Хүнийн эрхийн өдөр

АХМАД НАСТНЫ ЭРХИЙН ТУНХАГЛАЛ

Амьдрал нэмсэн он жилүүдэд амь нэмэхийн төлөө. 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей дараахь зарчмуудыг батлав.

(46/91 дүгээр тогтоол)


Бие даасан байдал


       Ахмад настан орлогын эх үүсвэр, гэр бүл, төрөл төрөгсдийн дэмжлэг мөн өөрийн хүч чармайлтын тусламжтайгаар зохих хоол унд, орон байр, хувцас, эрүүл мэндийн асаргаа халамж авах боломжтой байх ёстой.


       Ахмад настан ажил хийх, эс бөгөөс өөр бусад орлого олох боломжоор хангагдах эрхтэй.

Хэзээ, ямар үе шаттайгээр хөдөлмөрөөс чөлөөнд гарах вэ гэдгийг шийдэхэд ахмад настнууд оролцох эрхтэй.


       Ахмад настан өөрт тохирох боловсрол, сургалтын хөтөлбөрт хамрагдах боломжтой байх ёстой.


       Ахмад настан аюулгүй, өөрийн таалалд нийцсэн, өөрчлөгдөх чадамжтай орчинд амьдрах эрхтэй байх ёстой.


       Ахмад настан гэр орондоо хүссэн хугацаагаараа байх эрхтэй.


Нийгмийн оролцоо


       Ахмад настан нийгмийнхээ нэг хэсэг байж, өөрсдийн ахуйд шууд нөлөөлөх аливаа бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх ямарваа ажилд идэвхитэй оролцож, залуу үеийнхэнтэй мэдлэг чадвараа хуваалцах эрхтэй.


       Ахмад настан хүй элгэндээ зориулсан ажил бүтээх боломжийг эрэлхийлж, бий болгон, өөрийн сонирхол, чадвар чадамжид тохирсон албанд сайн дураар зүтгэх боломжтой байх ёстой.


       Ахмад настан хамтдаа эвлэлдэн нэгдэж, хөдөлгөөн зохион байгуулах эрхтэй.


Халамж асаргаа


       Ахмад настан соёлын үнэт зүйл бүхий аль ч нийгмийн ёсоор гэр бүл, хамт олноосоо халамж, хамгаалал авах эрхтэй.


       Ахмад настан бие махбод, сэтгэл зүй, оюун санаагаа эрүүл саруул байлгах буюу тийм байдалдаа эргэн ороход, мөн аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх буюу хамгаалахад шаардлагатай эрүүл мэндийн халамж үйлчилгээ авах эрхтэй.


       Ахмад настан өөрийн бие даасан болон аюулгүй байдал, өөрт тавих асаргаагаа сайжруулахын тулд олон нийтийн болон хууль зүйн туслалцаа авах боломжтой байх ёстой.


       Ахмад настан хүнлэг аюулгүй орчинд, таатай нөхцөлд асрамж сувилалд хэвтэж, хамгаалуулж, сувилуулж, олон нийтийн дэмжлэг болон сэтгэл санааны засал хийлгэх эрхтэй.


       Ахмад настан толгой хорогдох, халамжийн буюу эмчилгээ үйлчилгээ авах үедээ өөрийн нэр төр, үзэл бодол, хэрэгцээ шаардлага, хувийн нууцлалын эрх, мөн өөрсдийн асаргаа, амьдрал ахуйн нөхцөл байдлын талаар шийдвэр гаргах эрх гэхчлэн бүхий л хүний эрх, суурь эрх чөлөөг эдлэх боломжтой байх ёстой.


Өөрийгөө хөгжүүлэх


       Ахмад настан өөрийн чадамжийг бүрэн хөгжүүлэх боломжийг эрэлхийлэх, ашиглах эрхтэй.

Ахмад настан боловсролын, соёлын, оюун санааны, амралт цэнгээний зэрэг нийгмийн бүхий л нөөц бололцоог ашиглах хүртэх эрхтэй.

 

Хүндлэл хүлээх


       Ахмад настан нэр хүндтэй, аюулгүй тайван аж төрж, аливаа дарамт, биеийн болон сэтгэл санааны хүчирхийллээс ангид чөлөөтэй байх эрхтэй.


       Ахмад настантай нас, хүйс, арьс өнгө, яс үндэс, хөгжлийн бэрхшээл болон бусад нөхцөл байдлаас үл хамааран шударга харьцвал зохино.