Гадаад хамтын ажиллагаа
Монгол Улсын Үндэсний Хүний Эрхийн Комиссыг олон улсын түвшинд үйл ажиллагааг нь илтгэн гаргах, дадлага туршлага солилцох, боловсон хүчнийг бэхжүүлэх үүднээс олон улсын байгуулгууд болох Хүний Эрхийн Дээд Комиссарын Газар, Ази Номхон Далайн Чуулган, Олон Улсын Зохицуулах Хороо зэрэг байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.
2010 онд Гадаад хамтын ажиллагааны хүрээнд
Монгол Улсын олон улсын хүний эрхийн гэрээгээр хүлээсэн үүрэг, түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Тогтмол түгээмэл хяналтанд заасан хугацаанд хүргэсэн. Комиссын мэдээлэл бусад оролцогч талуудын эмхтгэл мэдээлэлд бүрэн багтаж, Комиссоос дэвшүүлсэн санал, зөвлөмжүүдийг гадаад улсын төлөөлөгч нар өндрөөр үнэлсэн ба энэхүү санал, зөвлөмжүүд нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газарт өгч буй тогтоолын төсөлд тусгагдсан болно.
Мөн Ази Номхон Далайн Чуулганы хамтын ажиллагааны хүрээнд цаазаар авах ял, нөхөн үржихүйн эрх, туслалцааны үнэлгээний асуудлаарх холбогдох олон улсын судлаачдад эрх зүйн орчин, нөхцөл байдал, тоо баримт болон хэтийн чиг хандлагын талаар мэдээллийг хүргүүлсэн.
Щвейцарийн Холбооны Улсын Женев хотноо 3 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үндэсний байгууллагуудын Олон улсын зохицуулах хорооны 23 дугаар ээлжит хурал болон Бүгд Найрамдах Индонези Улсын Бали хотноо 8 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд болсон Ази Номхон Далайн Чуулганы хүний эрхийн үндэсний байгууллагуудын 15 дугаар ээлжит чуулганд Комиссын төлөөлөл оролцож, байгууллагын үйл ажиллагааны талаарх холбогдох мэдээллийг хийсэн.
Комисс нь төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу олон улсын, бүс нутгийн хүний эрхийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хамтран ажиллалаа. Үүнд:
Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисстой байгуулсан Санамж бичгийн хүрээнд цагаач ажилчдын хүний эрхийг хөхиүлэн дэмжих зорилгоор “Гадаад ажиллах хүч илгээх төв” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хүний эрхийн сургалт сурталчилгааны ажлыг тогтвортой зохион байгуулж байна.
АНДЧ-наар дамжуулан Шинэ Зеландын хүний эрхийн үндэсний байгууллагуудтай Комиссын харилцаа холбоог бэхжүүлж харилцан туршлага судлах үйл ажиллагааны хүрээнд солилцооны хөтөлбөрийг АНДЧ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр болсон.
Бүгд Найрамдар Индонези Улсын Бали хотноо 8 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд Ази Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын ээлжит 15 дугаар хуралдаанд оролцох үйл ажиллагааг зохион байгуулж, АНДЧ-ны Комиссын үйл ажиллагааны тайланг бэлтгэн хүргэсэн.
Комиссын ажилтнуудыг мэргэшүүлэх ажлын хүрээнд Бүгд Найрамдах Индонези Улсын Ломбок хотноо зохион байгуулсан Дипломат сургалтын хөтөлбөрийн Цагаач ажилчдын эрхийн тухай сургалтанд албан хаагчдыг хамруулсан.
Мөн олон улсын донор байгууллагуудын үйл ажиллагаа, тусламжийн чиглэлийн талаарх мэдээллийн баазыг үүсгэсэн бөгөөд түүний дагуу холбогдох хамтын ажиллагааны хүрээнд Жогяакартагийн зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгоор АНДЧ ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг хөхиүлэн дэмжих хүрээнд үйл ажиллагаа явуулах төслийг хэрэгжүүлсэн.
2009 онд Гадаад хамтын ажиллагааны хүрээнд
Комисс дараах олон улсын, бүс нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэлээ.
• НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газар
• НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
• НҮБ-ын Хүүхдийн сан
• Шинэ Зеландын Хүний эрхийн Комисс
• Энэтхэгийн Хүний эрхийн Үндэсний Комисс
• БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисс
• Шведийн Раоул Валленбергийн Их Сургууль
• Канад сан
• Японы Хүүхдийг ивээх сан гэх мэт
НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн БНАСАУ-ыг хариуцсан тусгай илтгэгч ноён Витит Мунтарборны айлчлалын үеэр ХЭДКГ-ын төлөөлөгч ноён Лорэн Мэйлан, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Сурч боловсрох эрхийг хариуцсан тусгай илтгэгч ноён Вернор Муньозын айлчлалын хүрээнд хөтөлбөрийн дагуу Комиссын даргатай албан ёсны уулзалтуудыг хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Зохицуулах хорооны 22 дугаар, Иорданы Вант Улсын Амман хотноо зохион явагдсан Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы 14 дүгээр ээлжит хуралдаанд Комиссын гишүүд оролцов.
Олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Комиссын ажилтнуудыг чадавхжуулах, хүний эрхийн сургалт, ажилтан солилцооны хөтөлбөрт хамруулах ажлыг судлан зохион байгуулсны үр дүнд Тайланд, Зүүн Тимор, Щвейцари, Франц, Ирланд, Энэтхэг, Солонгос, Киргиз зэрэг улсуудад зохион байгуулагдсан 11 удаагийн түр хугацааны сургалт, семинар, солилцооны хөтөлбөрт Комиссын 11 ажилтан оролцлоо.
Мөн Ази-Номхон далайн бүс нутгийн Чуулган, Хүний эрхийн боловсролын байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй хүний эрхийн үндэсний байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах зайны сургалтанд 2 ажилтан хамрагдаж байна.
Шинэ Зеланд Улсын Хүний эрхийн Комисстой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, хамтарч ажиллах байгуулсан санамж бичгийн хүрээнд мэдээллийг тогтмол солилцон ажиллалаа.
Сөүлийн удирдамжийн дагуу цагаач иргэдийн эрхийн асуудлаар харилцан ойлголцлын санамж бичгийг Солонгос Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой шинээр байгуулан хамтын ажиллагааг эхлүүлэв.
Энэтхэг Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын өргөдөл, гомдол шийдвэрлэх ажиллагааны програм хангамжийн системийг байгууллагадаа нэвтрүүлэх боломжийг судлан, санал солилцсоноор уг програм хангажийг хүлээн авч, өөрийн байгууллагын онцлогт тохируулан нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийн байдал, олон улс, бүс нутгийн хүний эрхийн байгууллагуудын үйл ажиллагаа бусад асуудлын талаарх мэдээлэл солилцоог тогтмолжуулахад анхаарч ажиллав.
Тухайлбал, хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2009 оны илтгэлийг олон улсын байгууллагуудад орчуулан хүргүүлэх, Олон улсын зохицуулах хорооны 22 дугаар хуралдаанд Монгол Улс дахь Найробигийн Тунхаглалын хэрэгжилт болон Комиссын олон улсын, бүсийн түвшинд хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаарх мэдээлэл, Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы 14 дүгээр ээлжит хуралдаанд Комиссын 2008-2009 оны ажлын тайлан, НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн Эрүүдэн шүүх асуудал хариуцсан тусгай илтгэгч ноён Манфред Новакийн 2005 онд хийсэн айлчлалын дараа гаргасан зөвлөмжийн дагуу хэрэгжүүлсэн ажлын танилцуулга, ХЭДКГ-аас арьс үндсээр алагчлахын эсрэг Дурбаны Хяналтын Бага Хуралд мэдээлэл бэлтгэх асуулгын дагуу танилцуулга зэргийг боловсруулан цаг хугацаанд нь хүргүүллээ.
Ази Номхон Далайн Чуулган
Хүний Эрхийн Үндэсний Институтын Ази Номхон далайн чуулган (АНДЧ) нь тухайн бүс нутагт хүний эрхийг хамгаалах, дэмжих ажиллагааг сайжруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг цорын ганц төрийн бус байгууллага юм. Тус зорилгод хүрэхийн тулд тухайн бүс нутагт Хүний Эрхийн Үндэсний Институтын (ХЭҮИ) чадавхийг дээшлүүлэх , хөгжүүлэх явдал нь зайлшгүй юм.
Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудыг хариуцсан Ази Номхон далайн чуулган нь бүсийн хүний эрхийн асуудал хариуцсан тэргүүлэх байгууллага юм. 1996 онд байгуулагдсан энэ байгууллага нь гишүүддээ үйлчилдэг бөгөөд бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагуудыг үүсэн бие болох ба чадавхи дээшлүүлэхэд туслалцаа үзүүлдэг. Ази Номхон далайн чуулган нь хүний эрхийн байгууллагуудыг бүсийн түвшинд хамтран ажиллахад нь үндэс суурийг нь бүрдүүлж өгч сургалт, чадавхи дээшлүүлэх, сүлжээ үүсгэх ажилтан солицох зэрэг өргөн хүрээ хамарсан үйл ажиллагаа явуулж байна.
Ази Номхон далайн чуулган нь Ази Номхон Далайн бүсэд хувь хүний болон эмзэг бүлгийн эрхийг хамгаалж сайжруулах хөтөлбөр боловруулах сайн туршлага хуримтлуулсан байдаг. Өөрийн гишүүд хүний эрхийг хамгаалах, хяналт тавих, хөхиүлэн дэмжих үйл ажиллагааг нь илүү үр дүнтэй байлгахаар тодорхой болон нарийвчлан тусгасан дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Мөн гишүүн байгууллагуудаас гадна засгийн газар болон иргэний нийгмийн бүлэгт туслалцаа үзүүлдэг байна.
