» » » "Урлагаар дамжуулж хүний эрхийн боловсрол олгох нь" сэдэвт хүний эрхийн лекцэд урьж байна

"Урлагаар дамжуулж хүний эрхийн боловсрол олгох нь" сэдэвт хүний эрхийн лекцэд урьж байна

"Урлагаар дамжуулж хүний эрхийн боловсрол олгох нь" сэдэвт хүний эрхийн лекцэд урьж байнаМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй Нийгэм Форумтай хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн лекц" цуврал арга хэмжээ 2018 оны 09 дүгээр сарын 21ий өдрийн 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны II давхрын хурлын танхимд болно. Энэ удаагийн лекцийн зочин илтгэгчээр Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, УДЭТ-ын уран сайхны удирдаач Намсрайн Сувд оролцож, "Урлагаар дамжуулж хүний эрхийн боловсрол олгох нь" сэдвээр лекц уншина.

...Хүний эрхийн боловсрол бол хүн бүр бусдын эрхийг өөрийн эрхийн адил хүндэтгэх, сахин хамгаалахыг уриалсан үнэлэмж, итгэл үнэмшил, хандлагыг хөхиүлэн дэмжих үйл хэрэг гэж үздэг билээ. Тэгвэл энэхүү үнэлэмж, итгэл үнэмшил, хандлагыг хувь хүнээс эхлэн бүхий л нийгмийн хүрээнд төлөвшүүлж, хөхиүлэн дэмжихэд нөлөөлж чадах нэгэн арга зам нь урлаг юм. Иймд энэ удаагийн лекцээр урлагаар дамжуулан хэрхэн хүний эрхийн түгээмэл соёлыг төлөвшүүлэх, хүний эрхийн боловсрол олгох боломжтой талаар илтгэж, урлаг болон хүний эрх хоорондын харилцан хамаарлын талаар ярилцаж, санал бодлоо солилцох тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Энэхүү лекц нь үнэ төлбөргүй бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй. Гэхдээ суудлын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлэх шаардлагатай юм. Бүртгэлийг ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд 51-262752 дугаарын утсаар холбогдон хийлгэх, эсвэл g.zolzaya@mn-nhrc.org хаягаар мэдээллээ илгээн бүртгүүлэх боломжтой.

Илтгэгчийн товч танилцуулга

Улсын драмын эрдмийн театрын уран сайхны удирдагч, Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын Жүжигчин Намсрайн СУВД

Н.Сувд 1948 онд Улаанбаатар хотод төрсөн. ЗХУ-д Кино урлагийн дээд сургуулийг кино, драмын жүжигчин мэргэжлээр суралцаж, 1970 онд төгссөн, 1983 онд найруулагчаар мэргэжил дээшлүүлсэн. СУИС-ийн докторант юм.

Тэрээр 1970-1973 онд Монгол кино үйлдвэрт жүжигчин, 1973-1981 онд Драмын театрт жүжигчин, 1981-1992 онд театрын Уран сайхны удирдагч, 1992-1996 онд Соёлын яаманд хэлтсийн дарга, 1973-1981 онд УБДСургууль, 1996-2000 онд СУИС-д тайзны яриа, тайзны хөдөлгөөн, уран чадварын багш, 2003 оноос Театр урлагийн факультетийн декан, 2010-2012 онд ТДУС-ийн захирлаар ажиллаж байсан. 2000-2001 онд Үндэсний жүжгийн эрдмийн театрт жүжигчин, 2001-2013 онд Улсын драмын эрдмийн театрын дэд захирал, 2013 оноос одоог хүртэл тус театрт Уран сайхны удирдагчаар ажиллаж байна.

Үндэсний болон дэлхийн сонгодог 80 гаруй дүр, "Хатанбаатар” киноны Жаргал, "Ичээнд нь” киноны Солиотой хүүхэн, "Хань” киноны Наран, "Мандухай сэцэн хатан” киноны Мандухай, "Мөнх тэнгэрийн хүчин дор”, "Үхэвч үл болно Чингис хаан” киноны Өүлэн эх зэрэг дэлгэцийн 20 гаруй дүрийг бүтээж 1981 онд "Алтан гадас” одон, 1989 онд "Мандухай цэцэн хатан” киноны Мандухайн дүрээр Төрийн соёрхол, 2001 онд Гавьяат жүжигчин, 2012 онд Ардын жүжигчин цолоор шагнагдсан байна.

1973 оноос кино, ном, жүжиг орчуулах редакторлах ажлыг хийсэн бөгөөд эрдэм шинжилгээний "Жүжиглэх ур чадварын асуудал монголын эртний уран зохиолд”, "Зохист аялгууны толь” хэмээх шаштир нь ярих урлагийн онолын судар бичиг мөн”, "Драмын жүжигчний дуу хоолойн асуудалд”, "Мэргэжлийн хичээлүүдийн уялдаа холбоо”, "Уран бүтээлчдийн сургалтын асуудалд”, "Театрын уран бүтээлийн олон улсын хамтын ажиллагаа”, "Данзанравжаагийн театр нь монголчуудын нүүдлийн соёлын нэг хэсэг болох нь”, "Некоторые вопросы наследия в обучении актёрскому мастерству”, "Монголын мэргэжлийн театрын урлагийн хөгжилд өрнө дорны орон зай”, "Монголын театрын түүхийн асуудалд”, "Урлагийн боловсролын зарим асуудал”, "Даяарчлал ба Монголын театр” зэрэг сэдвээр илтгэлүүд бичсэн байна.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК