Олон улсын хүний эрхийн өдрийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр дэлхий нийтээр тэмдэглэдэг. Хүний эрхийн түгээмэл тунхаглал 1948 онд гарч, Ерөнхий Ассемблей түүнийг 1950 онд 423 (V) тогтоолоор баталгаажуулсанаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсууд, дэмжсэн байгууллага, хувь хүн хүний эрхийн төлөө нэгдэж, дуу хоолойгоо бусдад сонсгох боломжтой болсон гэж хэлж болно.
Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хүний эрхийн тухай мэдлэг ойлголтыг дэлгэрүүлэх ямар ч зүйлийг сэдэж санаачилж болох бөгөөд хүний эрхийн мэдлэгээ тэлэх, бусдад түгээх, мэдээллээ бусадтай хуваалцах нь нэн чухал юм.
Иймээс энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн өдрийг тэмдэглэхдээ та бидний бэлтгэсэн дараахь мэдээллийг хүүхэд, хүүхэдтэй ажилладаг хүмүүс, гэр бүлийнхээ гишүүд, найз нөхдөдөө өгч, өөрийн болон өрөөл бусдын хүний эрхийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх боломжтой.
Доктор Мухамед Юнус
Заримдаа аугаа хүмүүнлэгийн үйлс энгийн зүйлээс эхэлдэг. Бангладеш Улсад нэгэн чинээлэг гэр бүлд төрсөн Мухамед Юнус хэмээх хүүд ээж нь ядуучуудад тусалж байхыг сургажээ. Харин Мухамед хүү скаутын удирдагч Квази Шахибаас нөхөрлөхийн үнэ цэнэ, манлайлах, бүлгийн нэг хэсэг болох, өөрийгөө шинжих, шаргуу хөдөлмөрлөхийг сурчээ.
Тэрээр хичээнгүйлэн суралцаж, АНУ-ын Теннесси мужийн Нешвиль хотын Вандербилт их сургуулиас тэтгэлэг авсан бөгөөд энэ сургуульдаа эдийн засгийн ухааны докторын зэргийг хамгаалсан байна. Мухамед нутагтаа очоод, их сургуульд эдийн засгийн хичээл зааж эхэлсэн бөгөөд удалгүй сурсан мэдсэн зүйл нь, оюутнуудад зааж байгаа хичээл нь тус улсын ядуу хүмүүст тус нэмэр болохгүй байгааг ухаарсан аж.
Руби Бриджес
Зургаан настай Руби Бриджес охин 1960 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Луизиана мужийн Нью Орлеан хот дахь гэрээсээ гарч, хэдэн хорооллын цаана байрлах Виллиам Францын нэрэмжит нийтийн сургууль уруу алхлаа. Телевизийн камер түүнийг дагаж байв. Үсээ ардаа боосон Африк-Америк гаралтай бяцхан охин уруу уурласан хүмүүс чангаар орилон, түүнийг заналхийлж байлаа.
Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Двайт Д.Эйзенхаур холбооны засаг захиргааны шийдвэр биелүүлэх зэвсэглэсэн албан хаагчид Рубиг хамгаалж, сургуульд нь хүргэхийг тушаал гаргасан байна. Хотын захиргаа болон цагдаагийн зүгээс тусалсангүй. Холбооны засаг захиргааны шийдвэрийг биелүүлэх албан хаагчид цугласан хүмүүсийг баривчлана гэж айлган, байдлыг хяналтдаа байлгахыг хичээж байлаа.
Махатма Ганди
Мохандас Карамчанд Ганди (1869-1948) бол 90 гаруй жил Энэтхэг Улсыг захирсан Британичуудаас эрх чөлөөгөө олохыг зорьсон их үйл хэргийн удирдагч юм. Түүнийг “Аугаа сэтгэл” гэсэн утга илэрхийлэх “Махатма” гэдэг нэрээр хүндэтгэн дууддаг.
Тэрээр Энэтхэг Улсын Порбандар хотод 1869 оны 10 дугаар сарын 2-ны өдөр төржээ. Орон нутагтаа нэртэй удирдагч болох эцэг нь Гандиг 16 настайд нь өөд болсон байна.
Гандигийн эцэг эх түүнийг 13 настайд нь огт танихгүй Кастурба гэдэг охинтой гэрлүүлэхээр сүй тавьжээ. Тухайн үед төлөвлөж гэр бүл болох уламжлал байсан аж. Хосын дундаас төрсөн дөрвөн хүүгийн ууган нь Гандиг хуульч болохоор Английн Лондон руу явахын өмнөхөн 1888 онд төрсөн байна.
Ганди 1891 онд Энэтхэгт эргэн ирсэн ч эх орондоо хуульч мэргэжлээрээ амжилт олж чадаагүй байна. Тэрээр Өмнөд Африкт түр ажиллахаар шийдэн, 1893 онд очиж, хуульчаар ажиллах болов.
Оршил.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай Конвенц бол хүүхдийн эрхийн тухай цогц хууль бүхий баримт бичиг юм. Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталснаас хойш 193 орон уг конвенцид нэгдэн ороод байна.
Яагаад хүүхдийн эрхийг хамгаалах тусгай Конвенц хэрэгтэй болов?
Хүүхэд бие махбодь, сэтгэл санааны хувьд бүрэн хөгжөөгүй, эмзэг, тусгай хамгаалалт шаардлагатай, хүчирхийлэлд өртөх магадлал их, хүүхдийг нийгмийн зүгээс хүн гэж тооцдоггүй тул эрхийг нь баталгаажуулах, хамгаалах зорилгоор Хүүхдийн эрхийн тухай конвенцийг баталсан юм.
Энэ конвенц нь эрүүл мэнд, боловсролоос эхлээд хүүхдийн амьдралын бүхий л салбарт зориулсан хэм хэмжээ, стандартуудыг тогтоож өгсөн юм. Мөн хүүхдийн нийгмийн эрхээс эхлээд иргэний эрх хүртэл бүх эрхүүдийг багтаасан байдаг. Эдгээр хэм хэмжээнүүдийг дэлхийн өнцөг булан бүрт улс орнууд хүлээн зөвшөөрч, эдгээр стандартын түгээмэл шинжийг улам бэхжүүлж, Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцийн ач холбогдол улам нэмэгдсээр байна.
Конвенцийн түүхэн хөгжил.
Дэлхийн I дайны дараа 1924 онд Үндэстнүүдийн Холбоо Хүүхдийн эрхийн тунхаг бичгийг баталсан байна. Энэ баримт бичиг нь зовж шаналсан “ялангуяа дайны улмаас” шаналж буй хүүхдүүдийн асуудлыг хөндсөн анхны олон улсын хүчин чармайлт байлаа. 1948 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан. Хэдийгээр хүүхдийн эрхийг шууд бус тусгасан ч, хүүхдийн тусгай хэрэгцээг “насанд хүрэгчидтэй харьцуулан” тусад нь баримтжуулан батлах ёстой гэсэн тайлбар байсаар байв.
1959 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүүхдийн эрхийн хоёр дахь тунхаг бичгийг батлав. Ерөнхий Ассамблей 1979 оныг хүүхдийн жил болгон зарлан, тэр жилдээ тунхаг бичгийн хүүхдэд хамаатай арван зүйлийг хэвлэн улс орнуудад тарааж, Польш улсад болсон сургалтын үеэр хүүхдийн асуудалд анхаарал хандуулан, Хүний эрхийн комиссын ажлын хэсэг байгуулж, Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцийг боловсруулах ажлыг эхлүүлжээ.
1989 онд Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийг боловсруулах ажил дууссан бөгөөд Хүүхдийн Эрхийн Тухай Конвенц бол арван жил хүүхдийн эрхийн асуудлаар үргэлжилсэн олон улсын хэлэлцүүлгийн үр дүнд бий болсон юм.
Тухайн үед хүүхдийн эрхийг хүний эрхийн нэгэн адил бусад үндэстний соёл, ёс заншил ба үнэт зүйлсийг үл ойшоон тулган шаардсан бичиг баримт гэж үзэх явдал байсан. Учир нь хүүхдийг хэрхэн өсгөж бойжуулах, харьцах талаар улс орон бүр өөр соёл, зан заншил баримталж ирсэнтэй холбоотой. Гэвч Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцийг дэлхийн улс орнууд бараг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч нэгдсэн нь тухайн орон нутгийн итгэл үнэмшил хийгээд үнэт зүйлсээс үл хамааран хүүхдийн эрхийн зарчмууд болон түүнийг хангах хамгийн наад захын стандартуудын чухалыг ойлгон хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.
Хүүхдийн Эрхийн Тухай Конвенц нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, улс орнуудын хүүхэдтэй холбоотой хууль тогтоомж, бодлого ба үйл ажиллагаанд даган мөрдөх наад захын стандарт хэмжээ бөгөөд хүүхэд бол идэвхтэй эрхээ эдлэгч гэсэн эерэг байр суурийг дэмждэг байна. Мөн конвенцид хүүхэд ямар эрхтэйг зааснаас гадна улс орнууд тэдгээр эрхийг бодитоор амьдралд хэрэгжүүлэхийн тулд хариуцлага хүлээдэг гэдгийг ч онцолсон. Монгол Улсад Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг олон хууль тогтоомжид хүүхдийн эрхийг баталгаажуулж өгсөн билээ.
Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцийн зарчмууд
Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцийн үзэл санааг бүрдүүлж байдаг дөрвөн үндсэн зарчим байдаг бөгөөд тэдгээр нь бусад эрхийг тайлбарлах үндэс болж өгдөг. Эдгээр зарчим нь хүүхдийн эрхийн бүх асуудалтай холбогдоно.
1. Хүүхдийн дээд ашиг сонирхол
Хүүхдийн дээд ашиг сонирхлыг дээдлэн, хүүхдэд ээлтэй нийгмийг байгуулах нөхцөлийг хангахын төлөө Засгийн газар, олон нийтийн ба хувийн салбарынхан өөрсдийн үйл ажиллагаа хүүхдэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхой болгох ёстойг Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцид онцлон тэмдэглэсэн. Хүүхдийн дээд ашиг сонирхлыг тодорхойлохын тулд хүүхэд бүрт тухайн үйл ажиллагаа хэрхэн нөлөөлж буйг нарийн авч үзэх ёстой.
Хүүхдийн дээд ашиг сонирхол гэдэг нь бүхий л хугацаанд хүүхдэд нөлөөлөх үр нөлөөг дэмжих өргөн хүрээтэй ойлголт юм. Хүүхдийн эрхийн энэхүү цогц хандлага нь хүүхдэд ээлтэй үйлчилгээ, хүүхдийн асуудалд мэдрэмжтэй практикийг хүүхдийн төлөө үзүүлэх үйлчилгээндээ нэвтрүүлэх зэргийг ойлгоно Энэ зарчмыг аливаа хуулиар өөрөөр тайлбарлах эсвэл Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцид дурдсан бусад эрхийг хэрэгжүүлэхэд саад болохоор ашиглах ёсгүй.
2. Ялгаварлан гадуурхахаас ангид байх эрх
Хүүхдийн эрх хэзээ ч, хаана ч байсан хүйс, хөгжлийн бэрхшээл, яс үндэс, шашин шүтлэг эсвэл иргэний харъяалалаас үл хамааран ямар ч хэлбэрийн ялгаварлан гадуурхалгүйгээр хүүхэд бүрт хамаатай болохыг Конвенцийн хоёрдугаар заалтад тодорхойлсон. Ялгаварлан галуурхахгүй байх нь хүүхэд хамгааллын хувьд онцгой ач холбогдолтой бөгөөд бүх салбарт ялгаварлан гадуурхах аливаа хэлбэрийг арилгах арга хэмжээг баталгаажуулдаг.
3. Оролцооны эрх
Хүүхдийн нас болон хөгжлийн онцлогийн дагуу хүүхдийн үзэл бодол, санаа зовж буй зүйлийг сонсох ба тэдний үзэл бодлоо илэрхийлэх боломжийн тухай конвенцийн 12 зүйлд багцаар нь тусгасан. Энэ сэдэв хүүхдийн үг хэлэх эрх чөлөө ба иргэний бусад эрх Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцийн бусад бүхий л хэсэгт хамаардаг. Энэ зарчмын онцлог нь хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ба хүүхдийг сонсох ёстой гэсэн шаардлага тавьдагт оршино.
4. Эсэн мэнд амьдрах ба хөгжих эрх
Конвенцийн зургадугаар заалтанд хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хөгжих эрхтэйг заахын сацуу хүүхэд нь зан чанар, авьяас, чадвараа бүхий талаараа бүрэн хөгжүүлэх эрхтэй гэдгийг мөн онцолсон. Хөгжлийг тодорхойлох улс орны ирээдүй болсон ХҮҮХДИЙГ хүчирхийллээс ангид, ялгаварлан гадуурхалтад өртүүлэхгүй, амьдрах, хөгжих, оролцох, хамгаалуулах эрхээ эдлэх эерэг нөхцлийг бүрдүүлж, өсгөж хүмүүжүүлэх нь эрх эдлэгч хүн бүрийн хүлээх үүрэг билээ.
Би бусдыг дээрэлхсэн, бусдад муу зүйлс хүссэн хүний эсрэг зоригтой, хамтдаа зогсохоо амлаж байна.
Үүний тулд би:
- Тоглож байхдаа найзууддаа тусална.
- Хичээлээ хийхдээ найзууддаа тусална.
- Бусад хүүхдийг хүндэтгэж харьцана.
- Шинэ найзуудаа инээмсэглэн угтаж, татан оролцуулна.
- Намайг хүндэтгэсэн хүн бүрийг хүндэтгэнэ.
- Бусадтай эелдэг харилцана.
- Найзыгаа уруудаж доройтохгүй байхад тусална.
- Бусад хүмүүс сайн зүйл хийхийг дэмжих, зоригжуулна.
- Хүний эрхийн талаар мэдэж, бусад хүмүүст ч гэсэн хэлж өгнө.
Би ямар нэгэн хүчирхийлэлгүйгээр эдгээр дүрмийг дагахаа амлаж байна.
Гарын үсэг зурсан: _____________________________________
Дэлхийн хүн амын 10 хувь орчим нь буюу 650 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байдаг гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Энэ тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэн дотны хүнээ харж хандахын тулд суралцаж, хөдөлмөрлөж, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцож чадахгүй байгаа гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдын тоог нэмбэл ойролцоогоор 2 сая хүн хөгжлийн бэрхшээлээс үүдсэн асуудалтай амьдарч байна.
Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо ч улам бүр нэмэгдэж байгаа юм. Нөгөө талаас, ядуурал, байгалийн гамшиг, тогтворгүй байдал, осол гэмтэл, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд гарсан алдаа дутагдлаас хүн хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол өссөөр байна. Ялангуяа, ийм байдал хөгжлөөр буурай болон хөгжиж буй улс орнуудад харьцангуй өндөр хувьтай байдаг. Хэнд ч хэдийд ч тохиолдож болох учраас хөгжлийн бэрхшээлийн асуудал хүн бүрийн асуудал мөн билээ.
Дэлхийн аль ч улс оронд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмээс тусгаарлагдсан, хязгаарлагдмал орчинд амьдарч байна. Тэд бусдын л адил амьдрах, хийж бүтээх хүсэл, тэмүүллээр дүүрэн байдаг боловч сурах, хөдөлмөрлөх, нийгмийн үйл хэрэгт орлцох, найзалж нөхөрлөх, гэр бүл зохиох, үр хүүхдээ өсгөх найдвар бага, эмнэлэг, сургууль, дэлгүүрээр үйлчлүүлэх, тээврийн хэрэгслээр зорчих, хэрэгцээтэй мэдээллээ бүрэн дүүрэн хүлээж авах боломж хязгаарлагдмал амьдарч байна.
Хөгжлийн бэрхшээлийг ядуурал, ядуурлыг хөгжлийн бэрхшээл сүүдэр мэт дагах нь олонтаа. Амьдралын хүнд хэцүү нөхцөл, хоол хүнсний дутагдал, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүйгээс ядуу хүн хөгжлийн бэрхшээлтэй болох нь элбэг байхад сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх боломж, орчин хязгаарлагдмал учраас хөгжлийн бэхшээлтэй хүмүүсийн олонх нь ядуу амьдарч байна.
Нийгмийн бусад гишүүдийн үл тоомсорлол, боломж, чадавхыг нь үгүйсгэх хандлагын улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх зөрчигдөхөд хүрч байна. Өнгөрсөн түүхийн ихэнх хугацаанд дэлхийн улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн харилцаанд эрүүл иргэдийн нэгэн адил оролцох эрхтэй болохыг нь үл хүлээн зөвшөөрч, тэднийг гагцхүү “төрийн тусламж, дэмжлэг хүртэгч”, “эмнэлэг, нийгмийн халамжийн үйлчилгээний обьект” мэтээр хандаж ирсэн. Ийм ч учраас утга зохиол, соёл урлаг, нийгмийн шинжтэй сурталчилгаанд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өрөвдөж энэрэх, туслахыг уриалсан өнгө аяс зонхилж, харин сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгмийн амьдралд оролцохыг нь дэмжих, тэгш боломжийг бий болгох утга агуулга төдийлөн хөндөгддөггүй байв. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тохуурхах, нэр төрийг доромжлох, элдэв нэр хоч өгөх, цэрвэх, цээрлэх хандлага ч нийгэмд байдгийг үгүйсгэх аргагүй. Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээсээ ичиж зовох, ил гаргахаас нуух нь бидний эргэн тойрон байдаг асуудал боловч ингэснээрээ тэдгээр дотны хүмүүсийнхээ “хүн хэмээх” эрхэм чанарыг үгүйсгэж байгаа болохоо хүмүүс тэр бүр анзаардаггүй. Тэргэнцэртэй, таягтай гэх зэргээр хүнийг нь биш, тусгай хэрэглэгдэхүүн, согогоор онцлон нэрлэж, тахир дутуу гэх мэтээр өөрсдөө ч хэлэхээс эвгүйцэм нэр томьёогоор дуудах нь ч мөн хүнлэг бус харьцаа болно.
Хүн зөвхөн согог, гэмтлийнхээ улмаас хөгжлийн бэрхшээлтэй болдоггүй бөгөөд бие эрхтний согог, гэмтэл нийгмийн орчин, хязгаарлалтай нэгдэн нийлж хөгжлийн бэрхшээлийг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, тэргэнцэр ашигладаг хүн ямар нэг ажил хийх чадваргүйдээ биш, гагцхүү түүний ажлын байр тэргэнцэртэйгээ орох гарах, ажиллах нөхцөлийг бий болгож чадаагүй учраас тэдний ихэнх нь хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Үүний нэгэн адилаар сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд эрүүл хүүхдүүдийн нэгэн адил суралцах оюуны чадавхгүйдээ биш, харин тэдний сургалтын орчин, гарын авлага, багш байхгүйгээс, сургууль тэдэнд хүртээмжтэй бишээс тэр бүр амжилттай суралцаж чаддаггүй.
Хөгжлийн бэрхшээл нь нийгмийн орчин хөгжлийн түвшингээс хамаарч үргэлж өөрчлөгдөн хувьсаж байдаг ойлголт юм. Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг дагаад хөгжлийн бэрхшээлтэй хүний тусгай хэрэгцээг хангах тоноглол, хэрэглэгдэхүүн улам бүр боловсронгуй болж байна. Жишээлбэл, сул харааг /хурц миофиа зөвхөн мөрөө л хардаг/ нөхөх линзийг хэрэглээнд нэвтрүүлсэн хөгжингүй улс оронд сул хараатай хүнийг хөгжлийн бэрхшээлтэйд тооцохооргүй болж байгаа нь хөгжлийн бэрхшээл нь орчин нөхцөл, улс орны хөгжлийн түвшингээс хамаарч болохыг харуулж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний нэр төр, эрхэм чанарыг хүндэтгэн харьцаж, бусадтай адил тэгш эрх эдлэх боломжийг олгох нь хүний эрхийн зарчим юм. Чухам л энэ зарчмын үүднээс хөгжлийн бэрхшээлийн асуудалд хандахыг хүний эрхийн хамгаалагчид чухалчилдаг. Азгүй тохиолдлоор хэн нэгэн хөгжлийн бэрхшээлтэй болж болох ч түүнийг золгүй хувь тавилан угтах ёсгүй билээ.
Энд дарж Зөв харилцааны цагаан толгойг үзнэ үү
Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг “хөгжлийн бэрхшээлтэй” гэж ойлгоно.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай ойлголт
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх гэж хууль тогтоомжоор баталгаажигдсан тусгай эрх байдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын нэгэн адил иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын бүхий л эрхийг алагчлалгүйгээр эдлэх эрхтэй. Харин эдгээр эрхийг бүрэн дүүрэн эдлүүлэх арга зам нь ялгаатай бөгөөд тусгай орчин нөхцөл, хэрэглэгдэхүүн шаардлагатай.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээнд байнга хамрагдаж чаддаггүй ямар ямар төрлийн үйлчилгээнд хамрагдах эрхтэй вэ?
v Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж авах
v Нийгмийн халамжийн тэтгэвэр авах
v Нөхцөлт мөнгөн тэтгэмж авах
v Тусламж, хөнгөлөлт эдлэх
v Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдах
v Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах
v Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдах
v Эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах
v Боловсрол, соёл, урлагийн үйлчилгээнд хамрагдах
16 нас хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг ямар байгууллага тогтоох вэ?
16 нас хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг оршин суугаа аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссоор тогтоолгоно.
16 болон түүнээс дээш насанд хүрсэн иргэний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг ямар байгууллага тогтоох вэ?
Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэний хөдөлмөрийн чадвар алдалын хувь, хугацаа, шалтгааныг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.
Харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг зөвхөн Мэргэжлийн өвчин судлалын төвийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ямар тохиолдолд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авах эрх үүсэх вэ?
v Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй байх
v Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 50 ба түүнээс дээш хувиар тогтоогдсон байх
v 16, түүнээс дээш насанд хүрсэн байх
/Иргэн дээр дурьдсан болзлыг зэрэг хангасан нөхцөлд нийгмийн халамжийн сангаас тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүснэ. /
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэдэн жил шимтгэл төлж ажилласан тохиолдолд нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн бүрэн тэтгэвэр авах эрх үүсэх вэ?
v Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-оос доошгүй жил төлсөн байх
v Эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 6 жилд нь шимтгэл төлсөн байх
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс ямар ямар тусламж, хөнгөлөлт үзүүлдэг вэ?
v Бүрэн хараагүй, бүрэн хэлгүй дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох
v 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодод хийлгэсэн протезийн үнийг 3 жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох
v Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн протезийн үнийг 5 жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох
v 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн болон худалдан авсан ортопед, тэргэнцэр зэрэг тусгай хэрэгслийн үнийг 5 жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох
v Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн тусгай сургуульд ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа хөнгөлөх
v Эмчилгээ, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэн дотоодын рашаан сувилалд сувилуулбал нэг талын унааны зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгох
v Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэний нэг хүүхдийн цэцэрлэгийн хоолны зардлын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх
v Насанд хүрсэн бүрэн хараагүй иргэний харилцаа холбооны зардалд хөнгөлөлт үзүүлэх
v Нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүн аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд нэг талын унааны зардлыг жилд нэг удаа нөхөн олгох
v Хараагүй хүний брайлын үсгээр бичсэн захидал, ил захидал, брайль хэвлэл 10 кг хүртэлх илгээмжийг дотоодод үнэ төлбөргүй явуулж, хараагүй хүний зориулалттай техник, тоног төхөөрөмж, материал хэрэгслийг дотоодод үнэ төлбөргүй хүргүүлэх
v Бүрэн хараагүй хүн эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр эмчлүүлэх, рашаан сувилалд сувилуулахаар аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт зорчих шаардлагатай болвол ирж буцах унааны зардлын 75 хувийг жилд нэг удаа нөхөн олгох
v Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь хүүхдийн зусланд амарвал эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа олгох
v Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэн нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжийн 75 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж олгох
|
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж болох уу?
Болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тохирсон ажил, хөдөлмөр эрхлүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд тахир дутуу болон одой хүнийг ажиллуулахаар зохицуулсан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулаагүй аж ахуйн нэгж, байгууллага нь улсын төсөвт төлбөр төлөх үү?
Хэрэв 25, түүнээс дээш ажилтантай байгууллагууд нь ажил албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг авч ажиллуулаагүй тохиолдолд төлбөрийг сар бүр улсын төсөвт төлнө. Засгийн газрын тогтоолоор аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож тогтоодог.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй тохиолдолд ажилд авахаас татгалзсан бол ямар хариуцлага ноогдуулах вэ?
Тахир дутуу болон одой хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй байгаа тохиолдолд уг шалтгаанаар түүнийг ажилд авахаас татгалзсан албан тушаалтныг 5000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох шийтгэл шүүгч ноогдуулна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн та Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн тохиолдолд өөрөө болон хууль есны төлөөлөгч-эцэг, эх, асран хамгаалагчаараа дамжуулан Хүний эрхийн Үндэсний Комисст хандахаас гадна холбогдох Төрийн байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудад хандаж болно.
Засгийн газар хоорондын олон улсын байгууллага:
1.) НҮБ-ын Ерөнхий ассамблей /МУ-аас НҮБ-д суугаа Төлөөлөгчийн газар/
2) Хүний эрхийн Дээд Комиссарын газар
3) Хөгжлийн бэрхшээлийн асуудлаарх Тусгай илтгэгч
4) Хөгжлийн бэрхшээлийн талаарх дэлхийн хөтөлбөр
5) НҮБ-ын Ази-Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комисс
6) НҮБ-ын сайн дурын сан
7) Дэлхийн банк /Монгол дахь төлөөлөгчийн газар/
8) Олон улсын хөдөлмөрийн байгууллага
9) Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
10) НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага /ЮНЕСКО-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Зохицуулах хороо/
Засгийн газрын бус олон улсын байгууллагууд:
1) Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллага /DPI/
2) Инклюшн Интернэйшнл
3) Олон улсын сэргээн засалт байгууллага /Rehabilitation International/
4) Хараагүйчүүдийн дэлхийн холбоо /World Blind Union/
5) Дүлий хүмүүсийн дэлхийн холбоо / World Federation of the Deaf /
6) Сэтгэл мэдрэлийн өвтөн болон эдгэрэгчдийн дэлхийн сүлжээ
7) Дүлий-хараагүй хүмүүсийн дэлхийн холбоо /World Federation of the Deaf-Blind/
Монгол улсын төрийн байгууллагууд:
1) УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
И-мэйл: webmaster@mail.parl.gov.mn
2) УИХ дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих лобби бүлэг
3) Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс
Вэбсайт: www.mn-nhrc.org
И-мэйл: nhrc@mn-nhrc.org
4) Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам
Вэбсайт: www.mswl.pmis.gov.mn
5) Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар
Вэбсайт: www.hodolmor.mn
6) Нийгмийн даатгалын ерөнхий газар
Вэбсайт: www.ndaatgal.mn
И-мэйл: undeg@ndaatgal.mn
7) Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн сургалт, сэргээн засалтын үндэсний төв
8) Эмнэлэг Хөдөлмөрийн Магадлах Төв Комисс
И-мэйл: SSIGOMON@magicnet.mn
9) Эрүүл мэндийн яам
Вэбсайт: www.moh.mn
И-мэйл: admin@moh.mn
10. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
Вэбсайт: www.mecs.pmis.gov.mn
И-мэйл: mecs@mecs.pmis.gov.mn
Иргэний нийгмийн байгууллагууд
1) Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо
И-мэйл: mnfdp@mobinet.mn
2) Хараагүйчүүдийн үндэсний холбоо
И-мэйл: mnferedrationblind@yahoo.com
3) Монголын өмгөөлөгчдийн холбоо
Вэбсайт: www.monadvo.org.mn
И-мэйл: monadvocate@magicnet.mn
4) Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбоо
Вэбсайт: www. cmtueduc@mongol.net
И-мэйл: cmtu@mongol.net
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 25 дугаар зүйлд “Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүд мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй. Ажилгүйдэх, өвчлөх, тахир дутуу болох, бэлэвсрэх, өтлөх, эсхүл өөрөөс үл хамаарах бусад шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрхтэй”, Эдийн засаг нийгэм соёлын эрхийн тухай олон улсын Пактын 9 дүгээр зүйлд “Энэхүү пактад оролцогч улсууд нийгмийн даатгалыг оролцуулан хүн бүрийн нийгмийн хангамжинд хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрнө” гэж тус тус заасан.
Өндөр настнуудын эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын хэмжээнд хэд хэдэн чухал баримт бичгийг батлан гаргажээ. Үүнд 1982 оны Венийн Насжилтийн асуудлаарх олон улсын Үйл ажиллагааны төлөвлөгөө, 1991 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 46/91 дугаар тогтоолоор баталсан “Ахмад настай хүмүүсийн талаарх зарчмууд”, 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47/5 дугаар тогтоолоор баталсан “Насжилтийн талаарх тунхаглал” зэрэг багтах бөгөөд эдгээр баримт бичигт хүний эрхийн асуудлаарх олон улсын Пактуудад заасны дагуу настай хүмүүсийн эрхийг хамгаалахад оролцогч улс бүрийн хийх ёстой арга хэмжээг нарийвчлан заасан байна.
Ахмад настай хүмүүсийн талаарх зарчмууд, Насжилтийн талаарх тунхаглал нь Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактад заасан эрхүүдтэй нягт хамааралтай байна. Эмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг хүн амын бусад бүлгүүдийн нэгэн адил өндөр настай хүмүүсийн эрхийн талаар олон улсын тодорхой Конвенц одоогоор байдаггүй тул Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн Хороо Пактад нэгдэн орсон улсууд өндөр настануудын эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгаалахад тодорхой анхаарал хандуулах ёстойг чухалчилжээ. Тухайлбал, Ахмад настай хүмүүсийн талаарх зарчмуудад заасан өндөр настанууд нийгэмлэг, хөдөлгөөн зохион байгуулж, оролцох бололцоотой байх зарчмыг Засгийн газрууд үндэсний хөтөлбөр, бодлогод тусгах хэрэгтэйг Хороо онцлон тэмдэглэсэн байна.
Олон улсын баримт бичгүүдэд ахмад настан гэсэн нэр томьёог янз бүрээр бичдэг хэдий ч НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Насжилтын талаарх тунхаглал, Ахмад настай хүмүүсийн талаарх зарчмуудад “Өндөр настан” гэсэн (Франц-personnes agees, Испани- personas mayores) нэр томьёог сонгон авч, “...60 ба түүнээс дээш насны хүмүүсийг ахмад настан” гэж үзэхээр заажээ.
Дээрх баримт бичгүүдэд зааснаар ахмад настан дараах таван бүлэг эрхүүдийг баталгаатай эдлэх ёстой. Үүнд:
- Бие даан амьдрах эрх; (Зохистой хоол хүнс, орон байр, хувцсаар хангагдах)
- Нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох эрх; (Хөдөлмөрлөх, сурч боловсрох боломжтой байх, өөрт хамааралтай асуудлаар төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох, өөрсдийн мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцах, эвлэлдэн нэгдэх, ганцаардахгүй байх)
- Нийгмийн халамж, хамгаалалд хамрагдах эрх; (Гэр бүл, үр хүүхдээрээ халамжлуулах, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх, тэтгэвэр авах, нийгмийн халамжийн бусад үйлчилгээнд хамрагдах)
- Алдагдсан боломж, чадвараа нөхөн сэргээх эрх;
- Нэр төр, эрхэм зэргээ хүндэтгүүлэх эрх; (Хүндлүүлэх, аюулгүй амьдрах, мөлжлөг, сэтгэл санааны дарамтаас ангид байх, ялгаварлан гадуурхагдахгүй байх)
Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” болохыг баталгаажуулсан.
Манай улсын хэмжээнд ахмад настны эрхийг хамгаалсан хэд хэдэн чухал хууль тогтоомж, бодлого хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Үүнээс дурдвал, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Ардын болон Гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай, Нийгмийн даатгалын багц хуулиуд, түүнчлэн Засгийн газрын 1998 оны 130 дугаар тогтоолоор баталсан “Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөр” зэрэг болно. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь ахмад настны идэвхтэй, эрүүл, урт нас, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх, асуудалд тэдэнд үзүүлэх нийгэм, эрүүл мэндийн арга хэмжээнд цогцолбороор хандах, энэ ажилд төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг нэгтгэхэд чиглэгдэнэ.
Мөн Улсын Их Хурлын 2004 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд:
- ахмад настныг насны доройтлоос хамгаалахад чиглэсэн нөхөн сэргээх үйлчилгээг хөгжүүлж, эрүүл насжилтыг дэмжих,
- ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, эдийн засаг, нийгмийн амьдралд оролцох оролцоог нь нэмэгдүүлэх,
- ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, тогтмолжуулах,
- ахмад настанд туслах, тэднийг идэвхтэй амьдрахад чиглэсэн нийгмийн үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг цогцоор нь сайжруулах зэргийг тусгасан билээ.
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд зааснаар 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй хамрагдахаар байна. Тус хуульд төрөөс ахмад настны эрхийг хамгаалах, тэдэнд хөнгөлөлт, тусламж дэмжлэг, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх талаар тодорхой заажээ. Үүнд: нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг багтана.
Одоогийн байдлаар төрөөс ахмад настнуудад чиглэсэн тусламж, дэмжлэг, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, байр, орон сууцаар хангах асуудалд анхаарч ажиллаж байгаа ч цаашид ахмад настнуудыг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна.