Хүнийн эрхийн өдөр


     

 

 

 Өнөөдөр та болон таны эргэн тойрны тань хэн нэгэнд аль нэг хүйсийг сонгож төрснийхөө хувьд аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтад өртөж байсан уу? 


 Тийм ээ, “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Бэлгийн хүчирхийлэл”, “Ажлын байран дахь бэлгийн дарамтлал”, “Хил дамжин худалдаалагдах” гэмт хэрэгт өртөгсдийн дийлэнх олонхийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэд эмэгтэй болж төрснөөсөө шалтгаалан олон төрлийн хүчирхийлэл дарамтлалын “бай” болж бие сэтгэлийн зовлонд унадаг. Үүний гол шалтгаан нь эмэгтэйчүүдийг ялгаварлан, дорд үзэх хандлагатай холбоотой байдаг. Энэ бол нийгэм дэх хүйсийн тэгш бус харилцаа, эрх мэдлийн ялгаатай байдлаас үүдэлтэй хүний эрхийн зөрчлийн асуудал. Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүйсийн аль нэгэнд давуу байдал олгох, аль нэг хүйсийг онцлох, эсвэл дор үзэх хандлага нийгэмд ямар их сөрөг үр дагавар авчирдгийн тод жишээ юм.


Жендэрийн ялгаварлан гадуурхалт гэж юу бэ? 

 

 Жендэрийн ялгаварлан гадуурхалт гэж эрэгтэй, эмэгтэй хүнийг хүйсийн шинж байдлаар ялгаварлах, үгүйсгэх, хязгаарлах үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. Энэ нь энгийн үгээр хэлбэл байгаль эхээс заяасан биологийн болон нөхөн үржихүйн ялгаатай байдлаас нь шалтгаалж нийгмийн хүрээнд ялгаварлан гадуурхалтад шууд ба шууд бусаар өртөхийг хэлж байгаа юм.

 

Шууд ялгаварлан гадуурхалт гэдэг нь:

 Бусдыг хүйсээр ялгаварлаж адил буюу ижил төстэй нөхцөлд эсрэг хүйсийн хүнээс ялгаатай байдалд хүргэсэн, эсхүл хүргэхийг оролдсон үйлдлийг хэлнэ.Энэ нь ихэвчлэн бусдыг хүйсийн хувьд ялгаатай гэж үзэх, тэдний эрхийг хязгаарлах ялгаварлан гадуурхахыг зорилгоо болгосон  үйлдэл ба эс үйлдлээр илэрдэг. Жишээлбэл: Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх насыг хязгаарлах, эрэгтэйчүүдтэй ялгаатай тогтоох,улмаар тэтгэвэрт гарахыг шаардах, насны хязгаарлалт тогтоон ажилд авахгүй байх гм.


Шууд бус ялгаварлан гадуурхалт гэдэг нь:

 Аливаа нэг хүйсэд хамааралгүй аливаа стандарт, хэм хэмжээ, үйлдэл нь хүнийг   эсрэг хүйсийн хүнээс ялгаатай байдалд хүргэхийг хэлнэ.

      

 Таны хүйсээс шалтгаалж дараах тэгш эрх, тэгш боломжийг тань хязгаарласан, үгүйсгэсэн  бол Ялгаварлан гадуурхалт гэж үзэж болно.


Улс төрийн хүрээнд:

  • Улс төрийн нам, үйлдвэрчний ба олон нийтийн бусад байгууллагад гишүүнээр нэгдэх, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох
  • Бүх шатны сонгуульд нэр дэвших, сонгох сонгогдох

Эдийн засгийн хүрээнд:

  • Аж ахуй нэгж байгуулах, эрхлэх, түүний үр шимийг хүртэх
  • Аливаа өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах

Хөдөлмөрийн харилцаанд::

  • Ажилд орох, албан тушаалд дэвших
  • Жирэмсэн, хүүхэд асарсны улмаас ажлаас   халах
  • Хүүхэд төрүүлэх, асрах нөхцөл бололцоо олгох
  • Ижил ажилд, адил цалин хөлс тогтоох
  • Хүйсээс хамаарч эрт тэтгэвэрт гаргах
  • Ажлын байранд бэлгийн дарамтанд оруулах

Боловсролын хүрээнд:

  • Боловсрол эзэмших, мэргэжил олгох, мэргэжлээ дээшлүүлэх, сургалтын зээл, тусламж, тэтгэлэг авах

Эрүүл мэндийн хүрээнд:

  • Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн биологийн ялгаатай байдалд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээ авах

Гэр бүлийн хүрээнд:

  • Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн дарамтад оруулах


Юуг “Жендэрийн ялгаварлан гадуурхалт” гэж үзэхгүй бэ?

  • Зөвхөн нэг хүйсийн онцлог хэрэгцээнд зориулсан эрүүл мэнд, боловсролын зэрэг төрөлжсөн үйлчилгээ үзүүлэх
  •  Оюутан, суралцагчдын дотуур байр, эмнэлэг, асрамж, амралт, сувилал, хорих болон түр саатуулах газар, эрүүлжүүлэх байранд хүйсээр нь ялган байрлуулах
  • Аль нэг хүйсийн гишүүнчлэл бүхий олон нийтийн ба төрийн бус байгууллага байгуулах
  • Зөвхөн нэг хүйсийн хүмүүсийг хамруулсан урлаг спортын арга хэмжээ зохиох
  • Тухайн ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж ажилд авахдаа зөвхөн нэг хүйсийн хүнийг сонгох

 

Жендэрийн ялгаварлан гадуурхалтад өртсөн бол хаана хандах вэ?

 2011 оны 02 дугаар сарын 02 өдөр “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” батлагдсан. Энэ хуулийн дагуу Хүний Эрхийн үндэсний Комисст гомдол гаргана. Комисс таны гомдлыг хүлээн авч 30 хоногт багтаан хариу өгнө.


Жендэрийн ялгаварлан гадуурхалт ямар хор уршигтай бэ?

 Үүнийг тайлбарлахын өмнө Жендэр гэж юу бэ? гэдэг асуултанд хариулья. Жендэр гэдгийг Монгол хэлнээ хөрвүүлбэл ”хүйс” гэж орчуулагддаг. Гэвч энэ нь эрэгтэй эмэгтэй хэмээх бидэнд байгалаас заяасан, үл өөрчлөгдөх хүйс буюу бидний биологийн ялгааг тодорхойлсон ойлголт биш юм. Харин цаг хугацааны хувьд хувьсан өөрчлөгддөг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх, байр суурь, гүйцэтгэх үүргийг илэрхийлдэг ойлголт юм. Жендэр гэхээр дан ганц эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал хэмээх ташаа ойлголт олон нийтийн дунд нийтлэг байдаг. Энэ ойлголтонд эрэгтэйчүүдийн тэгш эрх, тэгш боломж бас давхар яригдах бөгөөд Жендэрийн эрх тэгш байдлыг  хангах тухай асуудал юм. Энэ нь эмэгтэй ба эрэгтэйчүүд аливаа нийгмийн харилцаанд тэгш эрхтэй оролцож, нийгмийн баялаг хөгжлийн үр шимээс тэгш хүртэх ингэснээр хөгжилд адил тэгш хувь нэмрээ оруулах тухай ойлголт юм.


Жендэрийн тэгш байдал хангагдаагүй цагт нийгэмд ямар хор уршиг авчирах бэ?

 Жендэрийн эрх тэгш байдал хангагдаагүй цагт хүйсийн ялгаатай байдлаас улбаатай нийгмийн хүрээнд ялгаварлан гадуурхалтад өртөх, тэгш эрхээ бодитойгоор эдлэх боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл Жендэрийн эрх тэгш байдал алдагдахад хүрдэг.Энэ нь хувь хүнд төдийгүй  улс орны хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал: аливаа хүн жендэрийн ялгаварлан гадуурхалтад өртсөнөөс үүдэн тэгш бус байдал, ядуурал, ажилгүйдэл, хүчирхийлэл, боловсрол ба ухамсарын доройтол, хариуцлагагүй үйлдлүүд зэрэг тухайн улс орны хөгжилд саад бэрхшээлийг дагуулдаг.


Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль таньд ямар боломжийг олгосон вэ?

 Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсанаар: Улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд аль нэг хүйсийг ялгаварлан гадуурхах асуудлыг хориглож, эрэгтэй эмэгтэй хүмүүс нийгмийн амьдралд тэгш оролцох, нийгмийн баялгаас тэгш хүртэх, хөгжилд адил тэгш хувь нэмрээ оруулах боломжийг бий болгосон. Товчоор хэлбэл, жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцлийг бүрдүүлсэн.  


 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тутай хууль татаж авах