Хүний эрхийн талаарх гэрээний тайлагналтын байдал

Хүний эрхтэй холбоотой аливаа асуудал болон хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа талаар:

Комиссоос 2010 оны байдлаар хүний эрхтэй холбоотой аливаа асуудлаар дараах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэв. Үүнд:

•    НХХЯ-д Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл
•    ЭМЯ-д Сэтгэцэд нөлөөлөх бодис, түүний угтвар бодисыг нийлүүлэх, хэрэглэх, үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл олгож байгаа асуудал
•    УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд Эрүүлжүүлэх байруудын нөхцөлийг сайжруулахад тодорхой хэмжээний хөрөнгийг улсын төсөвт тусгуулахад анхаарч ажиллах тухай
•    “Хүн худалдаалах, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн 2 дугаар шатны үйл ажиллагааны төлөвлөгөө
•    Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны 2010 оны 1501 дүгээр зөвлөмж
•    Монгол Улсын Ерөнхий сайдад Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийн байгууллагыг оролцуулан үндэсний бие даасан, хяналтыг механизмыг Засгийн газрын бүтэцэд бий болгох, эдгээр хүмүүсийн эрхийн талаарх бодлогыг тодорхойлох, хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай байгаа тухай
•    УИХ-ын Хүний эрхийн Дэд хороонд “Оюу толгой” ХХК-д ажилд орохыг хүсэгчийн өргөдлийн маягтын асуулга
•    ХЗДХЯ-д Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол
•    ХЗДХЯ-ны Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2010-2012 оны төлөвлөгөө
•    ХЗДХЯ-д Шүүхийн тухай хуулийн төсөл
•    ҮАБЗ-д Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын төсөл
•    Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаар үндэсний 4 дүгээр илтгэл

Мөн “Биеийн тамир, спортын тухай” хуулийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд холбогдох заалтуудын хэрэгжилтэнд судалгаа хийх, “Сэтгэцийн эрүүл мэндийг хангах үндэсний хөтөлбөр-2”-ын хэрэгжилтийг хянах, Глобаль сангийн төслийн хүрээнд “ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх хууль”-д өөрчлөлт оруулах ажлын хэсэгт Комиссын төлөөлөл оролцож ажиллалаа.
 

Хүний эрхийн олон улсын гэрээний тайлагналт 2010 оны 4 дүгээр сарын байдлаар

Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенциор хүлээсэн үүргээ Монгол Улс хангалтгүй биелүүлж байгаа талаар 2003 онд ХЭҮК-оос УИХ-д илтгэж, олон улсын гэрээний хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн санал гаргасан билээ.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд Монгол Улсын олон улсын гэрээг “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлүүлэх, шүүхийн практикт хэрэглэх талаар ахиц дэвшил гарсан байна.

Гэвч үндэсний хууль тогтоомжийг олон улсын гэрээний заалт, зарчимд нийцүүлэх, тэдгээрийн хэрэгжилтийг НҮБ-ын хороод, ОУХБ-ын Шинжээчдийн хороонд тайлагнах үүргээ хангалтгүй биелүүлж байна.

Иймээс хүний эрхийн олон улсын гэрээний тайлагналтын асуудлыг 2008 оны Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлдээ хөндөн тавьсан юм. 

Манай улс НҮБ-ын хүний эрхийн 6 үндсэн гэрээ[1], 4 нэмэлт протокол[2]-ыг дагаж мөрдөх зөвшөөрлөө илэрхийлсэн.

Тэдгээр пакт, конвенциудад заасны дагуу оролцогч улсууд гэрээгээр баталгаажуулсан эрхийг хэрэгжүүлэх үүднээс авсан арга хэмжээнийхээ талаар НҮБ-ын хороодод[3] тайлагнах үүрэг хүлээдэг.

Оролцогч улсууд пакт, конвенциудаас гадна Хүүхдийн эрхийн тухай конвенцийн нэмэлт протоколуудын хэрэгжилтийг тайлагнах үүрэгтэй.

Хүүхдийн эрхийн тухай конвенц, тэдгээрийн нэмэлт протоколуудаас бусад олон улсын гэрээний хэрэгжилтийг тайлагнах хугацаа 1-6 жилээр хэтэрч байгаа боловч Засгийн газраас тайланг НҮБ-ын холбогдох хороодод хүргүүлэх шуурхай арга хэмжээ авахгүй байгааг анхаарах шаардлагатай байна. Хүний эрхийн үндсэн гэрээний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Засгийн газрын хүлээгдэж буй илтгэл дараах байдалтай байна. 

Гэрээ

Хүлээгдэж буй илтгэл

Тайлагнах журам

Хүргүүлэх ёстой хугацаа

Хоцорсон хугацаа[4]

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт

5 дугаар илтгэл

Соёрхон баталснаас хойш нэг жилийн дотор түүнээс хойш 5 жил тутам, эсхүл шаардсан тухай бүр тайлагнана

2003 оны

3 сарын 31

5 жил

Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт

4 дүгээр илтгэл

Соёрхон баталснаас хойш нэг жилийн дотор түүнээс хойш тусгай хөтөлбөрийн дагуу тайлагнана.

2003 оны

6 сарын 30

4 жил 8 сар

Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц

6 дугаар илтгэл

Соёрхон баталснаас хойш нэг жилийн дотор түүнээс хойш дөрвөн жил тутам тайлагнана.

2002 оны

9 сарын 3

5 жил 6 сар

Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц

19, 20, 21 дүгээр илтгэл

Соёрхон баталснаас хойш нэг жилийн дотор түүнээс хойш 2 жил тутамд тайлагнана.

2002 оны

9 сарын 5

5 жил 6 сар

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц

1 дүгээр илтгэл

 

Соёрхон баталснаас хойш нэг жилийн дотор түүнээс хойш дөрвөн жил тутам тайлагнана.

2003 оны

2 сарын 23

6 жил

 Засгийн газрын 2007 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг 2007, 2008 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-нд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын үндэсний 5 дахь илтгэлийг 2007 оны 1 дүгээр улиралд, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын үндэсний 4 дүгээр илтгэлийг 2007 оны 2 дугаар улиралд, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн хэрэгжилтийн талаарх үндэсний анхдугаар илтгэлийг 2007 оны 1 дүгээр улиралд багтаан НҮБ-ын холбогдох хороонд хүргүүлэхээр төлөвлөжээ.

Гэвч эдгээр ажил хийгдээгүй байна. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн хэрэгжилтийн тайлан бичих ажлын хэсэг ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан хэдий ч ажлын явц удаашралтай байна.

Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын үндэсний 4 дэх илтгэл, Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцийн үндэсний 19, 20, 21 дэх илтгэлийг боловсруулах талаар дорвитой арга хэмжээ аваагүй байна.

Хэдийгээр Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн 5 дугаар илтгэлийг 2007 онд НҮБ-ын хороонд хүргүүлсэн боловч 6 дугаар илтгэлийг хүргүүлэх хугацаа 5 жил 6 сараар хоцорсон байгааг анхаарах шаардлагатай байна.

Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийнтайлан тухайн асуудлаарх эрх зүйн зохицуулалт болон хийсэн ажлаа тоочих байдлаар бичигдэж байгаа бөгөөд эрхийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам, оршиж байгаа зөрчил, дутагдлыг төдийлөн бодитой тусгахгүй байна. Түүнчлэн, тайлан бичихэд ХЭҮК болон иргэний нийгмийн саналыг авч, хамтарч ажиллах явдал туйлын хангалтгүй байна.

Засгийн газрын илтгэлийг бэлтгэх ажлын хэсгийн гишүүдийг чадавхжуулах, илтгэл боловсруулах үүргийг яам, газрын эрхлэх ажилд тусгах, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод оруулах, илтгэлийг боловсруулахтай холбогдуулан тухайн гэрээ, конвенцийг олон нийтэд сурталчлах зэрэг ажил зохион байгуулах нь уг гэрээ, конвенцийн хэрэгжилтийг цаашид хангахад чухал ач холбогдолтой болно гэж үзэж байна.

Монгол Улс ОУХБ-ын 16 конвенц, түүний дотор үндсэн 8 конвенцийг[5] соёрхон баталсан. Түүнчлэн, тус байгууллагын чухал ач холбогдолтой гэрээний ангилалд багтах 4 гэрээний хоёрыг[6] нь соёрхон баталжээ. 1996 оноос үйлчилж эхэлсэн гэрээний хэрэгжилтийг тайлагнах ОУХБ-ын шинэ тогтолцооны дагуу гэрээнд оролцогч улсууд үндсэн 8 конвенц, чухал ач холбогдолтой 4 конвенцийн хэрэгжилтийн талаарх тайланг 2 жил тутамд, бусад конвенциудын талаарх тайланг 5 жил тутамд ОУХБ-ын Шинжээчдийн хороонд хүргүүлэх үүрэгтэй.

2007 онд Монгол Улс Шинжээчдийн хороонд 9 конвенцийн хэрэгжилтийг тайлагнах, түүний дотор Албадан хөдөлмөрийг устгах тухай конвенцийн анхдугаар илтгэлийг хүргүүлэх ёстой байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй байна. Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай 98 дугаар конвенц, Тэгш шан хөлс олгох тухай 100 дугаар конвенц, Алагчлахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтэд) тухай 111 дүгээр конвенц, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай 122 дугаар конвенц, Газар доор буюу уурхайд ажиллагсдын насны доод хязгаарын тухай 123 дугаар конвенц, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенц, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай 182 дугаар конвенцийн хэрэгжилтийг тайлагнахыг хүссэн ОУХБ-ын Шинжээчдийн хорооны хүсэлтэд Засгийн газар хариу өгөөгүй байна.

Хэдийгээр НХХЯ тайлан бичих загвар, зааварчилгааг англи хэлнээс орчуулах, цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх зэрэг бэлтгэл ажлууд хийсэн боловч тайланг боловсруулах, хүргүүлэх талаар бодитой арга хэмжээ аваагүй байна. Цаашид манай улс ОУХБ-ын конвенциудын хэрэгжилтийг тайлагнах асуудалд ач холбогдол өгч, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд хүчин чармайлт гаргах шаардлагатай байна.

ОУХБ-ын дүрмийн дагуу гишүүн улс орны Засгийн газар тус байгууллагаас шинээр батлагдсан конвенц, зөвлөмжүүдийг батлагдсанаас хойш нэг сарын дотор өөрийн улсын хууль тогтоох дээд байгууллагад өргөн мэдүүлэх үүрэг хүлээсэн.

Энэ нь хууль тогтоогчдод хөдөлмөр, ажил эрхлэлтийн талаарх олон улсын эрх зүйн шинэ баримт бичгийн талаар мэдээлэл өгөх, бодлогоо тодорхойлоход туслалцаа үзүүлэх, улмаар тэдгээр гэрээг соёрхон батлах үйл явцад дэмжлэг үзүүлэх зорилготой. 1995 оноос хойш батлагдсан ОУХБ-ын 11 конвенц, 13 зөвлөмжийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлээгүй байна.

Эдгээр конвенц, зөвлөмжүүд уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, мэргэжлээс шалтгаалах өвчнийг тодорхойлох, гадаад улсад ажиллах хүч зуучлах байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах, жижиг, дунд үйлдвэрүүдэд ажлын байр бий болгох зэрэг манай улсын хувьд тулгамдсан асуудлуудыг зохицуулсан байгаа бөгөөд тэдгээрээс санаа авч, үндэсний хууль тогтоомжоо боловсронгуй болгох нь чухал ач холбогдолтой билээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилт, хүний эрхийн гэрээний тайлагналтын талаарх илтгэлээ үндэслэн САНАЛ болгох нь:

1.      Цаазаар авах ялыг гүйцэтгэх огноог нууцалж, цогцсыг ар гэрт нь хүлээлгэж өгөхөөс татгалзаж буй нь гэр бүлийн гишүүдийг сэтгэл зүйн дарамтад оруулж, хүнлэг бусаар хандахад хүргэж байгаа тул ял гүйцэтгэх огноог ил болгож, цогцсыг ар гэрт нь өгөх эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

2.      Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх;

3.      Айл өрх, байгууллага бүр хогоо ангилж хаях нөхцлийг бий болгох, хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих, олон улсын жишигт нийцсэн хогийн нэгдсэн цэгүүдийг бий болгох;     

4.      Төв, орон нутгийн хүнсний шинжилгээний лабораториудын тоног төхөөрөмжийг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах;

5.      Хүнсний нэн шаардлагатай бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих;

6.      Үйлдвэрлэл хөгжихийн хамт иргэд шөнийн цагаар ажиллах явдал улам бүр түгээмэл болж байгааг анхаарч, шөнийн цагийн нэмэгдэл хөлс, ажлын цагийн асуудлыг Хөдөлмөрийн хуулиар нарийвчлан зохицуулах;

7.      Баривчлагдсан, эрүүлжүүлэгдсэн хүмүүсийг өөрсдийнх нь хүсэл зоригоос гадуур, хөлсгүй хөдөлмөр хийлгэхийг таслан зогсооход чиглэгдсэн арга хэмжээ авах;

8.      Ахмад настны эрхийн асуудалд төрөөс анхаарал хандуулж, тэднийг нийгмийн амьдралд оролцох явдлыг дэмжих, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан төвүүдийг байгуулах; Харж хандах хүнгүй ахмадуудын асрамжийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

9.      Сэтгэцийн өвчтэй хүний төрөлжсөн асрамжийн байгууллага байгуулах;

10.     Эрүүл мэндийн тухай (1998) хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан “олон нийтийн хяналт”, мөн 35 дугаар зүйлд заасан “төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас эх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төр хариуцах” тухай заалтуудыг эргэн харж, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад адил тэгш боломж олгосон байхаар тус тус хуульчлах;

11.     2008 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд цагдан хоригдож байгаа хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох нөхцлийг бүрдүүлэх, улмаар гадаад улсад амьдарч буй Монгол иргэдийн сонгох эрхийг хангахад чиглэсэн шат дараатай арга хэмжээ авах;

12.     Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуульд сэтгүүлчийн мэдээллийн эх сурвалжийг хамгаалахтай холбогдсон зохицуулалт нэмж оруулах;

13.     Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-аар нэн даруй хэлэлцэж батлах;

14.     Хүний эрхийн гэрээний хэрэгжилтийн тал Засгийн газрын 2008 оны 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, хяналт тавих, Хүний эрхийн гэрээний хэрэгжилтийн тайланд ХЭҮК-ын саналыг авч байх;


[1] Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенцийг 1969 онд, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг 1974 онд, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактыг 1974 онд, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийг 1981 онд, Хүүхдийн эрхийн тухай конвенцийг 1990 онд тус тус соёрхон баталсан бөгөөд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцид 2000 онд нэгдэж орсон.

[2] Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэгдүгээр нэмэлт протоколд 1991 онд нэгдэж орсон бол Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн нэмэлт протоколыг 2001 онд, Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг болон Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг Хүүхдийн эрхийн конвенцийн нэмэлт протоколуудыг 2002 онд тус тус соёрхон баталсан.    

[3] Хүний эрхийн хороо, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо, Арьс үндсээр алагчлах үзлийг устгах хороо, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хороо, Эрүү шүүлтийн эсрэг хороо болон Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн хороо

[4] 2008 оны 3 дугаар сарын байдлаар.

[5] Монгол Улс Албадан хөдөлмөрийн талаарх 29 дүгээр конвенцийг 2005 онд, Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай 87 дугаар конвенцийг 1969 онд, Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай 98 дугаар конвенцийг 1969 онд, Тэгш шан хөлс олгох тухай 100 дугаар конвенцийг 1969 онд, Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенцийг 2005 онд, Алагчлахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтэд) тухай 111 дүгээр конвенцийг 1969 онд, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенцийг 2002 онд, Хүүхдийн хөдөлмөрийг устгах тухай 182 дугаар конвенцийг 2001 онд тус тус соёрхон баталжээ. Эдгээр конвенциуд ОУХБ-ын үндсэн гэрээнд тооцогддог.     

[6] Хөдөлмөр хяналтын тухай ОУХБ-ын 81 дүгээр конвенц, түүний нэмэлт Протокоп болон Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай ОУХБ-ын 122 дугаар конвенц, Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих гурван талт зөвлөлдөөний тухай ОУХБ-ын 144 дүгээр конвенциуд багтана. Эдгээрээс Монгол Улс Хөдөлмөр эрхэлтийн бодлогын тухай ОУХБ-ын 122 дугаар конвенцийг 1976 онд, Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих гурван талт зөвлөлдөөний тухай ОУХБ-ын 144 дүгээр конвенцийг 1998 онд соёрхон баталсан байна.