ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ


Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/mогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж,түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг гишүүн улсуудад уриалжээ.



УДИРТГАЛ


Хүн төрөлхтний ам бүлийн гишүүн бүхэнд угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энх тайвны үндэс мөнийг иш үндэс болгон, хүний эрхийг үл тоомсорлох, басамжлах нь зон олны ариун сэтгэлийг сэвтээн жигшээсэн балмад үйлдэлд хүргэж байсан бөгөөд хүмүүс үгээ хэлэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөтэй түүнчлэн айх аюулгүй, гачигдах зовлонгүй дэлхий ертөнцийг бий болгох нь хүн ардын эрхэм дээд эрмэлзэл мөн хэмээн үзэж,

Хүмүүс эзэрхэг засаглал, дарлалын эсрэг өөрийн эрхгүй эцсийн арга болгон зэвсэглэн босоход хүргэхгүйн тулд хүний эрхийг хуулиар хамгаалах нь нэн чухал гэдгийг анхааран, улс түмний хооронд найрсаг харилцаа хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх нь нэн чухлыг харгалзан,

Хүн үндсэн эрхтэй, хувь хүн нэр төр, үнэ цэнэтэй, эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш эрхтэй гэдэгт Нэгдсэн Үндэстний улс түмэн итгэл төгс байгаагаа дүрмээрээ нотлохын хамт, илүү эрх чөлөөтэй байдалд нийгмийн дэвшлийг урагшлуулах, амьдралын нөхцлийг сайжруулахад дөхөм үзүүлэхээр шийдвэрлэснийг харгалзан,
гишүүн улсууд Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран хүний эрх, үндсэн эрх чөлөөг нийтээр хүндлэн сахихад тус дөхөм үзүүлэх үүрэг авсныг үндэслэн, энэхүү үүргийг бүрэн биелүүлэхэд хүний эрх, эрх чөлөөг нийтээр нэг мөр ойлгох явдал нэн чухал ач холбогдолтойг харгалзан, тийнхүү, үүний учир,

Ерөнхий Ассамблей,
Энэхүү хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэлхийн бүх улс түмэн, бүх улс гүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзвэл зохих нийтлэг зорилт болгон дэвшүүлж, энэ зорилтын үүднээс хүн бүр, нийгмийн нэгж байгууллага бүхэн эл Тунхаглалыг байнга бодолцон гэгээрч боловсрох замаар хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн сахихад дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстойг, түүнчлэн үндэсний болон олон улсын хэмжээний дэвшилтэт арга хэмжээ авах замаар эдгээр эрх, эрх чөлөөг Нэгдсэн Үндэстний гишүүн улсын ард түмэн, тэдгээр улсын эрх мэдлийн нутаг дэвсгэр дээр оршин суудаг ард түмний аль алинаар нь бүх нийтээр үр нөлөөтэй хүлээн зөвшөөрүүлж, дагаж мөрдөх явдлыг хангахад тус дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстойг зарлан тунхаглаж байна.