Хүнийн эрхийн өдөр

Ахмад настны эрх


     Ахмад настны эрх

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 25 дугаар зүйлд “Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүд мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй. Ажилгүйдэх, өвчлөх, тахир дутуу болох, бэлэвсрэх, өтлөх, эсхүл өөрөөс үл хамаарах бусад шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрхтэй”, Эдийн засаг нийгэм соёлын эрхийн тухай олон улсын Пактын 9 дүгээр зүйлд “Энэхүү пактад оролцогч улсууд нийгмийн даатгалыг оролцуулан хүн бүрийн нийгмийн хангамжинд хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрнө” гэж тус тус заасан.

 

Өндөр настнуудын эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын хэмжээнд хэд хэдэн чухал баримт бичгийг батлан гаргажээ. Үүнд 1982 оны Венийн Насжилтийн асуудлаарх олон улсын Үйл ажиллагааны төлөвлөгөө, 1991 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 46/91 дугаар тогтоолоор баталсан “Ахмад настай хүмүүсийн талаарх зарчмууд”, 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47/5 дугаар тогтоолоор баталсан “Насжилтийн талаарх тунхаглал” зэрэг багтах бөгөөд эдгээр баримт бичигт хүний эрхийн асуудлаарх олон улсын Пактуудад заасны дагуу настай хүмүүсийн эрхийг хамгаалахад оролцогч улс бүрийн хийх ёстой арга хэмжээг нарийвчлан заасан байна.

 

Ахмад настай хүмүүсийн талаарх зарчмууд, Насжилтийн талаарх тунхаглал нь Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактад заасан эрхүүдтэй нягт хамааралтай байна. Эмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг хүн амын бусад бүлгүүдийн нэгэн адил өндөр настай хүмүүсийн эрхийн талаар олон улсын тодорхой Конвенц одоогоор байдаггүй тул Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн Хороо Пактад нэгдэн орсон улсууд өндөр настануудын эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгаалахад тодорхой анхаарал хандуулах ёстойг чухалчилжээ. Тухайлбал, Ахмад настай хүмүүсийн талаарх зарчмуудад заасан өндөр настанууд нийгэмлэг, хөдөлгөөн зохион байгуулж, оролцох бололцоотой байх зарчмыг Засгийн газрууд үндэсний хөтөлбөр, бодлогод тусгах хэрэгтэйг Хороо онцлон тэмдэглэсэн байна.

 

Олон улсын баримт бичгүүдэд ахмад настан гэсэн нэр томьёог янз бүрээр бичдэг хэдий ч НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Насжилтын талаарх тунхаглал, Ахмад настай хүмүүсийн талаарх зарчмуудад “Өндөр настан” гэсэн (Франц-personnes agees, Испани- personas mayores) нэр томьёог сонгон авч, “...60 ба түүнээс дээш насны хүмүүсийг ахмад настан” гэж үзэхээр заажээ.

 

Дээрх баримт бичгүүдэд зааснаар ахмад настан дараах таван бүлэг эрхүүдийг баталгаатай эдлэх ёстой. Үүнд:

 

  • Бие даан амьдрах эрх; (Зохистой хоол хүнс, орон байр, хувцсаар хангагдах)

  • Нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох эрх; (Хөдөлмөрлөх, сурч боловсрох боломжтой байх, өөрт хамааралтай асуудлаар төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох, өөрсдийн мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцах, эвлэлдэн нэгдэх, ганцаардахгүй байх)

  • Нийгмийн халамж, хамгаалалд хамрагдах эрх; (Гэр бүл, үр хүүхдээрээ халамжлуулах, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх, тэтгэвэр авах, нийгмийн халамжийн бусад үйлчилгээнд хамрагдах)

  • Алдагдсан боломж, чадвараа нөхөн сэргээх эрх;

  • Нэр төр, эрхэм зэргээ хүндэтгүүлэх эрх; (Хүндлүүлэх, аюулгүй амьдрах, мөлжлөг, сэтгэл санааны дарамтаас ангид байх, ялгаварлан гадуурхагдахгүй байх)

 

Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” болохыг баталгаажуулсан.

 

Манай улсын хэмжээнд ахмад настны эрхийг хамгаалсан хэд хэдэн чухал хууль тогтоомж, бодлого хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Үүнээс дурдвал, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Ардын болон Гавьяат цолтон ахмад  настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай,  Нийгмийн даатгалын багц хуулиуд, түүнчлэн Засгийн газрын 1998 оны 130 дугаар тогтоолоор баталсан “Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөр” зэрэг болно. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь ахмад настны идэвхтэй, эрүүл, урт нас, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх, асуудалд тэдэнд үзүүлэх нийгэм, эрүүл мэндийн арга хэмжээнд цогцолбороор хандах, энэ ажилд төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг нэгтгэхэд чиглэгдэнэ.

 

Мөн Улсын Их Хурлын 2004 оны 21 дүгээр  тогтоолоор баталсан “Монгол улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд:

  • ахмад настныг насны доройтлоос хамгаалахад чиглэсэн нөхөн сэргээх үйлчилгээг хөгжүүлж, эрүүл насжилтыг дэмжих,

  • ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, эдийн засаг, нийгмийн амьдралд оролцох оролцоог нь нэмэгдүүлэх,

  • ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, тогтмолжуулах,

  • ахмад настанд туслах, тэднийг идэвхтэй амьдрахад чиглэсэн нийгмийн үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг цогцоор нь сайжруулах зэргийг тусгасан билээ.

 

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд зааснаар 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй хамрагдахаар байна. Тус хуульд төрөөс ахмад настны эрхийг хамгаалах, тэдэнд хөнгөлөлт, тусламж дэмжлэг, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх талаар тодорхой заажээ. Үүнд: нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг багтана.

Одоогийн байдлаар төрөөс ахмад настнуудад чиглэсэн тусламж, дэмжлэг, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, байр, орон сууцаар хангах асуудалд анхаарч ажиллаж байгаа ч цаашид ахмад настнуудыг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна.