МОНГОЛ УЛСЫН АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/
2005 оны 12 сарын 08 өдөр Төрийн ордон. Улаанбаатар
хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь ахмад настанд үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээний төрөл, хэмжээг тогтоож, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын энэ талаар хүлээх эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомж
2.1.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
З дугаар зүйл. Хууль үйлчлэх хүрээ
3.1. 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн энэ хуульд хамрагдана.
3.2. Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг энэ хуулийн 3.1-д заасан насанд хүрсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг энэ хуульд хамруулж болно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Ахмад настны нийгмийн хамгаалал
4 дүгээр зүйл. Нийгмийн хамгааллын арга хэмжээ
4.1. Ахмад настныг нийгмийн хамгааллын дараахь арга хэмжээнд хамруулж болно:
4.1.1. нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж;
4.1.2. нийгмийн халамжийн тэтгэвэр;
4.1.3. нөхцөлт мөнгөн тэтгэмж;
4.1.4. тусламж, хөнгөлөлт;
4.1.5. төрөлжсөн асрамжийн үйлчилгээ;
4.1.6. олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ;
4.1.7. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ;
4.1.8. эрүүл мэндийн үйлчилгээ.
4.2.Монгол Улсын болон Хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, түүнчлэн төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан ахмад настанд төрөөс олгох нэмэгдэл тогтоох нөхцөл, журмыг хуулиар тогтоож болно.
/Энэ хэсэгт 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5 дугаар зүйл. Ахмад настанд үзүүлэх тусламж, хөнгөлөлт
5.1.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан ахмад настанд дор дурдсан хөнгөлөлт, тусламж үзүүлж болно:
5.1.1.хөл, гар, шүд (үнэт металлаар хийхээс бусад)-ний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг 5 жил тутам нэг удаа нөхөн олгох;
/Энэ заалтад 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
5.1.2.ахмадын зориулалттай амралт, сувилалын газарт амрах эрхийн бичгийг хөнгөлөлттэй үнээр олгох;
5.1.3. тэжээн тэтгэх хүүхэдгүй, эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настанд болон хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох;
/Энэ заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.1.4. хүндэт донор ахмад настан болон эмчилгээ, сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настан эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулах тохиолдолд тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгох;
/Энэ заалтад 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
5.1.5.нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, ганц бие ахмад настан нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжийн 75 хувьтай тэнцэх хэмжээний тусламж олгох;
/Энэ заалтад 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.1.6.нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл (таксинаас бусад)-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих;
/Энэ заалтад 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.1.7.худалдаа, тээвэр, холбоо, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний газар тэргүүн ээлжинд үйлчлэх;
5.1.8. нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг ахмад настан аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд унааны нэг талын зардлыг жилд нэг удаа нөхөн олгох;
/Энэ заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.1.9.ахмад дайчин, түүнчлэн дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т сар бүр мөнгөн тусламж үзүүлэх;
/Энэ заалтын дугаарт 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтыг 2009 оны 01 сарын 16-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.1.10.Монгол Улсын төрийн соёрхолт, түүнчлэн Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд жилд нэг удаа мөнгөн тусламж үзүүлэх;
/Энэ заалтад 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтын дугаарт 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2009 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.1.11.Монгол Улсын болон Хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд энэ хуулийн 5.1.8-д зааснаас гадна дор дурдсан хөнгөлөлтийг үзүүлнэ:
/Энэ заалтын дугаарт 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2009 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.1.11.а. нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардлыг жилд нэг удаа олгох;
/Энэ дэд заалтын дугаарт 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.1.11.б. дотоодын рашаан сувилалд ирэх, буцах замын зардал, эрхийн бичгийн үнийг жилд нэг удаа нөхөн олгох;
/Энэ дэд заалтын дугаарт 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.1.11.в. орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох;
/Энэ дэд заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ дэд заалтын дугаарт 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.2.Ахмад настанд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, тэдгээрийг олгох журмыг Засгийн газар батална.
5.3.Энэ хуулийн 5.1.3-т заасан хөнгөлөлт, тусламжид хамрагдах ахмад настныг тухайн орон нутгийн ахмадын байгууллагын саналыг харгалзан Амьжиргааг дэмжих зөвлөл тодорхойлж, шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
6 дугаар зүйл. Ахмад настанд үзүүлэх хүндэтгэл
6.1.Жил бүрийн билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгэн болон бусад тэмдэглэлт өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж, байгууллага ажиллаж байсан ахмад настандаа хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулна.
6.2.Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын, 1ОО ба түүнээс дээш настай ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлэг тус тус гардуулна.
6.3.Ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь дампуурсан буюу татан буугдсан, түүнчлэн өөр орон нутгаас шилжиж ирснээс харьяалах байгууллага, аж ахуйн нэгж байхгүй болсон ахмад настныг орон нутгийн захиргаа, нийгмийн халамжийн болон ахмад настны байгууллага билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгэн болон бусад тэмдэглэлт өдрийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.
7 дугаар зүйл. Тусламж, хөнгөлөлтийг санхүүжүүлэх эх үүсвэр
7.1.Энэ хуулийн 5.1.1-5.1.5-д заасан тусламж, хөнгөлөлтийг нийгмийн халамжийн амьжиргааг дэмжих сангаас, 5.1.8-5.1.10-т заасан тусламж, хөнгөлөлтийг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Ахмад настны нийгмийн хамгааллын талаар
аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны
хүлээх үүрэг
8 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны хүлээх үүрэг
8.1.Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн даатгал, халамжийн сан болон улсын төсвөөс олгох тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг нэмэгдүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, энэ талаар гарсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийг хангах үүрэг хүлээнэ.
8.2.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ахмад настны талаархи хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлэх арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллагад уламжлах, нийгмийн халамжийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг хүлээнэ.
8.3.Бүх шатны Засаг дарга ахмад настны нийгмийн хамгааллын талаар тус тусын эрх хэмжээний хүрээнд дор дурдсан үүрэг хүлээнэ:
8.3.1.баг, хорооны Засаг дарга ахмад настанг судалж бүртгэх, хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж тогтоох болон тусламж үзүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж үнэн зөв тодорхойлолт гаргаж өгөх;
8.3.2.сум, дүүргийн Засаг дарга ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ахмад настанг нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд хамруулах талаар эрх бүхий байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх, ахмад настанг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл мэндийг нь хамгаалах, ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь татан буугдсан буюу өөр орон нутгаас шилжин ирсэн ахмад настныг бүртгэж, нийгмийн хамгааллын арга хэмжээнд хамруулах;
8.3.3.аймаг, нийслэлийн Засаг дарга ахмад настны нийгмийн хамгааллын талаар авах арга хэмжээ, зарцуулах төсвийн санал боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулах, энэ талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах, ахмад настанг төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулах саналыг халамжийн байгууллагад уламжлах;
8.3.4.ахмад настны кабинет, төв байгуулж ажиллуулах, энэ арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг орон нутгийн жил бүрийн төсөвт тусгах.
8.4.Аж ахуйн нэгж, байгууллага ажиллаж байсан ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, түлээ, нүүрс олгох, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авна.
8.5.Энэ хуулийн 8.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулан төсөвт байгууллага үйл ажиллагааны зардлын хэмнэлтээс, аж ахуйн нэгж, байгууллага үлдэгдэл ашгаас цалингийн нийт сангийн 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр “Ахмадын сан” байгуулна.
/Энэ хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.6. Энэ хуулийн 8.5-д заасан “Ахмадын сан” байгуулан ажиллуулах журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
8.7. Ахмад настны ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн зохион байгуулагдсан буюу татан буугдсан бол түүний эрх, үүргийг шилжүүлэн авсан этгээд энэ хуулийн 8.4-т заасан үүргийг хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9 дүгээр зүйл. Ахмадын байгууллага
9.1.Ахмад настны олонхийн нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах төв байгууллагыг улсын төсвөөс, орон нутгийн байгууллагыг тухайн орон нутгийн төсвөөс тус тус санхүүжүүлнэ.
9.2.Ахмадуудын санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд нийт ажиллагсдын 70-аас доошгүй хувийг нь ахмад настан эзэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад Засгийн газар болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр дэмжлэг үзүүлж болно.
9.3.Энэ хуульд заасан төрийн болон нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг ахмад настны төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, арга хэмжээний зардлыг санхүүжүүлж болно.
10 дугаар зүйл. Ахмад настны тухай хууль тогтоомж
зөрчигчид хүлээлгэх хариуцлага
10.1.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