» » » Үүрэн холбооны оператор компаниудад шаардлага хүргүүллээ

Үүрэн холбооны оператор компаниудад шаардлага хүргүүллээ

  ХЭҮК-оос МҮЭ-ийн Холбоотой хамтран өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээс эхлэн манай улс дахь үүрэн холбооны оператор компаниудад шалгалт хийж, эцсийн дүнг компаниудын удирдлагуудад өнөөдөр танилцуулж, зохих шаардлагыг хүргүүллээ. Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасан хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс авах, амрах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл, ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаас ангид байх зэрэг эрхийн хэрэгжилтийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д заасны дагуу шалгаж танилцав.

   "Ньютел” буюу Мобиком, "Скайтел”, "Юнител” ХХК-уудад шалгалтыг нэгэн зэрэг хийсэн бөгөөд  тухайн компаниудад мөрдөгдөж буй хөдөлмөрийн дотоод журам, тушаал, шийдвэр, дүрэм журамтай танилцан, хууль тогтоомжид заасан хөдөлмөрлөх эрхийг хэрхэн хангаж байгаа талаар ажилтнуудаас санал асуулга авч, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх зэргээр шалгалтыг явуулсан юм.

Дээрх компаниудын заримынх нь ажлын байрны агаарын температур, гэрэлтүүлэг, нэг ажилтанд оногдох талбайн хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байлаа.  Мөн байнгын ажлын байранд хугацаагүй гэрээгээр ажиллуулах тухай хуулийн заалтыг зөрчиж, 200 орчим хүнийг хөлсөөр ажиллуулах гэрээгээр ажиллуулсан байгууллага ч гарав. Зарим компани дотоод журамдаа "Хүүхэд асрах чөлөөтэй ажилтан буцаж, ажилдаа ороход хүүхэд нь заавал нэг нас хүрсэн байна” гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан "хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй...” гэсэн заалтыг зөрчиж байгааг Комиссоос компанийн удирдлагад санууллаа.

  Түүнчлэн ажилтнуудынхаа цагийг бүртгэхдээ  хоцорсон минут тутмаас 500 төгрөгийг цалингаас суутгах  журам гаргасан нь хууль зөрчиж буйг хүчингүй болгохыг Комиссын шаардлагад тусгасан юм.

   Дээр дурьдсан үүрэн холбооны компаниудын зарим нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг огт ажилд авдаггүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байгаа нь хуулиар тогтоосон хувь хэмжээнд хүрдэггүй зөрчлийг илрүүллээ. Мөн байгууллага дотроо ажилтнуудаа албан тушаал, цалин хөлс, нас, хүйсээр алагчлах явдал байгааг таслан зогсоох, орон тооны эмчтэй болох, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт зөрчилтэй байгааг арилгах зэрэг цөөнгүй асуудлыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос дээрх компаниудад хаягласан шаардлагад тусгаад байна.  

 


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК