Хяналт шалгалт

 2010 онд Хүний эрхийн асуудлаар судалгаа явуулж, шаардлагатай мэдээллээр хангах, шалгалт хийх чиглэлээр:

Хүний эрхийн тодорхой асуудлаар хууль тогтоомж, Хүний эрхийн Үндэсний Комиссын бүрэн эрхийн хүрээнд дараах хяналт-шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэв.

Комиссын үйл ажиллагаа хөдөө орон нутагт хязгаарлагдмал байдагтай холбоотойгоор хөдөө орон нутгаас эмнэлгийн үйлчилгээ авах эрх, хөдөлмөрлөх эрх, эрүүл аюлгүй орчинд амьдрах эрх, төрөөс нийгмийн халамж хамгаалал хүртэх эрхийн чиглэлээр 14 асуулга бүхий маягтаар мэдээллийг хүлээн авч, бүсчилсэн байдлаар танилцуулга гаргасан. Эдгээр мэдээллийг үндэслэн хөдөө орон нутагт эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд зарим аймгуудад эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, хүрэлцээ хангалтгүй, эх нялхасын эндэгдлийн түвшин өндөр, мөн орчны болон хөрсний бохирдол их байгаагаас хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт зөрчигдөх нөхцөл болж байгаад анхаарал хандуулах шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрсэн.

    2007- 2009 оны хооронд хөдөлмөрийн харилцаатай холбоотой нийт 16 эрх зүйн акт батлагдснаас үзэхэд Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 5, Эрүүл мэндийн сайдын 3, Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2, Батлан хамгаалахын сайдын 2, Хил хамгаалах Ерөнхий газрын даргын 2, Гадаад харилцааны сайдын 1 тус тус батлагдсан байв. Эдгээр актууд нь зэрэг дэв олгох, мэргэшлийн шалгаруулалтанд орох зэрэг асуудлыг зохицуулсан байсан бөгөөд хүний эрхийн зарчмыг зөрчсөн шинжтэй эрх зүйн акт байхгүй байлаа.
 
Улсын дээд шүүхийн тогтоолын хэрэгжилтийн байдалд 5 асуулт бүхий санал асуулгын хуудсыг Улсын дээд шүүх, Нийслэлийн шүүх, Нийслэлийн захиргааны хэргийн шүүх, 6 дүүргийн шүүхийн шүүгч нараас авч, асуулгын дүнг нэгтгэн, дүн шинжилгээ хийсэн. Энэ хүрээнд Улсын дээд шүүхийн 2008 оны 9 дүгээр тогтоолд заасны дагуу олон улсын гэрээ, конвенцид Монгол Улсын нэгдэн орсон хугацаа, албан ёсоор хэвлэн нийтлэгдсэн байдал зэрэг асуудлаар нийт шүүх, шүүгчдийг үнэн, зөв мэдээллээр хангах, шүүгч нар болон шүүхийн ажилтнуудад зориулсан үргэлжилсэн, давтан сургалтын хөтөлбөрт олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээ болон Монгол Улсын олон улсын гэрээний зохицуулалтын талаар тусгайлан хөтөлбөр боловсруулж оруулах, сургалтын материал гарын авлага бэлтгэж, тараах, Иргэний, эрүүгийн, захиргааны хэргүүдийг шийдвэрлэхэд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг хэрхэн хэрэглэж болох талаар зөвлөмж боловсруулах шаардлагатай байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн.

     Үндэстний цөөнх иргэдийн эрхийн хэрэгжилтийг хангах, тэдний хөдөлмөрийн орлого олох боломжийг бүрдүүлэх, нийгмийн халамж үйлчилгээнд хүртээмжтэй хамрагдах нөхцлийг бий болгох, казак, цаатан хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг дэмжих, тэдний амьдарч буй орчны байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах асуудлын хүрээнд судалгааны ажлыг орон нутгийн төрийн бус байгууллага болон олон улсын төрийн бус байгууллага хамтран хэрэгжүүлэв. Судалгааны ажлын үр дүнг танилцуулах уулзалт-ярилцлагыг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын төлөөллийг хамруулан 40 оролцогчтойгоор зохион байгуулж, үндэстний цөөнх казак, цаатан хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтийн судалгааны тайланг боловсруулан монгол англи, тува, казак хэлнээ ном болгон 1400 хувь хэвлүүлж тараасан.

“Хүүхэд хүүхдийн төлөө” төрийн бус байгууллага, “Хүүхэд хамгаалал” клубтэй хамтран хүүхэд хэрхэн мэдээлэл олж авч буй талаар мэдээлэл цуглуулж, хүүхдүүдээс авах асуулгыг боловсруулахын зэрэгцээ Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газартай хамтран мэдээлэл технологийн салбарт мэдээлэл авах эрхийн асуудлаар судалгаа явуулахаар тохиролцож, 10 дугаар сард уг судалгааг эхэлсэн. Тус судалгааны удирдамжийг боловсруулан, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтнүүдтэй уулзаж, санал бодол солилцон, холбогдох тоо баримт, мэдээллийг цуглуулсан бөгөөд судалгааны тайланг боловсруулав.

“ЛГБТ төв” төрийн бус байгууллагатай хамтран бэлгийн ижил чиг баримжаатай хүмүүсийн эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг үнэлэх 15 асуулт бүхий санал, асуулгаар бэлгийн ижил чиг баримжаатай хүмүүсээс санал авч, ЛГБТ хүмүүстэй уулзалт ярилцлага зохион байгуулж, дүн шинжилгээ хийсэн.

Монгол Улсын олон улсын хүний эрхийн гэрээгээр хүлээсэн үүрэг, түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг “Хүний эрхийн үндэсний байгууллагын танилцуулга”, “Үндэсний эрх зүйн орчин”, “Олон улсын хүний эрхийг хамгаалах механизмуудтай хамтарч ажиллаж буй байдал”, “Хүний эрхийн асуудлууд” сэдвийн хүрээнд багцлан боловсруулж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Тогтмол түгээмэл хяналтанд хүргүүлсэн.

Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Комиссоос хувь хүний эрх, аюулгүй байдлын талаарх олон улсын гэрээний биелэлтийг шалгаж дүгнэх ажлын хэсгийг байгуулан, үүнтэй холбогдуулан 11 олон улсын гэрээ, конвенцийг Үндэсний хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг дүгнэлт хийсэн. Олон улсын гэрээнүүдийн заалтын агуулгыг үндэсний хууль тогтоомжид тусгасан эсэх, хууль тогтоомжид тусгасан зохицуулалт олон улсын гэрээний заалтыг өргөжүүлсэн, эсвэл хязгаарласан эсэх, хууль тогтоомжид техникийн алдаатай оруулсан эсэх, өрсөлдөхүйц хэм хэмжээ байдлаар тусгасан эсэх, олон улсын гэрээнд зааснаас өөр агуулга илэрхийлэхээр томъёолсон эсэх шалгуур үзүүлэлтээр дүгнэж, гаргасан санал зөвлөмжийг ХЗДХЯ-ны Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн Ажлын албанд хүргүүлэв.

Комиссоос Ерөнхий боловсролын сургууль дахь хүний эрхийн нөхцөл байдлыг тодорхойлон гаргах, түүний дотор сургалтын орчин, нөхцөл болон сурах, сургах харилцаанд дүгнэлт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг засуулах, түүний мөрөөр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллыг улам бүр сайжруулах, хүүхдийн бие махбодид халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэх зэрэг аливаа хүчирхийлэл болон зүй бус харьцаанд өртөх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн БЗД-ийн 84, 111, СХД-ийн 76, 67 дугаар сургуулиудад нээлттэй хяналт шалгалтыг хийж, сургах, сурах харилцааны явцад илэрсэн зөрчил дутагдлыг засуулахаар Комиссын гишүүний зөвлөмжийг хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажилласан.

Хорих анги дахь хүний эрхийн нөхцөл байдлыг тодорхойлж, зөрчил дутагдлыг засуулах, хорих ангийн ахуй нөхцлийг сайжруулах, хоригдлууд эрүү шүүлт, зүй бус харьцаанд өртөх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссоос тогтмол зохион байгуулдаг шалгалтыг ШШГЕГ-ын харьяа Эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих анги, Хүүхдийн 411 дүгээр хорих ангиудад хийж, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар зөвлөмж хүргүүлэв.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаа, ахуй нөхцөл, үйлчлүүлэгчдийн эрхийн хэрэгжилтийн байдалд шалгалт явуулж, шалгалтын дүнг үндэслэн ХЗДХЯ, ЦЕГ, НЦГ-т Комиссын гишүүний зөвлөмж, Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчид эрүүлжүүлэх байрны төсөв, хөрөнгийг шийдүүлэх тухай хүсэлтийг тус тус хүргүүлсэн.

Мөн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хивс, Эрдэнэт хүнсний үйлдвэр, “Улаанбаатар хивс” ХХК-ийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэнд хяналт шалгалт явуулж, шалгалтын үр дүнд илэрсэн зөрчлийг арилгуулахаар Комиссын гишүүний зөвлөмж, шаардлага хүргүүлсэн. Үүний зэрэгцээ цагдаагийн албан хаагчдийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн байдалд судалгаа хийж Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан хаагчдын дунд зохион байгуулж, судалгааны дүнд Комиссын гишүүний зөвлөмж боловсруулан ЦЕГ, НЦГ, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус хүргүүлэн, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

2010 онд Хүний эрхийн асуудлаар хийсэн шалгалт

     Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хивс, Эрдэнэт хүнсний үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг 2010 оны 8 дугаар сарын 17-22-ны өдрүүдэд явуулж, 600 санал асуулга бичгээр авч, удирдамжид тусгагдсан бичиг баримтыг шалгаж, холбогдох албан тушаалтан, ажиллагсадтай уулзсан бөгөөд шалгалтын дагуу дээрх компаниудад зөвлөмж хүргүүлсэн. Түүнчлэн УИХ-ын Хууль Зүйн Байнгын Хороонд илтгэх хуудсыг хүргүүлсэн. 

     Хүний эрхийн анхаарал татсан асуудлаар мэдээлэл цуглуулах, сан бүрдүүлэх зорилгоор Монгол улсын нийт 21 аймгийн Засаг дарга нар болон хөдөө орон нутаг дахь Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хороодын нарийн бичгийн дарга нарт 11 бүлэг асуулгыг боловсруулан хүргүүлж, мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулсан. Аймгуудаас ирүүлсэн мэдээллийг эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн үйлчилгээ хүртэх эрхийн чиглэлээр багцлан, бүсчилсэн байдлаар дүгнэсэн.

     Хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр батлагдан гарсан Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлтэй нийтээр дагаж мөрдөх 16 актын хүрээнд дүн шинжилгээ хийхээр боловсруулж байна. 

     Олон улсын гэрээ, конвенцийг хэрэглэж буй шүүхийн практикийг судлах ажлын хүрээнд Улсын Дээд Шүүх, Нийслэлийн шүүх, Нийслэлийн захиргааны хэргийн шүүх, Нийслэлийн 6 дүүргийн шүүхийн шүүгч нараас санал асуулга авсаны үндсэн дээр дүн шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэсэн.

     Цагдаагийн байгууллагын алба хаагч хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэнд судалгаа хийх ажлын хүрээнд холбогдон гарсан хууль тогтоомжуудыг цуглуулж, судалгааны ажилд бэлтгэсэн.

      Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн захын хэсэгт байрлах ерөнõий боловсролын сургуулиуд дахь хүүхдийн эрхийн төлөв байдлыг үнэлэх, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж чадсан эсэх, сургуулийн удирдлага, багш, суралцагчдын харьцаа, хүүхдийн хөгжил, оролцоо, хамгаалал зэрэг нь олон улсын болон үндэстний хэм хэмжээнд заасан эрх тэгш байх, хүүхдийн дээд ашиг сонирхлыг харгалзах, хүүхдийн оролцоог хангах, алагчилахгүй байх, аюулгүй байдлыг хангах зарчимтай нийцэж буй эсэхийг газар дээр нь үзэж танилцах, хүүхдийн эрхийг баталгаатай хангуулах талаар холбогдох байгууллагуудад санал зөвлөмж тавих, арга хэмжээ авах, сургуулийн дотоод дахь хүний эрхийн нөхцөл байдлыг дээшлүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах зорилгоор Нээлттэй хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

      Нээлттэй хяналт шалгалтын хүрээнд 5 дугаар 11-12-ний өдрүүдэд  Нийслэлийн БЗД-ийн 84, 111, СХД-ийн 76, 67 дугаар сургуулиудад хяналт шалгалтын ажлыг зохион  байгуулан, шалгалтыг дүнг нэгтгэн гаргаж байна.

     Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоотой хамтран ажиллах санаж бичгийн ажлын хүрээнд тухайн байгууллагын хариуцсан мэргэжилтэн солигдсон, ажлын ачаалал ихтэй зэргээс шалтгаалан хамтын ажиллагаа харилцан мэдээлэл солилцох хүрээнд явагдсан. 10 дугаар сараас “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаан дахь мэргэжлийн хяналтын үр нөлөө” судалгааны ажлын хүрээнд холбогдох байгууллагуудаас мэдээлэл цуглуулах, судалгааны ажлыг хийж эхлүүлээд байна.  

     “ЛГБТ хүмүүсийн эрхийг дэмжих нь” төслийн хүрээнд ЭБЭ, ЛГБТ хүмүүсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ЛГБТ төв”, “Залуус Эрүүл Мэнд”, “Хүний эрх-Залуучууд-Эрүүл Мэндийг Дэмжих төв” төрийн бус байгууллагуудтай хамтран ЛГБТ хүмүүс, олон нийтэд болон цагдаагийн байгууллагын албан хаагчдад зориулан сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсан.

     ЛГБТ хүмүүст эрхийнх нь талаар мэдээлэх, олон нийтэд ЛГБТ хүмүүсийн эрхийн талаар хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх зорилгоор төслийн хүрээнд “ЛГБТ хүмүүс: Хэвшмэл ойлголт ба бодит байдал” сурталчилгааны материал боловсруулж, “Хүний эрхийн Үндэсний Коммист гомдол гаргах нь” эвхмэл хуудсыг тус бүр 2400 хувь хэвлүүлсэн.

 

 

2009 онд Хүний эрхийн асуудлаар хийсэн шалгалт

    Хүний эрхийн тодорхой асуудлаар хууль тогтоомж, Хүний эрхийн Үндэсний Комиссын бүрэн эрхийн хүрээнд дараах хяналт-шинжилгээний ажлуудыг хийж, дүнг илтгэх хуудас болон танилцуулгаар удирдлагад тухай бүр танилцуулж ажиллалаа. Үүнд:

     Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Хүүхдийн асрамж, халамжийн төвүүдийн үйл ажиллагаа болон хүүхдүүдэд үзүүлж байгаа үйлчилгээ нь 2008 оны MNS 5852 стандартад нийцэж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор 7 хүүхэд асрамж, халамжийн төвд хяналт-шинжилгээ хийж үнэлгээ өгсөн.

     Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмжийн чанар, түвшинг тодорхойлох, хүртээмжид сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэх зорилгоор Нийслэлийн Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн 8 хороодын эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн халамжийн хүртээмжийн байдалд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгсөн.

      Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлтэй Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан 2007-2008 онуудын эрх зүйн акт /нийт 19/ хүний эрхийн үндсэн зарчим, шаардлага, хэм хэмжээнд хэрхэн нийцэж байгаад дүн шинжилгээ хийсэн.

     Ил задгай зогсоол, талбайд машин орж гарахад төлбөр хураамж авч байгаа байдалд дүн шинжилгээ хийж хууль зүйн үндэслэлтэй эсэхийг тогтоосон. 

     “Хүний эрх” хичээлийг судлах загвар хэрэгжилтийг тодорхойлох, цаашид түүнийг шинэчлэн сайжруулах үүднээс манай улсад эрх зүйн боловсрол олгож буй их дээд сургуулиудад судалгаа хийж дүнг удирдлагад танилцуулсан. 

     Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтийн байдлын судалгааг Өвөрхангай, Архангай аймаг болон Нийслэлийн хүрээнд хийлээ.

     Нийгэмд үүссэн хүний эрхийн асуудлаар тухай бүр дүн шинжилгээ хийх, мэдээллэх чиглэлээр Мэдээлэл дүн шинжилгээний хуудсын 14 дугаарыг боловсруулан бэлтгэж, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд болон холбогдох байгууллагад хүргүүлэв.

     Үндэсний цөөнх иргэдийн эрхийн хэрэгжилтийг хангах, тэдний хөдөлмөрийн орлого олох боломжийг бүрдүүлэх, нийгмийн халамж үйлчилгээнд хүртээмжтэй хамрагдах нөхцлийг бий болгох, казак, цаатан хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг дэмжих, тэдний амьдарч буй орчны байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах асуудлын хүрээнд судалгааны ажлыг орон нутгийн төрийн бус байгууллага болон олон улсын төрийн бус байгууллага хамтран хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэв. 

 

 

2008 онд Хүний эрхийн асуудлаар хийсэн шалгалт

2008 онд Комисс нь нийгмийн эмзэг бүлэг болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, эрх чөлөө нь хязгаарлагдсан хоригдлуудын эрхийн хэрэгжилтэд гол анхаарлаа хандуулан ажиллалаа.

Эдгээр асуудлын хүрээнд 2008 оны үйл ажиллагааны төөлөвлөгөөнд тусгадсаны дагуу дараах шалгалтуудыг хийлээ. ¯үнд

•    Хоригдлуудын эрх,  тэдний нэр хүндийг хүндэтгэх, хорих байрны ахуй нөхцөл нь үндэсний болон олон улсын стандартад нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүн-Хараагийн хорих 413 дугаар анги,  Төв аймгийн Мөнгөн-Морьтын хорих 417 дугаар анги, цагдан хорих 461 дүгээр анги, Дархан-Уул аймаг дахь хорих 435 дугаар анги, Булган аймаг дахь хорих 439 дугаар анги, Багануур дүүрэг дэх хорих 427 дугаар ангид тус тус ажиллалаа. Хорих ангиуд хоолны хангамж, хоригдлуудын дунд зохиох соёл хүмүүжлийн ажлын чанар үр нөлөө, өрөө тасалгааны ахуй нөхцөлийг сайжруулах талаар арга хэмжээ авч ажиллах шаардлагатай нь шалгалтын үр дүнд тогтоогдсон бөгөөд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 1 шаардлага, 2 зөвлөмжийг хорих ангиудын захиргаанд хүргүүлсэн. Шаардлага, зөвлөмж бүрэн биелэгдсэн байна.

•    Дорноговь аймаг дахь говийн бүсийн ахмадын асрамжийн газар, Төв аймгийн Батсүмбэр дэх ахмадын төрөлжсөн асрамжийн газрын асруулагчдын эрхийн хэрэгжилтийн байдалд шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнд Төв аймгийн Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газар нь сэтгэцийн өөрчлөлттэй асруулагчдыг тус асрамжийн газраас гаргаж, харьяалах байгууллага /СЭМ¯Т/-д хүлээлгэн өгөх, цаашид сэтгэцийн өвчтэй асруулагчийг асрамжид авахгүй байх талаар анхаарч ажиллах; асрамж үйлчилгээний төвийн өрөөний ахуй нөхцөлийг боломжит хэмжээнд сайжруулах, өрөө тасалгаанд засвар хийх; асрамж үйлчилгээний төвийн хоолны амт чанар, илчлэгийг стандартад нийцүүлэх; гал тогооны эрүүл ахуйн нөхцөл байдлыг дээшлүүлэх; ахмадуудын хувцасны хангалтыг сайжруулах, ээлжийн хувцасны тоог нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах шаардлагатай болох нь тогтоогдсон байна. Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжид дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаар тус газраас хариу ирүүлсэн.