НҮҮР » Мэдээ мэдээлэл » Үйл явдлын товчоон » Олон Улсын Цагаачдын Өдөр
НҮҮР » Мэдээ мэдээлэл » Үйл явдлын товчоон » Олон Улсын Цагаачдын Өдөр
Одоогоос 18 жилийн тэртээ 1990 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий ассамблей бүх цагаач ажилтан ба тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай олон улсын конвенцийг батлан гаргаж байжээ. Конвенци нь цагаач ажилтны эрхийг хүлээн зөвшөөрүүлэх, уг эрхийг хамгаалах, хүндэтгэн үзэх талаар тавьж буй хүчин чармайлтын түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Энэ нь заавал биелэгдэх шинжтэй гэрээ конвенци, НҮБ-ын хүний эрхийн талаархи судалгаа, шинжээчдийн хурлаас гаргасан дүгнэлт, зөвлөмж болон сүүлийн хорь гаруй жилд НҮБ-ын эрхлэх байгууллагуудаас цагаач ажилтны эрхийн асуудлаар хийсэн хэлэлцүүлэг, баталсан тогтоол зэрэгт үндэслэн боловсруулсан олон улсын цогц гэрээ билээ.
Уг конвенци нь олон улсын хүний эрхийн бусад гэрээ конвенцуудын адил улс тус бүрийн хууль тогтоомж, шүүхийн болон захиргааны хэргийг байцаан шийтгэх ажиллагаанд загвар болох хэм хэмжээг тогтоосон. Конвенцид гарын үсэг зурсан буюу нэгдэн орсон улсуудын засгийн газар шаардлагатай арга хэмжээг авах замаар түүний заалтуудыг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Мөн эрх нь зөрчигдсөн цагаач ажилтанд шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах нөхцлийг бүрдүүлэх учиртай.
“Цагаач ажилтан” гэдэг нь гадаад улс оронд цалин хөлстэй ажил эрхлэх гэж байгаа буюу одоо эрхэлж байгаа, эсвэл тийм ажил хийж байсан хүнийг хэлнэ.
Цагаач ажилтан нь сүүлийн үед гарч ирсэн ойлголт биш бөгөөд хүмүүс хөдөлмөр эрхэлснийхээ төлөө цалин хөлс авах болсон тэр цагаас эхлэн ажил хайн эх орноо орхин явах болсон. Харин одоо цагийн гол онцлог бол түүхийн аль ч үед байгаагүй олон цагаач ажилтан бий болсонд байгаа юм. Сая саяраа хүмүүс гадаад улсад ирж, амьдран аж амьдралаа залгуулахаар ажил хайж, бүх төрлийн ажлуудаас хийж байна. Дэлхий дээр ямар нэгэн хэмжээний цагаач ажилтангүй нэг ч тив, нэг ч бүс нутаг байхгүй билээ.
Ядуурал, нөгөө талаас өөрийгөө болон гэр бүлээ хангалттай тэжээж чадахуйц цалин хөлс авч чадахгүй байх нь хүмүүсийг нэг улсаас нөгөө улс руу ажил хайн явах нэгэн гол шалтгаан болж байдаг. Энэ нь ядуу орноос баян орон руу цагаачлан очигчдын гол шинж чанар болохоос гадна нөгөө талаар ядуурал нь аль нэг хөгжиж байгаа улсаас ажил олох боломж арай дээр санагдаж байгаа өөр нэг хөгжиж буй улс руу шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлдэг.
Хүмүүс гадаад руу цагаачлах өөр шалтгаанууд ч байдаг. Дайн, иргэний мөргөлдөөн, арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, хэл яриа болон улс төрийн үзэл бодлоосоо болж аюулд өртөх буюу мөрдөж мөшгигдөх зэрэг нь цагаач ажилтны тоог нэмэгдүүлэх хүчин зүйл болж байдаг.
Зарим улс өөрийн иргэдийг гадаадад ажиллуулахыг дэмждэг бол нөгөө зарим нь гадаадын ажилтныг олноор нь авч ажиллуулдаг. Зарим тохиолдолд, цагаачдын хөдөлмөр эрхлэлтийн талаар хоёр талын гэрээ хэлэлцээр байгууллагддаг байна.
Манай улс нь өөрийн иргэдийг гадаадад ажилуулахыг дэмждэг улсад багтах ба ихэнхидээ БНСУ, АНУ, Япон, Тайваньд ажиллах хүч гаргаж байна.
БНСУ-д ажиллаж байгаа Монгол иргэдийн зарим эрхийн хэрэгжилт, тэдний эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт өгч, нөхцөл байдлыг сайжруулахад чиглэгдсэн санал, зөвлөмж гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэх зорилгоор “БНСУ-д ажиллаж буй Монгол иргэдийн зарим эрхийн хэрэгжилт” судалгааны ажлыг 2007 онд Хүний эрхийн Үндэсний Комисс хийсэн юм.
Манай улсаас авч ажиллах хүчний тоогоороо БНСУ тэргүүлдэг бөгөөд өнөөгийн байдлаар нийт 28720 орчим Монгол иргэд ажиллаж амьдарч байна. Тэдний дөнгөж 60 хувь нь л албан ёсны гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа юм.
Нийгэм, эдийн засаг, хөдөлмөрийн тогтолцоо, эрх зүй, хэл, ёс заншил, сэтгэл зүйн огт өөр нөхцөлд ажиллаж буй монгол иргэдэд орчиндоо дасан зохицох, хөгжих, өөрийн эрх ашиг, эрүүл мэндээ хамгаалах талын мэдээлэл дутагдалтай байдаг нь судалгааны дүнгээс харагдсан. Монгол иргэд хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй байх, үйлдвэрийн осолд орох, гэмтэх бэртэх, эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах зэргээр эрх нь зөрчигдөх тохиолдол цөөнгүй гардаг байна.
Ер нь цагаач ажилтан нь гэрээгээр буюу бусад албан ёсны тохиролцооны дагуу ажиллаж байгаа, эсвэл өөрсдийн санаачилгаар хөдөлмөр эрхлэж байгаагаас хамаарахгүйгээр очих гэж буй орныхоо хэл, соёл, эрх зүйн болон нийгэм, эдийн засгийн тогтолцооны талаар наад захын ойлголтыг олж авсан байх шаардлагатай. Мөн тэнд очоод авах цалин хөлс, ажлын нөхцөл болон амьдралын ерөнхий нөхцөл байдлын талаар урьдчилан мэдсэн байх учиртай. Бүх цагаач ажилтан ба тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай олон улсын Конвенцийн 33 дугаар зүйлд заасан ёсоор оролцогч улсууд энэхүү конвенциор олгогдсон эрх болон хүлээн авагч улсад дагаж мөрддөг захиргааны болон бусад дүрэм журмын талаархи мэдээллийг цагаач ажилтан ба тэдний гэр бүлийн гишүүдэд хүсэлтийнх нь дагуу үнэ төлбөргүйгээр, хэрэв боломжтой бол тэдний ойлгодог хэлээр өгөх талаар холбогдох арга хэмжээг авахыг үүрэг болгосон. Мөн түүнчлэн Конвенцийн 37 дугаар зүйлд цагаач ажилтан болон тэдний гэр бүлийн гишүүд “хүлээн авагч улс руу явахаас өмнө эсхүл цаад зах нь тус улс руу нэвтрэхээс өмнө” тийнхүү нэвтрэхэд шаардагдах бүхий л нөхцөл шаардлага болон “хүлээн авагч улсад биелүүлэх ёстой шаардлагууд ба тэдгээр шаардлага өөрчлөгдсөн үед хандах ёстой байгууллагын талаар” мэдээлэл авах эрхтэй хэмээн заасан.
Гэтэл судалгаанд оролцсон нийт хүмүүсийн 88.3 хувьд нь харилцааны бэрхшээл, 71.3 хувьд нь мэдээллийн дутмаг байдал, 75.1 хувьд нь цалингаа авах хүртлээ санхүүгийн хүндрэлтэй тулгардаг бол 64.6 хувь нь сэтгэл санааны багагүй дарамтанд орж, 50.9 хувьд нь хоол унд тохирохгүй, цаг агаарт нь дасахгүй байх, 34.2 хувьд нь орон байрны асуудал тулгарсан байна.
БНСУ-д ажиллаж буй Монгол иргэдийн хүний эрхийн талаарх мэдлэг ойлголт хангалтгүй, судалгаанд оролцогчдын дөнгөж 4.8 хувь нь БНСУ-ын хөдөлмөрийн хууль, 7.0 хувь нь ажил олгогчтой байгуулсан гэрээний агуулгыг хангалттай сайн мэдэж байжээ.
Цагаачлалын асуудлыг албан ёсны ажил олгох байгууллага хариуцан ажиллах нь ажилд элсүүлэх, хуваарилах асуудлыг хувийн агентлагуудын мэдэлд байлгаснаас илүүтэйгээр цагаачид гадаадад ажиллаж, амьдрахад шаардлагатай наад захын бэлтгэлээ сайн хангах боломжтой байдаг.
Харамсалтай нь, сая сая цагаач ажилтан гадаад оронд очоод хэрхэн ажиллаж, амьдрах талаар маш муу мэдээлэлтэй, муу бэлтгэгдсэн байдаг. Тэдний олонхи нь олон улсын гэрээ хэлэлцээр болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан хүний эрх, үндсэн эрх чөлөөний талаар ямар ч ойлголтгүй байдаг байна.
Цагаач ажилтан гэдэг шалтгаанаар тэд амьдарч, ажиллаж буй газрынхаа оршин суугчдын сэжиглэл, дайсагналын бай болдог. Ихэнхи тохиолдолд тэд ядуу байдаг учраас хүлээн авагч улсын нийгмийн хамгийн гадуурхагдсан давхаргынхантай адилхан эдийн засаг, нийгэм, соёлын бэрхшээлүүдтэй тулгардаг байна.
Хөдөлмөрийн салбарт цагаач ажилтныг ялгаварлан гадуурхах янз бүрийн хэлбэр байдаг. Тухайлбал, цагаачдад нээлттэй буюу хаалттай байдаг ажлын төрөл хэлбэрүүд, мэргэжлийн боловсрол эзэмшихэд учирдаг саад тотгор зэргийг дурдаж болно. Ажлын нөхцлийн талаар тухайн улсын харъяат иргэд болон цагаач иргэдэд ихэвчлэн ялгаатай стандарт үйлчилдэг бөгөөд хөдөлмөрийн гэрээ ч цагаачдад зарим нэг давуу тал олгодоггүй.
Бүх цагаач ажилтан ба тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай олон улсын Конвенцийн 25 дугаар зүйлийн 1-д “цагаач ажилтан нь цалин хөлсний болон ажлын байрны бусад нөхцөл, хөдөлмөрийн нөхцлийн хувьд ажил олгогч улсын харъяат иргэдэд үйлчилдгээс дутуугүй таатай нөхцлийг эдлэнэ” хэмээн заасан. 25 дугаар зүйлийн 3-т цагаач ажилтны дээрх эрхийг хасаж болохгүйг баталгаажуулсан.
Цагаачдыг тодорхой төрлийн ажлыг албадан хийлгэх буюу тусгай бүс нутагт албадан байлгах, түүнчлэн ижил төрлийн ажилд тэгш бус цалин хөлс, зэрэглэл тогтоосон хууль зүйн болон захиргааны журмын талаар жишээ баримт байсаар байна. Хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой журамд цагаач ажилтныг хамруулахгүй, тэднийг Үйлдвэрчний Эвлэлийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь зөрчих тохиолдол гардаг.
Түгээмэл тархсан ойлголт бол цагаачдыг нэмэлт ажлын хүч гэж үзэх, тухайн улсын иргэдийн сонирхлыг бага татдаг ажлыг тэдэнд өгөх явдал юм.
Цагаач ажилтныг хууль бусаар элсүүлж, тээвэрлэж, ажиллуулж байгаа нөхцөлд хүний эрх, үндсэн эрх чөлөө нь хамгийн ихээр зөрчигдөх аюултай тулгардаг. Хөгжиж буй олон орон дахь нийтийг хамарсан ядуурал, ажилгүйдэл, ажлын байрны хомсдол зэрэг нь ашиг хонжоо хайсан ажил олгогчид, хувь зуучлагчдад аятайхан хөрс болж байдаг бөгөөд тэр ч байтугай зарим тохиолдолд ажилтныг нууцаар гаргах үйл ажиллагаа гэмт хэргийн шинжтэй байдаг.
Албан ёсны статусгүй хууль бус цагаачид мөлжлөгийн бай болдог. Тэд ажил олгогчдын тааллаар байж, ямар ч хамаагүй ажил, амьдралын болон ажлын нөхцлийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрнэ. Тэр ч бүү хэл, цагаач ажилтны нөхцөл байдал боолчлол буюу албадан хөдөлмөртэй ижил байх нь ч бий. Хууль бус цагаачид баригдах, хөөгдөхөөс айдаг учраас барагтай бол эрх зүйн туслалцаа авч чаддаггүй бөгөөд олон оронд тэдний асуудлаар гарсан захиргааны шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжгүй байдаг.
БНСУ-д ажиллаж буй Монголчуудын хувьд ч хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй ажилчид илүү хүнд нөхцөлд ажилладаг байна. Орон байр, хөдөлмөрийн нөхцөл зэргээрээ тэд хууль ёсоор амьдран суугчдаас хүнд нөхцөлд байдаг ба ажил олгогчийн зүгээс байнгийн дарамт шахалт үзүүлдэг ажээ.
Эдийн засгийн уналтын үед гадаад ажилтныг хууль ёсоор цагаачлах явдлыг хязгаарлах нь түгээмэл байдаг. Хууль ёсоор орж ирэх явдлыг ийнхүү хязгаарлах нь зөвхөн түр хугацаанд буюу хязгаарлагдмал үр нөлөө үзүүлдэг бөгөөд цагаачлахыг хүсэгчдийн урсгалыг хууль бус сувгууд руу чиглүүлдэг.
Бүх цагаач ажилтан ба тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай олон улсын Конвенцийн 68 дугаар зүйлд заасан ёсоор оролцогч улсууд “хууль бус буюу далд шилжилт хөдөлгөөн болон цагаач ажилтны хууль бус хөдөлмөр эрхлэлтээс урьдчилан сэргийлэх, устгах асуудлаар хамтран ажиллахыг” даалгасан. Тодруулбал, оролцогч улсууд цагаачлалын асуудлаар буруу ташаа мэдээлэл тараахын эсрэг, хууль бус ба далд цагаачлалыг илрүүлж, устгах, хууль бус, далд цагаачлалыг зохион байгуулж, хэрэгжүүлж, түүнд туслалцаа үзүүлж байгаа болон хууль бусаар амьдарч байгаа цагаач ажилтны эсрэг хүч, заналхийлэл, сүрдүүлэлт хэрэглэж буй эсхүл тийм ажилтныг ажиллуулж байгаа хувь хүн, бүлэг буюу байгууллагад үр нөлөөтэй ял шийтгэл оногдуулах талаар зохих арга хэмжээ авах үүрэг хүлээнэ.
Гэсэн хэдий боловч, цагаачлалын үндсэн шалтгаан болсон эдийн засгийн буурай хөгжил, ажлын байрны хомсдлын эсрэг тэмцэхгүйгээр ажиллах хүчний гадаад руу чиглэсэн далд шилжилтийг зогсоох аргагүй билээ. Тийм ч учраас, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, аж үйлдвэржсэн орнууд ба хөгжиж байгаа бүс нутгийн хоорондын ялгааг багасгах арга хэмжээ авах нь уг асуудлыг шийдвэрлэхэд туслах нэгэн арга зам мөн.
Олон улсын түвшинд хууль бус цагаачлалтай холбоотой асуудлын гурван талыг онцлон авч үздэг. Тодруулбал, хууль бус цагаачийг нэг талаас цагаачлалын хуулийг зөрчигч, нөгөө талаас жирийн ажилтан эсвэл хүн гэдэг талаас нь авч үздэг. Эдгээрийн аль нь ч байлаа гэсэн өөрийн гэсэн хууль эрх зүйн үр дагавартай бөгөөд тэдгээрийг тухайн ажилтны эрхэд хор хохирол учруулахуйц байдлаар хольж сольж ойлгож болохгүй.
Цагаач ажилтны эрхийн асуудал нь одоо цагт хүний эрхийн гол анхаарал татсан асуудлуудын нэг яах аргагүй болоод байна.
Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн албанаас авсан мэдээгээр 2008 оны 11 дүгээр сарын байдлаар Монгол Улсад түр хугацаагаар оршин суугч 2103 иргэн, албан хэргээр удаан хугацаагаар оршин суугч 25864 хүн, байнга оршин суугч 1131 иргэн, цагаач 2418, харъяалалгүй хүн 68, нийт 32696 гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсад байсан. Өөрийн улсын иргэдийг гадаадад гаргахаас гадна гадаадаас ажиллах хүч авч эхэлсэн нь манай улсын хувьд цагаач ажилтны тал дээр анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байгааг илтгэж байна.