» » » 2017 оны эхний хагас жилд тодорхой бүлэгт чиглэсэн хүний эрхийн сургалт, уулзалтыг зохион байгуулсан байдал

2017 оны эхний хагас жилд тодорхой бүлэгт чиглэсэн хүний эрхийн сургалт, уулзалтыг зохион байгуулсан байдал

Хүний эрхийн цуврал лекц зохион байгуулах

2017 оны эхний лекц буюу 31 дэх удаагийн Хүний эрхийн олон нийтийн лекцийг 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр МУИС-ын хичээлийн 1 дүгээр байрны Лекцийн танхимд "Тогтвортой хөгжлийн 4-р зорилго: Нийгмийг хувирган өөрчлөх боловсролын хүч чадал" сэдвээр зохион байгуулсан бөгөөд илтгэгчээр "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д. Тунгалаг оролцож, боловсролын асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд, сургуулийн багш нар, ИНБ, иргэд, оюутнууд зэрэг 74 хүн хамрагдлаа.

Энэ оны 2 дахь лекц буюу 32 дахь удаагийн лекцийг 2017 оны 5 сарын 24-ний өдөр МУИС-ын хичээлийн 1 дүгээр байрны Лекцийн танхимд "Хүний эрхийг хангахад Парламентын чиг үүрэг” сэдвээр зохион байгуулсан бөгөөд илтгэгчээр УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар оролцож, ХЭҮК-той Санамж бичиг байгуулсан байгууллагуудын ажилтнууд, иргэд, ИНБ, оюутнууд, ХЭҮК-ын ажлын албаны ажилтнууд зэрэг 40 хүн хамрагдлаа. Тус лекцийн үр дүнд УИХ-ын Хүний эрхийн дэд хороо болон ХЭҮК хамтран УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөхүүдэд Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх сургалтыг зохион байгуулахаар болсон.

"Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг зохион байгуулах

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцох, хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг жилд 10 удаа буюу 7-8 сараас бусад үед сар тутам зохион байгуулдаг уламжлалтай. 2017 оны эхний хагас жилийн байдлаар 6 удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 250 гаруй хүн хамруулсан байна 2017оны эхний хагас жилийн өглөөний уулзалт зохион байгуулсан жагсаалт

Д/Д

ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫН СЭДЭВ

УУЛЗАЛТЫН ЗОЧИН

ОГНОО, УУЛЗАЛТ БОЛСОН ГАЗАР

1

"Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг Монголд нутагшуулах нь”

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир

2017.01.19 Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд

2

"Улаанбаатар хотын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн орон байртай байх эрх”

Эмнести интернэшнл ТББ-ын зохицуулагч П.Мөнхжаргал

2017.02.16 Нээлттэй нийгэм форум

3

Шинэчлэн найруулсан эрүүгийн хууль

Монгол Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн

2017.03.16 Нээлттэй нийгэм форум

4

Зөрчлийн тухай хуулийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл

МУИС-ийн ХЗС-ийн багш, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Одгэрэл

2017.04.20 Нээлттэй нийгэм форум

5

"Эрүүгийн процесст халдашгүй чөлөөтэй байх эрхийг хамгаалах нь”

МУИС-ийн ХЗС-ийн багш, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан

2017.05.18

Нээлттэй нийгэм форум

6

Ерөнхий боловсролын сургуулийн засаглалд эцэг эхчүүдийн оролцоо

"Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг

2017.06.15

Нээлттэй нийгэм форум


Өглөөний уулзалтыг иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын эрүүгийн багц хуулийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эрүүгийн багц хуулиас урган гарч болзошгүй нөхцөл байдал, давуу тал, шинэлэг зохицуулалтын талаар мэргэжлийн хуульчид, эрдэмтэн судлаачдыг урьж мэдээлэл хийсэн байна. Түүнчлэн Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн байгууллага ёс зүйн зөрчил дутагдал гаргасан тохиолдолд түүнийг шийдвэрлэж буй байдал, дотоод зохицуулалтын механизм, Улаанбаатар хотын дахин төлөвлөлтөөс урган гарч буй хүндрэл бэрхшээл тэдгээрийг шийдвэрлэж буй байдал, хэтийн төлөв, асуудлыг шийдвэрлэх арга зам, гарц гаргалгааны талаар ярилцсан юм.

Түүнчлэн Хуульчийн багц цаг олгох сургалт зохион байгуулах ажлын хүрээнд Монголын Хуульчдын Холбоонд 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Үндсэн хууль ба хүний эрх, Хүний эрхийн олон улсын гэрээ, Хүүхдийн эрх ба хамгаалал, Нийтийн хэв журам ба хүний эрх, Эрүү шүүлтээс ангид байх эрх, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа ба хүний эрх нийт6 сэдвийн сургалтын танилцуулга,хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэхээр хүргүүлсэн.

Монголын хуульчдийн холбооны чиг үүргийн хорооноос 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 1/211 тоот албан бичгээр "Үндсэн хууль ба хүний эрх” сэдэвт 0,5 багц цагийн сургалт, "Хүний эрхийн олон улсын гэрээ” сэдэвт 0,5 багц цагийн сургалт, "Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт 0,5 багц цагийн сургалт, "Нийтийн хэв журам ба хүний эрх” сэдэвт 0,5 багц цагийн сургалт, "Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт 0,5 багц цагийн сургалт, "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа ба хүний эрх” сэдэвт 0,5 багц цагийн сургалтын хөтөлбөрийг тус тус магадлан итгэмжилсэн болно.

Байгууллагын хүсэлт, захиалгаар эхний хагас жилийн хугацаанд нийдтээ 285 удаа, 476,2 цагийн хүний эрхийн сургалтыг 12575 хүнд зохион байгуулсан байна.

Төвийн ажилтнуудын 68 удаагийн 173 цагийн сургалтыг 2949 хүнд зохион байгуулсан байна. Сургалтын оролцогчдыг зорилтот бүлгээр нь авч үзвэл

  • төрийн захиргааны алба хаагч 416
  • төрийн тусгай алба хаагч 2009
  • төрийн үйлчилгээний алба хаагч 211
  • ИНБ-ын идэвхтэн, өмгөөлөгчид 93
  • иргэд 74
  • тэтгэврийн насны буюу ахмад настай 10
  • бичил уурхай эрхлэгч 291
  • ХАМО 71

Эхний хагас жилийн байдлаар Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд 27 удаагийн 72,5 цагийн сургалтыг ШШГБайгууллагын 669 алба хаагчдад Гэр бүлийн хүчирхийлэл, ШШГБ-ын алба хаагчдын хөдөлмөрлөх эрх, Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь, ХЭҮК-ын танилцуулга, Хүний эрхийн үндсэн ойлголт, Эрүү шүүлтээс ангид байх эрх чөлөө, Хүний эрхийн олон улсын гэрээ, Жендэр ба хүний эрх, Хүүхдийн эрх сэдвээр зохион байгууллаа.

Мөн Нийслэлийн цагдаагийн газартай хамтран 2017 онд баталсан удирдамжийн дагуу 2017 оны 1-6 дугаар сард Нийслэлийн цагдаагийн газрын харьяа 17 нэгжийн 1356 алба хаагчид 27 удаагийн 28 цагийн сургалтыг Жендэр ба хүний эрх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, Эрүү шүүлтээс ангид байх эрх чөлөө, Хүн худалдаалах гэмт хэрэг ба хүний эрх сэдвийн хүрээнд зохион байгуулсан байна.

Хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрхийн боловсрол, хүүхдийн эрх зэрэг сэдвээр цахим сургалт зохион байгуулах, сургалтын агуулга, арга зүйг баяжуулах

Комиссын орон нутгийн ажилтнуудад Хүний эрхийн боловсрол сэдвээр цахим сургалт хийхээр хөтөлбөр, төлөвлөгөөг гаргасан боловч 9 дүгээр сард зохион байгуулахаар болов.

Мөн Гүүд Нэйборс Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран төрийн албан хаагчдад Хүүхдийн эрхийн цахим сургалт хийхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна. Гүүд Нэйборс Монгол дахь төлөөлөгчийн газар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран сургалтын модулийг боловсруулж байгаа болно. Сургалтыг видео хэлбэрээр зохион байгуулах ба Комиссын цахим талбарт байршуулан, зайны сургалт хэлбэрээр зохион байгуулах юм. Төлөвлөгөө ёсоор тус сургалтыг 8-9 дүгээр сард зохион байгуулахаар ажиллаж байна.

"Хүний эрхэд суурилсан хандлага-Төр-иргэний харилцаа” сургалтыг Швейцарийн Хөгжлийн Агентлагийн "Тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд 2017 оны эхний хагас жилд 6 аймгийн (Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Ховд, Хэнтий) 17 суманд ажиллаж нийт 843 хүнийг хамруулсан 92 цагийн сургалтыг зохион байгуулав.

Залуучууд хөгжлийн төвийн сургагч багш, гишүүдэд сургалт зохион байгуулах (Улаанбаатар хот болон 11 аймагт)

Дархан-Уул аймгийн Залуучууд хөгжлийн төвийн ажилтнууд, гишүүд, дэмжигчдэд Хүний эрхийн боловсрол олгох сургалтыг тус аймгийн Залуучууд хөгжлийн төвийн сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтыг Хүний эрхийн түүх, үндсэн ойлголт, Хүний эрхийн боловсролын үндсэн ойлголт, Хүний эрхийн боловсролын үйл ажиллагааг практикт хэрэгжүүлэх нь зэрэг сэдвийн хүрээнд, ХЭҮК-ын сургалтын арга, аргачлалаар, Хүний эрхийн төлөө залуучууд сургагч багшид зориулсан гарын авлага, DVD зэрэг материалд тулгуурлан явууллаа. Сургалтад нийт 14 хүн хамрагдсан ба төрийн байгууллага, төрийн бус байгууллага, ЕБС-ын сурагч зэрэг салбар бүрийн төлөөлөл хамрагдлаа.

Сургалтаас авсан мэдлэг, ойлголт, чадвартаа тулгуурлан орон нутгийнхаа бусад залуучуудад хүний эрхийн боловсрол түгээх бүтээлч төсөл боловсруулсан ба тус аймгийн Залуучууд хөгжлийн төв, сургалтын оролцогчид, ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр Дархан-Уул аймаг дахь төрийн байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц, налуу замын стандартын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, аймгийн удирдлагуудад хүргэх санал гаргав.

Сургалтын дараа ЗХТ-өөс тус сургалтаас авсан мэдлэг, мэдээлэлдээ тулгуурлан 5 дугаар сард аймгийн ахмадуудад Хүний эрхийн сургалтыг зохион байгуулсан бөгөөд Комисс арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллалаа.

"Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг сонгогдсон аймгуудад зохион байгуулах хүрээнд 2017 оны 4 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээг зохион байгууллаа.

Сэлэнгэ аймагт зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд тус аймгийн төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой "Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтыг тус аймгийн татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгал, улсын бүртгэл, нийгмийн халамж, үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын алба хаагчдад 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, аймгийн ЗДТГ, ИТХ, ЕБС, СӨБ-ын байгууллагын алба хаагчдад 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Нутгийн удирдлагын ордны Хурлын танхимд 09:00-13:00 цагт "ХЭҮК-ын танилцуулга”, "Хүний эрхэд суурилсан хандлага”, "Жендэрийн тэгш байдал ба хүний эрх”, "Төрийн үйлчилгээ ба хүний эрх”, "Мэдээллийн ил тод байдал ба иргэдийн мэдэх эрх” сэдвээр тус тус зохион байгуулж 62 хүн хамрагдав.

Мөн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 14:00-18:00 цагт "Хүний халдашгүй чөлөөтэй байх эрх”, "Хүний эрхийн олон улсын гэрээ”, "Хүний эрхийн зөрчлийг таних нь”, "Төрийн үйлчилгээ ба хүний эрх” сэдвээр Сэлэнгэ аймгийн хууль сахиулах байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгуулж, 52 хүн хамрагдав.

Дархан-Уул аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг 4 сарын 27-28-ний өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд удирдамжид заасны дагуу Дархан-Уул аймгийн төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой "Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтыг тус аймгийн татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгал, улсын бүртгэл, нийгмийн халамж, үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын алба хаагчдад зохион байгууллаа.

Сургалтыг Дархан-Уул аймгийн Нутгийн удирдлагын ордны Хурлын танхимд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 09:00-13:00 цагт "ХЭҮК-ын танилцуулга”, "Хүний эрхэд суурилсан хандлага”, "Жендэрийн тэгш байдал ба хүний эрх”, "Төрийн үйлчилгээ ба хүний эрх”, "Мэдээллийн ил тод байдал ба иргэдийн мэдэх эрх” сэдвээр зохион байгуулж 33 хүн хамрагдав.

Мөн тус аймгийн ЗДТГ, ИТХ, ЕБС, СӨБ, ЭМГ-ын байгууллагын алба хаагчдад 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 14:00-18:00 цагт "ХЭҮК-ын танилцуулга”, "Хүний эрхэд суурилсан хандлага”, "Жендэрийн тэгш байдал ба хүний эрх”, "Хүүхдийн эрх ба хамгаалал”, "Мэдээллийн ил тод байдал ба иргэдийн мэдэх эрх” сэдвээр сургалт зохион байгуулж 39 хүн хамрагдав.

Дархан-Уул аймгийн төрийн тусгай албан хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг бэхжүүлэх зорилготой "Хүний халдашгүй дархан байх эрх” сургалтыг тус аймгийн прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагуудын алба хаагчдад зохион байгуулсан бөгөөд сургалтыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Нутгийн удирдлагын ордны Хурлын танхимд 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 09:00-13:00 цагт "ХЭҮК-ын танилцуулга”, "Хүний халдашгүй чөлөөтэй байх эрх”, "Жендэрийн тэгш байдал ба хүний эрх”, "Хүний эрхийн олон улсын гэрээ”, "Хүний эрхийн зөрчлийг таних нь” сэдвээр зохион байгуулж 35 хүн хамрагдав.

Нээлттэй өдөр арга хэмжээний удирдамжид заасны дагуу Сэлэнгэ болон Дархан-Уул аймгийн ИТХ-ын тогтоол болон Засаг даргын захирамжаар батлагдсан нийтээр дагаж мөрдөх хэмж хэмжээ тогтоосон актад дүн шинжилгээ хийх, аймгийн Цагдан хорих, баривчлах байранд хяналт шалгалт хийх, Алтанбулаг дахь Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг хийж энэхүү арга хэмжээний үр дүнд үндэслэн аймгийн хэмжээнд хүний эрхийн нөхцөл байдал, төрийн байгууллагын үйл ажиллагааны хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг зөвлөн Сэлэнгэ аймгийн ИТХ, Засаг даргад 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1/11, Дархан-Уул аймгийн ИТХ, Засаг даргад 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1/11 тоот зөвлөмжийг, Цагдаагийн Ерөнхий газрын даргад 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1/08, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 1/09 дугаартай зөвлөмжийг хүргүүлсэн.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК