» » » “Монгол Улс дахь ялтны хөдөлмөр эрхлэлтийн байдал” судалгаа хэвлэгдлээ

“Монгол Улс дахь ялтны хөдөлмөр эрхлэлтийн байдал” судалгаа хэвлэгдлээ

“Монгол Улс дахь ялтны хөдөлмөр эрхлэлтийн байдал” судалгаа хэвлэгдлээ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын "Азийн бүс нутаг дахь албадан хөдөлмөрийн ажиллагаа” төслийн техникийн туслалцаатайгаар хийж гүйцэтгэсэн "Монгол Улс дахь ялтны хөдөлмөр эрхлэлтийн байдал” судалгааг монгол, англи хэлээр хэвлэж уншигч олондоо өргөн барьж байна.

Судалгааг 2013 оны 6-11 дүгээр сард хорих 407, 417, 421-р ангиудад ял эдлэж буй 512 ялтныг хамруулсан санал асуулгаар хийсэн юм.

Хорих ангиудад хөдөлмөрийг зөв зохион байгуулж, сайн дураар хөдөлмөрийн чадварыг сэргээж, хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд суллагдсаны дараа ажилд орох боломж нэмэгдэх, ажилд хурдан дасан зохицох зэргээр ялтнуудад ач тусаа өгдөг. Хэрэв ялтныг хувь хүн, компани, нийгэмлэгт хөлслөж, тэдний мэдэлд шилжүүлж албадан ажил гүйцэтгүүлэх, эсхүл хийж буй ажил үйлчилгээнд нь төрийн эрх бүхий байгууллагаас хяналт тавиагүй тохиолдолд энэ нь 2005 онд Монгол Улсын нэгдэн орсон Албадан хөдөлмөрийн тухай 29-р конвенцийг зөрчсөн үйлдэл болох юм.

"Монгол Улс дахь ялтны хөдөлмөр эрхлэлтийн байдал” судалгааны дүнгээс үзвэл ялтнуудыг хувийн компаниудад өөрийнх нь зөвшөөрлөөр бус, хөдөлмөрийн тохиромжгүй нөхцөлд ажиллуулахаар хөлслөж байгаа нь дээрх конвенцэд нийцэхгүй байна.

Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, ялтныг нийгэмшүүлэх, тэдний хөдөлмөрийг зүй ёсоор үнэлэх, үр шимийг нь өөрсдөд нь хүртээхийн тулд үндэсний хууль тогтоомж, одоогийн практикаа эргэн харах хэрэгтэй байгааг уг тайланд тодорхойлсон болно.

Та уг тайлантай энд дарж [2.91 Mb] танилцана уу.


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК