Дотоод хамтын ажиллагаа
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд тухайлбал Хууль зүй дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, төрийн бус байгууллагууд жишээлбэл Эмнести Интернешнл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, ЮНЕСКО, иргэний нийгэм, хувь хүмүүстэй болон бусад улс орны Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
2010 онд Дотоод хамтын ажиллагааны хүрээнд
Сөүлийн удирдамжийн дагуу цагаач иргэдийн эрхийн асуудлаар Солонгос Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд цагаач ажилчдын хүний эрхийг хөхиүлэн дэмжих ажлын дэмжих зорилгоор “Гадаадад ажиллах хүч илгээх төв” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хүний эрхийн сургалт сурталчилгааны ажлыг тогтвортой зохион байгуулан холбогдох сургалтын материалыг хамтран боловсруулж, Монгол Улсаас гадаад улсад хөдөлмөр эрхлэх гэж буй иргэдэд сургалт зохион байгуулсан.
Жокъякартагийн зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгоор Ази Номхон Далайн Чуулгантай хамтран бэлгийн цөөнх хүмүүсийн хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих хүрээнд төсөл амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд Италийн засгийн газрын бус АЙФО байгууллагатай хамтран Олон нийтэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх төслийг хэрэгжүүлж, тодорхой үр дүнг гаргасан.
Комиссын дарга, гишүүд Монгол Улсад суугаа элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, сангуудтай хүний эрхийн тодорхой асуудлаар хамтарч ажиллах чиглэлээр Щвейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссарын газрын төлөөлөгчийн газар, Конрад Аденауэрын сан, НҮБ-ны суурин төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн үндэсний комисс, Азийн сан зэрэг байгууллагуудын төлөөлөгч нарыг хүлээн авч уулзахын зэрэгцээ АНУ, БНТУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд нартай ярилцлага хийсэн. Дээрх уулзалт, ярилцлагын үр дүнд хүний эрхийн сургалт, суталчилгааны дараах чиглэлд хамтарч ажиллахаар болов. Үүнд:
• Хүний наймаатай тэмцэх
• Хүний эрхийн тухай ном, товхимол хэвлэн гаргах
• Олон улсын гэрээ конвенцийг соёрхон батлахад нөлөөлөх
• Хүний эрхийн олон улсын бага хурал зохион байгуулах
2009 онд Дотоод хамтын ажиллагааны хүрээнд
Mонгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоотой хамтран Монгол Улсын иргэдийн хөдөлмөрлөх, эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалах үүднээс хамтын ажиллагаагаа идэвхижүүлэх, уялдаа холбоог сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор сургалт сурталчилгаа, хяналт шалгалт, стратегийн өмгөөллийн үйл ажиллагаануудыг явуулахаар 2008 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2010 оны 11 дүгээр сарын 30-ныг хүртэл Хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулсан. Энэхүү Хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд 2009 онд хийгдэх ажлын төлөвлөгөө батлагдсаны дагуу шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гарган стратегийн өмгөөлөл хийх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйд мэргэжлийн хяналтын үр нөлөөний талаар хамтарсан судалгаа хийх, хүний эрхийн сургагч багш бэлтгэх ажлуудыг эхлүүлээд байна.
Хууль Зүйн Үндэсний Төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, хуульчдын давтан сургалтын 2010 оны хөтөлбөрт эрүү шүүлт, цагаач иргэд, бизнес ба хүний эрхийн асуудлаар боловсруулсан сургалтын хөтөлбөрийг батлуулахаар сургалтын дэд хороодад хүргэснээс одоогоор цагдаа, прокурорын дэд хороодууд тус хөтөлбөрүүдийг баталсан байна.
Их Британийн Хүүхдийг Ивээх Сан, Хүүхдийн төлөө газартай хамтран 3 сарын 16-19-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг 20 ажилтан, алба хаагч нарт, 3 сарын 22-25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг 20 ажилтан, алба хаагч нарт “Хүүхдийн эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.
“Айванхоу Майнз Компани-Оюу Толгой” төсөлтэй хамтран тус төслийн ажилчдад хүний эрхийн цуврал сургалт зохион байгуулах, сургалт сурталчилгааны чиглэлээр хамтарч ажиллахаар байгуулсан гэрээний дагуу хийгдэх сургалтын монгол, англи хэл дээрх гарын авлага, сургалтын материалуудыг бэлтгэн төслийн багт хүлээлгэн өгсөн.
Сөүлийн Удирдамжийн хүрээнд Гадаадад Ажиллах Хүч Илгээх Төвтэй хамтарч ажиллан гадаадад хөдөлмөр эрхлэх гэж буй иргэдэд хүний эрхийн сургалт тогтмол зохион явуулах талаар санал солилцон хүний эрхийн сургалтын талаар гэрээ байгуулж хамтарч ажиллахаар тохиролцсон.
“Эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангах, урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2008 онд ХЭҮК, АТГ, ТЕГ, УЕП-ын Мөрдөн байцаах алба, ЦЕГ, ШШГЕГ зэрэг 6 байгууллагуудын хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Архангай, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгуудыг хамруулсан 3 бүсийн хууль хяналтын байгууллагын 190 алба хаагчдад УЕП-ын дэргэдэх МБА-тай хамтран бүсчилсэн сургалтыг зохион байгуулсан. Түүнчлэн, 6 сарын 25-нд дээрх санамж бичиг байгуулсан 6 байгууллага санамж бичиг байгуулснаас хойшхи хугацаанд хийгдсэн ажил, гарсан үр дүн, цаашид хийх ажлын талаарх зөвлөлдөх уулзалтыг 25 оролцогчтойгоор зохион байгуулав.
Комисс нь хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, түүнтэй тэмцэх ажлыг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид судалгаа хийж, хүн худалдаалахад нөлөөлж буй шалтгаан нөхцлийг арилгах талаар тодорхой санал, зөвлөмжийг гаргаж, “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай” бие даасан хуулийн төслийг боловсруулсан. Энэхүү судалгааны тайлан болон хуулийн төслийг төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтнуудад танилцуулж, хэлэлцүүлэхээр 4 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг Хүний аюулгүй байдлын судалгааны төвтэй хамтран зохион байгуулав. Хэлэлцүүлэгт нийт төрийн болон төрийн бус байгууллагын 144 ажилтан, албан хаагчид оролцлоо.
Мөн Комисс нь Хүний аюулгүй байдлын судалгааны төвтэй хамтран “Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хууль сахиулах байгууллагын албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалт зөвлөгөөнийг Монгол Улсын хэмжээнд аймгуудыг бүсчлэн хувааж 5 удаа зохион байгуулж, шүүх, прокурор, өмгөөлөх, цагдаа, тагнуул, хил, гааль болон, аймгуудын хуулийн хэлтэс, хүүхдийн байгууллага, иргэний бүртгэл зэрэг 10 байгууллагын ажилтан, албан хаагчдын төлөөллийг багтаасан 2 өдрийн хөтөлбөрт сургалт, зөвлөгөөнийг нийт 600 оролцогчтойгоор зохион байгууллаа. Сургалтын дараа шүүх, прокурор, өмгөөлөх байгууллагуудын сургалтын дэд хороотой зөвшилцөн байгуулсан гэрээ, зөвшөөрлийн үндсэн дээр хуулийн дагуу дээрх хуулийн байгууллагын ажилтнуудад кредит цаг олгох үйл ажиллагааг бүртгэлийн хамт зохион байгуулан, сургалтын үнэлгээг гаргах ажлыг хийж гүйцэтгэсэн. Хүн худалдаалах гэмт хэргийн тухай 30 минутын баримтат киног бэлтгэж, сиди хэлбэрээр гарган сургалтаар тараасан байна. Энэ ажлын хүрээнд 7 төрлийн ном, гарын авлагыг боловсруулан бэлтгэсэн.
Хууль зүйн Үндэсний хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулах зорилгоор хуульчдын давтан сургалтын 2010 оны хөтөлбөрт эрүү шүүлт, цагаач иргэд, бизнес ба хүний эрхийн асуудлаар боловсруулсан сургалтын хөтөлбөрийг сургалтын дэд хороодуудад батлуулахаар хүргүүлэв.
2008 онд Дотоод хамтын ажиллагааны хүрээнд
ХЭҮБ-уудын ОУЗХ-ны Магадлан итгэмжлэл хариуцсан Дэд хороонд (МИХДХ) 7 сард Комиссын дахин магадлан итгэмжлэлд орох баримт бичиг, тайланг хүргүүлж on-line шууд ярилцлагаар хэлэлцүүлж ХЭДКГ-с 11 сарын 17-ны өдөр ирүүлсэн тайланд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст дахин А статус олгохоор шийдвэрлэсэн байна.
ХЭДК-ын газраас зарласан ХЭТТ батлагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх ажлыг дэмжих төслийн шалгаруулалтанд багтан, төслийн хүрээнд олон жилийн хорих ял эдлэж байгаа хоригдлуудын эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв.
ХЭТТ-ын 60 жилийн ойн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ХЭДКГ, АНДХЭҮБЧ, Австрали, Энэтхэг, Шинэ Зеландын Хүний эрхийн комисстой харилцан мэдээлэл солилцож ажиллаа.
НҮБ-ын Хүүхдийн сангийн боловсролын хөтөлбөрт сургалт, бодлогын чиглэлээр хамтран ажилласнаар БСШУЯ-наас боловсруулж буй Бага, дунд боловсролын хөтөлбөрүүдэд “Хүүхдийн эрхийн үзэл санааг тусгах, агуулга, арга зүйд нэвтрүүлэх зорилгоор уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, “Бүх нийтийн боловсрол дахь хүний эрхэд суурилсан хандлага” бодлогын баримт бичгийг Монгол хэлнээ орчуулах ажлыг МУБИС-ийн Хүний эрхийн боловсролын төвтэй хамтран хийж гүйцэтгэлээ.
Эрүү шүүлттэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор АТГ, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, ЦЕГ, ШШГЕГ зэрэг хууль хяналтын байгууллагуудтай 3 жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгуулж эрүү шүүлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр дээрх байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, жил бүр уулзалт зохион байгуулах, цаашдын чиглэлээ тодорхойлох боломжтой болов.
Комиссын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн гишүүд багийн зохион байгуулалтаар ажиллаж, олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох талаар лобби хийх, нөлөөллийн ажил зохион байгуулах зэргээр Комиссын үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоог хангах, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах чиг үүрэг гүйцэтгэн үр дүнтэй хамтран ажиллав. Орон тооны бус зөвлөл нь Комиссын дарга, ажлын албаны нэг референтийг оролцуулан ТББ-уудын төлөөлөл бүхий 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Орон тооны бус зөвлөлийн хурлаар Комиссын 2008 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд гишүүдийн оролцоог тусгах, стратеги төлөвлөгөөг хэлэлцэх, хийх шалгалт болон сургалт, хэлэлцүүлэг, онол практикийн бага хурал, зөвлөлдөх уулзалт, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг соёрхон батлуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Хөдөлмөрлөх эрх, хамтын гэрээ хэлэлцээр байгуулах, биелэлтэд хяналт тавих, ажилчдын эрх ашгийг хамгаалах, сургагч багш нарыг бэлтгэх зорилгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой 2008-2010 онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулан мэдээллийн сан бүрдүүлэх ажил хийгдэж байна.
“Раул Фолерогийн анд нөхдийн холбоо” Засгийн газрын бус байгууллагын дэмжлэгтэй 4 сарын хугацаатайгаар хэрэгжүүлсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг дэмжих нь” төслийн хүрээнд нийтэд чиглэсэн сургалт сурталчилгааны ажлуудыг зохион байгуулав.
Хүний наймаатай тэмцэх нь төслийг Хүний аюулгүй байдлын судалгааны төв ТББ-тай хамтран 2008 оны 9 дүгээр сараас 2009 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулагдан, тусгай төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа бие даан явуулж байна.
Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан “Хүний эрх ба хүнд суртал” үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулав. Чуулганд төв, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагууд, эрх зүйн боловсрол олгодог их, дээд сургуулиудын 700 гаруй төлөөлөгчид оролцсон байна.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгууллагддаг Хүний эрхийн байгууллагуудын чуулган
- Хүний Эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөл
- Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, ХЭҮК-ын хамтын ажиллагаа
- Хуулийн байгууллагууд болон ХЭҮК-ын хамтын ажиллагаа
- Хэвлэх хувилбар
- 6933 удаа уншсан
- English
- Танилдаа илгээх
- PDF хувилбар