» » » » » 2004 онд зохион байгуулсан хүний эрхийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа

2004 онд зохион байгуулсан хүний эрхийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа

Мөрдөн байцаагч, шүүгч, прокурор зэрэг хуулийн байгууллагын албан хаагчдад зориулан дараах сэдвээр сургалт зохион байгуулсан.Үүнд:

  • Баривчлах, цагдан хориход хүний эрхийг хангах нь
  • Эмэгтэйчүүд, охидыг хил дамнуулан наймаалах асуудлын өнөөгийн төлөв байдал
  • Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрх
  • Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц.

Хүний эрхийн зөрчилтэй асуудлыг эвлэрүүлэх, зуучлах арга барил ашиглан шийдвэрлэх талаар сургалтыг зарим төрийн байгууллагын өргөдөл, гомдол хариуцсан ажилтнууд, өмгөөлөгч, төрийн бус байгууллагын ажилтнуудад зохион байгуулсан. Хууль зүйн үндэсний төвтэй хамтран хуульчдад хүний эрхийн сургалтуудыг зохион байгуулах талаар ажлын саналыг хүргүүлсэн байна.

Эрх зүйн боловсрол олгож байгаа нийт 14 их, дээд сургуулийн багш нарын төлөөллийг хамруулсан сургалтыг 2 дугаар сард зохион байгуулсан. Мөн тус төслийн хүрээнд ""Хүний эрх" хичээлийн хөтөлбөрийн шинэчлэлт” бага хурлыг холбогдох яам, байгууллага, их дээд сургуулиудыг оролцуулан 3 дугаар сард зохион байгуулсан. Тус бага хуралд 60 гаруй төлөөлөгч оролцсон ба "Хүний эрх" хичээлийн заах арга зүйг сайжруулах, хүний эрх хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулах зэрэг асуудлаар харилцан санал солилцсон юм.

Хүний эрхийн тулгамдсан асуудлаар олон нийтэд зориулсан лекцийг улирал тутам зохион байгуулахаар төлөвлөсөн боловч Улсын Их Хурал, орон нутгийн сонгуультай холбогдуулан 2, 4 дүгээр улиралд "Эрүү шүүлт ба хүний эрх", "Хохирол нөхөн төлүүлэх эрх" сэдвийн хүрээнд зохион байгуулсан байна.

Дунд сургуулийн нийгмийн ухааны багш нарын "Хүний эрх" хичээлийг заах арга зүйг сайжруулах чиглэлээр холбогдох яам, их дээд сургууль, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах талаар төсөл боловсруулж ЮНЕСКО-д хандан, дэмжлэг авсан ба төслийг 2005 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн болно.

 

 

"Хүний эрхийн нээлттэй өдрүүд" арга хэмжээний хүрээнд

Орон нутгийн төр захиргаа, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүний эрхийг дээдлэх, Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж ажиллах соёлыг төлөвшүүлэх, хувийн хэвшилд хүний эрхийн зарчмууд зөрчигдөхгүй байх явдлыг хөхиүлэн дэмжих зорилгоор Өвөрхангай, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Дархан, Өмнөговь, Дундговь, Орхон, Булган аймгуудад сургалт, семинар зохион байгуулав.

 

Монголын хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх "Ган үзэг" сангийн санаачлагаар 21 аймгийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч болон тус хүрээлэнгийн 4 бүсийн зохицуулагчийг оролцуулсан сургалтыг 11 дүгээр сард зохион байгуулсан байна.

Нийслэлийн гурван дүүргийн гэр хороололд иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх төв нээж, ажиллуулах ажлын хүрээнд Комисс Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, "Шихихутуг" дээд сургууль, "Билиг" дээд сургуулийн нийт 27 оюутнуудыг сонгон шалгаруулж авсан бөгөөд эдгээр оюутнуудаа чадавхижуулах, хүний эрхийн мэдрэмжтэй болгох үүднээс цуврал сургалтуудыг зохион байгуулсан болно.

 

 

Тооны хэлээр

Комисс 2004 онд нийт 389 цагийн 38 сургалт, уулзалт, ярилцлага зохион байгуулж, нийт 1809 хүн хамрагджээ. Нийт 10 аймагт хүний эрхийн сургалт зохион байгуулсан байна.

Эрүү шүүлтийн эсрэг конвенц, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаар сургалтын 2 багц материал боловсруулсан байна.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК