Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэж үзвэл Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч Комисст гомдол гаргах эрхтэй. Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын иргэний адил Комисст гомдол гаргах эрх эдэлнэ. Иргэний эрхийн бүрэн чадамжгүй, зарим буюу хэсэгчилсэн чадамжтай хүнийг түүний хууль ёсны төлөөлөгч-эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь, түүнчлэн сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүнийг хуульд заасан төлөөлөгч нь төлөөлж, гомдол гаргаж болно.
Гомдол гэж юу вэ?
"Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д тодорхойлсноор "гомдол” гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь иргэдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд энэхүү зөрчлийг арилгуулахаар зохих байгууллагад хандаж гаргасан хүсэлт юм.
ХЭҮК-т ямар гомдол харьяалах вэ?
Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн тохиолдолд Комисст гомдол гаргах эрхтэй.
ХЭҮК-т хэн гомдол гаргаж болох вэ?
Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч;
Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
Иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй, зарим буюу хэсэгчилсэн чадамжтай хүнийг түүний хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч нь төлөөлж;
Сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүнийг хуульд заасан төлөөлөгч нь төлөөлж;
Төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэлийн байгууллага төлөөлөгчөөрөө дамжуулж тус тус гомдол гаргана.
ХЭҮК-т хэрхэн гомдол гаргах вэ?
Гомдол гаргагч эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн өдрөөс, эсхүл зөрчигдсөн гэдгийг мэдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор, монгол хэл дээр, амаар болон бичгээр гаргана.
Комисст гаргах гомдол дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Гомдлоо захиргааны журмаар шийдвэрлүүлсэн байх;
Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжид заасан ямар эрх зөрчигдсөн болохыг тодорхой заах;
Өөрийн нэр, оршин суугаа газрын болон шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсгээ зурсан байх;
Гомдолд холбогдож буй аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүний нэр, хаяг, утасны дугаар холбогдох бусад баримтыг хавсаргах;
Гомдлыг ямар хугацаанд шийдвэрлэх вэ?
Комисс гомдлыг хүлээн авснаас хойш 30-60 хоногт багтаан хариу өгнө.