Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт 2-р протокол
Ерөнхий Ассамблейн 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 44/128 тогтоолоор батлав. Энэхүү Протоколд оролцогч улсууд,
Цаазаар авах ялыг халах нь хүний нэр төрийг бэхжүүлэх, хүний эрхийг цаашид хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж,
1948 оны 12-р сарын 10-ны өдөр батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3-р зүйл болон 1966 оны 12-р сарын 16-нд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6-р зүйлийг хүлээн зөвшөөрч,
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6-р зүйлд цаазаар авах ялыгхалах нь зүйтэй болохыг зөвлөмж болгосныг анхааралдаа авч,
Цаазаар авах ялыг халах талаар авч буй аливаа арга хэмжээ нь хүний амьд явах эрхийг баталгаажуулахад дэвшил болж буйг ухамсарлаж,
Цаазаар авах ялыг халах талаар олон улсын хүчин чармайлтыг нэмэгдүүлэхийг эрмэлзэж, дор дурдсан зүйлийг тохиролцов:
1 дүгээр зүйл
1.Энэхүү протоколд нэгдэн орсон аливаа улсын хууль тогтоомжийн хүрээнд хэнийг ч цаазалж үл болно.
2. Оролцогч улсууд өөрийн орны хууль тогтоомжийн хүрээнд цаазаар авах ялыг халахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.
2 дугаар зүйл
1. Энэхүү протоколд дайны үед үйлдсэн хүнд ноцтой цэргийн гэмт хэрэгт цаазаар авах ял оногдуулж болох тухай түүнийг соёрхон батлах буюу нэгдэн орох үед хийсэн тайлбараас бусад аливаа тайлбар хийхийг зөвшөөрөхгүй.
2. Ийнхүү тайлбар хийсэн оролцогч улс протоколыг соёрхон батлах буюу нэгдэн орохдоо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад дотоодын хууль тогтоомжийн дайны үед мөрдөх холбогдох заалтын талаар мэдэгдэнэ.
3. Ийнхүү тайлбар хийсэн оролцогч улс өөрийн нутаг дэвсгэр дээр дайн бүхий байдал бий болсон буюу дууссан тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэнэ.
3 дугаар зүйл
Энэхүү протоколд оролцогч улсууд Пактын 40-р зүйлд заасны дагуу Хүний эрхийн хороонд гаргаж өгдөг тайландаа энэхүү Протоколыг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээллийг багтаана.
4 дүгээр зүйл
Пактад оролцогч улсууд 41-р зүйлийн дагуу Пактад оролцогч аливаа улсын зүгээс өөр нэг Оролцогч улс хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тухай гаргасан мэдээллийг хүлээн авч хэлэлцэх Хүний эрхийн хорооны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн мэдэгдлийн хувьд тухайн Оролцогч улс Протоколыг соёрхон батлах буюу нэгдэн орох үедээ татгалзсан мэдэгдэл хийгээгүй тохиолдолд , энэхүү Протоколын зүйл заалтад нэгэн адил хамаарна.
5 дугаар зүйл
1966 оны 12-р сарын 16-нд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 1-р Нэмэлт протоколд нэгдэн орсон улсуудын хувьд харьяат этгээдийнх нь мэдээллийг хүлээн авч, хянан хэлэлцэх Хүний эрхийн хорооны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх явдал нь Оролцогч улс соёрхон батлах буюу нэгдэн орохдоо татгалзсан мэдэгдэл хийснээс бусад тохиолдолд энэхүү Протоколын зүйл заалтад нэгэн адил хамаарна.
6 дугаар зүйл
1. Энэхүү Протоколын зүйл заалтууд нь Пактын нэмэлт зүйл заалт болон мөрдөгдөнө.
2. Энэхүү Протоколын 2 дугаар зүйлийн дагуу тайлбар хийх боломжийг хөндөлгүйгээр энэхүү Протоколын 1 дүгээр зүйлийн 1-ээр олгогдсон эрх нь Пактын 4 дүгээр зүйлд заагдсан ухралтыг хийх үндэс болох ёсгүй.
7 дугаар зүйл
1. Энэхүү Протокол нь Пактад гарын үсэг зурсан аливаа улсын хувьд гарын үсэг зурахад нэээлттэй байна.
2. Пактыг соёрхон баталсан буюу нэгдэн орсон аливаа улс энэхүү Протоколыг соёрхон батална. Соёрхон баталсан тухай батламж жуух бичгийг Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
3. Энэхүү Протокол нь Пактыг соёрхон баталсан буюу нэгдэн орсон аливаа улсын хувьд нэгдэн ороход нээлттэй байна.
4. Нэгдэн орсон тухай батламж жуух бичгийг Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаар нэгдэн орох нь хүчин төгөлдөр болно.
5. Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Протоколд гарын үсэг зурсан буюу нэгдэн орсон бүх улсад аливаа соёрхон баталсан буюу нэгдэн орсон батламж жуух бичгийг хадгалуулсан тухай мэдэгдэнэ.
дугаар зүйл
1. Энэхүү Протокол нь Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад соёрхон баталсан буюу нэгдэн орсон арав дахь батламж жуух бичгийг хадгалуулсан өдрөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.
2. Соёрхон баталсан буюу нэгдэн орсон арав дахь батламж жуух бичгийг хадгалуулсан өдрөөс хойш энэхүү Протоколыг соёрхон баталсан буюу нэгдэн орсон аливаа улсын хувьд энэхүү Протокол нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон батламж жуух бичгээ хадгалуулсан өдрөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.
9 дүгээр зүйл
Энэхүү Протоколын зүйл заалтууд Холбооны улсын бүх нутаг дэвсгэрт аливаа хязгаарлалтгүйгээр мөрдөгдөнө.
10 дугаар зүйл
Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Пактын 48-р зүйлийн 1-д заасан бүх улсад дараахи зүйлийг мэдэгдэнэ:
(a) Энэхүү Протоколын 2 дугаар зүйлийн дагуу хийсэн тайлбар, мэдэгдэл;
(b) Энэхүү Протоколын 4, 5 дугаар зүйлийн дагуу хийсэн мэдэгдэл;
(c) Энэхүү Протоколын 7 дугаар зүйлийн дагуу гарын үсэг зурсан, соёрхон баталсан, нэгдэн орсон тухай:
(d) Энэхүү Протоколын 8 дугаар зүйлийн дагуу хүчин төгөлдөр болох хугацаа.
11 дүгээр зүйл
1. Энэхүү Протоколын араб, хятад, англи, франц, орос, испани хэлээр үйлдсэн ижил хүчинтэй хувиудыг Нэгдсэн үндэстний байгууллагын архивт хадгална.
2. Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Протоколын баталгаажуулсан хувийг Пактын 48-р зүйлд заасан бүх улсад илгээнэ.