Өргөдөл гомдлын баг

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар Комисс нь Монгол улсын хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хувь хүн зөрчсөн гэж үзэж гаргасан гомдлыг хянан шийдвэрлэдэг.

 Ирүүлсэн гомдлыг шалгаж шийдвэрлэх бүрэн эрхийг хуулиар Комиссын гишүүн хэрэгжүүлдэг бөгөөд гишүүдийн гомдол шийдвэрлэх эрхээ хэрэгжүүлэхэд туслах чиг үүргийг өргөдөл гомдол шалгах үндсэн үүрэг бүхий баг гүйцэтгэн ажилладаг.

Өргөдөл гомдлын багийн иргэдэд
хууль зүйн зөвлөгөө өгөх цагийн хуваарь

Гариг Цаг
Даваа1000-11301430-1700
Мягмар1000-11301430-1700
Лхагва1000-11301430-1700
Пүрэв1000-11301430-1700
БаасанДотоод ажил

Жич:
Хөдөө орон нутгаас ирсэн иргэдэд цагийн хуваарь харгалзахгүй зөвлөгөө өгнө.
Иргэд бичиг баримтаа авч ирэхийг анхаарна уу.

ХЭҮК-т өргөдөл гомдол гаргах журам, түүнд тавигдах шаардлага

Хуулиар олгогдсон уг бүрэн эрхийн хүрээнд хийгддэг Комиссын өдөр тутмын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг бол ирүүлсэн өргөдөл гомдлыг шалгаж шийдвэрлэх юм.

Комисст гомдол гаргах гэж буй иргэдэд зориулж дараах зөвлөгөөг толилуулж байна.

ХЭҮК-т харьяалагдах гомдол:

  • Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэж үзвэл Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч энэ хуульд заасны дагуу Комисст гомдол гаргах эрхтэй гэж заасан.

ХЭҮК-т харьяалагдахгүй гомдол:

  • Хуульд заасны дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор шүүхийн шатанд байгаа эрүү, иргэний хэрэг маргаан
  • Хувь хүмүүсийн хоорондын зан харилцааны асуудлын талаарх гомдол
  • Харьяалах албан тушаалтан шууд шийдвэрлэх боломжтой асуудлаар гаргасан гомдол

Гомдол гаргах эрх бүхий субъект:

  • Монгол Улсын иргэн дангаараа буюу хамтарч
  • Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харъяалалгүй хүн
  • Иргэний эрхийн бүрэн чадамжгүй, зарим буюу хэсэгчилсэн чадамжтай хүнийг түүний хууль ёсны төлөөлөгч-эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч
  • Сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүнийг хуульд заасан төлөөлөгч
  • Төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэлийн байгууллага төлөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргах эрхтэй.

Гомдолд тавигдах шаардлага:

  • Гомдол гаргагч гомдлоо захиргааны журмаар шийдвэрлүүлсэн байх;
  • Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан ямар эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн болохыг заах;
  • Гомдол гаргагч өөрийн нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурсан байх;
  • Гомдолд холбогдож байгаа аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүний нэр, хаяг, утасны дугаар холбогдох бусад баримтыг хавсаргасан байх.
  • Гомдол гаргагч эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн өдрөөс, эсхүл тийнхүү зөрчигдсөн гэдгийг мэдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор гомдол гаргана.

Гомдол гаргаж болох хэлбэр:

  • Бичгээр
  • Амаар

Жич: Гомдлыг монгол хэлээр гаргана. Монгол хэл мэдэхгүй хүн эх хэлээрээ гомдол гаргаж болох бөгөөд гомдлоо монгол хэлнээ орчуулж, зохих журмаар баталгаажуулсан байна.

Гомдол шийдвэрлэх хугацаа:

Комисс гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хариуг өгнө. Нэмэлт судалгаа, шалгалт хийх шаардлагатай гэж үзвэл хугацааг 60 хүртэл хоногоор Комиссын дарга сунгана.

Гомдлыг шийдвэрлэх байдал:

  • Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд хуулиар тогтоосон журмын дагуу биечлэн болон төлөөлөгчөө оролцуулах;
  • Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзсэн албан тушаалтанд захиргааны шийтгэл ногдуулах тухай хүсэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавих;
  • Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, зөрчих нөхцөл бүрдүүлсэн үйл ажиллагаагаа зогсоохыг байгууллага, албан тушаалтнаас шаардах;
  • Талуудыг эвлэрүүлэх замаар асуудлыг шийдвэрлэх;
  • Гомдол үндэслэлгүй гэж үзвэл гомдол гаргагчид буцаах

Комиссын гишүүний шаардлага зөвлөмж:

Комиссын гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлага, зөвлөмж гаргана.

  • Комиссын гишүүн нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл тухайн хүний эрх, эрх чөлөөг сэргээж, зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад шаардлага бичиж хүргүүлнэ. Шаардлагыг хүлээн авсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан ажлын 7 хоногт багтаан тухайн зөрчлийг арилгуулахаар арга хэмжээ авч хариу мэдэгдэх үүрэг хүлээнэ.
  • Комиссын гишүүн нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй тохиолдолд шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар өөрийн эрх хэмжээний хүрээнд зөвлөмж гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ. Зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан 30 хоногт багтаан тухайн зөрчлийг арилгуулахаар арга хэмжээ авч хариу мэдэгдэх үүрэг хүлээнэ.