» » » Эрүү шүүлтийг таслан зогсооё

Эрүү шүүлтийг таслан зогсооё

     Жил бүрийн зургадугаар сарын 26-ныг дэлхий нийтээрээ эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр болгон тэмдэглэж иржээ. НҮБ-аас 1997 онд тус өдрийг эрүү шүүлтийн хохирогчдод туслах өдөр болгохоор зарласан юм.  "Энэ өдөр бол бидний төсөөлшгүй нөхцөл байдлыг даван туулсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх өдөр юм. Үгээр илэрхийлшгүй тэр зүйлийн эсрэг дэлхийн даяараа үг хэлэх боломжийг олгодог. Дэлхийн өнцөг булан бүрт эрүү шүүлтийн золиос болсон олон зуун хохирогчдыг санан дурсах, дэмжихэд зориулсан өдрийг бий болгох нь зайлшгүй юм.” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Коффи Аннан  нэгэнтээ хэлсэн байдаг. 
    Манай улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноос хойш нийт 50 гаруй Олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орсон байна. Тэдгээрээс дараах гэрээнүүд нь Эрүү шүүлтээс ангид байх эрхийн асуудлыг зохицуулсан, журамласан байна. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийг өнөөдөр манай улс дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байгаа.  
Харин Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орох асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг Хүний эрхийн Үндэсний Комиссоос төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран энэ хавар зохион байгуулсан билээ.  
    Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт "Заавал биелүүлэх тушаал, захирамжийг биелүүлэхдээ энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй" гэж заасныг нэн даруй хүчингүй болгох, дээд шатны албан тушаалтны тушаал нь эрүүдэн шүүх аливаа үйлдлийг зөвтгөх шалтаг болохгүй гэсэн агуулгаар оролцогч улс хууль, тогтоомжоо өөрчлөх нь зүйтэй” гэсэн агуулгатай "Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц”-ийн хэрэгжилтэд анхаарал хандуулж, уг конвенцийн нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орох асуудлыг авч хэлэлцэх талаар Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2011 онд гаргасан "Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 10 дахь илтгэл”-д зөвлөмж болгон тусгаад байна. Эрүү шүүлтийг таслан зогсооё.
                                          Сонирхолтой ишлэлүүд
•     Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй. /3-р зүйл/ 
•    Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй. /5-р зүйл/ 
•    Хүн бүр хуулийн өмнө адил тэгш байх эрхтэй. /7-р зүйл/ 
•    Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлүүлах ёсгүй. /9-р зүйл/ 
•    Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй. 
                                             / Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалаас/
•    Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болно.  /6-р зүйл 1 дэх хэсэг/ 
•    Хэнд ч эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно. /7-р зүйл/ 
•    Хүн бүр эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй. Хэнийг ч дур мэдэн баривчлах буюу цагдан хорьж болохгүй. Хуульпд заасан үндэслэл, журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасч болохгүй. /9-р зүйл 1 дэх хэсэг/ 
•    Шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг...   ...хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй. /14-р зүйл 1 дэх хэсэг/ 
                      / Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон улсын Пактаас/

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК