Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/mnnhrcgo/public_html/day/engine/classes/rss.class.php on line 51 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх » Олон улсын хүнийн эрхийн өдөр

Хүнийн эрхийн өдөр

Хөгжлийн бэрхшээлийн асуудалд хүний эрхийн үүднээс хандах нь


Хөгжлийн бэрхшээлийн асуудалд хүний эрхийн үүднээс хандах нь


 

Дэлхийн хүн амын 10 хувь орчим нь буюу 650 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байдаг гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Энэ тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэн дотны хүнээ харж хандахын тулд суралцаж, хөдөлмөрлөж, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцож чадахгүй байгаа гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдын тоог нэмбэл ойролцоогоор 2 сая  хүн хөгжлийн бэрхшээлээс үүдсэн асуудалтай амьдарч байна.


Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо ч улам бүр нэмэгдэж байгаа юм. Нөгөө талаас, ядуурал, байгалийн гамшиг, тогтворгүй байдал, осол гэмтэл, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд гарсан алдаа дутагдлаас хүн хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол өссөөр байна. Ялангуяа, ийм байдал хөгжлөөр буурай болон хөгжиж буй улс орнуудад харьцангуй өндөр хувьтай байдаг. Хэнд ч хэдийд ч тохиолдож болох учраас хөгжлийн бэрхшээлийн асуудал хүн бүрийн асуудал мөн билээ.


Дэлхийн аль ч улс оронд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмээс тусгаарлагдсан, хязгаарлагдмал орчинд амьдарч байна. Тэд бусдын л адил амьдрах, хийж бүтээх хүсэл, тэмүүллээр дүүрэн байдаг боловч сурах, хөдөлмөрлөх, нийгмийн үйл хэрэгт орлцох, найзалж нөхөрлөх, гэр бүл зохиох, үр хүүхдээ өсгөх найдвар бага, эмнэлэг, сургууль, дэлгүүрээр үйлчлүүлэх, тээврийн хэрэгслээр зорчих, хэрэгцээтэй мэдээллээ бүрэн дүүрэн хүлээж авах боломж хязгаарлагдмал амьдарч байна.


Хөгжлийн бэрхшээлийг ядуурал, ядуурлыг хөгжлийн бэрхшээл сүүдэр мэт дагах нь олонтаа. Амьдралын хүнд хэцүү нөхцөл, хоол хүнсний дутагдал, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүйгээс ядуу хүн хөгжлийн бэрхшээлтэй болох нь элбэг байхад сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх боломж, орчин хязгаарлагдмал учраас хөгжлийн бэхшээлтэй хүмүүсийн олонх нь ядуу амьдарч байна.


Нийгмийн бусад гишүүдийн үл тоомсорлол, боломж, чадавхыг нь үгүйсгэх хандлагын улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх зөрчигдөхөд хүрч байна. Өнгөрсөн түүхийн ихэнх хугацаанд дэлхийн улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн харилцаанд эрүүл иргэдийн нэгэн адил оролцох эрхтэй болохыг нь үл хүлээн зөвшөөрч, тэднийг гагцхүү “төрийн тусламж, дэмжлэг хүртэгч”, “эмнэлэг, нийгмийн халамжийн үйлчилгээний обьект” мэтээр хандаж ирсэн. Ийм ч учраас утга зохиол, соёл урлаг, нийгмийн шинжтэй сурталчилгаанд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өрөвдөж энэрэх, туслахыг уриалсан өнгө аяс зонхилж, харин сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгмийн амьдралд оролцохыг нь дэмжих, тэгш боломжийг бий болгох утга агуулга төдийлөн хөндөгддөггүй байв. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тохуурхах, нэр төрийг доромжлох, элдэв нэр хоч өгөх, цэрвэх, цээрлэх хандлага ч нийгэмд байдгийг үгүйсгэх аргагүй. Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээсээ ичиж зовох, ил гаргахаас нуух нь бидний эргэн тойрон байдаг асуудал боловч ингэснээрээ тэдгээр дотны хүмүүсийнхээ “хүн хэмээх” эрхэм чанарыг үгүйсгэж байгаа болохоо хүмүүс тэр бүр анзаардаггүй. Тэргэнцэртэй, таягтай гэх зэргээр хүнийг нь биш, тусгай хэрэглэгдэхүүн, согогоор онцлон нэрлэж, тахир дутуу гэх мэтээр өөрсдөө ч хэлэхээс эвгүйцэм нэр томьёогоор дуудах нь ч мөн хүнлэг бус харьцаа болно.


Хүн зөвхөн согог, гэмтлийнхээ улмаас хөгжлийн бэрхшээлтэй болдоггүй бөгөөд бие эрхтний согог, гэмтэл нийгмийн орчин, хязгаарлалтай нэгдэн нийлж хөгжлийн бэрхшээлийг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, тэргэнцэр ашигладаг хүн ямар нэг ажил хийх чадваргүйдээ биш, гагцхүү түүний ажлын байр тэргэнцэртэйгээ орох гарах, ажиллах нөхцөлийг бий болгож чадаагүй учраас тэдний ихэнх нь хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Үүний нэгэн адилаар сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд эрүүл хүүхдүүдийн нэгэн адил суралцах оюуны чадавхгүйдээ биш, харин тэдний сургалтын орчин, гарын авлага, багш байхгүйгээс, сургууль тэдэнд хүртээмжтэй бишээс тэр бүр амжилттай суралцаж чаддаггүй.


 Хөгжлийн бэрхшээл нь нийгмийн орчин хөгжлийн түвшингээс хамаарч үргэлж өөрчлөгдөн хувьсаж байдаг ойлголт юм. Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг дагаад хөгжлийн бэрхшээлтэй хүний тусгай хэрэгцээг хангах тоноглол, хэрэглэгдэхүүн  улам бүр боловсронгуй болж байна. Жишээлбэл, сул харааг /хурц миофиа зөвхөн мөрөө л хардаг/ нөхөх линзийг хэрэглээнд нэвтрүүлсэн хөгжингүй улс оронд сул хараатай хүнийг хөгжлийн бэрхшээлтэйд тооцохооргүй болж байгаа нь хөгжлийн бэрхшээл нь орчин нөхцөл, улс орны хөгжлийн түвшингээс хамаарч болохыг харуулж байна.


Хөгжлийн бэрхшээлтэй хүний нэр төр, эрхэм чанарыг хүндэтгэн харьцаж, бусадтай адил тэгш эрх эдлэх боломжийг олгох нь хүний эрхийн зарчим юм. Чухам л энэ зарчмын үүднээс хөгжлийн бэрхшээлийн асуудалд хандахыг хүний эрхийн хамгаалагчид чухалчилдаг. Азгүй тохиолдлоор хэн нэгэн хөгжлийн бэрхшээлтэй болж болох ч түүнийг золгүй хувь тавилан угтах ёсгүй билээ.