Ази Номхон далайн чуулган нь НҮБ-ын “Парисын Зарчмуудын” хүрээнд үүсэн байгуулагдсан бүрэн эрхт 14 гишүүн орноос бүрдэх бөгөөд түүнээс гадна уг байгууллагад 3 “орлогч гишүүн” байгууллага ордог байна. Уг байгууллагын гишүүд нь Ази Номхон Далайн бүсийн янз бүрийн улс орныг хамардаг байна.
Ази Номхон далайн чуулганы Зөвлөл нь уг Форумын шийдвэр гаргах бүрэн эрхт хэсэг бөгөөд бүрэн эрхт орон бүрийн ахлах төлөөлөгч нараас бүрдэнэ. Ази-Номхон Далайн чуулганы Хэрэг Эрхлэх Газар нь чуулганы Зөвлөлөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ба өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулна.
Ази-Номхон Далайн чуулганы гишүүнчлэлийг гурван төрөлд ангилна: Бүрэн эрхт гишүүн, Нэр дэвшигч гишүүн, Орлогч гишүүн. Гишүүнчлэлийн эрхийг Форумын Зөвлөл шийдвэрлэн олгоно. Бүрэн эрхт гишүүн болохын тулд тухайн хүний эрхийн үндэсний байгууллага НҮБ-ын гаргасан Парисын Зарчимуудтай нийцсэн байх хэрэгтэй.
Ази-Номхон Далайн чуулганы гишүүн өөрийн гишүүнчлэлийн ангиллаас шалтгаалан жилийн хураамж төлнө.
Өөрөөр хэлбэл уг байгууллагад нэгдэн орсноор гишүүн байгууллагууд тогтсон харилцаанаас үр өгөөж авах бөгөөд өөрийн гицүүд болон албан хаагчдыг сургалтанд хамруулах, ажилтан харилцан солилцох зэрэг бусад олон төрлийн үйлчилгээ хүртэх юм.
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс тус байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элсэн орч идэвхитэй хамтын үйл ажиллагаа явуулж байна.
Хүний Эрхийг Хамгаалах, Хөхиүлэн Дэмжих Олон Улсын Зохицуулах Хороо
ОУЗХ-ны Дүрмийн дагуу Зэрэг олгох Дэд хороо нь Хорооны нарийн бичгийн дарга болох ХЭДКГ-ын Үндэсний байгууллагууд хариуцсан нэгжийн хүлээж авсан хүсэлтүүдийг авч үзэж, хянан шийдвэрлэх эрхтэй бөгөөд эдгээр хүсэлт гаргаж буй байгууллагууд нь Парисын зарчимд нийцэж буй эсэх талаар ОУЗХ-ны гишүүдэд зөвлөмж гаргадаг. Дэд хорооны дүрмийн дагуу тус Хороо нь бүс нутаг тус бүрийн төлөөллөөс бүрддэг. Тухайлбал, Америкаас Канад (Дарга), Европоос Дани, Ази, Номхон далайгаас Солонгос, Африкаас Нигер тус тус байна.
ОУЗХ-ны Дүрмийн 3-р зүйлд заасны дагуу Дэд хороо нь дахин зэрэг олгуулах тухай гаргасан хүсэлтийг Аргентин, Австрали, Камерун, Канад, Коста Рика, Энэтхэг, Мехико, Шинэ Зеланд, Панамаас тус тус хүлээж авсан байна. ОУЗХ-ны Дүрмийн 3-р зүйлд заасны дагуу Дэд хороо нь Армен, Азербайжан, Египет, Мадаксгар, Хойд Ирланд (НВУ), Пуерто Рико, Катар, Танзани, Замбиас шинээ хүсэлтүүд мөн хүлээн авсан байна.
Парисын зачим болон дагуу ОУЗХ-ны Дэд хорооны дүрмийн дагуу зэрэг олгоход дараах ангиллууд байдаг. Үүнд:
А. Парисын зарчимд нийцэж байгаа:
А (R): Нөөцөд байгаа – А статус олгоход танилцуулсан материал хангалттай бус байгаа,
Б. Ажиглагчийн статус – Парисын зарчимд бүрэн нийцээгүй эсвэл тодорхойлолт өгөхөд гаргасан мэдээлэл хангалттай бус байгаа,
В. Парисын зарчимд нийцээгүй
ОУЗХ-ны Дүрмийн дагуу Дэд хороо нь бүх зэрэг олгогдсон байгууллагуудыг тэдгээрийн нөхцөл байдлын аливаа өөрчлөлтийн талаар мэдээлж байхыг тэдгээрээс хүссэн бөгөөд иймэрхүү өөрчлөлтүүд нь тэдгээр байгууллагууд Парисын зарчмаар хүлээсэн үүрэг, хэм хэмжээг дагаж мөрдөх байдалд нөлөөлдөг.
- Хэвлэх хувилбар
- 5474 удаа уншсан
- English
- Танилдаа илгээх
- PDF хувилбар