» » » "Ус бол хүний эрх" лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна

"Ус бол хүний эрх" лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй Нийгэм Форумтай хамтран хүний эрхийн анхаарал татсан асуудлаар олон нийтийн лекц зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн лекцийн зочин илтгэгчээр УИХ-ын гишүүн асан, "Нутгийн шийдэл" сангийн тэргүүн Ц.Оюунгэрэлийг урьж "Ус ба хүний эрх" сэдвээр лекц уншуулахаар боллоо. Тус арга хэмжээ нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 14.30 цагт МУИС-ийн хичээлийн I байрны дугуй танхимд болох тул та бүхэн 51-262752 дугаарын утсаар, g.zolzaya@mn-nhrc.org хаягаар бүртгүүлнэ үү.  
"Ус бол хүний эрх" лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна
Лекцээр дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлын нэг болох усны тухай хөндөж энэхүү асуудалд хүний эрхийн өнцгөөс хандвал бид юуг өөрчилж чадах вэ гэсэн асуултад хариулт эрж, ярилцана. Дэлхийн дулаарлаас болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй усны хомсдол, ахуйн болон үйлдвэрлэлийн шалтгаанаар үүсч буй усны бохирдолтой бид тэмцэхдээ хүний эрхийг нэн тэргүүнд тавьж чадвал шийдэл олон байгаа гэдгийг та уг илтгэлээс олж харах болно.
Түүнчлэн Монгол улсын биет бус соёлын өв "уул тахих ёсон" нь усны эрхийг хэрхэн хангаж ирсэн, өдгөө энэ эрхийг хүн бүрд тэгш эдлүүлэхэд ямар эрх зүйн орчин хэрэгтэй болдог, ямар хандлага, үйл ажиллагааг биднээс шаарддаг талаар ярилцана.
Илтгэгчийн товч намтар

Ц.Оюунгэрэл 1966 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. 1983 онд Хөвсгөл аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургууль, 1988 онд Свердловскийн УААДС-ийг төгссөн. Эдийн засагч, олон улсын бодлого судлаач мэргэжилтэй. Бизнесийн удирдлага болон Олон улсын бодлого судлалын магистр зэрэгтэй. Орос, англи хэлтэй.

1993 онд Москвагийн олон улсын бизнесийн сургууль, 2004 онд АНУ-ын Стэнфордын их сургууль, 2006 онд Йелийн их сургуулийн "Йелийн дэлхийн андууд” хэмээх удирдлагын хөтөлбөрийг дүүргэсэн бөгөөд Стэнфордын их сургуульд Олон улсын бодлого судлалын магистрын зэрэг хамгаалсан байна.

Тэрбээр:

  • 1988-1991 онд Хөвсгөл аймгийн МТХУГазар мэргэжилтэн
  • 1991-1992 онд Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, нийгэм хангамжийн хэлтэст хэлтсийн дарга
  • 1993-1995 онд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар мэргэжилтэн
  • 1996-1997 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын дэд даргын туслах
  • 1997-1998 онд "Өмч хувьчлал” төсөлд оффис менежер 
  • 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах
  • 1998-2000 онд УИХ дахь МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвслийн бүлгийн ажлын албаны дарга
  • 2000-2003 онд УИХ-ын гишүүний зөвлөх
  • 2000-2004 онд "Эрх чөлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирал
  • 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2007 оноос "Нутгийн шийдэл сан” ТББ-ын тэргүүн
  • 2008-2009 онд "Өү-Жи-И” компанийн захирал
  • 2009-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх
  • 2010-2016 онд Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн
  • 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал, жуулчлалын сайд
  • 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр тус тус ажилласан туршлагатай.

Ц.Оюунгэрэл нь "Ногоон нүдэн лам", "Америкт суралцсан тэмдэглэл", "Гэрт болсон яриа" зэрэг 12 ном бичжээ. Түүний хүний эрхийн төлөө олон жил идэвхитэй ажилласныг төрөөс үнэлэн Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, МоАХ-ны шагнал "Эрх чөлөөний одон", Франц улсын "Хөлөг баатар" одонгуудаар тус тус шагнасан байна.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК