахыг хориглох тухай 1980 оны, Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай 1993 оны, Хүүхэд хамгааллын талаарх 1996 оны, Хүүхдийг гэр бүлийн орчинд болон бусад хэлбэрээр асран хамгаалах тухай 2007 оны зэрэг конвенциудыг баталж, улс хоорондын хууль, шүүхийнпрактик хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах, Засгийн газар болон хууль сахиулах байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж ажилладаг байна. Монгол Улсын хувьд тус байгууллагаас баталсан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 1954 оны, Апостиль буюу Гадаад орны албан баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай 1961 оны конвенцид тус тус нэгдэн орсон байна.

Уг хуралд Монгол Улсаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөллөөс гадна Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны хэлтсийн дарга Н.Баярмаа, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн мэргэжилтэн Д.Амараа нар оролцлоо. ХЭҮК-ын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл хурлын "Байгаль орчны салбар дахь хуулийн засаглал ба Хүүхдийн эрх” хуралдаанд "Монгол Улсын байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт – Хүүхэд хамгааллын сорилтууд” сэдвээр мэдээлэл хийв. Үүнд байгаль орчны талаарх Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилт, үүнд холбогдох хүүхэд хамгааллын тулгамдсан асуудал болох агаарын бохирдлын улмаас хүүхдийн эрүүл мэндэд гарч буй сөрөг нөлөө, уул уурхайн шилжилт хөдөлгөөний улмаас гэр бүлийн харилцаа, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал зэрэг хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлын талаар судалгааны тоо баримт, үндэслэлийг гаргаж танилцууллаа. Ялангуяа уул уурхайн улмаас шилжин ирсэн ажиллагчид, ажил хайгч, бусад шилжин суурьшигч, мөн уул уурхайн нөлөөлөлд өртсөн иргэдийн хүүхдүүдэд хүүхэд хамгааллын тодорхой эрсдэл, нөлөөлөл гарч байгааг хуралдаанд оролцогчид ихээхэн сонирхож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Цаашид Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурлаас баталсан Хүүхдийг хууль бусаар хил давуулахыг хориглох тухай 1980 оны, Хүүхэд хамгааллын тухай 1996 оны, Хүүхдийг гэр бүлийн орчинд болон бусад хэлбэрээр асран хамгаалах тухай 2007 оны зэрэг конвенцид Монгол Улс нэгдэн орох эсэх, конвенцийн зохицуулалт, дотоодын хууль тогтоомжийн нийцэл зэргийн талаар нарийвчилсан судалгаа шинжилгээ хийх, Засгийн газрын болон хууль сахиулах байгууллагуудын ажилтан, албан хаагчдад сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай байна.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК