» » Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д шийдвэр гаргуулахаар хүргүүлж буй санал (2016)

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д шийдвэр гаргуулахаар хүргүүлж буй санал (2016)

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д шийдвэр гаргуулахаар хүргүүлж буй санал (2016)Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар:

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийг шийдвэрлэх, хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах;

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх, шүүхэд сэтгэл санааны гэм хорыг үнэлэх, нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх зэргээр хохирогчийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах чиглэлээр хууль тогтоомжийн зохицуулалтыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах;

Өсвөр насны охид эрт бэлгийн харилцаанд орох, бага насандаа хүүхэд төрүүлэх, үр хөндүүлэх, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчлөх нь жилээс жилд нэмэгдэж байгааг онцгойлон анхаарч, төрийн тусгайлсан бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

Баян-Өлгий аймаг дахь хэлний цөөнх хүүхдийн боловсролд зориулан тусгайлан төсөв хөрөнгө гаргаж, аж төрж буй нутаг орондоо анги дүүргэлт харгалзахгүйгээр төрийн албан ёсны хэлээр суралцах боломжийг бүрдүүлэх, төрийн албан ёсны хэлээр сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэггүй байгааг анхаарч, асуудлыг шийдвэрлэх;

Баянзүрх дүүрэг дэх Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгыг нэн даруй шинээр барьж ашиглалтад оруулах, төсвийг шийдвэрлэж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангах;

Сургуулийн өмнөх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах үүднээс Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн холбогдох заалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нийцүүлэх;

Төрийн болон хувийн өмчийн тусгай хэв шинжтэй цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багш, ажилтанд ажлын байрных нь чиг үүргээс хамаарч албан тушаалын үндсэн цалингийнх нь 10-30 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл хөлс олгох асуудлыг төрөөс шийдвэрлэх;

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүүхдийн төв сувилалд байнга асруулж, сувилуулж буй хүнд хэлбэрийн болон давхар хөгжлийн бэрхшээлтэй нийт 34 хүүхдийг Өнөр бүл хүүхдийн төвийн харьяанд шилжүүлэх, тухайн байгууллагыг мэргэжлийн хүний нөөцөөр бүрэн хангах, бүтэц, орон тоог нь нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах төсөв, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх;

Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн талаар:

Монгол Улсын иргэнийг төрийн албанд анх томилох, төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхөд гарч байгаа алдаа, сөрөг үзэгдлийг арилгах, таслан зогсооход чиглэсэн оновчтой зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд тусгах, уг хуулийг олон улсын зарчим, хэм хэмжээ, нийтлэг чиг хандлагад нийцүүлэх;

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль нь иргэдийн хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэх эрхийг баталгаатай эдлүүлж чадахгүй, зах зээлийн өнөөгийн нөхцөл шаардлагад төдийлэн нийцэхгүй байгаагаас хөдөлмөрийн харилцааг бүрэн хэмжээгээр зохицуулах боломжгүй байгаа тул уг хуулийг шинэчлэн боловсруулж, батлах;

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийг орчин үеийн нөхцөл байдал, хөдөлмөрийн харилцааны өөрчлөлттэй уялдуулан шинэчлэх нь иргэдийн хөдөлмөрлөх эрхээ хамгаалахад чухал ач холбогдолтой тул уг хуулийг шинэчлэн боловсруулж батлах;

Цэргийн алба хаагч, ажилтны хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн талаар:

Цэргийн алба хаагч, ажилтны ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхийн хэрэгжилтийг сайжруулах үүднээс зарим цэргийн анги, байгууллагын байрыг шинээр барих, засварлахад шаардагдах төсөв хөрөнгийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх;

Цэргийн алба хаагчдыг урьдчилан сэргийлэх, хугацаат эрүүл мэндийн үзлэгт хамруулах төсвийг шийдвэрлэх;

Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийн талаар:

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг нэн даруй бий болгож, төсөв, орон тоог шийдвэрлэх;

Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар, үр дүнтэй мөрдөн шалгах байгууллагыг байгуулах, бүтэц, орон тоог шийдвэрлэх;

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдлын талаар:

Жендэрийн асуудал нь нийгмийн бүх салбарыг хамарсан цогц асуудал тул салбар дундын жендэрийн асуудлыг зохицуулах бие даасан үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлэх үүднээс Жендэрийн үндэсний хорооны Ажлын албыг бие даасан бүтэцтэйгээр дахин зохион байгуулж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог нь бүрэн хангах;

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний шинэ хөтөлбөрийг үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүгийн эх үүсвэрийн хамт батлан хэрэгжүүлэх;

"Жендэрийн эрх тэгш байдал” нь "жендэрийн тэгш байдал” гэсэн ойлголтын нэг хэсэг тул хуулийн нэрийг "Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль” гэж өөрчлөх;

Төрийн байгууллагууд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хэрэгжилтийн талаарх мэдээллийг гаргаж хүргүүлэх журмын зохицуулалтыг хуульд тусгаж, энэ үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцдог болох;


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК