» » “Хүүхдийн эрх ба хамгаалал” хэвлэл бага хурал хийлээ

“Хүүхдийн эрх ба хамгаалал” хэвлэл бага хурал хийлээ

“Хүүхдийн эрх ба хамгаалал” хэвлэл бага хурал хийлээМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Гүүд Нэйборс Монгол төлөөлөгчийн газар хамтран КАР төрлийн буюу (knowledge, attitude, practice) мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох судалгааг анх удаа үндэсний хэмжээнд 2016 оны 08 сарын 15-наас 2017 оны 12 сарын 15-ныг хүртэл Улаанбаатар хотын 7 дүүрэг, хөдөө орон нутгийн 8 аймгийн 12-18 насны нийт 4264 хүүхэд, 2743 эцэг эх, асран хамгаалагч, 152 хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд нийт 7159 хүнийг хамруулан гүйцэтгэлээ.

Энэхүү судалгааны дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд боллоо. Хэвлэлийн бага хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, Гүүд Нэйборс Монгол төлөөлөгчийн газрын зөвлөх Х.Баавгай, Олон улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ, "Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан, Гүүд Нэйборс Монгол төлөөлөгчийн газрын Нөлөөллийн менежер Н.Алтансоёмбо нар оролцож судалгааны үр дүнгийн талаар дараах мэдээллийг хийлээ. Үүнд:

1. Хүүхдүүд өөрсдийн эрхийн талаар хангалттай мэдэхгүй байна.

Судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүд, хүүхдийн 4 бүлэг эрхэд ямар эрхүүд ордог талаар мэдлэг бага байсан ба амьд явах, эсэн мэнд амьдрах, сурах, хоол унд орон байраар хангагдах, хамгаалуулах гэсэн ерөнхий эрхээр өөрийн эрхийг хязгаарлан ойлгох нь нийтлэг /70-80%/ нь байна.

2.Хүүхдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдал ?

Судалгаанд хамрагдсан

  • 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд
  • 2 хүүхэд тутмын 1 нь бие махбодын хүчирхийлэлд
  • 3 хүүхэд тутмын 1 нь үл хайхрах хүчирхийлэлд
  • 4 хүүхэд тутмын 3 нь сэтгэл санааны хүчирхийлэлд
  • 8 хүүхэд тутмын 1 нь бэлгийн шинжтэй дарамт, шахалт, халдлагад өртөж байсан гэж хариулсан нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл бидний санааг зовоосон тулгамдсан асуудал хэвээр байгааг харуулж байна.

3.Хүүхдийн эрх хаана зөрчигдөж байна вэ?

Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн үзэж байгааагаар гэр бүлийн орчинд (84.7%), сургуулийн орчинд (50.7%), гудамж, нийтийн эзэмшлийн орчинд (44.7%) хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг бол,

Хүүхдүүдийн хувьд гэр бүлийн орчинд 15.6%, сургуулийн орчинд (36.2%), гудамж, талбайд (53.8%) хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг гэж хариулсан байна.

4.Хүүхдүүд айдастай байна.

Асуулгад хамрагдсан 2 хүүхэд тутмын 1 нь амьдарч буй орчноо аюулгүй хамгаалагдсан орчин гэж үздэггүй бөгөөд тэдний 38.3% нь сургуулийн орчинд (багш, сургуулийн атаман, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш), 45.3% нь гэр бүлийн орчинд (өөрийн төрсөн болон хойд эцэг, эхээс ах эгч, хамаатан садан) 16.4% нь бусдаас (гудамж талбайд, үзвэр үйлчилгээний газарт, цахим орчинд, танихгүй хүнээс) хамгийн их айдаг гэжээ.

5. Хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэлт хангалтгүй байна.

Судалгаанд хамрагдсан 2 оролцогч тутмын 1 нь хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийг мэдээллэхгүй байгаа гол шалтгаан бол хаана, хэнд, хэрхэн хандахаа мэддэггүйтэй холбоотой гэж тус тус хариулсан байна.

"Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох судалгааны дэлгэрэнгүй танилцуулгыг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Гадаад харилцааны яамны "Их Номин” танхимд салбарын яамдууд, олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулан хийж, үр дүнд тулгуурласан шат шатны нөлөөллийн ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах талаар санал солилцох юм.


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК