ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР
2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН 10

ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛД БАТАЛГААЖУУЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСЭЭ ХАМГААЛАХ ЁСТОЙ

Зейд Рад Ал Хуссейн НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар



“Жил бүрийн 12 дугаар сарын 10-нд Хүний эрхийн олон улсын өдрийг тэмдэглэдэг. Тэртээх 1948 оны энэ өдөр байгуулагдаад гуравхан жил болж байсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас дэлхий дээр хамгийн олон хэлээр орчуулагдсан, магадгүй хамгийн нөлөө бүхий баримт бичиг болох Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг зарлан тунхагласан байдаг.”
“Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсанаар сая сая хүмүүсийн өдөр тутмын аж амьдрал сайжирч, хүний шаналал зовлонгоос урьдчилан сэргийлж, урьд өмнөхөөс илүү шударга нийгмийн үндэс суурь тавигдсан билээ. Түгээмэл Тунхаглалын зорилт бүрэн дүүрэн хэрэгжээгүй байгаа хэдий ч, эрх тэгш байдал, шударга ёс болон хүний эрхэм зэрэг гэх бүх нийтийн мөнхийн үнэт зүйлсийн төлөө туйлбартайгаар бат зогсож цаг хугацааны шалгуурыг давсан нь хамгийн бодит үнэн юм.”

“Ирэх жил буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бид бүгд Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 70 жилийн ойг тэмдэглэх бөгөөд энэ оны Ням гарагт тохиох Хүний эрхийн өдрөөс эхлэн ирэх оны хүний эрхийн өдрийг хүртэлх бүтэн жилийн хугацаанд Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх аяныг эхлүүлэх болно.” “Мөн ирэх жилд энэхүү гайхалтай бичиг баримтад туссан 30 зүйл заалт бүрт чухал ач холбогдол өгч, эдгээр зүйл заалтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тал дээр гүн гүнзгий эргэцүүлэл хийх жил болно гэж би найдаж байна.”

“Улс орнуудын буруу совин, алдаа дутагдлынх нь хөлд иргэд нь хохирохоос сэргийлэх арга зам болгож, дайны хөлд сүйдсэн дэлхийг аврах шаардлагын үндсэн дээр Түгээмэл Тунхаглал бий болсон юм. Энэ баримт бичгийг бүх тив, улсын төлөөлөгчид боловсруулж, ‘хүний эрхийг хөсөр хаяж, жигшин зэвүүцэх нь хүн төрөлхтнийг доромжилсон зэрлэг балмад үйлдэлд хүргэдэг болохыг’ их бага хэмжээгээр ойлгосон улс орнуудын удирдагчид Тунхаглалын удиртгалаас иш татаж, баталсан байдаг. ”
“Еврейчүүдийг хомроглон устгасан явдлыг эргэн санаж, энэ явдлыг бий болгоход хүргэсэн хандлага, бодлого, зан үйл болон үүнээс урьдчилан сэргийлж чадаагүй хүмүүсийн ухамсар, ёс суртахууныг үгүй хийж энэхүү Түгээмэл Тунхаглалыг бий болгосон юм.”
“Түгээмэл Тунхаглал нь гагцхүү иргэний болон улс төрийн эрхийг тусгаад зогсохгүй мөн нийгэм, эдийн засаг болон соёлын эрхийг оруулж, хүний эрхийг хангахгүйгээр хөгжилд хүрэхгүй, хөгжихгүйгээр хүний эрхийг бүрэн дүүрэн эдлүүлж чадахгүй бөгөөд энх тайван болон аюулгүй байдал нь аль алинаас нь хамаарна гэдгийг бүрэн дүүрэн тусгасан баримт бичиг билээ.”
“Дэлхийн хоёрдугаар дайн болон Еврейчүүдийг хомроглон устгасан явдлын тухай дурсамж холдохын хирээр өнөөдөр үүнд холбогдох сургамж улам бүр бүдгэрч, Түгээмэл Тунхаглалд заасан хүний эрхийн зарчмуудыг ахиц дэвшилттэйгээр хэрэгжүүлж буй ололт амжилтыг хурдан мартаж эсхүл үл хайхрахад хүрч байна.”
“Хүний эрхийн түгээмэл чанар нь дэлхийн ихэнх улс орнуудад сорилттой тулгарч байна. Учир нь эрх мэдлийн төлөө бусдын эрхийг золиослоход бэлэн террористууд, авторитар дэглэмийн удирдагчид болон популистуудын халдлагад өртөөд байна. Либерал ардчилсан дэг журам, энх тайван болон шударга ёсыг золиослож гарздахын хирээр эдгээр хүмүүсийн нөлөө нь өргөжин нэмэгдэж байна. ”

“Дэлхий дахинд зөрчил мөргөлдөөний үеэр маш олон гэмт хэрэг, харгис хэрцгий үйлдэл гарч байгааг харж байна; арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, гадны хүмүүсийг үзэн ядах, ялгаварлан гадуурхах явдал газар авч буй антагонист буюу тэрс үзэлтэй улс орнууд ихээр гарч ирж байна. Түүгээр ч барахгүй улс үндэстэн шинээр бүрдэх, өөрийгөө дахин тухаглаж буй улс орнууд төдийгүй өнгөрсөн үедээ алдаа дутагдлаа орхисон гэж үзэхээр улс орнуудад хүртэл ийм үзэгдэл гарч эхэлж байна .”
“Түгээмэл Тунхаглалд баталгаажуулсан зарим зүйл заалт болон хууль тогтоомжийн үндсэн үзэл баримтлал, практик зан үйлд хүргэх зорилго бүхий ялгаварлан гадуурхалтыг устгах, шударга ёсыг хөхиүлэн дэмжих арга замуудыг үзэн ядалт болон мөлжлөгөөс ашиг хонжоо хайгчид дордуулахыг хүсэж байгааг бид харж байна. Америк, Ази, Африк болон Европ тивд гарсан хүний эрхийн маш олон ахиц дэвшлүүдэд тухайлбал эмэгтэйчүүдийн эрх болон үндэсний цөөнхүүдийн эрхийн хэрэгжилтэд ухралт гарч байна.”
“Түгээмэл Тунхаглалын 1 дүгээр зүйлд заасан ‘Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна’ гэх заалтыг улс төрийн удирдагчид ил тодоор үгүйсгэж байна. Мөн ‘дэвшилтэт арга замаар үндэсний болон олон улсын түвшинд хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэхийг хөхиүлэн дэмжиж, түгээмэл болон үр нөлөөтэй байдлаар хүлээн зөвшөөрч, биелүүлэх явдлыг хангах’ амлалтаа улс төрийн удирдагчид үл ойшоож байна.”

“Бүх улс орнууд хүний эрхийг хамгаалж, хөхиүлэн дэмжинэ хэмээн Түгээмэл Тунхаглалыг хэрэгжүүлэх үүрэг амлалт авсан байдаг. Эдгээр улс орнуудаас энэ үүрэг хариуцлагыг бид үргэлжлүүлэн нэхэх нь чухал ач холбогдолтой юм. Бид болон бидний үр хүүхдүүдийн хувьд хүний эрхийг дан ганц төрд найдан үлдээж боломгүй эрхэм нандин, чухал зүйл юм. ”
“Түгээмэл Тунхаглалын 70 жилийн түүхэнд гаргасан амжилт ололт болон тус баримт бичгийг боловсруулсан агуу хүмүүст хүндэтгэл үзүүлэх нь зүйтэй юм. Үүний хажуугаар бид үнэт өв болсон энэхүү Түгээмэл Тунхаглал маш олон газар аюул, заналхийлэлд өртөж байгааг мартаж болохгүй. Хэрэв бид хүний эрхийг сахих үүрэг амлалтаасаа хазайх юм бол – хэрэв хүний эрхийг зөрчиж байхад бид буруу харвал – хүний эрх аажмаар хумигдаж үгүй болно. Хэрэв тийм зүйл болох юм бол хүний амьдралд асар их гай зовлон, гарз хохирол учирч, хүн төрөлхтөн бүхэлдээ маш их төлөөс төлөх болно.”

“Эцсийн эцэст Түгээмэл Тунхаглалыг ‘хүмүүс бидэнд’ зориулан бичсэн биднээс ихээхэн хамааралтай юм. Энэ надаас, таниас; үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болох, шийдвэр гаргах үйл явцад оролцож болох, өөрсдийн дуу хоолойгоо хүргэж болох орон зайтай бүх хот, муж, улсад амьдарч буй бүх хүнээс хамаарна. Бид энх тайвныг хөхиүлэн дэмжихэд, ялгаварлан гадуурхалттай тэмцэхэд, шударга ёсыг тогтооход хамтдаа үйл хэрэг болгон ажиллах хэрэгтэй байна.”

“Бид хүний ёс зүйтэй байдал болон илүү дээр ирээдүйг хамгаалахын тулд хөдөлж, зохион байгуулах ёстой. Дэлхийн хоёрдугаар дайны дараах үнэт зүйлсийн тогтолцоо бидний эргэн тойронд тайлагдаж эхлэхэд бид гайхширч, сандарсан байдалтай байж болохгүй. Харин бид бусдын хүний эрхийг тууштай дэмжихийн тулд тууштай, шийдэмгий зогсож, өөрсдийнхөө болон хойч үеийнхээ эрхийн төлөө бат зогсох хэрэгтэй.”

Эх сурвалж: http://www.standup4humanrights.org/en/declaration.html